Цэргийн үүрэгтний бүртгэл орон даяар үргэлжилж байна. 50 хүртэлх насны эрчүүд цэргийн үүрэг хүлээх хуультай. Эр хүний эх орноо хамгаалах эрхэм үүргийг хуульчилж өгсөн нь энэ.
Дуудсан цагт бэлэн байлгахын тулд тэднийг данс тооцоондоо бүртгэж авдаг. Цэргийн алба хаасан эрчүүл дугаар хороондоо очиж, нэр төртэйгөөр бүртгүүлж байхад энэ албанаас зугтагсад хэнэггүй гэлдэрч явна.
Төр баталсан хуулиа хэрэгжүүлж чаддаг байсан бол зугтагсад урвагч болох байв. Төр хуулиа хэрэгжүүлдэггүй учраас эрчүүдэд үүргийг нь ойлгуулж чадахгүй байна. Уг нь тэд цэргийн үүргээ биеэр, эсвэл дүйцүүлэн хаах учиртай юм.
Хүдэр бадар эрчүүд цэргийн албанаас заль мэх хэрэглэж зугтсанаа нэгэндээ сайрхан ярих нь эмгэнэлтэй. Энэ насанд нь заяаж өгсөн эх орноо хамгаалах ариун үүргээ умартчихаад, түүнийгээ алтаар үнэлж, балтаар дархлах гавьяа байгуулсан юм шиг чанга дуугаар чалчин, бусдыг уруу татах ямар хэрэг байна вэ.
Хууль хэрэгжүүлэх эрхтэй цэргийн үүрэгтнүүд, хороо, дүүргийн бүртгэлийн ажилтнууд цэргээс зугтах боломж нээж өгдөг нь нууц биш. Хээл хахуулийн хэдэн төгрөг халаасалсан тэд мөрдөх ёстой хуулиа мартаж “жүжиглэдэг”.
“Орон нутгаас Улаанбаатарт шилжиж ирсэн чинь цэргийн үүрэгтний үнэмлэх шаардаж байна. Үнэмлэх байтугай надад цэргийн зарлан ирж байгаагүй. Сүхбаатар дүүрэгт “янзалж өгдөг” офицер байна гэнэ. 400 мянган төгрөг өгвөл аргалчихдаг гэнэ” гэж ярьж яваа хүнтэй таарлаа. Цэргийн албанаас зугтаалгах гэдэг тогтсон ханштай зах зээл юмсанж.
Бэлтэй эрчүүд мөнгөө төлөөд алба хаасан нэр зүүнэ л биз. Тэднийг зугтлаа гэж гоочлохоо орхиё. Гэтэл цэргийн жинхэнэ албанд татагдсан, төрийн алтан соёмбот далбаанаасаа адис авч, тангараг өргөсөн цэрэг эр манаагаа хаяад гэр лүүгээ зугтаж байна. Эх орныхоо дархан хилийг эзэнгүй орхиод шүү дээ.
Мөнөөх нялхас “Гэрээ санаад оргосон” гэж учирласан гэнэ лээ. Эвийдээ чаваас. Эр хүний тэсвэр хатуужил, зориг тэнхээ хаана байна вэ. Хойд далайн мөс хайлахтай зэрэгцэн хүний мөс чанар ч хайлж байна гэж хошгиноцгоох болсон. Эр хүний мөс илүүтэй хайлаад байгаа юм биш үү.
Цэрэгт явахаас цааргалж буй залуусын олонх “Очоод зодуулахаас айж байна” гэдэг. Үргэлж эрхэлнэ гэж юу байх вэ, эх орноосоо хааяа нэг шанаа авъя л даа.
Ний нуугүй хэлэхэд, ээжүүд үр хүүхдүүдээ, эгч нар дүүгээ цэрэгт явуулахыг хүсдэггүй, татагдсан нэгийг нь байсхийгээд эргэж тойрч эрхлүүлдэг. Тэдний хэтийдсэн их хайр халамж эрчүүдийг нялхруулдаг ч байж мэднэ.
