
Улаанбаатар хотод 2040 онд олимпын наадам зохион байгуулна гэсэн том мөрөөдлөө хотын өмнөх дарга олон нийтэд дэлгэсэн удаатай. Энэ зорилтод хүрэх эхний алхам болгон цөөнгүй ажил санаачилж байсны нэг нь “Монгол наадам цогцолбор”. Хүй долоон худагт ийм цогцолбор байгуулах шийдвэр 2013 онд гаргасан байдаг. Түүнийхээ дагуу зам, талбай засахаас эхлээд тодорхой хэмжээнд тохижилтын ажил хийж ирсэн. Харамсалтай нь, энэ цогцолбор наадмын үеэр л ажилладаг, бусад үед нь сул зогсдог байв. Уг нь үндэсний баяр наадмаас гадна олон нийтийн болон тив, дэлхийн чанартай арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг, үндэсний бахархалт цогцолбор болгох зорилгоор тохижуулж эхэлсэн ч бараг ашигласангүй, хоосон шахам байсаар өдий хүрсэн юм. Тэгвэл тэрбумаар яригдах хэмжээний төгрөгөөр тохижуулсан тус газрыг хотын захиргааныхан өдөр тутам, жилийн дөрвөн улиралд ашиглах, ажиллуулах шийдэл олж, “Ub resort” цанын бааз байгуулжээ. Өвлийн аялал жуулчлал, спортыг хөгжүүлэх зорилготой тус баазыг өнгөрсөн амралтын өдөр зорилоо. Иргэд ая тухтай амарч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар Улаанбаатар хотод хомс байдаг учраас ийм бааз нээгдсэнд хүмүүс нэлээд ам сайтай байв. Энэ сарын 16-нд үйл ажиллагаагаа эхэлсэн, нээгдээд удаагүй гэхэд цөөнгүй хүн цуглажээ.
“Монгол наадам цогцолбор” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрынхан баазын үйл ажиллагааг гардан явуулж буй аж. Тэд жилийн дөрвөн улирал тогтмол үйл ажиллагаа явуулдаг болохын тулд цөөнгүй төсөл, хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэхээр зорьж байгаагийн эхлэл нь “Ub resort” юм байна. Хотын төвөөс алслагдсан, утаагүй бүс учраас эрүүл цэнгэг агаарт гарах гэсэн иргэд амралтын өдрүүдээр олноор ирж, багагүй ачаалал үүсдэг болжээ. “Ирсэн хүмүүсийг тоолж байгаагүй ч түрээслүүлсэн чарга, тэшүүрийн тоо зэргээс харахад бараг 500 дөхсөн болов уу. Өнөөдөр (өнгөрсөн ням гаригт) 400 орчим хүн ирэх шиг боллоо” гэж чарга түрээслүүлэгчид хэлж байв.
Харин ажлын өдрүүдэд эл хуль, 10-30 хүн ирдэг гэнэ. Үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байгаа учраас одоохондоо ийм байна гэж ажилтнууд нь тайлбарлав. Тус байгууллагынхан ажлын өдрүүдэд ирсэн хүмүүст одоогоор үндсэн үнээ 50 хувь хямдруулан үйлчилж буй юм билээ. Баазад чарга, цана, тэшүүрээр гулгах, мөсөн шагай харвах талбай байгуулжээ. Эдгээрээс чаргаар гулгах талбай нь хамгийн эрэлттэй байв. Мөн тэшүүрээр гулгах хүн ч цөөнгүй. Харин цанын талбайд хүн ирэх нь ховор аж. Ажилтнууд ч “Чарга түрээслэх хүн хамгийн олон байна” гэсэн юм. Түрээслүүлэх үнэ нь чарганы хэмжээнээс хамаарч 5000-10.000 төгрөг. Заавал түрээслэхгүйгээр гулгах хэрэгслээ өөрөө авчирч ч болдог юм байна. Үүний тулд мэдээж түрээсэлснээс бага хэмжээний төлбөр төлөх шаардлагатай. Мөн чарга худалдах үйлчилгээ ч бий болсон харагдана лээ. Амралтын өдрүүдэд олон хүн ирдэг учраас дээрх үйлчилгээнээс гадна морин чарга болон дөрвөн дугуйт мотоцикл хөлөглөхийг иргэдэд санал болгодог байна.
