
Нийслэлийн ЗДТГ-аас маргааш ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулна. Байнга шахуу болдог ажлын байрны нээлттэй өдөрлөгүүдээс нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт болох арга хэмжээ юугаараа өөр байх юм бол.
Тэгвэл үүнийг нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагыг өндөр чадамж, бүтээлч хандлагатай залуу боловсон хүчнээр цус сэлбэх, тэднийг Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах, цаашлаад төрийн албанд орох боломж нээж өгнө. Сүүлийн жилүүдэд нийслэлд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд залуучуудын мэргэжил, мэдлэг боловсрол, ур чадварыг ашиглах шаардлагатай байна” хэмээн тодотгов.
Хотын хөгжлийн инженерчлэл, Олон нийтийн бодлого боловсруулалт, Хотын хүрээлэн буй орчныг сайжруулах бодлого боловсруулалт, Санхүү эдийн засгийн бодлогын менежмент гэсэн үндсэн чиглэлүүдээр нээлттэй ажлын байрны өдөрлөг зохиох аж.
Энд зарлагдсан нарийн мэргэжлүүдээс дурдвал давхар зам, гүүрийн инженер, хөдөлгөөн зохион байгуулалтын инженер, хот төлөвлөлтийн эдийн засагч, хотын патентчин, хотын социологич, сэргээгдэх эрчим хүчний инженер, дендерлогич гэх мэтчилэн орчин үеийн Улаанбаатарыг олон улсын жишгээр хөгжүүлэхэд нэн шаардлагатай ажлын байрууд байгаа аж. Тиймээс залуусыг энэхүү өдөрлөгт идэвхтэй оролцохыг хотын удирдлагууд уриаллаа.