Шулуухан хэлэхэд, бид ийм л орчинд амьдарч байна. Амьд явах, шударга шүүхээр шүүлгэх, эрүүл мэндээ хамгаалуулах, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхахаас ангид байх зэрэг эрх зөрчигдөн үүний улмаас их, бага хэмжээгээр хохирч явдгаа төдийлөн мэддэггүй.
Мэдсэн ч гомдол гарган, хохирлоо нөхөн төлүүлдэг нь тун цөөн. Ялангуяа эрүүгийн хэргийн хохирогчид шүүхээс шийдвэр гартал (хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэгт байцаан шийтгэх хугацаа 2-24 сар) дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу нөхцөлд байдаг нь нууц биш. Жишээ болгон олон хүний жигшил зэвүүцэл төрүүлсэн хоёр хэргийн талаар дурдъя.
Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар 24 настай Б гэх эмэгтэйг зэрлэгээр зодож, хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан. Одоо хүртэл хохирогч эмэгтэйн бие тэнхрээгүй бөгөөд түүний ээж В.Бадамсүрэн арга ядахдаа ард түмнээсээ тусламж дэмжлэг хүссэн билээ.
Түүнтэй холбогдон охиных нь биеийн байдал болон хэчнээн төгрөгийн эмчилгээ хийлгэж буйг асуухад “Охины минь бие тааруухан байгаа. Шинжилгээ дахин өгч, энэ сарын 21-нд хоёр дахь хагалгаандаа орно. Одоо хүртэл живх хэрэглэж байгаа.
Шээс нь задгайрсан, давсаг үрэвсэлтэй байна гэсэн. Эмчилгээнд ойролцоогоор 13 сая төгрөг зарцуулаад байна. Дөрвөн сар гаруй хугацаанд охин минь үхэл, амьдралтай тэмцэж байхад хэрэг хийсэн хүмүүсийн нэг нь ч биднээс уучлалт гуйгаагүй. Ядаж ар гэрийнхнээс нь ганц ч хүн ирж уулзаагүй.
Би 2017 оны зургадугаар сар хүртэл тэтгэврийн зээл авч, хэдэн малаа борлуулж эмчилгээний зардал олсон. Охиноо л хурдан хөл дээр нь босгомоор байна. Тэдэнтэй дараа нь уулзах цаг ирэх байлгүй. Хэрэг хуучрах биш” гэв. Тийм ээ, хэрэг хуучрахгүй ч, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ухаарахад эртэднэ гэж баймгүйсэн.
Хатуухан хэлэхэд, Б.Ханбаатар төрийн хамгаалалтад дулаан байр, халуун хоолтой байгаа бол хохирогч эмэгтэй өвчиндөө шаналан, өөртөө гутарч өдөр хоногийг өнгөрүүлж байна. Аймаг сумынхнаас нь эхлээд бүх хүн энэ хэргийн талаар сонссон гэхэд хилсдэхгүй.
Тэрбээр нийгмээс ирэх сэтгэл зүйн дайралт, дарамтыг хэрхэн тэсвэрлэж, нэр алдар, бие эрхтэнд учирсан хохирлоо яаж барагдуулах нь тодорхойгүй байна. Гэмт хэрэг хийсэн этгээд хуулиараа ял авах нь ойлгомжтой ч түүний амссан сэтгэл санааны хохирлыг барагдуулах нь бүү хэл, үнэлэх эрх зүйн зохицуулалт манай улсад байхгүй гэхэд болно.
ЭДИЙН БУС ХОХИРОЛ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ҮНЭЛГЭЭНИЙ
ЗОХИЦУУЛАЛТ АЛГА
Мөн төрсөн эцэг нь хоёр настай охин, найман настай хүүгээ хазаж тамлан, яргалсан хэрэг 2014 онд гарсан. Хүүхдүүдийн ээж өмгөөлөгч авах мөнгөгүй учраас Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандан тусламж авч байсан билээ. Энэ жигшүүрт хэргийг үйлдэгч эцэг хийсэн хэргийнхээ ялыг эдэлж, аавын хаалга татсан ч саяхан Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгийг сар бүр хүүхдэдээ олгох шийдвэр шүүхээс гаргасан ч өдий хүртэл тэд нэг ч төгрөг авч чадаагүй байна. Хүүхдүүдийн ээж Т нөхрөө суллагдсаныг мэдээгүй бөгөөд түүнтэй гудамжинд санамсаргүйгээр таарсан нь маш хүнд цохилт болж, сэтгэл хямарсан тухайгаа ярьсан юм. Ялтан суллагдахад ар гэрийнхэнд нь 72 цагийн дотор мэдэгдэх ёстой ч гомдол гаргаж, хохирогч болсон талд хэлдэггүй гэнэ.
