Зоотехникч н.Сүхбаатар (1974 он)
-Яана гэнэ ээ, бидний заазалсан хөгшин үнээнээс төл авчихсан байна шүү дээ.
-Энэ янзаараа бол манай зоотехникч үнээ болгоноос төл авах нь ээ.
-Эр хүн.
-Уул шугамандаа надад яалаа гэж муу зоотехникч өгөх вэ дээ.
“Энэ хүүхнүүд үү” киног үзээгүй монгол хүн ховор болов уу. Сум нэгдлийн дарга Жамц, орлогч Дорж хоёрын ярианаас зоотехникч гэж ямар чухал мэргэжил байсан нь харагдана.
Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш харин зоотехникч гэдэг мэргэжил хуучин, хоцрогдсонд тооцогдож, энэ үг өөрөө монгол хэлний үгийн сангаас гээгдэхэд хүрээд буй.
Өнөөдөр захын нэг залуугаас “Зоотехникч гэж ямар хүнийг хэлдэг вэ” гэвэл өөдөөс “Энэ хүүхнүүд үү киноны Дуламсүрэн” гэж хээв нэг хариулна гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Зоотехникч гэж яг ямар учиртай, хэчнээн ач холбогдолтой мэргэжил гэдгийг тэд мэдэхгүй.
Бид мэдүүлээгүй юм чинь тэгж хариулах нь тэдний түмэн зөв шүү дээ. Ядаж энэ киногоор дамжуулж тэр зэргийн төсөөлөлтэй болж, зоотехникч хүүхний нэр усыг цээжилсэнд нь харин ч баяр хүргэх учиртай.
Мал аж ахуйн үйлдвэрлэл, үржлийн ажлыг удирдан зохион байгуулдаг хүнийг зоотехникч гэдэг. Энэ тэгээд яг ямар ач холбогдолтой мэргэжил вэ гэдгийг орчин цагийн бид төдийлөн мэдэхгүй.
“Тухайн аймаг, сум, баг, малчны суурьт байгаа хамгийн өндөр ашиг шимтэй малыг илрүүлэн, бусад сайн үүлдрийнхтэй нийлүүлж, тоо толгойг нь өсгөсөөр шилмэл малын сүрэг бүрдүүлэх нь зоотехникчийн үндсэн ажил” хэмээн Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал, гавьяат мал зүйч Д.Самданжамц хэлсэн.
ЗООТЕХНИКЧ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ
Монгол Улсын ерөнхий зоотехникчээр олон жил ажилласан Д.Самданжамц гуай “1960-1980-аад оны сүүлч хүртэл Монголд малын үржлийн ажил сайн байсан. “Мал аж ахуйн үржлийн ажлын талаар авах арга хэмжээ” гэсэн гурван тогтоол тухайн үеийн Намын төв хороо, Засгийн газраас гарч байв.
Зоотехникч маш нарийн бүртгэл, хяналтын дор малын үржлийг зохион байгуулснаар ашиг шим нь дээшилж, үйлдвэрлэлийн чанар ч сайжирдаг. Малыг ашиг шимээр нь ангилан ялгах, шилэх, үржилд тохируулан сонгох, шаардлага хангахгүйг нь заазлах ажлыг үзүүлэх сургалтаар хавар болгон бүсийн хэмжээнд зохион байгуулдаг байсан.
“Хаврын 13 төрлийн ажил” гэж заншсан тэр ажлын үр дүнд манай улс 40 гаруй төрлийн үүлдэр, омгийн шилмэл малтай болсон.
Зах зээлд шилжсэнээр малчид өөрийнхөө өмчийг яах нь тэдний дур болж, малын үүлдэр угсаа, ашиг шим доройтож, зоотехникчид ч ховордлоо” хэмээв. Түүний хэлсэн үг яах аргагүй үнэн.
