Солиорол эхэллээ. Сонгууль болгоны өмнө улстөрчид солиордог гэмтэй. Ялангуяа улс орны мөнгө санхүүг гартаа атгасан эрх баригчид илүүтэй солиорно. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт ийм шинж тэмдэг илрээд эхэллээ.
“Малчдын зээлийн хүүг нэг оронтой тоонд оруул” гэж Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Сангийн сайд Б.Болор нарт тэр даалгав. ХААН банкны малчны зээл дунджаар жилийн 29 хувийн хүүтэй. Тэгэхээр зээлтэй малчныг 20 хувийн хүүгээс чөлөөлөх нь. Банкны эзэд малчны зээлийн хүүг ес хувь болгоод алдагдлыг нь нуруундаа үүрнэ гэж үү.
ХААН банкны эзэн, Хидео Савада, Ц.Баатарсайхан нар зөвшөөрөхгүй л болов уу. Тэндээс зээл авсан малчдын зээлийн хүүг хөнгөлөхийн тулд төсвөөс зөрүүг нь өгч таарна. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгөөр малчдыг халамжлахтай утга нэг. Малчны зээл олгодог өөр нэг банк бол Төрийн банк.
Энэ банк ХААН-тай ижил төстэй нөхцөлөөр малчдад зээлолгодог. Төрийн банкны бүх хувьцааг Сангийн яам эзэмшиж байгаа. Төрийн өмчит учраас энэ банкийг эрх баригчид элэг барих нь дамжиггүй.
Сангийн сайд Б.Болор гүйцэтгэх захирал руу нь утас цохиод малчны зээлийнхээ хүүг 10 хувь хүртэл бууруул гэж үүрэгдээд л хэрэг бүтчихнэ. “Алдагдал хүлээнэ” гэж учирлавал “Албан тушаалыг чинь авчихна шүү” гэж айлгаад л амыг нь таглачих байлгүй.
Малчны зээлийн хүүг ямар учир шалтгааны улмаас хөнгөлж байна вэ? Энэ асуултад Ерөнхий сайд бодитой хариулт өгөх шаардлагатай. “Барилга болон мал аж ахуйн салбар чухал учраас дэмжих нь зүйтэй” гэж үүрэг өгөх үеэрээ ярьжээ.
Эндээс бусад нь чухал биш учраас төрөөс дэмжих хэрэггүй гэсэн логик ойлгогдож байна. Малчдын амьдрал эмзэг бол халамжлахаас татгалзах шалтгаан алга. Гэтэл малын тоо толгой, түүхий эдийн үнэ өсөж, төрөөс арьс шир, ноосны урамшуулал олгодог болсноор малчдын амьдрал цалингаас цалингийн хооронд амьдардаг албан хаагчдынхаас хавьгүй дээшилсэн.
Ийм байхад тэднийг ялгаварлан халамжлах нь юуны учир вэ? Ядахад малчид ямар ч татвар төлдөггүй гэж ойлгочих.
УИХ-ын дарга З.Энхболд барилгын компаниудын эздийг цуглуулаад орон сууцны үнийг өсгөхгүй гэж хэлүүллээ. Тэр “Ипотекийн зээлийн хүү таван хувь болно” гэж олон нийтэд итгүүлчихээд байгаа. Яг л гайхамшгийг бүтээгч шидтэн мэт аашилж байна. Орон сууцны үнэ өсөхгүй байх эдийн засгийн нөхцөл бүрдсэн үү гэвэл бүрдсэн.
Өсөх нь бүү хэл буурах ч магадлалтай. Инфляц 1.9 хувь болж буурснаар орон сууцны зээлийн хүү багасах эдийн засгийн нөхцөл мөн л бүрдсэн. Гэхдээ таван хувийн хүү гэдэг нь санхүүгийн тооцооллоор гаргаж ирсэн тоо биш.
АН-ын дарга З.Энхболдын улс төрийн хожил шингээсэн тоо. Санхүүгийн тооцооллоор орон сууцны зээлийн хүүг зургаан хувь болговол илүү зохистой байж ч мэднэ. Эрх баригч МАН-ынхан 2012 оны сонгуулийн өмнө орон сууцны зээлийн хүүг зургаан хувь болгон бууруулж байсан.
Одоо эрх барьж буй АН-ын дарга З.Энхболд таван хувь болгож бууруулахгүй бол сөрөг хүчнээсээ сайхан харагдаж чадахгүй. Тиймээс санхүүгийн биш, улс төрийн томъёогоор бодоод зээлийн хүүг таван хувь болгочихно.
Орон сууцны зээлийн хүүг бууруулах эсэхийг Монголбанкныхан Засгийн газартай зөвлөлдөөд шийдчих боломжтой. Гэтэл эрх баригч намын дарга гэнэт “барилгачин” болчих нь тэр. Сөрөг хүчнээсээ бүр сайхан харагдахын тулд төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөр олгох гэнэ. Бас л нэг ялгаварлал.
Хүүхэд бүрт мөнгө өгөхгүй гэснээ сонгуулийн чимээнээр бүгдэд нь олгохоор боллоо. Эргэж буцаад мөн ч хэцүүеэ.