Энэ нь хохирогчдын аюулгүй байдлыг хангахгүй, хохирсон хүмүүс дахиад хохирох, эсэх нь хэнд ч хамаагүйн тод жишээ. Гэртээ агсам тавьж, үр хүүхдээ зодож занчдаг аавыг цагдаа дуудаад өгчихөөр эрх чөлөөтэй болж ирээд улам харгис авирладаг шиг ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст илүү анхаарал тавихгүй бол дахиад л хохирох нь.
Энэ мэт эдийн бус хохирлоо барагдуулж чадахгүй яваа олон хүн бий. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “Хохирогч гэж нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хэлнэ” гэж товч бөгөөд тодорхой заасан. Нэр төр, алдар хүнд, сэтгэл санаа, бие эрхтэний хохирол нь эдийн засгийн эргэлтэд арилжааны зүйл болдоггүй учраас эдийн бус хохиролд хамаардаг.
Гэтэл манай улсад энэ хохирлын хэмжээг хэрхэн, яаж тооцож, барагдуулах талаар эрх зүйн зохицуулалт дутмагаас иргэд хохирлоо бодитой, бүрэн дүүрэн төлүүлэх эрхээ эдэлж чадахгүй үлдэж буйг өмгөөлөгчид хэлдэг.
Үүний зэрэгцээ эрүүгийн хэрэгт шалгуулсан боловч хэрэг нь хэрэгсэхгүй болсон, цагаадсан хүмүүс эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаа, бие эрхтэн гээд бүх л зүйлээрээ хохирох нь цөөнгүй.
Гэвч тэдний олонх нь учирсан хохирлоо төрөөс төлүүлэх эрхтэйгээ мэддэггүй аж. Хүний эрхийн үндэсний комисст ийм төрлийн гомдол цөөнгүй ирдэг гэнэ. Тус комисс 2001 оноос үйл ажиллагаа эхлүүлсэн бөгөөд энэ хугацаад 25 хүний өмнөөс нэхэмжлэл гаргасан байна. Үүний дийлэнх нь эрүүгийн хэрэгт хууль бусаар шалгуулсны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх асуудалтай холбоотой аж.
Нэгэн жишээ дурдахад, Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн О ХЭҮК-т 2013 оны тавдугаар сарын 13-нд гомдол гаргажээ. Түүнийг 2005 оны гуравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө төрсөн дүү Э-тэйгээ бүлэглэн дагавар хүү 17 настай Э-гийн амийг нь хороосон гэмт хэрэгт холбогдуулан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан аж.
Ингээд 2013 оны гуравдугаар сарын 27-нд Улсын дээд шүүхийн тогтоолоор “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй”, “нэмэлт нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр түүний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Ийнхүү О-г онц хүнд, хүндэвтэр гэмт хэрэгт нийт найман жил нэг сар 12 хоног холбогдуулан шалган, эрх чөлөөг нь хязгаарлан 276 хоног цагдан хорьж, эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санааны ноцтой хохирол учруулжээ.
Шүүхээс түүнийг гэм буруугүйг тогтоосон учраас ХЭҮК-ынхон түүнд учирсан хохирлыг тус бүрд нь тооцон үзэж, бодит болон сэтгэл санааны хохиролд 74 сая төгрөг төрөөс нэхэмжилсэн боловч 24 сая төгрөгийг Төрийн сангийн газраас олгожээ.
Энэ мэт хилс хэрэгт гүтгэгдэн залуу нас, амьдралаа үрсэн хүмүүс цөөнгүй аж. Энэ тухай ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамираас тодруулав.
Т.ИХТАМИР: ЦАГААДСАН ХҮМҮҮС ХОХИРЛОО
НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ЭРХТЭЙ
-Танайд ихэвчлэн ямар төрлийн гомдол ирдэг вэ?