Өнөөдөр Монголд малын ашиг шим, үүлдэр угсааг сайжруулах гэхээсээ илүү тоо толгой хөөцөлдөж, мянгат болох гэсэн малчид өчнөөн бий. Эцэнхий бярууг хүртэл өргөж тээж байгаад онд оруулан мянгат болох, малынхаа тоогоор банкнаас ахиухан зээл авч, өөрийнхөө амьдралыг өөд татах л чухал болохоос бэлчээрийн даац хэтрэх, гол ус ширгэх, байгаль сүйдэх тэдэнд огт хүртээлгүй.
Байгаль орчны байцаагч “Энэ газрыг өнөө өвөлдөө өнжөөх юм. Энд бууж болохгүй” гэвэл “Чамд өмчлөөд өгчихсөн газар юм уу. Би хаана буухаа өөрөө мэдье” хэмээн томорно.
Өнөөдөр манай орны хамгийн шим тэжээлтэй өвс ургамалтай, гол мөрөн олонтой хэсэг болох хангай, төвийн бүсээр нийт малын 80 шахам хувь нь ирээд шавчихсан.
Уг нь аль аймгийн ямар суманд бэлчээрийн нөөц хэр болохыг, тэнд ямар мал өсгөвөл тохиромжтойг, түүнийг хаанахын хээлтүүлэгчтэй нийлүүлбэл ашиг шим нь илүү нэмэгдэхийг зоотехникч л арван хуруу шигээ мэдэж, зохицуулах учиртай.
Гэтэл манайд ийм зохион байгуулалт алдагдаж, энэ том орон зай бүхэл бүтэн 25 жил эзгүй байв.
Мөнгөтэй л бол дуртай газраасаа хурдан удмын азарганууд ямар ч шинжилгээ, хяналтгүйгээр авчирдаг болсны уршгаар өдгөө адууны нийлүүлгийн өвчин, ям гээд манайд тун ховор тохиолддог байсан өвчин илт нэмэгдсэн.
Малын эмч өнөөх уяачаас “Энэ азаргыг хаанаас авчирсан бэ” гэж асуувал “Мөнгөтэй хүн хаанаас, ямар мал авчрах нь чамд хамаагүй” хэмээн ам руугаа алгадуулах энүүхэнд.
Малын элдэв өвчин хаа сайгүй гарах болсон энэ үед олон улсын тэр өндөр шалгуурыг нь даваад гадаад руу мах экспортолно гэдэг алганыхаа хонхрыг хазахаас нэг их ялгаагүй зүйл гэдгийг бид хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.
Ийм байхад мал эмнэлгийн салбар хэмээх томоохон тогтолцоог хувийн хэвшилд шилжүүлж, төрөөс тавих хяналтыг сулруулсан нь бүр ч буруудсан гэдгийг эрдэмтэн мэргэд, мэргэжилтнүүд нь хэлдэг. Мал эрүүл бол хүн эрүүл байхын үндэс.
Эрүүл хүн улсаа хөгжүүлнэ. Тиймээс эрүүл, өндөр ашиг шимтэй мал үржүүлэхэд зоотехникчийн үүрэг хамгийн их. Тухайн жилийн нийт үржлийн малын 20 хүртэлх хувийг заазлах ёстой гэж зоотехникчдэд зүгээр ч нэг номлодоггүй байсан биз.
Өнөөдөр манайд зоотехникч нэртэй 600 орчим хүн байдаг боловч тэдэнд ямар ч эрх мэдэл үгүй тул “Өвчтэй, муу малаа заазал” гэвэл малчдын хөх инээдийг хүргэхээс хэтрэхгүй.
НЭРЭЭ СОЛИОД Ч НЭМЭР АЛГА
Малч нүүдэлчин монголчууд яаж ч шинэчлэгдэн өөрчлөгдлөө гээд малаасаа хөндийрч, махнаас гарч чадахгүй нь үнэн. Тиймээс манайх шиг мал аж ахуйн оронд хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн жагсаалтыг зоотехникч магнайлах учиртай.
Гэтэл яагаад энэ мэргэжлийн үнэ цэнийг алдагдуулчихав аа. Социализмын үед 20 гаруй сая малтай байсан Монгол Улс тухайн үед 4000 орчим зоотехникчтэй байж.
