Улсын хамгийн том худалдан авагчдын нэг нь төр. Эдийн засгийн байдал сайнгүй энэ үед манай төр томоохон худалдан авагчийнхаа хувьд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж, бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авахаа илэрхийлж буй.
Өнгөрсөн онд л гэхэд Батлах хамгаалах яамны салбар нэгжүүд 3.3 тэрбум төгрөгийн хувцас, нэг тэрбум төгрөгийн хүнс, 426 сая төгрөгийн эм, 463 сая төгрөгийн барилгын материал дотоодоос авчээ.
Энэ нь тус салбарын нийт худалдан авсан бараа, бүтээгдэхүүний 70 гаруй хувь юм байна. Үүнээс гадна өнгөрсөн онд хотын захиргаа үндэсний үйлдвэрийн автобус авч, үйлчилгээнд гаргаад буй нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн томоохон үйл явдал болсон.
Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэгчлэн гадаад руу мөнгөө урсгаж байхаар, улсдаа үлдээхийн төлөө Аж үйлдвэрийн яамнаас 2016 оныг дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил болгон зарлажээ.
Энэ хүрээнд төр, засаг үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилт тавьсан байна. Цаашид зөвхөн төр, засаг биш, иргэн, айл өрх бүр уг уриалгыг дагаж, дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн сонгохыг Ерөнхийлөгч уриалсан юм.
Үндэсний үйлдвэр эрхлэгчдийн зөвлөгөөнийг Аж үйлдвэрийн яам, Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа.
Үйлдвэрлэгчид, хувийн хэвшил гэсэн нийгмийн бүхэл бүтэн хэсэг бий болж, тэд манай баялгийн 70-80 хувийг бүтээж буй нь өнгөрсөн 25 жилийн Монголын хамгийн чухал ололт болохыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлоод, чухал ололтын эздэд хандаж “Үйлдвэрлэгчдийн хамгийн том зовлон нь Монголын эдийн засагт валют орж ирэхгүй байгаа явдал.
Санхүүгийн зах зээлийг чөлөөлөх талаар онцгой анхаарах ёстой. Эдийн засаг цаашид хүндэрнэ. Бид чадах зүйлээ үйлдвэрлэж, ирээдүйтэй зүйл хийж байж л хүндрэлийг давна. Мэдээллийн технологи хөгжиж байна. Заавал тээвэрлэхгүй, кабелиар дамжуулдаг, тэр нь мөнгө болдог зүйл олноор бий болжээ.
Программ хангамж манай тэргүүлэх чиглэл болж, эдийн засагт орлого оруулдаг байгаасай гэж би боддог. Манайхан мэдлэг, боловсролоор бусдаас дутахгүй. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, мах, сүүгээ боловсруулна.
Монголчууд өөрсдөө босгох эдийн засгийн зөв бүтэц алхам алхмаар бүрэлдээсэй гэж хүсэж байна. Саяхан ипотекийн зээлээс болж асуудал үүслээ. Дахин ийм шийдвэр битгий гараасай. Гарах ч ёсгүй.
Бид харин ч бизнесийн моргэйж руу ормоор байна. Байраа урт хугацаагаар авдаг шиг бизнесийн зээл олгодог бодлогод шилжих хэрэгтэй” гэсэн юм.
ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТ НЭМЭГДЖЭЭ
Монгол Улс өнгөрсөн онд Аж үйлдвэрийн яамтай болж, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого баталж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн чиглэлд нэлээд анхаарсан.
Үр дүнд нь үйлдвэрлэл идэвхижсэн гэхэд буруудахгүй. Нөгөө талаар иргэд ч “Манайд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн чанаргүйн дээр үнэтэй” гэдэг үзлээсээ бага багаар ангижирч буй. Аж үйлдвэрийн салбарын хэмжээнд өнгөрсөн хугацаанд 2.3 тэрбум ам.долларын буюу 4.6 их наяд төгрөгийн дөрвөн төсөл хэрэгжүүлжээ.
Манай үйлдвэрлэгчид өдгөө нийт 6.2 их наяд төгрөгийн ажил гүйцэтгэж буй гэнэ. Энэ онд Европын техник технологи Монголд нутагшуулж, 398 тэрбум төгрөгийн таван төсөл эхлүүлэх төлөвлөгөө ч бий аж.
Экспорт гэхээр зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүний нэр л уяатай байдаг байсан бол өнгөрсөн оноос гадаад руу гаргаж буй бүтээгдэхүүний нэр төрөлд манай аж үйлдвэрийн салбарын эцсийн бүтээгдэхүүнүүд багтах болжээ.

