Жолооч нарын хариуцлагыг сайжруулан, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, дүрэм журмыг мөрдүүлэх зорилгоор ирэх сараас 10 онооны журам мөрдөж эхэлнэ. Хэрэв дүрэм зөрчвөл дээрх онооноос хасах зарчмаар арга хэмжээ авсаар, эцэст нь жолоо барих эрхийг хасах юм. Зөв л санаачилга.
Энэ жишгийг зөвхөн жолооч нарт гэлтгүй, бүх шатанд, тэр тусмаа төрийн алба, төрийн өндөр албан тушаалтнуудад хэрэгжүүлэх учиртай. Дээдчүүл нь хуулиа зөрчиж туйлаад байхад доогуур нь хэчнээн хариуцлага тооцоод яах билээ.
УИХ-ын гишүүд хариуцлага гэж цээжээ дэлдэх дуртай ч өөрсөд дээрээ хэрэгжүүлэх тун дургүй. Жилийн өмнө өргөн барьсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг тоосонд даруулчихаад буй нь үүний нэг илрэл.
ОНОО ХАСАХ ШАЛГУУРУУД
Уг хуулийн төсөл Төрийн тэргүүн, УИХ-ын дарга, дэд дарга, гишүүд, Ерөнхий сайд ба сайд нар, УИХ-аас томилдог албан тушаалтнууд, аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарт хамаарна.
Тэдэнд сахилгын, улс төрийн, ёс суртахууны гэсэн гурван төрлөөр хариуцлага тооцох юм. Сахилга бол мэдээж анхааруулга өгөх эхний шат. Хаалттайгаар зөвхөн өөрт нь, эсвэл олон нийтэд зарлах байдлаар сахилгын арга хэмжээ авахаар төсөлд тусгажээ. Удаах нь улс төрийн хариуцлага.
Үндсэн хууль зөрчсөнийг Цэц тогтоосон, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон, жилийн орлоготой тэнцэх хэмжээний мөнгө, хөрөнгийг мэдүүлээгүй бол тэднийг эгүүлэн татна. Улс төрийн албан тушаал хаших эрхийг 2-4 жилээр хасна.
Хамгийн хатуу нь гэсэн үг. Ёс суртахууны хариуцлага бол тухайн хүн өөрөө буруугаа ухамсарлаж, уучлалт гуйх, албан тушаалаа өгөх зохицуулалт аж. Ингэх зориг гаргавал улс төрийн хариуцлагаас чөлөөлнө.
Манайд бол УИХ-ын гишүүн С.Баярцогтын жишээг дурдаж болно. Тэрбээр оффшор бүсэд байршуулсан дансан дахь мөнгөө “мартсан”-даа уучлалт хүсэж, УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа огцорсон түүх бий. Уг төслийг баталбал С.Баярцогт шиг алхам хийсэн хүн улс төрийн албан тушаал хаших эрхтэйгээ үлдэж чадна гэсэн үг.
УИХ-ын гишүүдийн хувьд “хариуцлагын оноо” хасагдах шалгуур нь бусдаасаа арай олон. Дээрх ерөнхий гурваас гадна хэрэв гишүүд нэгдсэн чуулган болон Байнгын хорооны хуралдааны гуравны нэгээс илүү хувийг хүндэтгэн үзэх шалтгаангүй тасалсан бол төрхөмд нь буцаана.
Мөн тойргоос сонгогдсон гишүүн сайн ажиллахгүй, амлалтаа биелүүлэхгүй, хууль зөрчсөн бол нийт сонгогчийн 15-аас доошгүй хувь нь өргөдөл гаргаж, эгүүлэн татах эрхтэй байхаар тусгажээ. Төрийн эрх ард түмний мэдэлд байна хэмээх Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхээр хичээсэн нь энэ.
Сонгуулийн үеэр иргэний хүссэн болгоныг хийхэд бэлэн байдаг нэр дэвшигчид сонгогдсоныхоо маргааш тэднийг мартаж орхидог. Тэгснээ дараагийн сонгуулиар тойргоо солиод л ээлжит “луйврын” ажиллагаа эхэлнэ. Дээрх төслийг баталснаар ийм байдал төгсгөл болох учиртай.
Мэдээж үүнийг өшөө авах хэрэгсэл, улс төр болгочихгүй, хариуцлагын тогтолцоо гэсэн утгаа хадгалсан байлгахын тулд өргөдлийг хянана. Эгүүлэн татъя гэсэн үндэслэлийг нягтална.
