
2 дугаар сарын 7-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 38 дахь өдөр бөгөөд он дуусахад 327 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -14 хэмийн хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 11, есөн улаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрхтэн хурц болох гэнэ. Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2479.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.60, юань 363.80, вон 2.18 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 12.00 цагаас Шатахууны үнэ нэмэгдсэн талаар болон цаг үеийн асуудлаар МҮЭ-ийн холбооны удирдлагууд мэдээлэл хийнэ. МҮЭ-ийн холбооны байр, 4 давхарын хурлын танхимд болно.
- Биеийн тамир, спортын салбарын мэдээллийн урсгалын удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох цахим мэдээллийн портал хуудсыг аймгуудын Биеийн тамир, спортын газрууд, спортын холбоодод удирдах эрхийг олгох, хэрхэн ашиглах, хөтлөх талаар сургалт "Хөвсгөл нуур" рестораны хүндэтгэлийн танхимд 10.00 цагт эхэлнэ.
- 10.00 цагт НЗДТГ-ын А танхимд хотын дарга С.Батболд иргэдтэй уулзана.
- Пара цанын ДАШТ-д оролцох баг тамирчид 11.00 цагт Спортын төв ордны хурлын танхимд хэвлэлийн хурал зарлалаа.
- 11.00 цагаас "Монгол ньюс" мэдээллийн төвд Оном сан, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл ТББ хамтран Монгол Улсын эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн тусламжаар орж ирсэн "Харвони" эмийг зөвхөн Архангай аймагт хуваарилахаар шийдвэрлэсэн хууль бус шийдвэрийн талаар албан ёсны мэдэгдлийг хийх гэж байна.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас 300 гаруй уран бүтээлчдийн нэгдсэн “Эх ундарга” ардын урлагийн их наадмын талаар мэдээлэл хийнэ.
- 15.00 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны шүүн таслах ажиллагааны тайлан мэдээ, олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэсэн байдал зэрэг сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Гренад улсад Тусгаар тогтнолын баярын өдөр тохиож байна. Тус улс нь анх 1974 онд Их Британийн колониос ангижирч, тусгаар тогтнолоо зарлаж байжээ.
- 1989 оны энэ өдөр АМерикийн мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин Isaiah Thomas мэндэлжээ.
- 2016 онд БНАСАУ "Kwangmyŏngsŏng-4" хэмээх сансрын хиймэл дагуулаа амжилттай хөөргөжээ.
- 2009 онд Австралийн түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан гал гарч, 173 хүн амь насаа алджээ.