Сонгуулийн солиорлын зорилго нь бүхэлдээ санал цуглуулахад чиглэдэг. З.Энхболд “барилгачин” болсон нь зээлийн хүүг бууруулах нөхцөл бүрдсэнээр далимдуулан намдаа санал цуглуулах гэсэн санаархал юм.
Эдийн засгийн удаашрал инфляц буурахад ихээхэн нөлөөлсөн. Дан ганц АН-ын гавьяагаар инфляц буураад, орон сууцны зээл хямдраад байна гэвэл эндүүрэл. Ч.Сайханбилэгийн даалгаварт ч АН-ыг малчдаар дэмжүүлэх далд санаа бий.
Сонгуулийн дараа малчдын зээлийн хүү буцаад жилийн 29 хувь болно. Эргэлзэх хэрэггүй. Саналыг нь авчихаад дараа нь зангаа хувиргачихна.
Зөвхөн АН-ын дарга, Ерөнхий сайд ингэж солиороод байгаа юм биш. Улс төрийн бүх хүчин ингэж өвчилдөг. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх “Эдийн засаг хүндрэлтэй байх үед иргэдийн зээлийн эргэн төлөлтийг төрөөс дааж, өршөөл үзүүлье” гэсэн санаачилга гаргаж, иргэдээс санал авахаар оролдож байх жишээтэй.
МАН-ынхан 2012 оны сонгуулийн өмнө орон сууцны зээлийг зургаан хувь болгож бууруулж байсныг дээр цухас дурдсан. Алдагдал хүлээх байсан учраас арилжааны банкууд уг зээлийг олгохоос татгалзсан юм.
Төрийн банк л хүчинд автан алдагдалтай ч хамаагүй энэ зээлийг өгч байсан. Ганцхан банк олгосон тул орон сууцны зээл авах хүсэлтэй иргэдийн урт дараалал үүсэж байлаа. Ингээд дөрвөн сарын хугацаанд 400 өрхөд орон сууцны зээл олгоод уг хөтөлбөр зогссон. Учир нь сөрөг хүчин байсан АН сонгуульд ялсан юм.
Төрийн банкнаас зээл авсан малчдын зээлийн хүүг бууруулахад ядах юмгүй байгаа биз. МАН-ынхан орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх хөрөнгөө улсын төсвөөс гаргасан.
АН-ынхан ч малчны зээлийн хүүг хөнгөлөх мөнгийг төсвөөс гаргаж, арилжааны банкуудад төлнө. Төсвийн мөнгөөр санал цуглуулах аргыг эрх баригчид ингэж хэрэгжүүлдэг юм.
Сонгуулийн амлалт бол тэдний санал цуглуулах бас нэг арга. Улс орны эдийн засгийн хүчин чадлаас хэтэрсэн амлалт өгсөн ч удаа бий. 2008 оны сонгуулиар АН-ынхан нэг сая төгрөгтэй дүйцэхүйц “Эрдэнийн хувь” буюу хувьцаа өгнө гэж амласан.
Гэтэл МАХН (МАН) -ын дарга, тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр 1.5 сая төгрөг бэлнээр тараана гэж давуулан амлаж байв. Энэ бол сонгуулийн солиорлын дээд цэг байлаа. Сонгуульд ялалт байгуулсан МАН-ынхан 1.5 сая төгрөгөө бэлнээр олгохын тулд “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг томоохон компанийнхаа ирээдүйн орлогыг зээлсэн юм.
Энэ өрийг одоо ч дарж дуусаагүй байгаа. 2012 оны сонгуульд ялсан АН 21 аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох амлалтаа биелүүлэхээр 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бонд гаргасан.
Энэ өрөө төлөх хугацааг сунгахаас өөр аргагүй боллоо. Улстөрчдийн сонгуулийн оноо цуглуулах солиорол гаарах тусам нийгмийн халамж хавтгайрч, зарцуулах мөнгөний хэмжээ нь өсөж, төсвийн ачаалал, улсын өр нэмэгдсээр байна.
2008 оны сонгуулийн үеэр Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, доктор Ц.Батсүх Нээлттэй нийгэм форумын захиалгаар сонгуулийн амлалтын судалгаа хийж байжээ.
Ингээд нийгмийн халамжийн бүх амлалтаа хэрэгжүүлэхэд 2008-2012 онд намууд улсын төсөвт нийт 23.8 их наяд төгрөг тусгах шаардлагатай гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Та инфографикаас амлалтуудын дийлэнх нь их, бага хэмжээгээр хэрэгжсэнийг харж болно.
Сонгуулийн солиорол хэзээ төгсөх вэ? Халамж биш, хөгжлийн хурд, амьдралын чанар амласан улс төрийн хүчнийг сонгох боловсролтой сонгогчид бий болсон цагт улстөрчдийн солиорол хумигдаж магад.
Улстөрчдийн шуналыг гүйцэлдүүлэхээр тавьсан өр ширийг хэн дарах вэ? Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Энэ их өрийг бидний үр хүүхэд төлчихнө” гэж хэлсэн. Энэ цагт эрх мэдэлтэй амьдрах сонирхолтой хүмүүсийн шуналын төлөөсийг хойч үе үүрэх нь шударга уу? Бүх зүйлд хязгаар бий.
Т.ЭНХБАТ