
Нийтийн тээврийн шинэчлэл хийгдээд өдгөө хоёр жилийн нүүрийг үзэж байна. Нийтийн тээврийг цахим системд шилжүүлж кондуктор төвтэй хуучны арга барилаас салах цаг нь ирсэн хэмээн "Ухаалаг" хэмээх системийг нэвтрүүлээд буй. Цахим карттай зорчигч автобусанд сэлгэн суухад мөнгө төлөхөө больсон нь олон хүнд эдийн засгийн болон цаг, хугацааны хэмнэлт авчирч чадсан. Гэтэл нийслэлийнхэн одоог хүртэл автобусанд бэлэн мөнгөөр бус, цахим картаар үйлчлүүлдэг хэвшилд дасаагүй бололтой. Нэг талаар энэ нь дэлхийн бусад хотуудын жишгийг дагасан ухаалаг шийдэл боловч нөгөө талаар нийтийн тээвэр алдагдалтай ажиллах нэг үндэс болж буй юм. Учир нь зарим ухамсар дорой иргэд урагдсан, дутуу эсвэл хуурамч мөнгөөр үйлчлүүлэх нь нэмэгджээ. Тодруулбал, нийтийн тээвэр картын системд шилжсэнээс хойш жолооч автобусны бэлэн мөнгөний хайрцагнаас мөнгө хулгайлж, иргэд дутуу мөнгө хийж, таван зуутын дэвсгэртийг хоёр хувааж талыг нь хийж байна гэх мэт хар бараан мэдээллүүд сүүлийн цацагдсаар байгаа. Сүүлдээ тэдгээр иргэний "арга" нарийсч, төгрөгийг сканердаж, канондсан цаасаар автобусаар үйлчлүүлэх болсон хэмээн албаныхан хэлж буй.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, бэлэн мөнгөний хайрцгаас гарч буй нийт мөнгөний 20-40 хувь нь хуурамч буюу уранхай тасархай мөнгө болсон гэнэ. Дийлэнх нь хуурамч 1000 төгрөгийн дэвсгэр хайрцаг руу хийгээд өөр нэг хүнээс 500 төгрөг хариулж авдаг болжээ. Энэ нь эргээд хуурамч мөнгө гүйлгээнд оруулах, залилангийн хэрэг ч болж эхэлсэн тул цагдаагийн газрынхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж..