Монголчууд МЭӨ 4000-3000 жилийн өмнө газар тариалан эрхэлж байсан ул мөр бүхий тариа цайруулах чулуун самбар, нүдүүр олдсон нь өдгөө Үндэсний түүхийн музейд бий. Анх Хэрлэн, Орхон гол, Буйр нуур орчим тариалан эрхэлж байсан нь улмаар Туул, Сэлэнгэ голын сав дагуу тархжээ.
Манай орон 1950 оны дунд үеэс газар тариалан эрчимтэй хөгжүүлж эхлэхдээ арвин ургац хураахыг чухалчилдаг байв. Харин сүүлийн жилүүдэд хөрсний үржил шимийг сайжруулах, элэгдэл, эвдрэлийг багасгахад ихээхэн ач холбогдол өгөх болжээ.
Тариалангийн технологийн сонголт, хүний хүчин зүйлийн нөлөө, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан хөрсний үржил шим багасаж, элэгдэж, эвдрэх нь ихсэж буй. Азот, фосфор, кали гэх мэт шим тэжээлийн элемент багассанаар хөрсний үржил шимийн түвшин буурдаг.
Ялангуяа хөрсөнд шим тэжээлийн бордоо хэрэглэхгүй удаан хугацаагаар тариаланд ашиглавал хөрсний үржил шим муудаж, ургац багасдаг.
Манайх шиг эрс тэс уур амьсгалтай, салхи шуурга ихтэй оронд тариалангийн технологио зөв сонгох нь хөрс хамгаалахад ихээхэн ач холбогдолтой.
Манай улс 1959 оноос хөрсийг хөмрүүлж хагалах, 1976 оноос хөрсийг хавж боловсруулах, 2008 оноос хөрс боловсруулах, цомхтгох технологи нэвтрүүлж байсан бол 2013 оноос тэг элдэншүүлгийн техник технологи ашиглаж эхлээд буй.
Хөрсийг хөмрүүлж хагалах, хавж боловсруулах технологи нь хөрсийг нягтаршуулах, хөрсний чийгийг ихээхэн алдагдуулдаг сул талтай юм.
Харин цомхтгох технологи нь илүү дэвшилт болж, нэг үйлдлээр олон ажил зэрэг хийж, хөрсөнд халтай нөлөөг бууруулсан. Гэвч тэг элдэншүүлгийн технологи шиг нарийн үйлдэлтэй болж чадаагүй аж.
Канадад 1930-аад оны дунд үед хүчтэй шуурга болж, тариалангийн хөрс ихээхэн сүйрчээ. Энэ үеэс хөрс боловсруулах шинэ технологи бүтээж, 1970-аад оны дунд үеэс тэг элдэншүүлгийн технологи нэвтрүүлж эхэлсэн түүхтэй.
Хөрсний чийгийн алдагдлыг бууруулах, үржил шимийг нэмэгдүүлэх, салхи, уснаас шалтгаалсан хөрсний элэгдэл, эвдрэлийг хамгаалах нь тэг элдэншүүлгийн технологийн давуу тал.
Мөн өмнөх технологиуд шиг хөрсийг ухаж эргүүлдэггүй, харин ч ургамлын үлдэгдлээр хучдаг онцлогтой.
Манайхан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард батлагдсан Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичиг батлахдаа “Хөрс боловсруулах тэг элдэншүүлгийн технологийг үйлдвэрлэлд үе шаттайгаар бүрэн нэвтрүүлэх болон тариалангийн газрын хөрсийг салхи, усны элэгдэл, эвдрэлээс хамгаалах нөхцөл бүрдүүлэх” гэсэн заалт оруулсан.
Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлчээр ХХААЯ болон Монгол, Германы хамтарсан “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийнхөн “Хөрс хамгаалал-тогтвортой газар тариалангийн үйлдвэрлэлийн үндэс” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулсан.
Зөвлөгөөнд Монгол, Герман, Австри улсын эрдэмтэн, судлаачид оролцож, эх газрын эрс тэс уур амьсгалтай, хуурайшилт ихтэй бүс нутгуудад хөрсний элэгдэл, эвдрэл эрчимжиж буйг илтгэл, судалгааныхаа үр дүнгээр нотолсон.
Уг зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжид тариалангийн талбайн цулгуй уриншийн эзлэх хувийг бууруулж, ногоон бордоот уринш хийх, цомхтгосон болон тэг элдэншүүлэг бүхий технологид шилжих тухай дурдсан байв.
ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболд “Тэг элдэншүүлгийн технологи бүрэн нэвтрүүлэхэд тодорхой хэмжээний цаг хугацаа шаардлагатай.
ОХУ-ын тэг элдэншүүлгийн технологи нэвтрүүлэх тухай гаргасан гарын авлагад техникүүдээ бүрдүүлэх, хөрсний органик бүтцийг бий болгох зэрэг бэлтгэл хангахад 0-5, хөрсний нягтралыг бууруулах, органик бодисын хэмжээг ихэсгэх зэрэг шилжилтийн үе шат 5-10, тэг элдэншүүлгийн технологийг өөрийн болгоход 10-20 жил хэрэгтэйг заасан.
