Дуудлагаар очсон цагдааг отож байгаад хутгалсан хэрэг одоогоос хоёр сарын өмнө гарсныг уншигчид маань санаж буй биз ээ.
Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн алба хаагч, дэд ахлагч Г.Тулга хэрэг гардаг өдөр буюу өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд “Согтуу хүн агсам тавиад байна” гэсэн дуудлагын дагуу очоод өмнө нь ял эдэлж байсан Х.Б гэгчид хутгалуулсан билээ.
Хутга баруун бөөрнөөс нь дээш 0.5 см-ийн зайд 12.5 см-ийн гүн орсон аж. Сэжигтэн баригдсаныхаа дараа “Хутгаа тултал нь дүрсэн юм чинь цус алдаад үхсэн биз дээ” гэж байв.
Дээрх хэргээс үүдэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард олныхоо амар амгалангийн манаанд зогсоход нь амь нас, эрүүл мэндэд нь аюул учрахгүй гэх баталгаа тэдэнд ер нь байдаг болов уу гэх бодол олон хүнд төрсөн биз. Үүнээс улбаалан цагдаагийн байгууллагын жирийн нэг алба хаагчийн ажил амьдралын нэг өдөр хэрхэн өнгөрдгийг сурвалжлахыг хүссэн юм.
Дэд ахлагч Г.Тулга эдгэрч өдгөө албан үүргээ гүйцэтгэж эхэлжээ. Тиймээс бид Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн дарга, хурандаа Ж.Эрдэнэболдоос зөвшөөрөл авч Г.Тулгын ажлын нэг өдрийг сурвалжлахаар болсон юм.
Бидний товлосон өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Г.Тулга шөнийн ээлжинд эргүүлд явахаар таарсан байв. Өөрөөр хэлбэл, 20.00-08.00 цаг хүртэл “Тайшир-112” чиглэлийн эргүүлийн алаг машинаар үүрэг гүйцэтгэх юм.
Товлосон ёсоор манай сонины сурвалжлах баг “Өргөө” кино театрын чанх хойно байрлах нэгэн орон сууцанд 19.00 цагт очлоо. Энд манай сурвалжлагын “гол дүр” Г.Тулга эхнэр, охинтойгоо амьдардаг аж.

Хоёр настай охин нь гэрт нь танихгүй хүмүүс ирсэнд бишүүрхэн, суусан газраасаа хөдлөхөө больчихов. Түүнийг яасан томоотой хүүхэд вэ гэж бодож байлаа. Гэтэл дуугүй, томоотой байдал нь аавыгаа дуурайсан юм байна.
Сурвалжлагын үеэр Г.Тулгын амнаас үг унагана гэдэг үнэхээр бэрх байв. Тэрбээр “Тийм, үгүй, аанхаан” гэхээс өөр үг гаргахгүй шахам. Тэрбээр дуу цөөтэй болохоор түүний хамтрагч, дэслэгч Д.Ариунболд өмнөөс нь зарим асуултад дэлгэрэнгүй сайхан хариулаад өгөх юм.
Д.Ариунболдын хэлснээр Г.Тулга спортод сонирхолтой, харин урлагт бол “таг” гэнэ. Г.Тулга ном унших дуртай. Ариун цэврийн өрөөнд номгүйгээр хэзээ ч ордоггүй. Ялангуяа түүхийн номонд илүү сонирхолтой.
Нэг дуудлагаас нөгөө рүү явах замдаа “Монголын нууц товчоо”-ны талаар ярилцаж бидний түүхийн мэдлэгийг багагүй сорьсон юм.
Албан үүргээ гүйцэтгэж яваад халдлагад өртөж, гэмтсэн ч тангаргаасаа няцаж, өөр ажил хийе гэсэн бодол түүнд огт төрөөгүй гэнэ. Харин ч эмнэлэг, гэр хоёрын хооронд яваад уйдаж, ажилдаа бушуухан орохын хүслэн болжээ.
