Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо маргааш хуралдана. Эрх баригч нам дүрэмдээ оройн дээдэд өргөмжилсөн эрх барих дээд байгууллагаа идэр ес ид тачигнах цагаар зарлан хуралдуулж байгаа нь Монголын улс төрийн амьдралд яах аргагүй анхаарал татах халуун үйл явдал юм.
Тэднийг юун тухай ярих, тэндээс ямар шийдвэр гарахыг намууд болон улс төр сонирхогчид ажиглах нь дамжиггүй. Ялангуяа ирэх сонгуулиар эрх баригчийн суудалд эргэн залрах амин чухал төлөвлөгөөтэй Ардын намынхан нүд эс цавчин шимтэх биз ээ.
ҮЗХ-ны энэ удаагийн хуралдаан нь УИХ-аар Сонгуулийн хууль баталсны дараа болж буй томоохон намын анхны хурал гэдгээрээ онцлог. Тэнд 2016 оны сонгуулийн чиг хандлага тавигдах болов уу гэж таамаглахад буруудах зүйлгүй.
МАН Бага хурлаа хуралдуулах санаа байвч одоогоор товлосон зүйлгүй байгаа аж. АН “найзаасаа” урьтаж байна гэдэг нь сонгуульд бэлэн болсон, нэр дэвшигчид нь тодорчээ гэх ажил хэрэгч мессежийг олон нийтэд уншуулах зорилго давхар агуулж байх шиг.
Ийнхүү Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус 46 дугаар хуралдааныг агуулга, ач холбогдлынх нь хувьд гол мэдээлэл болгон үзэх шалтгаан нь зөвхөн сонгууль биш юм. АН бол Монголын улс төрийн тавцанд нэг, хоёроор тоологддог томоохон хүчний нэг.
УИХ-ын гурван сонгууль дараалан ялагдсаны эцэст 2012 онд арайхийн эрх барих залуур атгаж үзлээ. Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд АН улс орны амьдралыг хэрхэн жолоодов, эдийн засгийн хямралыг хэрхэн туулав, улс төрийн үйл явдлууд хэрхэн өрнөсөн бэ гээд авч үзвэл ҮЗХ-ны хуралдаанаар ярих сэдэв нь халирам халуун байх юм.
Гэвч одоогоор АН-ын зүгээс хэвлэлд өгч буй мэдээллүүдийг үзвэл, ҮЗХ-ны ээлжит бус хурлыг хөр цаснаар зарласан шигээ хүйтэн хөндий уур амьсгалд яаруу дааруу хийсэн болох дүр зураг төсөөлөгдөж байна.
Намын дүрэмд өөрчлөлт оруулах, гишүүний татварыг нэмэх, сонгуульд ИЗНН, МҮАН-тай хамтарч оролцох, ротацаар нэмэгдсэн шинэ гишүүдийг батламжлах, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээ жинхлэх гэх мэт.
Энэ зэрэг асуудлыг хэлэлцээд л тарах юм бол эрх баригч хүчний эрх барих дээд байгууллагын онцгой цаг үед зарлан товлосон ээлжит бус хуралдаан байгаад ч ямар хэрэгтэй юм бэ.
Дэлхийн зах зээл дээр манай экспортын гол бараа бүтээгдэхүүний үнэ ханш буурсан шалтгааныг эс тооцон АН-ын буруутай үйл ажиллагаа нь хаана, хэдийд, хэндээ байсан талаар сонгогчид дүгнэхээс өмнө ҮЗХ өөрөө улс төрийн эр зориг гарган хэлэлцэх ёстой гэсэн хүлээлт АН-ын жирийн гишүүдэд ч байна.
Яагаад гэвэл АН буруугаа хүлээдэггүй зөрүүд даргатай, толгойгүй мөртлөө морь уначихсан Ерөнхий сайдтай энэ чигээрээ сонгуульд оролцвол ялах магадлал тун бага.
Энэ нь хувь улстөрчийнхөө хувьд хариуцлагыг саармагжуулах З.Энхболдын уран ухаан ч байж магадгүй. Фракцгүй болно гэчихээд өөрөө биечлэн үлгэрлэх нь ч яасан юм. Гэхдээ харъя. ҮЗХ-ны гишүүд маргаашийн үдшийг үзүүлбэр төдий өнгөрүүлэх, эсэхийг.
УИХ-ын дарга З.Энхболд ердөө хэдхэн хоногийн өмнө ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох боломж байгааг гэнэтхэн олж тогтоогоод буй. Магадгүй шинээр нээсэн энэхүү “олдворт” ҮЗХ-ны гишүүд учиргүй баясан хөөрч, ирэх сонгуулиар нам нь баараггүй ялах зөн совинг төрүүлж болох.
