Гуталчин хүн гутлын ул, өсгий нааж, ханзарсныг нь оёдог. Талхчин ч ялгаагүй. Гурилаа зуураад шарах шүүгээнд хийгээд л бол оо. Талхчин, гуталчин тухайн хүний хэрэгцээнд нийцүүлэн ажилладаг бол сэтгүүлчид үргэлж улс орныхоо эрх ашиг, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө үзэг, дэвтрээ сугавчилдаг. Гамшиг, гал, ус, гашуун зовлонгийн алинд ч өөрийгөө үл хайхран зүтгэсээр л байдаг. Өнөөдрөөс гадна маргаашид ч санаа зовнидог, голч шударга, онцгой ажил мэргэжлийн эзэд билээ, бид. Ийм чухал, бас хариуцлагатай алба хашдаг цагаан үнэний мөрч, цадиг түүхийн гэрчүүдийн төв байгууллага болох Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн 65 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Энэ хүрээнд эвлэлийнхэн өнөөдөр салбарынхаа гурван үеийн “алтан кадруудыг” дугуй ширээний ард цуглуулж, МСНЭ-ийн өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар хүүрнэцгээн ахмадуудаасаа үнэтэй сургамж, зөвлөгөө, шүүмжлэл сонслоо.
Монголын сэтгүүлчдийг өөрийн гэсэн мэргэжлийн төв байгууллагатай болгох шийдвэр тэртээ 1951 оны нэгдүгээр сарын 16-нд гарч, Сэтгүүлч нарын секц байгуулан анхны даргаар нь Г.Жамцыг томилж байжээ. Үүний дараахан буюу 1952 оны аравдугаар сард Монголын сэтгүүлчдийн хороо байгуулж, даргаар нь О.Пунцаг сонгогдсон түүхтэй. Хорооны даргын албыг О.Пунцаг, Ж.Зундуй, Ц.Намсрай, Л.Түдэв нарын “Үнэн” сонины “гал тогооны” хүмүүс удирдаж байсныг МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид уулзалтын эхэнд онцолж, ахмад үеийнхнийхээ амжуулаагүй зарим үйл хэргийг үргэлжлүүлж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар товчхон мэдээлэл өгөв. Тэрбээр “2014-2016 он манай салбарын хэмжээнд хүндхэн жил байлаа. Хэвлэл мэдээллийн байгууллагууд санхүүгийн гачигдалд орж, ажилтнуудынхаа цалинг хугацаанд нь өгч хүчрэхгүй, олон сараар хойшлуулж байв. МСНЭ ч хөрөнгө мөнгө муутай, янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар өөрсдийгөө санхүүжүүлж байсан. Цаашид ийм байдал удаан үргэлжлэхгүй байх аа. Өнгөрсөн хугацаанд бид Монголын сэтгүүлчдийн хороо, эвлэлтэй холбоотой бүхий л баримт, мэдээллүүдийг архивлаж, улсын бүртгэлд оруулан, цахимжууллаа. Цагдаагийн байгууллагуудад шалгуулж буй сэтгүүлч нараа очоод авчих хэмжээний эрх мэдэлтэй болсон нь дэвшил. Мөн Хэвлэл мэдээллийн зөвлөлийнхнийг бодлогын хэмжээнд дэмжиж, цаашид хамтран ажиллана. Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллагын он цагийн түүхэн товчооныг хэвлүүлж, гурван үеийн “аппаратуудын” тухай хөрөг нийтлэл, нэвтрүүлэг хийлгэх, яриа дурсамжийг нь архивлахад өнөөдрийн энэ уулзалт маш чухал. Энэ онд МСНЭ “Бүгдээрээ эх хэлээрээ алдаагүй, зөв бичих, цэгц шулуун ярих” соёлд уриалан дуудагч, үлгэрлэгч байх зорилт тавьсан. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын талаарх ард түмний сөрөг хандлагуудыг эерүүлэх, өнгө мөнгө, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн дунд гээгдэж хоцорсон ард түмнийг хүлээцтэй, тэвчээртэй занг нь сануулж сэрүүлэх үйл хэрэгт татан оролцуулна. Шударга үнэний дуу хоолой байж зөвийг дэмжиж, бурууг шүүмжлэн, улс орны эрх ашгийг бүхнээс дээгүүрт тавьдаг болохыг бүх шатны байгууллагад уриална” гэж ярив.
Сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллагын үе үеийн ерөнхийлөгч, дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүд, залуу халуун насаа тэнд өнгөрүүлсэн ахмадууд өнөөгийн Монголын сэтгүүл зүйг залуу сэтгүүлчдэд даатгах цаг ирснийг сануулаад тэднийг хэрхэн зааж, чиглүүлэх талаар санал солилцсон юм. Тэд залуу сэтгүүлчдийн авьяасыг үнэлсэн ч бичгийн хэл, найруулга нь авах юмгүй болсныг шүүмжлээд үүнийгээ сэтгүүлчдийг бэлтгэдэг жинхэнэ мэргэжлийн сургууль, коллеж үгүй болсонтой холбон тайлбарлав. “Бүх сургууль өнгө мөнгөний араас хөөцөлдөж, олигтойхон боловсон хүчин бэлтгэхгүйгээс өнөөдөр Монголын сэтгүүлзүйд “түүхий” хүн олширчээ. 1921 онд жанжин Д.Сүхбаатар цэргүүддээ хандан бичсэн дөрвөн хуудас ухуулга захидалд Монголын хэл, найруулгын сонгодог жишээнүүд байдаг. Тэгтэл өнөөдөр түүн шиг найруулгатай бүтээл туурвичих хүн олон байхгүй болсон нь харамсалтай. Гоё сайхан үг, найруулгаа байг гэхэд эх хэлээрээ зөв бичиж чаддаг хүн ховордсон. Тиймээс бид залуу үеэ бэлтгэх, тэднийг зөв зам руу нь чиглүүлэх хэрэгтэй байна” гэж ахмад сэтгүүлчид уулзалтын үеэр ярилцав. Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ү.Хүрэлбаатар “Орчин үед шар, шантаажны сэтгүүлзүй арилж, эздийн сэтгүүл зүй ноёлох болсон юм уу гэж харагддаг. Аливаа хэвлэл мэдээллийн байгууллагын дарга, эзэд маш их эрх мэдэлтэй, өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээрээ сэтгүүл зүйд хандаж, үүнд нь сэтгүүлчид хохирох нь бий. Тиймээс сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг сайтар шийдэх хэрэгтэй. МСНЭ жил бүр шилдгүүдээ шалгаруулж, янз бүрийн шагнал гардуулдаг. Ядах нь ээ, тухайн оны шилдгийн шилдэг сэтгүүлчийн шагнал урамшууллын хэмжээг нэмэгдүүлж, ямар нэгэн асуудлыг нь шийддэг баймаар юм. Тэгэхгүй бол энэ олон шагнал урамшуулал үнэ цэнээ алдаад байна” гэсэн бол Монголын сэтгүүлчдийн холбооны референтээр ажиллаж байсан, “Цолмон тревил” аялал жуулчлалын компанийн захирал М.Навчаа МСНЭ-ээс олгодог оны шилдгийн шилдэг нэг сэтгүүлчийн бай шагналыг нэмэгдүүлэх санал гаргаж, энэ жилээс эхлэн мөнгийг нь даахаар болсноо дуулгав.
МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч асан, соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав “Монголын сэтгүүлчдийн хоёр том байгууллага 2002 онд нэгдсэнээс нь хойш би МСНЭ-д ажилласан. Тухайн үед чөлөөт, хариуцлагатай, эрүүл, эрэн сурвалжлах, иргэний сэтгүүл зүйн талаар маш их ярьж, мэтгэлздэг байлаа. Өнөөдрийн манай сэтгүүл зүйн өнгө дэлхийн хэмжээнд хүрчихжээ. Бөмбөрцгийн булан бүрт болж буй үйл явдлуудыг хэдхэн секундэд дамжуулж чадаж байна. Тиймээс дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж яваа ганц салбар нь сэтгүүл зүй гэж хэлмээр байна. Хамгийн гол нь манай сэтгүүлчид ард түмнийхээ итгэлийг олж авах хэрэгтэй. Авьяас, чадвар байна. Харин ёс зүйг эрхэмлэх нь чухал болчихоод байгаа. Сэтгүүлч шуугиан тарих ёстой. Тэрнээс биш дуулгавартай зарц шиг байж болохгүй. Хэний ч мэдэх юмыг ярьж, бичвэл тэр сэтгүүл зүй биш. Сэтгүүлч гал гарахаас 30 минутын өмнө очсон байх ёстой гэдэг. Асар их мэдрэмж, мэдлэг шаарддаг учраас тэгж хэлсэн хэрэг. Сэтгүүл зүйгүй нэг өдрийг төсөөлөөд үз дээ. Ард түмний сэтгэл санааны дарамт улам ихэсдэг гэсэн судалгаа байдаг юм билээ” гэж ярив.
О.Бат-Ундрах