Монгол сурагч оюутнууд Ленинградад. 1926 он
XX зууны хориод оны дундуур Монголын төр засаг өрнөдийн орнуудад хүүхэд багачуудаа сургаж, боловсрол эзэмшүүлэхээр илгээсэн түүхтэй.
Тодруулбал, 1926 оны тавдугаар сард Нийслэл хүрээний дунд сургуулиас сурлага, сахилга батаараа шалгарсан 40 орчим хүүхэд залуус алс холын Герман, Францад очиж эрдэм сурахаар мордсон билээ.
Тэд 1926-1930 онд барууны өндөр хөгжилтэй улс орны шинжлэх ухаан, техник технологи, соёл боловсролын ололт амжилтаас суралцаж эх орондоо “эрдэм өвөртлөн” ирсэн юм.
Эх орон, ард түмнийхээ төлөө сурсан мэдсэнээ зориулж шинэ цагийн Монгол Улсын тэргүүлэх сэхээтнүүд болсон тэдний ихэнх нь тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, их гүрний дээрэнгүй үзлийн золиос болж амьдрал, хувь заяагаараа хэлмэгдсэн гашуун түүхтэй.
“Шөнө шиг харанхуйгаас шинэ ертөнцөд хөл тавьсан” монгол сурагч, оюутнууд болон тэднийг хөгжингүй орнуудад сургахаар илгээсэн хүмүүсийн зарим нь амь насаа алдаж, дийлэнх нь залуу насаа золиосолсон боловч ХХ зууны Монгол Улсын боловсролын түүхнээ түүчээ болон үлдсэнийг эх орон нь мартаагүй ээ.
“Өнөөдөр” сонин Архивын ерөнхий газартай хамтран “Эрдмийн эрэлчид” болсон тэдний амьдрал, хувь заяаны ээдрээтэй, эмгэнэлтэй түүхийн тухай цуврал нийтлэл хүргэж байна.
Монгол сурагч, оюутнууд Өрнөд Европод суралцаж эхэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байна.
Нэгэн зууны тэртээ буюу 1926 онд дунд сургуулийн боловсролтой 40 шахам хүүхэд залуус “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас” эрдэм өвөртлөн ирэхээр хөлгүй их далай гатлаж, харь гүрнийг зорьсон билээ.
“Хөмөрсөн тогоон дотрохтой адил хөдөөгийн бүдүүлэг байдалд хүмүүжсэн” тэднийг хөгжингүй оронд илгээж эрдэм сургахаар явуулах болсон учир шалтгаан юунд байв? Хэн тэднийг баруунд сургаж төрөл бүрийн мэргэжил, тусгай боловсрол эзэмшүүлэх зорилт тавив?
Ардын хувьсгал ялсны дараа шинэ тулгар Монгол Улсын удирдагч нар гуравдагч хөршийн эрэлд мордсон түүхтэй.
Хэдийгээр Зөвлөлт Орос Улсын шууд нөлөөн дор туслалцаа дэмжлэг авч хувьсгал хийсэн боловч ардын засгийн зүтгэлтнүүд улс гэрээ төвхнүүлэх, гадаад харилцаагаа өргөжүүлэх талаар сэдэж санаачилсан олон алхам хийсэн байдаг юм.
Үүний нэг тодорхой жишээ нь Монгол ардын намын II их хурлын 1923 оны наймдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар баталсан “Эдийн засгийн үндсэн бодлого” хэмээх баримт бичиг билээ.
Хувьсгал ялаад дөнгөж хоёрхон жил өнгөрч байхад баталсан уг мөрийн хөтөлбөрийн 18 дугаар зүйлд:
“Ер сургуулийн учраа, үүнээс дээш тоочсон олон зүйлүүдийг бүрэн бүтэн сайнаар ёсоор явуулсугай хэмээхүл ард түмэн даяар ерийн эрдэмд боловсрох хэрэгтэй. Урьд, эдүгээ аль ч цагт орон газар хаана ч атугай, эрдмээр илүү нь эрхбиш тэргүүлдэг учиртайг дэлхий дээрх олон улс ухамсарлан мэдэж, эрдэмд боловсруулахыг Засгийн бодлогын манлай болгожээ.
Улс эрдэм мөхөс болбоос ажил үйлдвэр нь бүдүүлэг, эд хөрөнгө ба сүр хүчин буурай, хэрэв эрдэм дэлгэрсэн болбоос элдэв зүйлийн боловсон арга хэрэглэж, эд хөрөнгө зузаан, сүр хүчин их болно.
Учир тийм тул эдийн засгийг үүрд бат нот арвин зузаан болгоё хэмээвээс ард түмнийг эрхбиш ерийн үсэг бичиг, утга уянга ба тусгай ашиг тус бүхий эрдмүүдэд сургахыг урьтал болговол зохино” гэжээ.