Биднийг ороход эхнэр Г.Баттуяа нь дөнгөж ажлаасаа орж ирээд байв. Тэд “Улаанбаатар” их сургуульд нэг ангид хамт сурч байсан юм байна. Хоёулаа эрхзүйч мэргэжилтэй аж. Тэрбээр шүүхийн нарийн бичгээр ажилладаг.
Гэр бүл болоод таван жил болж буй. Нөхөр нь гэмт этгээдийн халдлагад өртөж хүнд гэмтсэн тэр өдрийн талаар түүнтэй ярилцсан юм.
-Нөхрөө хүнд хутгалуулсан гэдгийг сонсоод хамгийн түрүүнд юу бодогдов?
-Тэр өдөр охин маань миний гар утсаар тоглосоор байгаад цэнэгийг нь дуусгаад унтраачихсан байж. Тэгээд 22.00 цагийн үед охин маань унтаж буй хэрнээ дахин дахин “Аав аа” гээд л чанга уйлаад байсан. Сэрээх гэсэн болдоггүй.
Тэгэхээр нь хөхөөрөө хурайлж байгаад тайвшруулсан юм. Тэр өдөр хадам аав маань бид хоёртой хамт хоносон л доо. Тэгээд аав намайг сэрээгээд “Тулгын ажлаас над руу залгаад байна. Тулгаа хутгалуулчихлаа гэнэ ээ” гэсэн.
Тэгээд л би гараад ГССҮТ рүү явсан. Тэнд дөнгөж очингуут “Нөхрийг чинь Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг рүү шилжүүллээ” гэв. Энэ хооронд яаж машинаа барьж явсанаа одоо ч санадаггүй юм.
Гайгүй байгаасай л гэж бодож байсан. Одоо эргээд бодоход охин маань л их зөнтэй байж. Түүний минь буян заяа түшиж дээ гэж боддог.
-Нөхрийн чинь ажил чамд ямар санагддаг вэ. Дандаа жижүүрийн ээлжинд ажиллаад, хонон өнжин эзгүй байх нь хэцүү байдаг уу?
-Эхэндээ их хэцүү санагддаг байсан юм. Яаж байгаа бол гээд л санаа зовдог. Тэгээд сүүлдээ дасаад санаа зовох нь багассан. Гэтэл саяын хэргээс болоод бүр их санаа зовдог болчихлоо. Оройжин ойр ойрхон залгаад, өглөө нь сэрэнгүүтээ ярина.
Тэгээд “Одоо бууж байна. Ээлжээ хүлээлцчихлээ” гэхээр нь л санаа амардаг юм. Гэхдээ одоо хань минь эдгэрч, эргээд ажлаа хийгээд нэг сар орчим болж байна.
-Сэжигтнийг нь барьчихлаа гэдгийг сонсоод юу бодов?
-Ямар хүн байгаа бол гэж бодсон. Тэр үед нөхөр хагалгаанд орох эсэх нь шийдэгдээгүй байсан болохоор тэр хүнд анхаарлаа бараг хандуулаагүй байх аа.
19.30 цаг. Г.Тулга эхнэр, охиноо үнсчихээд ээлжээ хүлээлцэхээр ажил руугаа хөдөллөө. Биднийг Цагдаагийн хэлтэст дөнгөж очиход тэр өдөр олон нийтийн цахим сүлжээгээр шуугиан дэгдээж байсан, настай эмэгтэйг гурван залуу дээрэмдсэн хэргийн сэжигтнүүдийг баривчлан Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст саатуулаад байв.
Хэрэг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн 22.00 цагт гарсан бөгөөд сэжигтэн Ц, Б, А нарыг баасан гаригийн 19.00 цагийн үед баривчилжээ.
Сэжигтэн Увс аймгийн Давст сумын харьяат, 26 настай А 2015 оны долдугаар сард Улаанбаатарт иржээ. Тэрбээр Баянгол дүүргийн долдугаар хороонд байрлах “Чандмань” авто угаалгын газарт угаагчаар ажиллаж эхэлсэн аж.