Тангаргийн буг. Төрийг төвшитгөх үүргээ биелүүлж чадахгүй байгаа УИХ-ын гишүүдийг ийм нэгэн этгээд хэллэгээр шоглодог болжээ. Хүлээсэн үүргээ биелүүлэхэд эр зориг хэрэгтэй. УИХ-ын гишүүдэд эх орны төлөөх эр зориг дутаж, зөвхөн амин хувиа хичээсэн учраас ингэж нэрлэсэн.
Эр зориг гэвэл эр хүн санаанд бууна. Эх орноо хамгаалах жам тэднийх. Эх орны төлөө цохилох зүрх, эр зориг та хаана явна вэ? 18 нас хүрчихлээ гээд айлын охин чангааж, архи, айраг эргүүлж агсамнадаг том эрчүүд алба хаахаас зугтаж, арга саам хайж явах нь ичгэвтэр.
Цэргийн албанд татагдаж, дархан хил дээр оччихоод оргож, гэр лүүгээ гүйнэ гэдэг нүдний булай. Халдах дайсан ирэхэд цээжээрээ хамгаалах ёстой торгон хилээ орхин зугтагч Чингисийн удам, монгол хүн мөн үү?
Т.ЭНХБАТ


БАЙР СУУРЬ
БХИС-ийн Сургалт хариуцсан дэд захирал, хурандаа Д.Баасандамба
-Батлан хамгаалахын их сургуулийг Офицерын сургууль хэмээн нээж байхад тус сургуулийг одоогийн олон алдартай генерал, хурандаа төгсөж байв. Тэр үед тэнд суралцагчид дөнгөж 12 настай байсан.
Одоо манай “Тэмүүжин өрлөг” сургууль ч энэ жишгээр хөвгүүдийг долдугаар ангиас нь элсүүлэн сургаад найман жил болж буй. Бид харилцааны зөрчил, сахилга хариуцлагаас гадна хариуцлага хүлээх чадвар, нийгэмших чадамж зэргийг тэдэнд багаас төлөвшүүлдэг.
Ер нь орчныг нь бүрдүүлээд, зөв шаардлага тавибал ямар ч эрх танхи жаал зөв төлөвшдөг нь практикаар нотлогдсон. Цэргийн алба хаасан хүн наад зах нь багаар ажиллаж, хариуцлага хүлээж сурна.
Ахмад хүнийг, дарга удирдлагаа хүндэтгэж сурдаг. Бие бялдрын ачаалал дааж сурсан хүн сэтгэл санаагаа удирдах чадвартай болдог. Цэргийн албанд сард нэг удаа 30 км марш гүйх норм бий. Үүнийг дөнгөж ирсэн байлдагч биелүүлнэ гэж байхгүй. Сонсоод л сүрдчихнэ.
Тэдэнд гүйх ёстой л бол гүйнэ, дарга тушаасан л бол биелүүлнэ гэсэн сэтгэхүйг эхлээд суулгана. Үүний дараа гүйх зайг аажмаар нэмж, дасгадаг. Хэдэн сарын дараа гэхэд цэргүүд 30 км-т торох юмгүй гүйдэг болсон байна.
Мөн жагсаалд алхах нь олон талын ач холбогдолтой. Тэсвэр хатуужлаас гадна биеийн олон булчин, шөрмөс ажилладаг. Насаараа цэргийн албанд ажилласан хүний нуруу бөгтийсөн байхыг би л лав санахгүй байна.
Залуучууд цэргийн алба хаахаар анх ирэхэд үлбэгэр, сул дорой, үг дааж сураагүй, хамтын хариуцлага гэдгийг ойлгохгүй хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьсан байдаг.
Харин алба хаагаад халагдах үед тэдний үйл хөдлөл, үг ярианаас эхлээд бүх зүйл өөрчлөгддөг. Ер нь цэргийн алба хаасан болон хаагаагүй хүмүүс харахад л андашгүй байдаг юм.
Нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар:
-Биднийг алба хааж байх үед хугацаат цэргийн алба гурван жил байсан. Харин одоо залуучууд цэргийн албыг ганц жил л хааж буй. Үндсэн хуульд ч “Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах үүрэгтэй” гэж заасан.
Үүнтэй уялдуулаад цэргийн алба хаах сонголтуудыг бий болголоо. Тодруулбал, цэргийн албыг биеэр, мөнгөн хэлбэрээр, дүйцүүлэх, гэрээт болон оюутан цэрэг зэрэг сонголтоос сонгох боломжтой. Саяхан хоёр цэрэг хилийн манаагаа орхилоо гэсэн мэдээллийг хэвлэлээс уншсан.
18 бол балчир нас биш, ийм насны хүн хууль, эрх зүйн чадамжтай болж байгаа юм. Тэгэхээр тэр хүн төр, хуулийн өмнө өөрийгөө хариуцах үүрэгтэй болчихсон гэсэн үг.
Гэхдээ цэргийн алба хаахаар ирж буй хүнд эрх зүйн анхан шатны мэдлэг эзэмшүүлэх нь зүйтэй. Цэргийн алба хаагчдад үүрэг, эрхийг тодорхой ойлгуулах хэрэгтэй. Ингэснээр дээрх хэрэг гарахгүй байх боломжтой шүү дээ.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах байцаагч, хошууч Т.Ариунтуяа
-Нийслэлд сая 300 гаруй мянган хүн оршин сууж байна. Үүнээс 770 орчим мянга нь хүүхэд. Тэдний 400 мянга нь ерөнхий боловсролын сургуульд сурч байна.
Гэтэл эдгээр сургуульд хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх чиглэлийн сургалт дутмаг. Үүнээс болж хүүхэд, ялангуяа хөвгүүд бие бялдрын хувьд их дорой болж байна.
Биднийг хүүхэд байхад ерөнхий боловсролын сургуульд цэрэгжилтийн хичээл гэж ордог байв. Яг ийм сургалт одоо манай боловсролын системд дутаж байна.
Энэ төрлийн хичээл орсноор хүүхдүүд тэсвэр хатуужилтай, өв тэгш бие хаатай, наад захын хууль, эрх зүйн мэдлэгтэй, хүмүүжилтэй болно. Мөн өөрийгөө болон бусдыг хайрлаж сурна. Эх оронч үзэлтэй болно.
Ингэснээр хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь буурах юм. Өнгөрсөн онд 776 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна. Үүнээс 723 нь эрэгтэй. Тэгэхээр тэдэнд багаас нь хуулийн мэдлэг олгож, цэрэгжилтийн хичээл орох зайлшгүй шаардлага гарч байгаа юм.
Харуул, үйлчилгээний ротын нэгдүгээр салааны байлдагч Б.Энх-Амгалан
-Би нийслэлийн Баянзүрх дүүргээс 2015 оны аравдугаар сарын 17-нд цэрэгт татагдан ирсэн. Ирэх аравдугаар сард халагдана. Цэргийн албанд эхэндээ дасахгүй хэцүү байсан ч одоо бол улам бүр дасаж, таалагдаж байгаа.
Хэцүү юм бараг үгүй болсон. Би уг нь Хөдөө аж ахуйн их сургуулийн Бизнес, эдийн засгийн ангийн гуравдугаар курст сурч байсан юм.
Жилийн чөлөө аваад цэргийн албанд татагдсан. Цэргээс халагдаад ахлагчийн сургуульд сурна гэж бодож байгаа. Энэ л миний хийх ёстой ажил юм байна гэж бодох болсон.
Баянзүрх дүүргийн IV хорооны иргэн Ж.Сайнбаяр
-Би гурван хүүтэй, жирийн нэг аав хүн. Хүү төрөх болгонд баатар эр болоосой хэмээн бэлгэшээж байсан минь тун саяхан. Харин одоо миний хөвгүүд өсвөр насанд хүрчээ.