Мөн уг хөтөлбөрт “Герман улсын ард нэгэн түмэн эр эм хүн дотроос дөрөвхөн нь бичиг үл мэдэх, Английн уул улс дотор нэгэн түмэн хүний арваад хүн бичиг үл мэдэх буй.
Оросын түмэн хүний дотор 7000 нь бичиг үл мэдэх, Рибин (Япон-Ч.Б) улсын түмэн хүн дотор 100 хүн бичиг үл таних мэт үлгэртэй бөгөөд эрдэм соёлоор баялаг нь эд хөрөнгө, чадал хүчнээр баялаг ажгуу.
Эдгээр улсыг шилж сонгоход хүрвэл аль ч талаараа Герман, Орос, Америк хэмээн дэс дараалмой” гэж гадаад харилцаагаа тодорхойлж байв.
Уг баримт бичиг батлагдсанаас хойш хоёр жилийн дараа МАХН-ын Төв Хорооны дарга Ц.Дамбадорж Өрнөд Европын 10 улсад айлчилсан байдаг юм.
Тухайн үеийн нам, засгийн удирдагчид дунд эзэмшсэн мэргэжил боловсрол, гадаад хэлний мэдлэгээрээ товойн ялгарч байсан тэрбээр 1925 онд Дундад Иргэн Улсад, 1926 онд Герман, Франц зэрэг улсад айлчилсан нь “Эдийн засгийн үндсэн бодлого” хөтөлбөрийн заалтуудыг хэрэгжүүлэхээр элдэв арга зам эрэлхийлж явсан хэрэг болов уу.
Тэгээд ч Ц.Дамбадоржийн айлчлалын дараахан Ардын Засгийн газар “Олон үйлдвэрийн дунд ба дээд эрдмийг эзэмшихээр” Герман, Франц улсад оюутан сурагчдаа илгээж эхэлсэн билээ.
Бололцооны хэрээр олж үзсэн баримтуудаас харж байхад Герман, Франц улсад оюутан сурагчид сургах ажлыг санаачлан зохион байгуулагч нь МАХН-ын Төв Хорооны дарга Ц.Дамбадорж, Ардыг гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхаан, сайшаан дэмжигч нь Ерөнхий сайдын жинхэнэ орлогч бөгөөд ГЯЯ-ны сайд А.Амар, Судар бичгийн хүрээлэн (СБХ)-гийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ж.Цэвээн, ЗХУ-д элчин төлөөлөгч байсан Б.Буянчуулган, ажил үйлс болгон хэрэгжүүлэгчид нь Нийслэл Хүрээний анхны дунд сургуулийн захирал Б.Ишдорж, багш Д.Буддари, Б.Далай, М.Гомбожав болон Өрнөд Европ дахь Монголын худалдааны төлөөлөгчдийн тэргүүн Даш Сампилон буюу Сампилын Даш нарын хүмүүс байжээ гэлтэй.
Ардын Засгийн газрын 1925 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр хуралдсан 42 дугаар хуралдаанаас “хичээл сурлагадаа шалгарсан, биеийн эрүүл мэндийн хувьд тэнцэх дунд сургуулийн төгсөх ангийн 35 сурагчийг сонгон авч Герман, Франц улсад явуулж дунд, лицей болон тусгай мэргэжлийн ажилтан бэлтгэх төрөл бүрийн сургуульд суралцуулах” тухай шийдвэр гаргажээ. Эдгээр сурагчид насны хувьд бага нь 13-тай, том нь 25-тай байв.
Герман, Франц улсад явсан анхны сурагч оюутнуудын тухай дурсамж цөөнгүй бий. Төрийн хошой шагналт, зохиолч Д.Намдаг, зохиолч Б.Доржсүрэн, гавьяат багш С.Бавуу нарын дурсамж, зохиолч Н.Наваан-Юндэнгийн “Соёл эрдэнэ” туужид тэднийг нам засгийн удирдагчид хэрхэн үдэн гаргасан, мөн аян замын уртыг хэрхэн туулж зорьсон газраа хүрсэн тухай өгүүлсэн нь бий.
Тэдгээрийг уншиж байхад харь газар сурахаар одох хүүхдүүдийг хэрхэн сонгон шалгаруулсан нь сонирхол татдаг юм. Сурлага сахилгаараа тэнцэж шалгарсан зарим нь хөл газар хүрэхгүй баярлаж байсан бол тэнцээгүй зарим нь уйлж хөглөж явсан гэдэг.
Франц улсад суралцсан Ж.Дүгэрсүрэн анх гадаадад явахаар шалгарсан тухайгаа дурсан: “Герман, Франц улсад сургуульд явуулах хүүхдүүдээс 1925 оны есдүгээр сард сонголт хийхэд 30 хүүхэд шалгарчээ.