Дараа нь мөн оны аравдугаар сард Увс аймгийн Давст сумаас Ц, Б нар ирж А-тай хамт тус угаалгын газарт ажиллах болжээ. Тэд энэ сарын 7-нд Таван буудал орчимд амьдардаг найз Ш-ийндээ очиж дөрвүүл шар айраг уусан аж.
Тэндээсээ Ц, Б, А нар ажил руугаа автобусаар явжээ. 28 дугаар сургуулийн автобусны буудалд буугаад алхаж явахдаа “Мөнгө олцгооё” гэж тохирсон аж. Тэр үед орц руугаа орж буй эмээг хараад, Б нь эмээгийн араас орсон байна.
Гэмт санаагаа хэрэгжүүлсэн тэднийг юу ч болоогүй мэт ажлаа хийж байхад нь цагдаагийнхан баривчилжээ. Ц, Б, А нарын биед үзлэг хийгээд хохирогчийн “Самсунг” маркийн гар утсыг эд мөрийн баримт болгон хураан авсан байна.
Тэдний гэмт хэрэг үйлдсэн болох нь хяналтын хэд хэдэн камерийн бичлэг, эд мөрийн баримтаар тогтоогдож буй. Түүнчлэн сэжигтнүүд анхны мэдүүлгээрээ үйлдсэн хэргээ хүлээжээ.
Хохирогч 74 настай Ц-ийн биеийн байдал муу байгаа аж. Түүний баруун хөл, зүүн эгэм, хамрынх нь яс хугарч ГССҮТ-д эмчлүүлж буй юм.
20.10 цаг. Манай сурвалжлагын “гол дүр” Г.Тулга ээлжээ хүлээлцэж дууслаа. Энэ шөнө цагдаа жолооч, дэд ахлагч Г.Тулга, эргүүлийн офицер, дэслэгч Д.Ариунболд нар “Тайшир-112” чиглэлийн XXII, XXIII хорооны нутагт эргүүлийн үүрэг гүйцэтгэх юм.
Энэ бол тэдний хариуцсан хэсэг. Энэ хэсгийг “Ирак” гэж нэрлэдэг аж. Гэмт хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан ийн “хочлох” болжээ. Энэ дүүрэгт “Багдад”, “Хойд Судан” гэж нэрлэгдэх газар ч бий.
Дээрх хороодод ноцтой гэмт хэрэг гардаг ч, бусад дүүргийн захын хороодыг бодвол гэрэлтүүлэг сайтай юм. Гэхдээ энэ хоёр хорооны гудамжин дундах зам хэцүү. Бартаат уралдааны зам шиг энхэл донхол, халтиргаа, саад ихтэй.
Энэ замаар л манай Г.Тулга уран жолоодлого хийж богино хугацаанд багтан аврал эрсэн хэн нэгэнд туслахаар явдаг.
20.25 цаг. “Согтуу хүн агсам тавиад байна” гэх эхний дуудлага ирлээ. Хаяг нь Зүүн нарангийн 16 дугаар гудамжны 152 тоот. Г.Тулгын хэлснээр 16 дугаар гудамж хоёр байдаг гэнэ.
Иймээс хаягийг нь сайн заалгаж очихгүй бол олох гэсээр цаг алдах тохиолдол байдаг аж. Гэтэл иргэд өөрсдөө хаягаа тодорхой хэлдэггүй нэг зовлон бий. Дуудлага өгсөн утасны дугаар руу залгаж хаягийг нь тодруулах гэхэд согтуу хүн утасны цаанаас “Би чамд хаягаа хэлсэн. Олоод ирэх нь чиний үүрэг п... минь” гэж хараачихаад утсаа тасалчихав. Ингээд бид дуудлага өгсөн айлын эрэлд гарлаа.
Энэ хавийн хаяг ямар ч эмх цэгцгүй аж. Жишээлбэл, 88, 89 байснаа 148, 153 гээд явчихаж. Айл бүр өөрсдийн дуртай эсвэл ээлтэй тоогоороо хашаагаа дугаарладаг бололтой. Гэхдээ алба хаагч нар энэ хэсэгт олон жил үүрэг гүйцэтгэж буй болохоор нэг их төөрч будилсангүй.
Гэхдээ дуудлага өгсөн гэх Зүүн нарангийн 16 дугаар гудамжны 152 тоот гэж огт байдаггүй юм байна. Г.Тулга “Энэ дуудлага 153 тоотоос л ирсэн байна. Энэ утасны дугаараас олон удаа согтуугийн дуудлага өгч байсан юм” гэв.
Г.Тулга болон түүний хамтран зүтгэгч Д.Ариунболд нар өөрсдийн хариуцсан хэсгийн айлуудаа мэддэг, тэр бүү хэл дуудлага өгдөг утасны дугаарыг нь цээжээр хэлж чаддаг аж. Ингээд 153 тоот руу очиж хаалгыг нь цохиход нэг эмэгтэй гарч ирээд “Манайх дуудлага өгөөгүй” гээд хаалгаа хаав.
Дахин нөгөө утасны дугаараар залгахад хариу өгсөнгүй. Энэ талаар Г.Тулга, Д.Ариунболд нар “Нэг хүн ирээд агсам тавиад эхлэхээр нь иргэд дуудлага өгдөг юм. Гэтэл нөгөө хүн нь цагдаа дуудсан гэдгийг нь мэдэнгүүтээ яваад өгдөг.
Тэгээд биднийг ирэхээр нөгөө дуудлага өгсөн хүмүүс ингээд мэдэн будилаад зогсож байх тохиолдол олон” гэж ярив. Энэ хавийн айлуудад нэн ядуу айл олон бий. Г.Тулга бидэнд тэдний нэгийг онцлон харуулсан юм.
Тэр айлд 40 гаруй насны хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй хүн амьдардаг. Гэр гэхэд хэцүү, нэгэн хар овоохойг эзэд нь хогоор босгожээ. Банз, машины дугуй зэрэг юу нь мэдэгдэхгүй баахан зүйл овоолоод дор нь амьдардаг гэх тэдний талаар “Энэ хавийн зарим айлын амьдрал үнэхээр хүнд.
Энэ айлыг харахаар нүд халтирмаар санагддаг юм. Энэ гэр шүү юм нь хэзээ нурж хүн гэмтээх бол гэж өөрийн эрхгүй бодогддог. Ядаж л зуухны яндангаа гаргасан байдлыг нь харахад хэзээ ч гал алдаж мэдэхээр байгаа биз” гэж Г.Тулга ярилаа.
21.00 цаг. “Тайшир-112” чиглэлийг ерөнхий эргүүл дуудаж албаны бэлэн байдлыг нь шалгалаа. Үүрэг гүйцэтгэхдээ заавал авч явах ёстой тусгай хэрэгсэл болох цахилгаан болон резинэн бороохой, хутганы хамгаалалттай бээлий болон биедээ авч явах шаардлагатай бусад хэрэгслийг шалгасан юм.
Үүнээс хойш дуудлага ирэхгүй хэсэг тайван байв. Гэхдээ манай хоёр дуудлагагүй гээд зүгээр зогссонгүй. Хариуцсан хороонд нь байрлах зочид буудлуудыг шалгав. “Секрет” гэх нэг буудал руу орлоо.
Үүдний жижүүр эмэгтэй “Би бүх үйлчлүүлэгчийнхээ бүртгэлийг хийж байгаа” гэсэн юм. Гэвч шалгаад үзэхэд биеийн байцаалттай нэг ч үйлчлүүлэгч байсангүй. Тэр буудлын өрөө болгонд шахам хүмүүс архи ууж байв.
Зөвхөн нэг өрөөнд л архи уугаагүй хүн байлаа. Тэр өрөөнд нэг жирэмсэн эмэгтэй нөхөртэйгөө орсон аж. Тэд “Хөлсөлж байсан байрных нь эзэн хөдөө яваад, хонох газаргүй болчихлоо” гээд ирсэн аж.
