
12 дугаар сарын 7-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 342 дахь өдөр бөгөөд он дуусахад 24 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -21 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 8, найман цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас уртсах гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2480.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.30, юань 361.50, вон 2.10 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.30 цагаас эхлэх Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Увс аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.
- Улаанбаатар зочид буудлын 6 давхарт Номын хүрээ танхимд 11.00 цагаас Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас гэр хорооллын дахин төлөвлөлт, газар чөлөөлөх үйл ажиллагаа нь иргэдийн орон байртай байх эрхийг зөрчиж байгаа судалгаанд суурилсан мэдээллийг танилцуулна.
- "Бичил уурхайг албажуулахад талуудын оролцоо" үндэсний чуулган 09.00-17.00 цагт Чингис зочид буудлын хурлын танхимд болно.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үүсгэл санаачлагын байгууллагыг дэмжих, тэдний саналыг сонсох, нийгмийн ойлголт хандлага, хууль эрх зүй, нийгмийн халамж, сэргээн засах тусламж үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилготой уулзалт 11.00 цагаас 100 айлд байрлах Ампер хаусын хурлын танхимд болно.
- Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийн нээлт 09.30 цагт Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн "Дүнжингарав" салбарт болно.
- 12.00 цагт улсын Филармонийн байранд болон дуучин Н.Наранбаатарын "МИНИЙ ЗАХИДАЛ" шинэ цомгийн нээлтийн хэвлэлийн бага хурал болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Иранд Оюутнуудын эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Иргэний нисэхийн олон улсын өдөр тохиож байна.
- 1998 онд Канадын алдарт төгөлдөр хуурч Tony Yike Yang мэндэлжээ.
- 1988 онд Арменд 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 25.000 гаруй хүн амь насаа алдаж, 30.000 шархдаж, 500 мянган хүн гэр оронгүй болж байжээ.
- 2015 онд Японы сансрын хөлөг "Akatsuki" Сугар гаригийн орбитод нэвтрэн оржээ.