Биднийг очиход хоёр морин чарга, нэг мотоциклоор хүмүүст үйлчилж байв. Эдгээрийн үнэд даатгалын хөлс нь багтсан гэдгээрээ онцлог. Үүнээс гадна гадаа хүйтэн байгаа энэ үед түр амрах, дулаацах гэсэн иргэдэд зориулж гэр түрээслүүлдэг. Шинээр байгуулсан цанын баазад нийс- лэлчүүд ийн зугаалж байна. Харин гадаадын иргэд харагдахгүй байв. Ер нь тус баазад байтугай, манай хотод аялж буй гадаадын иргэд огт байхгүй гээд хэлчихэд бараг буруудахгүй бололтой. Манайд ажиллаж амьдардаг, түр зуурын ажлаар ирсэн хүмүүсийг үүнд оруулаагүй, зөвхөн аялах зорилгоор тур операторуудад хандсан хүн бий, эсэхийг сур- валжлахад ийм байгаа юм. Томоохон таван компаниас энэ талаар лавлахад “Одоогоор ирсэн жуулчин алга. Харин монголчууд гадагшаа нэлээд аялж байгаа. Өвөл Цагаан сар, Бүргэдийн баяр гэсэн тодорхой арга хэмжээний үеэр л жуулчид ирдэг” гэсэн адилхан хариулт өгсөн юм.
Манайд өвлийн аялал жуулчлалын хэдхэн арга хэмжээ бий. Энэ тал дээр сүүлийн жилүүдэд нэлээд анхаарч байгаа ч арга хэмжээний тоо төдийлөн нэмэгдээгүй. “Өвөл Улаанбаатарт жуулчин ирэхэд үзүүлж харуулах зүйл олддоггүй. Ажилладаг бааз бараг байдаггүй. Хотын бөөн утаа байдаг учраас Тэрэлж рүү авч явна” гэж аяллын компанийнхан хэлсэн. Харин энэ мэт бааз нээгдэж байгаа нь маш сайн хэрэг гэнэ. Гэхдээ үйлчилгээгээ сайжруулж, аюулгүй байдлаа сайтар хангахгүй бол жуулчид манай хотын талаар таагүй сэтгэгдэлтэй үлдэхийг анхааруулсан юм. “Ub resort”-ынхон үйлчилгээндээ хэрхэн анхаарч байгааг тодрууллаа. Тэнд амарч зугаалж буй иргэдээс үйлчилгээний чанар ямар байгааг асуухад хэд хэдэн санал хэллээ. Хоолны газар л гэхэд хоёрхон байх бөгөөд дараалал ихтэй. Бас гулгах талбайнуудыг тусгаарласан хашаа хашлагаа засаж, сайжруулж, зориулалтын зам, талбай тохижуулах ёстой гэв. Монголд аялал жуулчлал олигтой хөгжиж чадахгүй байгаагийн наад захын жишээ нь бие засах газар байхгүй явдал гэдгийг хотоос гарсан хүн болгон ойлгодог байх. Ийм асуудал “Ub resort”-д ч тулгарчээ. Хүйтэрчихсэн учраас, Наадмын үеэр ажиллуулж байсан боловсон жорлонгууд нь бүгд хаалгаа барьжээ. Мэдээж бие засах газар зайлшгүй шаардлагатай учраас ганц нүхэн жорлон босгосон байна. Амралтын өдөр очсон болохоор тэр жорлон нь ч бас дараалалтай. Дэд бүтэц тааруу, цаг агаарын нөхцөл хүнд зэргийг ойлгож болох ч цаашид энэ мэт асуудлаа шийдэж байж л урагшлахыг иргэд ярьж байлаа. Харин аюулгүй байдлын тухайд баазын ажилтнууд талбайд байнга эргүүлд гардаг юм байна. Мөн амралтын өдрүүдэд гэмтлийн эмч нар ажилладаг аж.
Баазын зохион байгуулагч Н.Гантулга аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа талаар “Хүүхэд, залуучууд гулгах учраас хэт өндөр биш газрыг сонгож бааз байгуулсан. Аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр цана, чарганы талбайг тохижууллаа. Мөн зориулалтын мөсөн гулгуурын, мөсний сурын талбай, морин чарганы үйлчилгээ үзүүлж буй” гэлээ. “Ub resort”-ыг хэрхэн өргөжүүлж, хөгжүүлэх талаар лавлахад тэрбээр “Бид дөнгөж туршилтын журмаар үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Энэ өвөл цанын бааздаа тулгуурлаж ажиллана. Яваандаа нэгдсэн цогц үйлчилгээ бүхий спорт цогцолбор бий болгохын тулд ирэх зунаас газар дээрээ гольфын талбай байгуулах талаар хотын захиргааны түвшинд ярьж байгаа” гэж ярилаа.