Өрөөний хаалгыг тогшиход харваас насанд хүрээгүй хүүхэд хаалга нээв. Г.Тулга түүнээс “Миний дүү регистрийн дугаараа хэл дээ” гэхэд хүү нэлээд түгдэрснээ “1995 оны ...” гээд эхлэв. “Ямар жилтэй вэ?” гэсэнд бодож байснаа “За за ахаа би 1998 оны бар жилтэй” гэв. Тэр дөнгөж 17-той аж.
Харин түүний эхнэр гэх бие давхар эмэгтэй 16 настай. Зочид буудалд харгалзах хүнгүйгээр насанд хүрээгүй хүн орж болохгүйг буудлын ажилтан ойшоодоггүй бололтой.
Дараагийн өрөөгөөр ороход хоёр хайрцаг шар айрагны шил, бэлэн гоймонгийн сав, тамхины үнс, ишийг хаа сайгүй хөглөрүүлсэн байв. Тэнд хоёр эрэгтэй хүн тэврэлдээд унтаж байв. Тэд энд хоёр хонож байгаа аж.
Цаг хэдийнэ 23.00 болжээ. Гэтэл нөгөө Зүүн нарангийн 152 тоотоос дахиад дуудлага ирлээ. “Гэрт байсан 700 мянган төгрөг алга болсон” гэнэ. Дахин нөгөө айлыг зүглэж явахдаа тухайн айлын талаар хоёр эргүүлийн ажилтан маань бидэнд ярьж өгөв.
“Ээж нь гэх 60 гаруй насны эмэгтэй хүүхдүүдтэйгээ амьдардаг. Том охин нь хоёр нөхөртэй. Тэр хоёр нь бие биенээ мэддэг болохоор ээлжилж ирдэг. Заримдаа гурвуулаа хамт архи ууна. Тэгээд хоорондоо зодолддог.
Энэ айлд архи уудаггүй хүн нэг ч байхгүй. Ээж нь хүүхдүүдтэйгээ, хүргэн, бэртэйгээ ууна. Агсам тавьцгаана. Дунд хүү нь хоёр жилийн өмнө архи уугаад гэрийнхэндээ агсам тавиад байхаар нь эгч нь цагдаад дуудлага өгсөн.
Биднийг дөнгөж хаалгаар нь ороход нөгөө залуу орилоод явчихсан. Очоод үзтэл өөрийнхөө цавь руу хутгалсан байсан. Судаснууд нь гэмтсэн болохоор арга буюу баруун хөлөө тайруулж, одоо тэргэнцэртэй байдаг юм.
Түүний эхнэр нь бас хэд хоногоор гэрээсээ явчихдаг. “Хүнд гар”-ын хүүхэн бий. Бас өөр нөхөртэй юм шиг байна лээ. Тэрэнтэйгээ хамт гадуур явж байгаад өлсөхөөрөө эндээ ирдэг. Ой гарантай хүүхэдтэй хэрнээ шүү дээ. Энэ архичдын дунд тэр нялх амьтан л өрөвдмөөр байдаг юм” гэж ярилаа.
Эхлээд очиход биш гээд байсан эмэгтэй одоо “Манайх дуудлага өгсөн” гэсээр хаалгаа тайллаа. Гэрт яваад ороход хөгшин залуу нийлсэн таван согтуу биднийг угтав. Уйлах нь уйлж, инээх нь инээж байгаа энэ согтуу хүмүүсийн дунд өнөөх нэг настай хүүхэд унтаж байлаа. Архины эхүүн үнэр, хөлчүү хүмүүсийн дуу чимээнд унтаад дасчихжээ.
Манай хоёр алба хаагч тэднээс зарим зүйл асууж байгаад “Хэрэв үнэхээр тийм мөнгө байсан байгаад тэр нь алга болсон бол гаднын хүн байгаагүй юм чинь гэр бүлийн гишүүдийн нэг авсан биз. Бие биенээсээ сайн асуугаарай. Тэгээд олохгүй бол манайд өргөдөл өгөөрэй” гээд буцав.
01.20 цаг. Бид энэ айлаас гараад тус дүүрэгт байрлах “Таац” зочид буудлын дэргэдүүр өнгөрлөө. Энд хар бараан хувцастай олон хүн сүүтэлзэж байснаа эргүүлийн алаг машин хараад хэдэн тийшээ тарж одов.
