
12 дугаар сарын 13-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 348 дахь өдөр бөгөөд он дуусахад 18 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -13 хэмийн хүйтэн бол шөнөдөө -23 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 14, хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2484.50 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.00, юань 359.50, вон 2.12 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт ГХЯ-наас сар бүр зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" болно.
- Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Хүний эрхийн үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум, Хүний эрхийн ТББ-уудын Форумтай хамтран НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн эдийн засаг, нийгэм, соёлын эрх, хөгжих эрх, хүрээлэн буй орчны эрхийн асуудлаарх зөвлөмжийг хэрэгжүүлэх талаарх зөвлөлдөх уулзалтыг 10.00-14.00 цагийн хооронд Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулна.
- 10.00 цагаас хотын дарга С.Батболд иргэдтэй уулзана. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл дэх салбарт болно.
- 10.30 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хууль Сахиулах Их сургуулийн үйл ажиллагаатай танилцана.
- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуульд 10.00-11.30 цагт "Өсвөрийн үе тэнгийн зөвлөгчдийн анхны нээлттэй хичээл" явагдах гэж байна.
- Улаанбаатар хотын Цагдаагийн газраас НИТХ, нийслэлийн Боловсролын газар, Монголын сурагчдын холбоо зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Сургуулийн эргүүл-2016” дэвжээ тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт 09.00 цагаас “Улаанбаатар” чуулгын их танхимд болно.
- БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ болон ГЕРМАНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГ (GIZ) хамтран зохион байгуулж буй “Олон Зорилтот Үндэсний Ойн Тооллогын ажлын тайланг Монгол Улсын Засгийн Газарт хүлээлгэн өгөх” арга хэмжээ 09:00 – 12:30 цагийн хооронд „Shangri-La Hotel, Ulaanbaatar“-н хурлын танхимд зохион байгуулагдана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1989 оны энэ өдөр Америкийн алдарт дуучин Taylor Swift мэндэлжээ.
- 2011 онд Белгид Зул сарын супермаркет дотор нэгэн амиа золиослогч 6 хүний амийг хөнөөж, 125 хүнийг шархдуулж байжээ.