Би их жанжин Сүхбаатарын хүү Галсан, хичээнгүй сайд Цэрэндоржийн хүү Юндэн нартай өрсөлдөн тэднийг ялж Франц улсад суралцсан юм. Тэр үед ажил төрөлд хандах хандлага нь үнэхээр шударга байж дээ.
Энэ азтай тохиолдол миний эрдэм номын ариун мөрийг тэгшилж өгсөн бөгөөд би одоо хүртэл энэ үйлсдээ зүтгэсээр яваа юм” хэмээн хуучилж байжээ.
“Үнэн” сонины 1926 оны тавдугаар сарын 21-ний өдрийн №28-д “Бас нэгэн алхам урагшлав” гэсэн өгүүлэл нийтлэгджээ.
Уг өгүүлэлд: “Энэ дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хоёр өдөр БНМАУ-ын Ардыг гэгээрүүлэх яамнаас эрхлэн, Улаанбаатар хотын газраас 35 хөвгүүнийг Герман, Франц зэрэг улсад гадаадын хэл, бичгийн сургууль үйлдүүлэхээр явуулахад зохих газрын төлөөлөгч нар очиж баяр илтгэлийг хүргэн үдэж одуулжээ” гэсэн байна.
Энэ баримтаас үзвэл Герман, Франц улсад суралцахаар мордсон сурагчид 1926 оны дөрөвдүгээр сарын 27-ны орчим Улаанбаатар хотоос хөдөлсөн мэт.
Тэднийг үдэж мордуулахаар МАХН-ын Төв Хорооны дарга Ц.Дамбадорж, Цэргийн яамны сайд Хатанбаатар Магсаржав тэргүүтэй нам, засгийн удирдагчид хүрэлцэн ирж цайллага хийжээ.
Цайллага дээр СБХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ж.Цэвээн “Долоон зуун жилийн өмнө монгол цэрэг Герман улсыг байлдан дагуулахаар очиж явтал Чингис хаан нас барсан учир байлдахыг больж Балтийн далайгаас морьдоо услаад эргэсэн түүхтэй.
Одоо та нар тэр улсын эрдмийг нь уугаад ирээрэй” хэмээн захисан тухай төрийн хошой шагналт зохиолч Д.Намдаг дурсан бичсэн байдаг юм.
“Ардыг гэгээрүүлэх яамнаас 16 дугаар оны (1926) дөрөвдүгээр сард Герман улсын сургуульд явуулсан хөвгүүд, охидын тоо данс” гэсэн сургуулийн хэлтсийн бичигт: “1.Герман улсын сургуульд явуулсан он 16, сар 4, хөвгүүд 30, охид 5, бүгд 35. Монгол Улсын 16 дугаар он. 5 сарын 5” гэж тэмдэглэсэн нь бий.
Сурагчдыг Герман, Франц улсад хүргэж өгөхөөр АГЯ-ны сайд Эрдэнэбатхаан гурван багшийн хамт (Д.Буддари, Б.Далай, Ж.Авирмэд-Ч.Б) явсан байна.
Германд суралцсан сурагчдын нэг, гавьяат багш С.Бавуу хожим дурсахдаа: “... Улаанбаатараас анх гарахдаа “Доож” (Dodge-Ч.Б) машины арын ачааны хаалтыг дэлгээд нуруу нуруугаа налан сууж хөдөлж билээ.
Тэр үед бидэнд чемодан гэх юм байсангүй, жаал зуул юмаа баадагнаад сураар баглаж тогтоогоод бариул гаргаж билээ. Хиртэй хувцастай явах ёсгүй. Шар хөвөөс Алтанбулаг руу хоёр хоног морин өртөөгөөр явж хүрч, буриад айлд хоёр гурав хоноод морин тэрэгтэй Оросын хил хүрч Сэлэнгэ мөрнөөс Дээд-Үд хүртэл усан онгоцоор явав.
Тэндээсээ төмөр замаар хатуу вагонд Москва хүртэл тав хоног монгол эсгий гудсаа дэвсэж явдаг байлаа. Вагон дотор Далай багш Герман хэл зааж, бид үсгээ сурч уншчихаад үг зохиож чаддаг байлаа. Москвад гурав хоноод галт тэргээр Ленинградад очиж усан онгоц хүлээж долоо хоносон.
Тэр үед Ринчен Бямбаев, О.Намнандорж, киноны эрдэмтэн Гончиг нар бидэнд хотыг танилцуулж үзүүлж байв. Ленинградад байхдаа анх бэлдэж өгсөн европ хувцасаа өмсөөд, цааш хоёр хоног усан онгоцоор явж Германд хүрч билээ...” гэжээ.
1926-1930 онд Герман, Франц улсад суралцсан хүүхэд залуусын дийлэнх нь хожмоо шинэ цагийн Монгол Улсын аж үйлдвэр, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухааны тэргүүлэх сэхээтнүүд болж, алдар нэрээ мөнхөлсөн билээ. Тэд хэн хэн байв аа?
Ч.БОЛД