Уул уурхайг дагасан гадаадын хөрөнгө оруулалт татарч буй сөрөг үзүүлэлт бий ч манай орны хувьд олон салбарт шингэсэн дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдсэн онцлог жил байсан талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэн, мах махан бүтээгдэхүүн, цемент, зөгийн балны импортын үнийг зохицуулсан нь экспортыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүллээ.
Өнгөрсөн онд цементийн импорт 42 сая ам.доллараар буурчээ. Үхрийн махны импорт 40 хувь буурч, экспорт 65 хувиар нэмэгдлээ. Зөвхөн цемент, үхрийн мах, зөгийн баланд тогтоосон импортын үнийн зохицуулалтаас 82.5 тэрбум төгрөг гадагш урсахыг зогсоож, 3.2 тэрбум төгрөгийг эдийн засагтаа оруулсан байна” гэсэн юм.
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ЭНЭ ОНД ЮУ ХУДАЛДАН АВАХ ВЭ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өнгөрсөн онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг хуулийн дагуу Засгийн газрын тогтоолоор үндэсний үйлдвэрээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээний жагсаалтыг баталжээ.
Үүнд хэвлэмэл, савхин, эсгий, ноос, ноолууран, мод, төмөр бүтээгдэхүүн, хүнс, сав баглаа боодол, оёмол, үслэг хувцас, барилгын материал зэрэг 12 төрлийн бараа багтсан байна. Эдгээрийг нийлүүлэхийг хүссэн үйлдвэрлэгч үндэсний чанар стандартын шаардлага хангах ёстой аж.
Тэгвэл тендерт гадаадын болон дотоодын хоёр компани оролцлоо гэхэд үнийн саналыг нь харгалзахгүйгээр үндэсний компанийг сонгох боломж бүрдсэнийг албаныхан тэмдэглэж байсан юм.
2016 оны төсвөөр төр, засаг дотоодын үйлдвэрлэгчдээс хэдий хэмжээний бараа, үйлчилгээ авах боломжтойг Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга Э.Хангай танилцуулав.
Өнгөрсөн онд нийт 85 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл дотоодоос авч байсан бол энэ онд 97, хоол, хүнсний хувьд 38 тэрбум байсныг 40.8, нормын хувцасны өртгийг 23 тэрбумаас энэ жил 25.6 тэрбум төгрөг болгон өсгөх гэнэ.
Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн тухайд боловсролын салбарын тоног төхөөрөмж 9.5, хөдөлмөрийн салбарынх 2.5, эрүүл мэндийн салбарын их засварт 8.4 тэрбум төгрөгийг энэ оны төсвөөс зарцуулах юм байна.
Төрд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг мэдээллээр хангаж, оролцоог нь нэмэгдүүлэх үүднээс өдгөө төрийн худалдан авалтын цахим систем нээхээр ажиллаж буй аж.
Ирэх сарын 1-нээс ашиглалтад оруулах гэнэ. Уг цахим хуудсыг нээснээр аж ахуйн нэгжүүд тендертэй холбоотой бүх мэдээллийг нэг дороос авч, материалаа цахимаар илгээж болох юм байна.
Үүнээс гадна уг системд төрийн байгууллагуудыг холбож, оролцогчид олон цаас бүрдүүлж, энд тэндээс тодорхойлолт авах гэж цаг алддаг явдлыг таслан зогсоох гэнэ.
БАТЛАН ХАМГААЛАХ АЖ ҮЙЛДВЭР БИЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ олон жилийн турш хойд хөршөөс зөөж байсан батлан хамгаалахын салбар өнгөрсөн оноос дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, хувцас, зөөлөн эдлэлийн 70, хүнсний бүтээгдэхүүний 60 хувийг худалдан авчээ.
Мөн энхийг дэмжих ажиллагаанд зориулсан эм, боох хэрэгсэл болон барилгын материал ч авсан гэнэ. Салбарын сайд Ц.Цолмон “Манайхан “Монгол алтан тос” компанийг тусгайлан дурдахыг хүссэн. Зэвсэгт хүчний хэрэгцээний ургамлын тосыг 2014 оноос өмнө гадаадаас авдаг байсан бол өдгөө тус компани 100 хувь нийлүүлдэг боллоо.
Дотоодын компаниудаа дэмжихэд цөөнгүй бэрхшээл бийг тэмдэглэх хэрэгтэй. Хамгийн том нь манайд үйлчилж буй худалдан авах дүрэм, журам. Жил бүр сонгон шалгаруулалт явуулж байна.