Тэдний талаар Г.Тулга “Хүмүүс энд шагийн архи зардаг юм. Тэднээс “Харанхуй шөнө энд юугаа хийгээд байгаа юм бэ” гэж асуухаар “Хүн хүлээж байна” гэдэг. Бид эднийг баривчилж, архи, шар айргийг нь устгалд оруулдаг ч нэмэргүй. Хэсэг намжиж байгаад дахиад л энэ ажлаа хийнэ.
Бид тэднийг барих тусам энэ хүмүүс нарийн зохион байгуулалттай болдог. Бид тэднийг судална, энэ хүмүүс биднийг бас давхар судалдаг юм билээ. Жишээлбэл, өнөөдөр хэн жижүүртэй ажиллах вэ, хэн ямар зан араншинтай, хэнтэй нь яаж харилцахаа ч мэддэг болчихсон” гэв.
Тэр бидэнд ийн яриад нөгөө цугласан хүмүүсээс нэгийг нь дуудаад “Хар хүйтэнд юу хийгээд зогсоод байгаа юм бэ. Хариач” гэхэд нөгөөх нь “Ах нь хүн хүлээж байна” гэлээ. Ийм яриа болж байтал тус зочид буудлаас гарч ирсэн зургаан охин хэрэлдэж байснаа зодолдоод эхлэв.
Манай хоёр машинаасаа буун харайж нөгөө охидыг арай гэж салгалаа. Тэд цагдаа ирчихсэн байна гэдгийг тоож байгаа ч юм алга. Нэг нэгийгээ тасчих нь холгүй зууралдаж, гудамжны элдэв хараалыг хайр найргүй урсгаж байлаа. Уг нь тэд найзууд гээд буудлын нэг өрөөнд хамт архи уусан аж.
Тэгээд гарч ирээд өстөн дайснууд болж буй нь энэ. Охидыг арай гэж салгаж явуулаад бид тэндээс холдлоо. Холгүй нэг байрны буланд эргүүлийн офицер Д.Ариунболдыг үлдээгээд бид тусгай дуут дохиогоо ажиллуулан төв зам руу оров.
Тэндээсээ буцаж тойроод орон сууцны дундуур явж байгаад “Таац” зочид буудлын хойноос тойрч ирлээ. Энэ хооронд манай офицер архи шаглан зарж буй этгээдийг саатуулсан байв. Бид түүн рүү очиход хар хөх өнгийн хүрэмнийхээ малгайг дарж өмссөн 30 гаруй насны залууг зогсоосон байлаа.
Өнөөх залуу “Би шар айраг авчихаад л явж байна. Би тэгж архи зардаг хүн биш” гээд байв. Гэтэл манай офицер Д.Ариунболд “Би чамайг түрүүнээс хойш дагасан. Чи хүнээс мөнгө аваад, энэ хашаа руу орж наад шар айргаа аваад гарч ирсэн биз дээ.
Тэгээд ч чи бид хоёр танилууд байх аа” гэхэд “Үгүй, та хүн андуураад байна” гээд гүрийгээд байв. Ингээд бид түүнийг дагуулан гарч ирсэн хашаа руу нь ороход тэнд арав орчим машин байв.

Тэдний нэг болох, юу ч үгүй тоногдсон нэг “Портер” машин дотор нэг хайрцаг “Нийслэл” шар айраг, ачаан дээр нь хэд хэдэн хоосон хайрцаг, архины авдар байв. Түүнийг нь олчихоод байхад ч өнөөх залуу гүрийсээр л.
Гэтэл хашаа руу дахин нэг эрэгтэй орж ирэв. Тэрбээр “Би сая энэ хүнд мөнгөө өгөөд шар айраг авах гэж байсан юм. Түүнийгээ авмаар байна. Эсвэл мөнгийг минь өг” гэсээр орж ирлээ. Үүний дараа л нөгөө гүргэр залуу “хэргээ” хүлээв.
