Монголбанк ипотекийн зах зээлийн гол тоглогчийн эрхээ Засгийн газарт шилжүүлэх нь тодорхой боллоо. Айл өрхийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр орон сууцжуулах бодлогын хөтөлбөрийг цаашид Засгийн газар тодорхойлох нь.
Ингэхийн тулд эрх зүйн хоёр баримт бичгийг УИХ-аар батлуулах шаардлагатай. Нэг нь Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль юм.
Нөгөө нь Төвбанк дахь үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, тус банкны арилжааны банкуудаас авах авлагыг Ирээдүйн тэтгэврийн нөөц санд шилжүүлэх тогтоол. Хууль батлагдангуут шинэ санг уг тогтоолын дагуу хөрөнгөжүүлэх юмсанж.
Төвбанк, Барилга, хот байгуулалтын яамныхан хамтран орон сууцны хөнгөлөлттэй санхүүжилтийн тасралтгүй үргэлжлэх тогтолцоог 2013 онд бий болгож, хөтөлбөр эхлүүлсэн. Тогтолцооны схемийг зурахдаа орон сууцны зээлийг санхүүжүүлэх хөрөнгө босгох үүргийг Монголбанкинд даалгав.
Энэ бол мөнгө хэвлэх эрхтэй байгууллагад маш хялбар даалгавар. Монголбанк ойролцоогоор нэг их наяд төгрөг хэвлээд арилжааны банкуудад дөрвөн хувийн хүүтэй байршуулсан. Банкууд зардал, ашгаа шингээгээд, түүгээр нь найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгов.
Тэдний олгосон зээлийг Монголын ипотекийн корпорац хэсэгчлэн худалдаж авсан. Түүнийгээ үнэт цаасжуулан Монголбанкинд худалдсан. Ингээд эцсийн бүлэгт Монголбанкнаас гарсан мөнгө МИК-аар дамжин банкинд очиж, орон сууцны зээл санхүүжүүлэх хөрөнгө болж буй юм.
Өөрөөр хэлбэл, Монголбанк банкуудад шууд хэлбэрээр, мөн МИК-аар дамжуулан орон сууцны зээл санхүүжүүлэх хөрөнгө байршуулсан гэсэн үг.
Төвбанк нийт гурван их наяд орчим төгрөг хэвлэж, орон сууцны санхүүжилтийг дэмжсэн гэдэг. Монголбанкны ерөнхий эдийн засагч С.Болдын мэдээлснээр одоогоор 1.8 их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, арилжааны банкуудаас авах 600 гаруй тэрбум төгрөгийн авлага байгаа аж.
Тэгэхээр дээрх эрх зүйн баримт бичгүүд батлагдсаны дараа 2.4 их наяд төгрөгийн хөрөнгөтэй Ирээдүйн тэтгэврийн нөөцийн санг байгуулах нь. Уг сан Монголбанкны одоо хүлээж буй орон сууц зээлийг санхүүжилтээр тасралтгүй хангах үүргийг гүйцэтгэх юм байна.
Засгийн газар банкуудаас авах 600 тэрбум төгрөгөө сандаа төвлөрүүлж, түүгээрээ МИК-ын үнэт цаасыг худалдаж авна гэж тооцоолжээ. 600 тэрбум төгрөгөөр 12 мянга орчим орон сууцны зээл санхүүжүүлэх боломжтой аж. Одоогийн байдлаар орон сууцны зээлийн эргэн төлөлт жилд 350 тэрбум төгрөгт хүрээд буй.
Мөн үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас жилийн 4.5 хувийн хүүтэй. Зээлийн эргэн төлөлтийн хөрөнгө болон хүүгийн орлогоороо дахиад үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдаж авна. Үнэт цаас худалдаж авсан мөнгө МИК-аар дамжиж, банкинд очно. Түүгээр нь орон сууцны зээл олгоно.
Ингээд л санхүүгийн тойрог урсгалаар орон сууцны санхүүжилт тасралтгүй үргэлжилнэ. Мөнгө хэвлэдэг байгууллага “тоглоом”-ноос гарч, ипотекийн санхүүжилтийн сонгодог тогтолцоо бүрдэж байгаа нь энэ.
Гэхдээ Монголбанкийг Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн зуучлагчаар ажиллуулна, зээлийн санхүүжилт төрийн бүрэн хяналтад байна гэдгийг мартаж болохгүй.
Тэтгэврийн санг хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх ажлын хэсэг жил орчим ажилласны дүнд Ирээдүйн тэтгэврийн нөөц санг байгуулах шийдвэрт хүрчээ. Уг санг байгуулан, нийгмийн даатгалын “хоосон” дансыг мөнгөжүүлэх хөрөнгө хуримтлуулах юм.