Тэг элдэншүүлгийн технологи нь жижиг талбайд эдийн засгийн үр өгөөж багатай. Жилд тариалах талбай 1000 га-гаас багагүй байж л үр шимийг нь хүртэнэ. Учир нь тус технологийн техникүүд том, даац ихтэй, өртөг өндөр.
Манай оронд газар тариалан эрхэлдэг жижиг, дунд аж ахуйн нэгж цөөнгүй. Тэд нэгдэж, хүчин чадлаа нэмэхэд анхаарах байх” гэлээ.
ХХААЯ-наас өнгөрсөн онд аж ахуй нэгжүүдэд тэг элдэншүүлгийн технологи бүхий техник авахад нь зориулж, таван жилийн эргэн төлөлтийн хугацаатай найман тэрбум төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлсэн аж.
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Цэгээн хуст”, “Момо агро”, Булганы Тэшиг сумын “Шинэ амжилт”, Дорнодын Халхгол сумын “Нью ариг ус”, Төв аймгийн Баянцогт сумын “Жагро” зэрэг 21 аж ахуй уг зээлийг авчээ.
Эдгээр техникийг эх орондоо албан ёсоор оруулж, худалдах болон засвар үйлчилгээ хийж буй “Вагнер Ази”, “Гацуурт”, “Агротрак”, “Энсада” зэрэг 6-7 компани бий.
Газар тариалангийн үйлдвэрлэл өсөн нэмэгдэхийн хэрээр байгаль орчинд ээлтэй, хөрс элэгдэж, эвдрэхээс хамгаалах уг технологийг бүрэн нэвтрүүлэх зайлшгүй шаардлага тулгарч буй.
Бүрэн нэвтрүүлбэл манай улс эдийн засгийн үр ашгаа дээшлүүлэхийн зэрэгцээ хөрсний үржил шимийг урт хугацаанд тогтвортой хадгалж чадах юм. Уг технологийг богино хугацаанд хэрхэн бүрэн нэвтрүүлэх талаар холбогдох хүмүүсийн байр суурийг сонирхлоо.
БАЙР СУУРЬ
-Монголд тэг элдэншүүлгийн технологийг богино хугацаанд бүрэн нэвтрүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
Ц.Болорчулуун (ХХААЯ-ны ГТБХЗГ-ын дарга): -Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн 40 орчим хувь нь цомхтгосон болон тэг элдэншүүлгийн технологи ашиглаж байна.
Үүнийг богино хугацаанд 100 хувь нэвтрүүлнэ гэвэл өрөөсгөл. Бүрэн нэвтрүүлэхэд үе шаттай бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Бэлтгэл ажлын хүрээнд ойн зурвас болон тариалангийн талбайг малаас хамгаалах хашаа татах хэрэгтэй.
Мөн техник авахад их хэмжээний хөрөнгө шаардлагатай учир санхүүгийн хувьд асуудал их бий. Эх орондоо тэг элдэншүүлгийн технологи бүхий техник оруулж ирэх нэг хэрэг, харин түүнийг нутагшуулна гэдэг өөр шүү дээ.
Л.Даваа (ХААИС-ийн доктор): -Энэ технологийг бүрэн нэвтрүүлэх боломжтойг судлаад баталчихсан. Хөрсний элэгдэл, эвдрэлийг багасгах, газар тариалангийн салбарт дэвшил гаргахын тулд ашиглах нь зүйтэй.
Хамгийн гол нь хүмүүст тодорхой ойлголт, мэдээлэл өгөх хэрэгтэй болов уу. Мөн мэргэжлийн хүмүүс ажиллуулах ёстой. Сүүлийн жилүүдэд цаг агаар таатай байснаас арвин ургац хураасан бол өнгөрсөн жилээс хуурайшилтын үе ирж буй.
Тиймээс бид гарцаагүй цомхтгох болон тэг элдэншүүлгийн технологи ашиглаж, хөрсөө хайрлах хэрэгтэй болж байна.
Д.Дэлгэрбаяр (“Орхон тариа” компанийн ерөнхий захирал): -Манайх тэг элдэншүүлгийн технологи бүхий комбайн авсан. Одоо трактор, үрлэгч зэрэг зайлшгүй авах шаардлагатай техник байгаа.
300 морины хүчин чадалтай нэг трактор гэхэд дор хаяж 500-600 сая төгрөгийн үнэтэй.
Эдгээр техникийн өртөг өндөр тул ганц, хоёрыг аваад л мөнгөний боломжгүй болчихдог. Иймээс иж бүрэн техник авч чадахгүй байна.
Тариалан эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд урт хугацааны зээл олгож, техникээ бүрэн шинэчлэх боломж олгох хэрэгтэй. Мөн бэлчээрийн малын асуудлыг зохицуулах зайлшгүй шаардлагатай.
Э.НАМУУН