
Утааны эсрэг ээж, аавууд нэгдэн жагсаал хийх шийдвэр гарснаас хойш богино хугацаанд бид олон нийтийн дэмжлэгийг авсаар байна. Бид энэ эрчээ алдалгүй, хүрээгээ улам бүр тэлсээр хүүхдүүдийнхээ төлөө жагсаалаа амжилттай хийх үүрэг хүлээсэн хүмүүс. Хүүхдээ гэсэн ээж аавын хайраас илүү хүчтэй, үнэн зүйл гэж үгүй. Хэн ч бидний хүүхдүүдэд бидэн шиг чин сэтгэлээсээ хандаж, ирээдүйнх нь төлөө бодит үйлдэл хийхгүй. Энэ бодит үйлдлийн нэг бол УТААНЫ ЭСРЭГ ЭЭЖ ААВУДЫН ЖАГСААЛд идэвхитэй биечлэн ирж оролцох явдал юм. Бидний хүүхэд өвдөж, суурь эмгэгтэй өссөнөөр Хотын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын 76 гишүүн зовж шаналахгүй. Зөвхөн бид сэтгэлээрээ шаналж, нялх үрс минь биеэрээ мэдрэх болно. Тиймээс ямар ч шалтаг, шалтгаан тоочихгүйгээр Улаанбаатарын утаагаар амьсгалж байгаа хүн бүр 2016 оны 12р сарын 26ны даваа гарагт 10 цагаас Сүхбаатарын талбай дээр ирж жагсах ёстой. Утаа ийм гамшгийн хэмжээнд хүрсэнд бидний буруу бас бий. Утаа Гамшиг болоод 15 жил өнгөрөхөд нэг ч удаа эсэргүүцлээ зохион байгуулалтад орж илэрхийлээгүй эс үйлдлээрээ бид буруутай. Тиймээс хорт утааг арилтал ээж аавууд тэмцэх ёстой гэж зохион байгуулах багийнхан мэдээллээ.
Жагсаал зохион байгуулах багийнхан Нийслэлийн холбогдох албан тушаалтанд хүсэлтээ гаргаж өгсөн бөгөөд өнөөдөр жагсаал хийх тухай хүсэлтийг холбогдох байгуулагууд хянаж үзээд бүртгэж авсанаа мэдэгдсэн байна.
.jpg)