Цэрэгт явах, эсвэл их сургуульд сурах талаар надтай ярилцдаг болсон. Би багаасаа хөл муутай байсан болохоор цэргийн алба хааж чадаагүй. Тиймээс гурван хүүгээ заавал цэрэгт явуулна гэж боддог. Эхнэр маань цэрэгт явуулахгүй, дүйцүүлнэ гэдэг юм.
Амьдралын хатууг даван туулах туршлагатай, нууц хадгалах, хамтдаа аливаа зүйлийг үүрэх хариуцлагатай болдог нь цэргийн алба хаасан хүмүүсээс ажиглагддаг. Эрчүүдийг эрүүлжүүлж, чийрэгжүүлж, сэтгэл зүй болоод бие бялдрын хувьд хөрөнгө оруулалт хийх газар бол цэргийн алба гэж боддог.
Амьдралын туршлага гэх үү, хүүхдийнхээ сөрөг үйлдэл, хандлага хоёрын талаар тэдэнтэй заавал ярилцах хэрэгтэйг ойлгосон. Тухайлбал, хорон хандлагаар жижиг хэрэг хийсэн бол шийтгэж, харин алдсан бол хор хохирол нь их байсан ч уучилж өршөөдөг байх чухал юм билээ.
Цэргийн дэглэм бус сахилга бат нь улс, гэрээ аваад явчих өрхийн тэргүүнүүдийг бэлтгэж өгдөг гэдэгт итгэдэг. Хүүгээ хаа ч гологдохгүй эр хүн болгоё гэвэл амьдралын сургуулийн чухал хэсэг цэрэгжилтээс бүү холдуулаач гэж хэлье.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Цэргийн алба хаагаагүй эрд карьер үгүй
1999 оны 09.20. БНСУ-ын Кимпу олон улсын онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэлтэс. Америкийн давхар иргэншилтэй, 28 настай солонгос дуучин Юн Жуныг Сөүлд нэвтрүүлсэнгүй. Тэрбээр маргааш нь бие даасан гурав дахь тоглолтоо хийхээр төрсөн нутагтаа ирсэн нь тэр байлаа.
Түүнийг БНСУ-ын цэргийн алба хаахаас зайлсхийсэн хэмээж, дээд шүүхийн шийдвэрээр тус улсад таван жилийн хугацаанд нэвтрэхийг хориглосон юм. Тэндхийн хуулиар бол 28 хүртэлх насны эрчүүд цэрэгт татагдаж, гурав хүртэл жил алба хаах учиртай.
Тухайн жил 28 нас хүрэх байсан Юн Жун онгоцны буудалд хүлээж байсан хэвлэлийнхэнд “Тоглолтоо хийсний дараа Цэрэг татлагын төвд очихоор төлөвлөсөн байсан.
Миний менежер энэ талаар урьдчилан мэдээлсэн байх учиртай” гэж товч ярилцлага өгөөд солонгос түмнээс уучлалт хүсэж байна хэмээн сөхөрч мөргөж буй бичлэгийг орон даяар цацсан нь тэр үедээ том дуулиан шуугиан болсон юм.
Эх орноо манаж цэргийн алба хаах нь ямар их нэр төртэй үүрэг болохыг тус улсад энэ мэтээр мэдрүүлж, сурталчлан ухуулдаг юм билээ. Бид телевизийн цуврал савангийн дууриар нь дамжуулан орчин үеийн солонгос залуусыг нүүрээ энгэсэгдэж, шилбэ, бэлхүүсээ барьсан өмд, цув өмсдөг, охид шиг сул дорой мэтээр төсөөлдөг.
Үнэн хэрэгтээ бол БНСУ-ын иргэн, насанд хүрсэн эрчүүд бүгд цэргийн алба хаах хуулиа ягштал мөрдөж, баяр баясгалантайгаар цэрэгт морддог гэхэд хилсдэхгүй. Эс бөгөөс цэрэгт яваагүй эрийг эвэртэй туулай харсан мэт хүлээн авдаг нийгмийнхээ шаардлагад нийцэн амьдрахад нэлээд хэцүү болдог аж.