Түүнийг Цагдаагийн хэлтэст авчирч биед нь үзлэг хийхэд гадуур хувцасны дотор халааснаас нь архины онцгой албан татварын хэд хэдэн тэмдэгт, 500 гаруй мянган төгрөг гарав.
Энэ нь магадгүй түүний хоёр цагийн дотор олсон орлого. Учир нь дэлгүүрүүд архи зарах хугацаа өнгөрөөд хоёр цаг л болж байсан юм.
Саатуулагдсан залууг М гэдэг бөгөөд цагдаа нар түүнийг анддаггүй аж. Тэрбээр өмнө нь мөн л дээрх зөрчлөөс болж баригдаж байжээ. Цагдаа нарын хэлж буйгаар тэр “Таац” зочид буудлын орчимд архи зардаг хүүмүүсийн толгойлогч нь гэнэ.
Түүнийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу баривчлахаар Цагдаагийн хэлтэст үлдээгээд бид дахин “Таац”-ыг зорив. Одоо бол энд тайван амгалан болжээ. М үнэхээр тэдний толгойлогч байсан бололтой.
Үүнээс хойш дахин хэд хэдэн дуудлага ирлээ. Зүүн ард Аюушийн 25 дугаар гудамж дахь гэртээ агсам тавьж, эхнэрийнхээ хөмсөгийг зад цохьсон 60 орчим насны эрийг Эрүүлжүүлэх байранд хүргэв.
Мөн гэртээ олон хүн цуглуулж архи уугаад, хөршүүдээ амраахгүй байгаа иргэдийг очиж тараалаа. Түүнчлэн “Такси барьж ирчихээд тооцоогоо хийхгүй, зодох гээд байна”, “Гудамжинд хэдэн согтуу залуу зодолдоод байна” гэх мэт дуудлага тасарсангүй.
06.00 цаг. Өглөө болох дөхжээ. Одоо л дуудлага цөөрч эхлэв. Үүнээс өмнө бол дүүргийн шөнийн амьдрал буцалж байдаг аж. Ихэвчлэн ахуйн хүрээний, согтуугийн дуудлага ирдэг юм байна.
Одоо л манай сурвалжлагын гол баатарт бидэнтэй үг солих зав гарлаа. Тэрбээр 2011 оноос цагдаагийн байгууллагад ажиллажээ.
Үүнээс өмнө “Билиг оюу” дээд сургуульд эрхзүйн багшаар ажилладаг байж. Тус сургуулийн нэг курсийн анги даасан багшаар ажиллаж, тэднийгээ төгсгөсөн байна. Дараа нь ахынхаа хүсэлтээр “Экстра” орос худалдааны төвийн нягтлангийн ажил гурван жил хийжээ.
Гэвч цагдаагийн алба шиг түүнийг дурлуулах ажил хаана ч байхгүй гэж тэр ярив. Хамтран зүтгэгч Д.Ариунболд түүний ангийн анд, хамгийн сайн найз нь. Бүр хүүхдүүдээ хүртэл хооронд гэрлүүлнэ гэж ярьдаг. Г.Тулгыг хутгалсан Х.Б-г Д.Ариунболд баривчилж байжээ.

Бямба гаригийн 09.00 цаг. Ээлжээ хүлээлгэж өгөв
08.00 цаг. “Тайшир-112” чиглэлийн эргүүлийн офицер Д.Ариунболд, дэд ахлагч Г.Тулга нар үүргээ гүйцэтгэж дуусаад дараагийн ээлжийнхэндээ ажлаа хүлээлгэн өглөө. Энэ шөнө ноцтой гэмт хэргийн дуудлага ирээгүй ч, амар тайван байгаагүй юм.
Г.Тулга маань “Ажлын өдөр байсан бол хариад охиноо цэцэрлэгт нь хүргэдэг юм. Амралтын өдөр болохоор эхнэр, охин хоёр минь хүлээж байгаа. Очиж охиноо эрхлүүлнэ ээ” гээд гэрийнхээ зүг яарлаа.
Х.АЗЖАРГАЛ