Гэтэл өнөөдөр манай орон 55.9 сая толгой малтай болсон хэрнээ 600 орчим зоотехникчтэй байгаа гэхээр энэ хоёрын харьцаа ямар урвуу хамааралтай явж буй нь эндээс тодорхой харагдана. Уг нь бол 1980 оноос хойш тасралтгүй боловсон хүчин бэлтгэж байгаа юм билээ. Тэгээд зоотехникчид хаачсан юм бол.
ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулиас авсан мэдээллээс үзэхэд 1981 онд зоотехникч мэргэжлээр үндсэн ангийг 49, эчнээг 10 оюутан төгсөж байжээ. Зарим жил энэ мэргэжлээр 70 гаруй оюутан төгсгөж, бүгд ажлын байраар хангагдаж байсан тус сургуулийн түүхэн замнал 1990-ээд оны сүүлчээс доройтож эхэлсэн байна.
Ямар сайндаа л зоотехникч гэсэн хуучин нэрийг нь хүртэл сольж, мал зүйч, мал зүйч технологич, мал зүйн удирдлага, малзүйч менежмент, мал зүйч орчуулга, зоо инженер технологич гэх мэтчилэн орчин үеийн залуусын нүдэнд торж, чихэнд наалдахуйц нэршлүүд сонгож үзжээ.
Шинэ “менежментийн” ачаар 2000-аад оны эхэнд намар болохоор л арваадхан суралцагч хүлээж авдаг байсан хоосон анги танхимууд овоо дүүрэх тийшээ хандаж эхэлжээ. Гэтэл эхэндээ гоё нэрэнд “хууртаж” орсон оюутнууд яваандаа мэргэжлээ ирээдүйгүй гэж үзээд замын дундаас орхидгийг нэгэн багш учирласан.
2014 онд Мал аж ахуй, биотехнологийн сургуулийг мал аж ахуйн үйлдвэрлэлийн инженер, мал зүйч технологич гэсэн хоёр мэргэжлээр нийтдээ 39 оюутан төгссөн боловч тэдний 50 гаруй хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй гэсэн бүртгэлтэй байна. Энэ юу гэсэн үг вэ.
Үргэлж явах нь яваад, арайхийн тогтож үлдсэн сэтгэлтэй хэдэн залуу нь ажилгүй хоцорно гэдэг бол мал аж ахуйн салбарт төрийн цэгцтэй, тууштай, бас зангарагтай бодлого үгүйлэгдэж буйн тод жишээ.
“Дөрвөн хананы дундаас гарахгүй, хонь малын зураг харж байгаад хичээл заалгадаг оюутнууд хөдөө очоод ажлын байранд яаж тэнцэх билээ. Ялангуяа зоотехникчээр сурч байгаа оюутнуудын дадлага хичээлийг ахиу оруулж, тэрийгээ хөдөө хийлгэх хэрэгтэй гэдгийг одоогийн багш нарт байнга хэлдэг. Нэмэр алга” хэмээн нэгэн хөгшин учирласан. Нээрээ л ортой биз.
Хөдөө аж ахуйн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх асуудлыг салбарын яамнаас нь салгаж, БСШУЯ-нд хариуцуулснаараа сургалт, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний ажил хоорондоо авцалдахгүй байна гэдэг ч үнэн.
Сүүлийн үед харин Р.Бурмаа сайд ХААИС-ийн удирдлагуудтай уулзах бүртээ зоотехникч, агрономичдыг бэлтгэхэд анхаарч, энэ мэргэжлийн үнэ цэнийг хэрхэн өргөх талаар санал бодлоо солилцож буй гэсэн.
“Зургаан сарын настай” сайдын үг гээд дараагийнх нь гарч ирээд үл ойшоочихгүй бол уг нь зөв л зүйл бодож яваа юм билээ.