Үнэндээ ч АН гайтай хямралаас болж хийсэн бүтээсэн нь ховор, улс төрийн тогтворгүй нөхцөл байдлаас айсан “хулчгар” хөрөнгө оруулагчдын муу мэдээтэй ч гэсэн “таван хувь” гэж сонгогчдын сэтгэлийг засах аятайхан амлалт гаргаад ирлээ.
Экс дарга Н.Алтанхуягийг ҮЗХ-ны ротацаа гацаалаа, намынхаа цусны эргэлтийг боож байна гэж хатуухан шүүмжлэгчдийн нэг нь одоогийн дарга З.Энхболд байлаа. Тэрбээр намын удирдлагыг гартаа авсны дараахан буюу 2015 оны нэгдүгээр сард ҮЗХ-ны 47 суудалд нөхөн сонгууль явуулсан.
Тухайн үед төрийн албанд шилжсэн гишүүдийн хоосон суудлыг ийн эзэнтэй болгосон хэрэг. Нэг жилийн өмнө сонгогдсон ч өдий болтол батламжлагдаагүй тэдгээр 47 гишүүнийг ҮЗХ маргааш албан ёсоор хүлээн зөвшөөрөх юм байна.
АН-ын дүрэмд зааснаар бол, ҮЗХ-ны 228 суудлын гуравны нэг буюу 76 гишүүнийг жил бүр ротацаар сонгох ёстой. Гэвч сүүлийн хэдэн жил АН-ынхны дунд “цус сэлбэх” хэмээн нэршсэн энэхүү сонгуулийн үйл явц бүрмөсөн тасарчээ.
УИХ-ын 2016 оны сонгуульд АН-аас нэр дэвшүүлэх журам өөрчлөгдөх нь тодорхой болсон нь маргааш болох ҮЗХ-ны хуралдааны төдийгүй сонгуулийн өмнөх гол сэдвүүдийн нэг юм. З.Энхболд АН-ын дарга болмогцоо нэр дэвшихээр горилогчдод хандаж том уриа хэлсэн нь “Фракцгүй намын төлөө”.
Ингэж чадвал бүлэг, фракцынхаа тохироон дээр таталцаж оршдог, сүүлийн үед хамгийн ихээр горыг нь амсаж буй АН-ын хувьд одоогийнхоос илүү сайн төрөл олох дайны дэвшил болно. Ардчилсан хувьсгалын хоёрдугаар давалгааг Монголын улс төрд авчирсантай адил гавьяа ч болог.
Гэвч АН-д дутагдлаа ялах амаргүй байгаа бололтой. З.Энхболд АН-аас дэвших хүмүүсийг ямар фракцынх, хэр их хандив өргөсөн гэдгийг нь үл харгалзан тодруулахаа амласан боловч горилогчид намд нь өнөөг хүртэл үйлчилж ирсэн хүчин зүйл үнэ цэнээ алдах, улс төрийн таван намын угшил бараадсан бүлэглэлүүд гэнэтхэн задарч өөрчлөгдөнө гэдэгт нэг их итгэхгүй байгаа юм.
Тиймээс ч фракцууд өнгөрсөн амралтын өдрүүдэд ҮЗХ-ны гишүүдтэй биечлэн уулзах, өөрийн фракцаас нэр дэвших хүмүүсээ лообийдох, хариуд нь намын татварыг нь төлж өгөх тохироо хийсэн сурагтай.
Иймэрхүү найраанд хөдөөгөөс ҮЗХ-нд сонгогдсон гишүүд хамгийн их өртдөг тул тэдний нийслэлд ирэх, зочид буудалд байрлах, хооллож ундлах зардлыг даах зэрэг тусгай үйлчилгээ ч хөвөрчээ.
ИЗНН, МҮАН-тай нэгдэх асуудал сонгууль болгоны өмнө АН-д тулгардаг. Энэ удаа ч “урагшлахгүй” сэдэв биз ээ.
ҮЗХ-ны 228 гишүүний хувьд өөр нэг чухал сэдэв бол генсекийн томилгоо. АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг Сонгинохайрхан дүүрэгт амьдардаггүй, эсвэл улс төр ихээхэн сонирхдоггүй л бол сонгогчид танихгүй. З.Энхболдын итгэлт хүн учраас энэ суудалд очсон байх.
Яагаад ч юм улс төрийн намын генсек гэхээр МАН-ын У.Хүрэлсүх санаанд нь буудаг хүмүүс цөөнгүй байх. Түүн шиг зодоонч биш гэхэд түүн шиг олны танил, нөлөө бүхий, илэрхий тодорхой дүр төрх АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын томилгоонд үгүйлэгдэж байна.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас хойших АН-ын генсекүүд суудалдаа багадсан нь үнэн. Ингэхэд яагаад АН дотор генсекийн марафон гэж гоё юм огт болдоггүй юм бол. Маргааш ҮЗХ Л.Эрхэмбаярыгаа жинхлэх, эсэх нь тодорхой болох биз.
Б.ЭНХЦЭЦЭГ