Өөрөөр хэлбэл, хүрэлцээтэй хөрөнгө төвлөрсөн тохиолдолд Ирээдүйн тэтгэврийн нөөц санг татан буулгаж, хөрөнгийг нь Нийгмийн даатгалын сан руу шилжүүлнэ гэсэн үг. Тэр цагт тэтгэврийн дансан дахь мөнгөө нэгмөсөн авч болдог, үр хүүхдэдээ өвлүүлдэг, барьцаалдаг харилцаа үүснэ.
Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн ойрын зорилго нь иргэдийг орон сууцжуулах, холынх нь нийгмийн даатгалын хуримтлалын тогтолцоо бүрдүүлэх аж. Нийгмийн даатгалыг мөнгөжүүлэхээс өөрөөр 2030 он хүртэл Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг зарцуулахыг хуулийн төсөлд хориглосон байна лээ.
Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хуулиас бодлогын чанартай гурван заалтыг онцлууштай.
Сан гадаад улсаас зээл авах боломжтой, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүүгийн орлогоос ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлтөд зарцуулж болно, ипотекийн зээл болон санхүүжилтийн журмыг Засгийн газар батална гэсэн гурван заалт нь орон сууцны зах зээлийг тодорхойлно.
Гадаад улсаас хөнгөлөлттэй зээл авч, сангийн хөрөнгийг арвижуулбал орон сууцны санхүүжилт нэмэгдэх сайн талтай. Тиймээс эрх зүйн боломж нь нээж өгч буй бололтой. Гэхдээ гадаад өр нэмэгдэх аюул бий.
Сангийн хөрөнгө төсвийн нэг хэсэг болно. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлж, зээл авах, эсэхийг шийдэх нь дамжиггүй. Энэ талаар эдийн засагч Д.Жаргалсайхан “Засгийн газрын өрийг нэмж, дампуурал руу хөтлөх нэг суваг нээгдэж байна” гэсэн агуулгаар тайлбарлажээ.
Орон сууцны эрэлт хоёр жилийн дараагаас багасах учраас Ирээдүйн тэтгэврийн нөөц сан төсөвт дарамт учруулах хэмжээний их мөнгө зээлэх шаардлагагүй гэж Монголбанкныхан тайлбарлаж байгаа.
Үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүүгийн орлогоос орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн тусламж үзүүлж болно гэсэн заалт ихээхэн анхаарал татна. Орон сууц худалдаж авах гээд урьдчилгаа төлбөрийн 30 хувиа бүрдүүлж чадахгүй байгаа хүмүүст төр буцалтгүй тусламж үзүүлэх гэнэ.
Хэнд, хэдэн төгрөгийн тусламж үзүүлэх журам боловсруулж, түүнийхээ дагуу шийдвэрлэх аж. УИХ-ын дарга З.Энхболд “Төрийн албанд олон жил ажилласан багш, цагдаа, эмч зэрэг зорилтот бүлгийн хүмүүсийг орон сууцны урьдчилгаа төлбөрөөр урамшуулах боломжтой” гэж ярьсан.
Төрийн албан хаагчдыг онцгойлон халамжлах нь тодорхой болоод явчихлаа. Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр 10 хувь болно, төр 20 хувийг нь батлан даана гэсэн найдлага ингээд талаар өнгөрөв. 30 хувийн урьдчилгаа төлбөрөө төлөөд орон сууцны зээл ав, эсвэл төрөөс тусламж хүс гэсэн сонголт танд тулгарах нь.
Ипотекийн зээл болон санхүүжилтийн журмыг Засгийн газар батлахдаа улстөржих магадлал өндөр. Ер нь ч улстөржөөд эхэлчихлээ. Эрх баригч намын дарга З.Энхболд орон сууцны зээлийг таван хувьд хүргэх боломжтой гээд хэлчихсэн. Иргэд орон сууцны зээл таван хувь болно гээд итгэчихсэн явж байна.
Гэтэл таван хувь гэдэг санхүүгийн тооцоогоор гаргаж ирсэн тоо биш гэж Монголбанкныхан тайлбарлалаа. Гэхдээ З.Энхболд амны халуунтай улстөрч биш. Тиймээс санхүүгийн тооцооноос гадна улс төрийн хожлоо нэмээд таван хувь болгочих болов уу.
“Найман хувь” гэдэг дасал болсон хэллэг Монголбанктай хамт орон сууцжуулах хөтөлбөрөөс гарах юм байна. Монголын ипотекийн тогтолцоо санхүүгийн салбарынхнаас төрийн хяналтад шилжих нь.
Удаан хүлээлгэсэн 10 хувь ч лөөлөө боллоо. Зээлийн хүү ч буурах нь. Орон сууцжуулах хөтөлбөрт бодлогын эргэлт гарч байна. Бүх улс ипотекийн зах зээлээ төрийн дэмжлэгтэйгээр хөгжүүлсэн нь маргашгүй үнэн. Эрх баригчид ипотекийн зах зээлийг хөгжүүлэхдээ сонгуулийн оноо цуглуулах хэрэгсэл болгож учир тоймыг нь бүү алдагдуулаасай.
Т.ЭНХБАТ