-Комисс байгуулагдсан цагаас хойш 4500 гаруй гомдол хүлээн авсан. Жилд дунджаар 700 орчим гомдол ирдэг. Хүний эрхийн комиссын тухай хуульд заасны дагуу бид хүний эрхийн зөрчил илэрсэн тохиолдолд арилгуулах, таслан зогсоох шаардлага хүргүүлж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэн, аж ахуйн байгууллагад зөвлөмж хүргүүлж ажилладаг.
Сүүлийн жилүүдэд иргэдээс ирэх гомдлын тоо нэмэгдсэн бөгөөд дийлэнх хувийг шударга шүүхээр шүүлгэх, хилс хэрэгт шалгагдаж байгаа, хилсээр ял шийтгүүлсэн, шүүхээс хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн, эрүү шүүлтэд өртсөн, хөдөлмөрлөх эрхээ эдэлж чадахгүй байна гэсэн гомдол эзэлдэг.
-Гэмт хэргийн хохирогч болсон хүмүүс гомдол ирүүлдэг үү?
-Гэмт хэргийн хохирогчийн хохирол нөхөн төлүүлэх асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу шийддэг. Гэхдээ учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэхдээ зөвхөн нотлох баримтад тулгуурлаж байгаа тул эмчилгээ, оршуулга, тээврийн зардлын баримт зэргийг харгалзан хохирлыг тогтоож байна.
Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн хохирогчийн хувьд бодит хохирлыг шүүх шийдвэрлэж байгаа ч эдийн бус хохирлын хэмжээг хэрхэн тооцох нь тодорхойгүй. Эрх зүйн зохицуулалт дутмаг байгаа учраас эрхээ эдэлж чадахгүй, хохирсон хэвээр байна.
2012 онд ХЭҮК “Монгол Улсад гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус хохирлыг нөхөн төлүүлж буй практик” гэсэн судалгаа явуулахад эрх зүйн зохицуулалт дутмаг байна гэсэн дүн гарсан.
Манай улсад эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэх үнэлгээний зохицуулалт үндсэндээ алга. Энэ асуудлаар Хууль зүйн сайдад зөвлөмж хүргүүлсэн. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд эдийн бус хохирол нөхөн төлүүлэх асуудал хуульд тусгагдах байх гэж бодож байна.
-Танай байгууллага эрх нь зөрчигдсөн хүнийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Хэчнээн нэхэмжлэл гаргаж, хэдэн төгрөгийн төлбөр төлүүлсэн бэ?
-25 нэхэмжлэл гаргасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаад шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгох, цагаадах, гэм буруугүй болоход хохирлыг хэрхэн барагдуулах тухай заасан байдаг.
Тиймээс хохирлоо төрөөс нэхэмжлэх эрхтэй. Бид хохирогчийн өмнөөс нэхэмжлэл гарган нийт 450 орчим сая төгрөгийн хохирол нөхөн төлүүлсэн гэв.
Гэмт хэргийн улмаас хэдэн зуун иргэн амиа алдан, бие эрхтэнээ гэмтээж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эгнээг тэлсээр байна. Гэтэл зөвхөн бодит гарсан зардлыг л нөхөн төлүүлдэг хууль үйлчилж буй нь харамсалтай.
Гаргүй, хөлгүй, хараагүй болгож, гоо үзэмжид нь арилшгүй сорви үлдээснийхээ төлөөсөнд сэтгэл санааны хохирол барагдуулахад дорвитойхон хариуцлага тооцохгүй бол эгэл жирийн иргэд хохирсоор, бас дахин хохирсоор байх нь.
Хууль, эрх зүйн өөрчлөлт шинэчлэлт хийлээ ч ял эдэлж буй хүмүүсийн амьдарч буй нөхцөл байдлыг сайжруулах, гэмт хэрэгтнүүдэд оноох ялыг хөнгөлөх тухай л ярихаас хохирсон хүмүүс дахиад хохирч байна уу, тэдэнд хууль эрх зүйн болон сэтгэл санааны ямар дэм хэрэгтэй байгаа талаар эрх бүхий байгууллагууд ам нээдэггүй нь харамсалтай. Ялтан, сэжигтэнд улсаас өмгөөлөгч томилж өгдөг хэрнээ хохирсон хүнд үнэ төлбөргүй өмгөөлөл үзүүлдэггүй нь хачирхалтай.
Ч.БОЛОРТУЯА