ЗАХ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛД ТААРСАН МЕНЕЖМЕНТ УГ НЬ БИЙ
Өнгөрсөн хугацаанд малчид руу чиглэсэн янз бүрийн халамжийн бодлого төрөөс гарч байсны дотор нүдээ олсон ганц нь “Монгол мал” хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн ачаар сум болгонд гурван хүний бүрэлдэхүүнтэй Мал эмнэлэг, үржлийн тасаг байгуулагдсан. Дээр үеийнх шиг машин тэргээр хүртэл хангаад өгсөн.
Гэвч өнөөх гурав маань малчдын сууриар явж, малын үржил, үйлдвэрлэлийн асуудалд анхаарал хандуулах үндсэн ажлаа хийхгүй, төвөөс ирсэн мэдээ судалгаа, тайлантай танилцах, ноосны урамшуулал олгох нэрсийн жагсаалт гаргахад цаг заваа зарцуулсан хэвээр.
Тэр гурвын нэг нь бас улсын байцаагч гээд малтай ноцолддоггүй гэж байгаа. Тэгэхээр малчид нь ч хавар анзаарч засаагүй (хөнгөлөөгүй) үлдсэн хурга, ишгээрээ намар хуц, ухна тавьчихдаг залхуу, назгай зангаа өөрчлөхгүй байна.
Зах зээлийн нөхцөлд зоотехникч малчидтай хэрхэн хэл амаа ололцож, ямар менежментээр ажиллаж болохыг Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооныхон амжилттай туршжээ. Бог малын үржлийг сайжруулахад анхаарах ёстой гол зүйл нь хээлтүүлэгч буюу хуц, ухныг мэргэжилтний хяналтад байлгах ёстой аж.
Тус холбооныхон зургаан аймгийн зургаан сумын гайгүй чанартай малтай гэсэн айлуудаас дөнгөж төрсөн хурга, ишиг шилүүлж, бойжуулах ажлыг улсын хөрөнгө оруулалтаар хийжээ.
Дараа нь 14 хоногтойд нь, гурав болон зургаа, есөн сартайд нь дахин шилүүлж, мууг нь заазалсаар зургаан сум тус бүрт дунджаар 250 шилмэл хуц, ухна бойжуулж, Засаг даргынх нь мэдэлд хүлээлгэн өгсөн байна.
Шилмэл хуц, ухна хариулах малчинд ИТХ-ын шийдвэрээр багахан газар олгуулж, худаг гаргуулан, сум орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хашаа бариулж, өвс тэжээл бэлтгүүлж өгчээ.
Мөн Булган аймгийн Сэлэнгэ сум буюу хуучин Ингэттолгойн сангийн аж ахуйд тугал шилж аваад, бяруу болтол нь бойжуулж шилмэл бух хүлээлгэж өгсөн нь бусдаасаа хамгийн үлгэр жишээч ажиллаж буй нь гэв.
Тэдгээр шилмэл хээлтүүлэгчийг айлуудад түрээсээр ашиглуулж, төлбөрөөр нь малчнаа цалинжуулах журмаар амжилттай ажиллаж байгаа газар цөөнгүй гэнэ. Зарим нь ч шилмэл хээлтүүлэгчээ хаа хамаагүй хүнд худалдаад юу ч үгүй хоцорсон гэсэн.
Манайд шилмэл сайн малтай 14, 15 сум байдаг аж. Тэндхийнхэн орон нутгийг хөгжүүлэх сангийнхаа төсвийн төлөвлөгөөнд малынхаа үүлдэр, ашиг шимийг сайжруулах асуудлыг тусгуулж, Баянхонгорынхон Залаа жинстийн цагаан ямаагаа, Увсын Малчин сумынхан баяд хонио, Говь-Алтайнхан алтай хонио өсгөж үржүүлэх боломжтойг Д.Самданжамц гуай хэлсэн.
Сэтгэл, зүтгэл байвал нутагтаа хэрэгтэй байгаа мэргэжилтнийг ч захиалгаар бэлтгэн, төлбөрийнх нь зохих хувийг сум орон нутгийг хөгжүүлэх сангаас гаргах гэх мэтээр асуудлыг шийдэх гарц бас байна.
Л.ГАНЧИМЭГ