Ялангуяа урлагийнхан, жүжигчин, дуучин залуус цэрэгт татагдаад Тэнгисийн цэргийн тусгай ангид алба хаахыг илүүд үздэг. Учир нь тэнд л хамгийн хатуу чанга нөхцөлд дасгал сургуулилалт хийж, жинхэнэ шүүлтүүрээр оруулдаг.
Тийнхүү хатуужин, цэрэг эр болж буй нөгөөх жүжигчин, дуучныг хэвлэлийнхэн нь үргэлж сурвалжилна. Ингээд халагдсаных нь дараа түүний карьер ёстой л суга өсдөг юм.
Хэрэв цэрэг татлагаас бултан, алба хаахаас зайлсхийх аваас урлагийн зам нь хаагдсантай адил болохоос гадна асар их мөнгөн торгууль төлөхөөс эхлээд торны цаана ч суух магадлалтай юм билээ.
Олны танил бус эрчүүдийн хувьд ч эх орноо хамгаалах албанд мордоогүй л карьер энэ тэрийн талаар мөрөөдөх ч хэрэггүй болдог.
Барууны орнуудад цэргийн албанаас зайлсхийсэн эрчүүдийг өмнөд солонгосчууд шиг бараг нийгмээрээ хялайж харахгүй ч гэсэн мөнгөн торгууль ногдуулдаг байна.
Жишээ нь, Бельгид 1994 он хүртэл эрүүл чийрэг бүх эр хүнийг цэрэгт явахыг шаарддаг байж. Харин түүнээс хойш албан ёсоор татгалзагч гэдэг статус төрөөс авсан хүнийг цэрэгт явахыг шаардахаа больжээ.
Цэрэгт яваагүй хүнд ял шийтгэл ногдуулдаггүй ч 42 нас хүртэл нь буу зэвсэгтэй ойр ажил хийхийг хориглодог аж. Канадын иргэн эрчүүд 1943 оноос өмнө хуулийн дагуу цэргийн алба зайлшгүй хаах ёстой байж.
Тэр жил хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр бол цэрэгт яваагүй эрчүүдийг хөдөө аж ахуй, боловсрол, аж үйлдвэрлэл гэсэн гурван салбарт албадан хөдөлмөр эрхлүүлж, дүйцүүлэх албанд дайчилдаг болсон. Үгүй бол торгуультай.
Данид цэргийн алба хаахаас татгалзвал гурав хүртэлх жилийн хугацаанд нийгмийн халамж үйлчилгээнд ажиллуулах буюу олон нийтийн ажилд байнга дайчилна, эсвэл мөнгөн торгууль төлнө. Торгуулийн хэмжээний хувьд тухайн иргэний нөхцөл байдал, эрхэлдэг ажил зэргийг харгалзан янз бүр тогтоодог гэнэ.
Финланд эрчүүдийн хувьд сайн дураараа цэргийн алба хаана, үгүй бол барилга, замын болон нийгмийн ажил хийнэ. Бараг л хандивын ажил гэсэн үг аж.
Харин энэ бүгдээс татгалзсан толхиолдолд зургаан сар хоригдох нигууртай. Зургаа гэдэг нь цэргийн алба хаах хугацаатай дүйцүүлсэн юм байна.
Испанид цэргийн алба хаахаас татгалзсан эрчүүдийг нэг бол тусгай хөтөлбөрт хамруулан нийгмийн сайн дурын ажилд зүтгүүлнэ. Эсвэл энхийн ажиллагааны албанд ажиллуулдаг байна.
Э.ХАНА
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Ш.Ганбат: Дунд сургуульд байхад нь цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх арга хэмжээ дутагдалтай байна
Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн дайчилгааны хэлтсийн дарга Ш.Ганбатаас дараах зүйлсийг тодрууллаа.
