
“Улаанбаатар смарт карт” компанийн ажилтнуудын хурааж авсан тасархай дэвсгэрт. 2016.12.14
Манай улс мөнгөн дэвсгэртээ дотооддоо үйлдвэрлэдэггүй. Мөнгө төлж байж гадаадад хэвлүүлдэг. Тиймээс дэвсгэрт дээр элдэв зүйл бичих, урах, үнгэх, гамгүй хэрэглэх нь бидэнд л хохиролтой. Гэвч автобус доторх мөнгөний хайрцагт 10, 50, 100, 500, 1000 төгрөгийн дэвсгэртийг голоор нь урж, талыг нь хийн хуурч мэхлэх зөрчил гарсаар байна. “Атибус” компанийн захирал Г.Баярмагнай энэ талаар “Ийм тохиолдол олон. “Улаанбаатар смарт карт” компанийн тоологч нар хайрцаг дахь мөнгийг тоолж, голоор нь хуваасан дэвсгэртийг авч явдаг. Хэдэн хүн карт уншуулж зорчсон, түүний орлого нь хэд байгааг ч бид мэдэх боломжгүй. Энэ мэтээс болж мөнгөө төлсөн зорчигч хохирч, дутуу, хувилсан хуурамч, эсвэл голоор нь хуваасан мөнгө хийж буй хүмүүс завшиж байна. Үүний уршгаар төр алдагдал хүлээж байна” гэв.
Тасархай мөнгө хайрцагт хийх зөрчил өнгөрсөн есдүгээр сараас эрс нэмэгдсэнийг жолооч Г.Батбаяр хэлэв. Түүний хэлснээр хянагчийн үүрэг гүйцэтгэх ёстой кондуктор ажиллахаа больсон учир зорчигчид тасархай, дутуу мөнгө хийж буй аж. Хэн, ямар мөнгө хийж буйг жолооч нар тэр бүр харах боломжгүй. Тиймээс хүн бүрийг карттай болгох нь зүйтэй гэлээ.
Тэгвэл автобусны карт хэрэглэхэд дутагдалтай асуудал олон ажээ. Карт цэнэглэдэг цэгүүд нь амралтын өдөр ажилладаггүй учир багагүй бэрхшээл тулгардаг талаар иргэд ярив. Тиймээс банкны карт болон гар утасны симийг автобусны карттай холбох ажлыг даруй эхлэх шаардлагатай байгааг дурдлаа. Тэгвэл холбогдох албанаас мэдээлж буйгаар 2017 оны хоёрдугаар сараас нааш банкны картаар автобусны төлбөр хийх боломжгүй гэнэ.
Голоор нь урсан мөнгөн дэвсгэртийн талаар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хэлтсийн дарга Р.Ган-Эрдэнэ “Ийм зөрчил их бий. Кондукторууд (хянагч) зорчигчдын хайрцагт хийж буй мөнгийг шалгах учиртай. Тэдний цалинд нийслэлээс есөн тэрбум төгрөг төсөвлөж өгөөд, ажиллуулдаг. Гэтэл тэд ажлаа хийхгүй байна. Үүнээс нь болж зарим хүн дутуу, эсвэл тасархай мөнгө хийж, автобусны орлогыг багасгах боллоо. Тиймээс нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэгт бид бэлэн мөнгөний хайрцгийг байхгүй болгоё гэдэг саналаа хүргүүлсэн. Бэлэн мөнгөтэй хүнд карт өгөх маягаар ажиллавал орлого нэмэгдэнэ гэдэг үүднээс нийслэлийн Тээврийн газартай хамтран, нийслэлийн удирдлагуудад саналаа хүргэсэн. Нийслэлийн Удирдлагын зөвлөл уг асуудлыг шийдэх байх” гэлээ.