Сонгогчдын 15 хувийг бүрдүүлэх иргэд бүгд иргэний үнэмлэхийн хуулбараа хавсаргаж, тухайн тойргийн сонгогч гэдгээ баталсан байх учиртай. Жагсаалтаар сонгогдсон гишүүнийг нам, эвсэл нь эгүүлэн татах эрхтэй.
Гэвч уг хуулийн төслийг өргөн бариад жил тойрч байхад шийдээгүй л байна. “Жолооч нарт хариуцлагын оноо тооцоод байж төрийн өндөр албан тушаалтнуудад ийм систем үйлчлэхгүй байна. Миний санаачилсан хуулийн төслийг яаралтай баталж өгөөч гэж УИХ-аас хүсье” хэмээн Ерөнхийлөгч гуйж буй.
ЗОРИГ ГАРГАХ ГЭСЭН ОРОЛДЛОГО
Шат шатандаа хариуцлагын тухай ярьдаг ч төрийн албанд энэ зүйл хамгийн их алдагддаг. Хууль тогтоогчид нь өөрсдөөсөө эхэлж чадахгүй байхад доогуурх албан тушаалтнуудыг ярих ч илүүц биз.
Ерөнхийлөгчөөс гадна гишүүн Ж.Батзандан УИХ-ын гишүүнийг нийт сонгогчийн тодорхой хувийн саналаар эгүүлэн татах зохицуулалттай төсөл оруулж ирээд дэмжлэг аваагүй.
Гишүүд харин ч өөрсдийгөө хамгаалж, “УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй” гэсэн хууль хэрэгжүүлдэг. Тэгээд нэгнийхээ хувийн амьдралыг, ор хөнжлийн явдлыг хүртэл дэлгэж, “хуучилна” гээч.
Буруу булхайг нь дуудна. Гишүүний амнаас гарсан бол хариуцлагатай, үнэн байх ёстой ч тэдэнд итгэх аргагүй. Хэлсэн үг, жишээг нь бичсэн, эш татсан хэвлэл л харин буруудна даа.
За гэхдээ 76 гишүүн, Засгийн газрын бүх сайд ийм увайгүй биш. Шоучин гэж шүүмжлүүлдэг ч Ж.Батзандан ядаж л хариуцлага тооцох хуулийн төсөл санаачилж, оролдлого хийсэн байна.
Шинэчлэлийн хэмээх тодотголтой Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг бас ийм оролдлого хийсэн нь зарим талаараа харьцангуй амжилттай хэрэгжсэн юмдаг. Тэрбээр “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” хэмээх цахим уулзалтыг аймгийн Засаг дарга, яам, агентлагийн дарга нартай тогтмол хийж, гүйцэтгэж буй ажлыг нь хянаж, шуурхай арга хэмжээ авдаг болгосон.
Энэ уулзалт эдүгээ ч үргэлжилж буй. Алс холоос нийслэлийг зорин ирж, даргын үүд сахин цаг хугацаа алдах, зардал үрэхийн оронд технологийн шийдлийг ашиглан төрийн ажлыг шуурхай явуулах жишиг тогтоосон нь сайн хэрэг.
Гэвч Ерөнхий сайдын суудлаасаа бууснаас хойш энэ эрхэм “ичээндээ” орчихов бололтой. Жилийн өмнө л нэг ярилцлага өгснөөс бусдаар байр сууриа илэрхийлсэнгүй, чимээ сураггүй суугаа. Уг нь хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх талаар дуугардаг иймэрхүү хүмүүсийн үг хэрэгтэй л байгаа юм.
Мөн манай эрхэм түшээдэд хариуцлагын тухай бас нэг буруу ойлголт бий. Тэд огцруулахыг л хариуцлага тооцлоо хэмээн өрөөсгөл ойлгодог. Улс орноо сайн удирдаж чадаагүй, бодлогын алдаа гаргасан хэмээн сайд, Ерөнхий сайд нарыг огцруулах санал оруулдаг, заримыг нь огцруулдаг.
Харамсалтай нь, дараагийн ээлжинд өөрсдөө хоолонд ороод тэр алхам нь зүгээр улс төр байсныг баталж орхидог билээ. Гэвч энэ нь тэдний сэтгэдгээс илүү өргөн ойлголт байх учиртай.
Төрийн тэргүүний хэлснээр өндөр албан тушаалтнууд өөрсдөөсөө эхэлж, хариуцлагын оноогоо цуглуулдаг болох ёстой. Улс орны аюулгүй байдал, иргэдийн ахуй амьдрал хууль тогтоогчдоос ихээхэн хамаардаг учраас тэд ч бас оноо хасуулж, хариуцлагаа үүрэх нь шударга ёсонд нийцнэ.