-Цэргийн албанд татагдаж буй хүмүүсийн насны дээд, доод хязгаар ямар байдаг юм бэ?
-18 нас хүрсэн хүн цэргийн алба хаах үүрэгтэй болдог. Харин цэргийн алба хаах насны дээд хязгаар нь 26 байдаг.
-Уншиж, бичиж чаддаггүй хүн одоо цэргийн албанд бий юү?
-Бичиг, үсэг мэддэггүй цэргүүд тун ховор болсон. Алба хаагчдын 0.01 хувь нь бичиг, үсэггүй байгаа байх. Харин 8-9 хувь нь дээд боловсролтой. Ер нь сүүлийн үед боловсролтой залуус цэргийн алба хаах нь ихэссэн.
-Цэргийн алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэхэд анхаараад хууль, эрх зүйн хичээл заадаггүй юм уу?
-Бие бялдар хөгжүүлэх болон хууль эрх зүйн хичээл заадаг. Сүүлийн үеийн залуусын бие бялдар маш сулбагар болсон. Эрүүл мэнд нь ч муудсан. Цэргийн албанд суурь өвчтэй цэрэг олон очих болсон шүү дээ.
-Хэдхэн хоногийн өмнө хилийн манаанд гарч байсан хоёр цэрэг харуулын байраа орхиж явлаа. Үүнийг эх орноосоо урвасан гэж үзнэ биз дээ?
-Хилийн цэргийн асуудал манайхаас тусдаа байдаг. Одоо ч цэргүүд эх орныхоо төлөө л зүтгэж буй. Цэргүүд алба хаахдаа тангараг өргөдөг. Тангаргаа зөрчвөл төрийн хуулийн дагуу цээрлэл хүлээх ёстой.
Тэгээд ч Үндсэн хуульд эр хүн бүр эх орноо хамгаалах үүрэгтэй гэж заасан байдаг. Тиймээс үүргээ биелүүлэх ёстой. Одоогийн залуусын хүмүүжил нь их өөрчлөгдсөн байна. Үг ч даахаа больчихож.
Өмнө нь хөвгүүдийн дунд цэргийн тэмцээн, уралдаан зохион байгуулдаг байсан. Энэ нь цэргийн алба хаах сэтгэл зүйг бэлддэг сайн талтай байсан. Гэтэл одоо ийм ажил хийхээ больж, хүүхдэд эх оронч хүмүүжил эзэмшүүлэхэд анхаарахгүй байна.
Компьютер тоглоод хараа нь муудчихсан хүүхдүүд цэргийн албанд очиж байна. Тодруулж хэлбэл, дунд сургуульд байхад нь цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх арга хэмжээ дутагдалтай байна.
-Гэхдээ залуус цэргийн албыг зөвхөн биеэр бус дүйцүүлэх гэх олон аргаар хаадаг болсон. Энэ нь цэргийн алба хаах сонирхолгүй хүмүүсийн тоог олон болгоод байгаа юм шиг?
-Цэргийн албыг мөнгөөр хаах зэрэг дүйцүүлэх буруу жишиг байгаа юм. Гэхдээ улсынхаа 18 нас хүрсэн эрэгтэй хүн бүрийг цэргийн албанд авч болохгүй. Тодорхой тоондоо л багтаах ёстой.
Тэгэхээр үлдэж буй хүмүүс нь завших гээд байдаг болохоор мөнгөн төлбөр төлүүлэх зэргээр хаалгадаг. Ийм хэлбэрээр цэргийн албаа хаахгүй бол Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй болчихно.
-Цэргийн алба хаагчдыг утсаар яриулах нь хэр зөв шийдвэр вэ?
-Цэргийн анги дээр гар утас байх шаардлагагүй.
-18 бол балчир нас гэх юм. Таны бодол юу вэ?
-Юу гэж балчир нас байх вэ. 18 нас гэдэг чинь залуусын ид нас.
Г.ЦЭЦЭГ