Ийм богино хугацаатай нөхцөлд үйлдвэрлэгч нарт тодорхой баталгаа байхгүй. Салбарын хэрэгцээг хангах үйлдвэртэй урт хугацааны гэрээ байгуулбал аль аль талдаа ашигтай, амжилттай хөгжиж чадна. Үүнээс гадна аливаа улсад батлан хамгаалах аж үйлдвэр гэсэн том ойлголт бий.
Хувийн хэвшил БХЯ-ны системд ажиллаж буй төрийн өмчийн үйлдвэр, аж ахуйн газартай нэгдэн ажиллахыг ийн нэрлэдэг юм билээ. Бид үйлдвэрлэгчидтэй нэгдээд батлан хамгаалах аж үйлдвэр байгуулах шаардлагатай” гэв.
Тус салбарынхан одоохондоо дотоодоос гутал, хувцас, хүнс зэргээ авч байгаа. Энэ харилцааг цаашид өргөжүүлж, бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэх шаардлага бий гэнэ. Тэдний дотоодын үйлдвэрлэгчдэд хандах зайлшгүй нэг шаардлага нь манай улсын газарзүйн байршил юм байна.
Батлан хамгаалах салбарын бүтээгдэхүүнийг гурав, дөрөв дэх хөршөөс оруулж ирэхэд хүндрэлтэй, ялангуяа техник хэрэгсэл авчрахад асуудал үүсдэг аж. Цаашид манай улсад тусламж дэмжлэг үзүүлэхийг хүссэн гадаадын орнуудтай хамтарч, дотоодод батлан хамгаалах салбарын үйлдвэр байгуулах шаардлага бий гэнэ лээ.
ҮЙЛДВЭРЛЭГЧИД Ч ДОТООДЫНХОО КОМПАНИУДЫГ ДЭМЖИНЭ
Зөвлөлгөөний үеэр Аж үйлдвэрийн яам, БСШУЯ, нийслэлийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр”, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл, худалдааны сүлжээ дэлгүүр, хоршоологчидтой хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Санамж бичгүүдэд нийслэл орчим машин үйлдвэрлэлийн парк байгуулах, ЕБС, цэцэрлэгүүдийн ширээ, сандал, сурагчийн дүрэмт хувцаснаас эхлээд бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүн, ном, сурах бичгийг дотоодын үйлдвэрүүдээс нийлүүлэх зэрэг цөөнгүй ажил хэрэгжүүлэх талаар тусгажээ.
Үүний дагуу үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод санамж бичгийн бэх хатаагүй байхад л ажиллаж эхлэх ёстойг онцолж, хэлсэндээ хүрэхгүй бол заргалдахаа ч мэдэгдэж байв.
Зөвхөн төрийн байгууллагууд биш, “Оюутолгой”, МАК, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг манай эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулагч компани, үйлдвэрлэгч нар ч үндэсний бараа, бүтээгдэхүүнийг худалдан авахаа илэрхийллээ.
ДЦС-IV дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, 2015 онд 4.5 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдаж авчээ. Тэд голдуу ажилчдын хувцас, хүнс, барилгын материалыг дотоодоос авдаг аж. Дээрх мөнгөн дүн тухайн байгууллагын авсан нийт бараа бүтээгдэхүүний 15 хувийг эзэлжээ.
Энэ онд тэд өнгөрсөн онд авсан барааныхаа хэмжээг 50 хувь өсгөхөөр төлөвлөсөн аж. Дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих боломжтой ч манайхан чанар стандартын тал дээр анхаарах шаардлагатай талаар Шинэ нисэх онгоцны буудлын төслийн захирал Н.Энхбат “Манай төслийн явц 70.2 хувьтай байна. Үлдсэн ажлаа энэ онд дуусгаад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй.
Энэ төслийг Японы зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа. Бид дотоодын аж ахуйн нэгжүүдийг түлхүү оролцуулах, төслийн хөрөнгийг аль болох Монголын эдийн засагт шингээх чиглэл барьж ирсэн. Барилгын ажлын тал дээр олон улсын стандарт, гадаадын гүйцэтгэгч нарын шаардлагыг хангах материал, үйлчилгээ манайд цөөн байна.
Дотоодын үйлдвэрлэгчид чанартаа анхаарахгүй байна. Гэвч бид зүгээр суугаагүй, одоогоор 3.3 сая шоо метр газар шорооны ажил хийж, 3.1 сая шоо метр далан барилаа. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын хэрэгсэл, ажлын хувцсыг дотоодын аж ахуйн нэгжүүдээс авч байна. Нийт 60 гаруй аж ахуйн нэгж энэ төсөлд оролцож буйн 70 хувь, ажиллагсдын 85 хувь нь дотоодынх” гэв.
Ч.МӨНХЗУЛ