Уншигч-сурвалжлагч Б.ЦЭРЭНДОЛГОР Монголын багш нарын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Зочин У.ДЭМБЭРЭЛНЯМБУУ Гавьяат багш
“Уншигч-сурвалжлагч”-ийн энэ удаагийн зочноор Гавьяат багш У.Дэмбэрэлнямбуу оролцлоо. Гавьяаны амралтдаа гарсан ч тэрбээр Сүхбаатар дүүргийн 35 болон Завхан аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургууль, Монголын удирдах ахмад багш нарын холбооны хүндэт зөвлөхөөр ажилладаг.
Түүнтэй Монголын багш нарын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, 84 дүгээр сургуулийн англи хэлний багш Б.Цэрэндолгор ярилцлаа. Уншигч-сурвалжлагч Б.Цэрэндолгор асуулт тавихын зэрэгцээ 87 настай ахмад багшийн туршлагыг нэгбүрчлэн тэмдэглэж авсан билээ.
-Багш хэмээх алдраар 72 жил дуудуулж явааэрхэм хүнтэй уулзсандаа туйлын баяртай байна. Энэ бол ховор тохиолдол. Сурвалжлагчаас нэрийг тань сонсоод бага ангийн багшаас авхуулаад сургуулийн захирал хүртэлх бүх түвшинд ажилласан арвин туршлагатай хүнтэй уулзах нь гэж олзуурхлаа. “Үдийн цай” хөтөлбөрийг Монголд анхлан нэвтрүүлсэн алдарт У.Дэмбэрэлнямбуу багш гэж Та байх аа. Та сайхан хаваржиж байна уу?
-Сайхан хаваржиж байна. Ганц миний биш олон хүний хөдөлмөр шингэсэн ажил байсан юм. Ардын гэгээрлийн яамны гадаадтай соёлоор харилцах төлөвлөгөөний дагуу 1963 оны намар бага ангийн зургаан багш ОХУ-ын туршлагыг судлахаар явсны нэг нь би. Орост сар гаруйн хугацаанд ажиллаж, их зүйл үзэж, хөгжил дэвшилтэй нь танилцаж, багш нарынх нь арвин туршлагаас судаллаа.
Монголд ирээд хүн тус бүр Ардын гэгээрлийн яаманд тайлан өгсөн. Би тайландаа үзэж, харснаа нэгбүрчлэн бичсэн юм. Мөн орос багш нарын туршлагаас 20 зүйлийг нь ажил хэрэг болгох санаачилга гаргасан. Үүний нэг нь сурагчдыг үдийн цайнд хамруулах санал. Москвагийн сургуулиуд сурагчдадаа үдийн цай өгдөг. Улмаар сурагчид ажлын цаг дуустал сургууль дээрээ хичээлээ давтаж, даалгавраа хийдэг. Очсон газар бүхэн тийм байсан нь их таалагдсан.
Гаргасан санаачилгаа нэн тэргүүнд сумдаа хэрэгжүүлэх боллоо. Нэмж улсын тэргүүний соёлч сургууль байгуулах үүрэг даалгавар аваад нутагтаа буцав. Тухайн үед сумын удирдлага, “Хөгжил” нэгдлийн дарга Ш.Дашравданд энэ талаар хэлэхэд дэмжсэн. Сумын бага сургуулийн бүх хүүхдийг “Үдийн цай” хөтөлбөрт хамруулсан.
“Үдийн цай” хөтөлбөр нэртэй боловч өглөө, өдөр, орой гурван ээлжээр хүүхдүүдийг хооллож байлаа. Энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжиж 1964-1967 оны хичээлийн жилд өдөр өнжүүлэх бүлэг байгуулж, сургуулийн бүх хүүхдийг хамруулсан. Өдөр өнжүүлэх бүлэг хүүхдүүдийг гэрийн даалгавар, давтлага хийх бүх боломжоор хангаж, дугуйланд давхар хамруулдаг. Үүний зэрэгцээ аав, ээжүүдийг нь соёлч сургууль болох ажилд татан оролцуулсан юм.
-Үр дүн нь гарсан уу. Хүүхдүүд хэр хөгжсөн бэ?
-Миний үед сурлага, хүмүүжил гэж ярьдаг байсан. Орчин цагт энэ холбоо үгийн хүмүүжил нь гээгдэж, мартагдаа юу гэж санагдах юм. Гурван хичээлийн жилд “Үдийн цай” хөтөлбөрт 87 360 хүүхэд хамруулж, хажуугаар нь авьяасыг нь хөгжүүлсэн. Хүүхдийн авьяасыг хөгжүүлэхээр сурлага нь аяндаа сайжирдаг юм.
-Нийгэмд үл ойлголцол үүсгэдэг гол зүйл нь хүүхэд хүмүүжилгүй, тэд юу ч хийхгүй байна гэж хардагтай холбоотой. Гэтэл томчууд өөрсдөө хүүхдийн хүсэл, зоригийг бадраахгүй байна. Ээж, аав нь мөнгөө харамлаад байхад л хүүхдүүд PC тоглодог. Чихрээ нуугаад байхад олчихдог. Хүсэж байгаа болохоор.
Та тухайн үед тэр олон хүүхдийн хүсэл зорилгыг зөв тодорхойлж, авьяасыг нь хөгжүүлэх суурийг тавьж чадсан байна шүү дээ.
-Уйгагүй ажилласны дүнд манай сургуулийн бараг бүх хүүхэд хөгжим тоглож сурсан. Охид мандолин, хөвгүүд гармонь хөгжим сайхан тоглодог байв. Тухайн үед хөгжмийн өөр зэмсэг байхгүй учраас энэ хоёрыг тоглуулж, бас дуу, бүжиг заана. Эцэг, эхтэй нь хамтраад авьяасыг нь хөгжүүлбэл хүүхэд гэдэг агуу их ертөнц. Зарим үед багшийн мэдээгүйг хүүхэд олоод сонсчихсон байдаг.
Багшийн олж хараагүйг эцэг, эх нээдэг. Тийм учраас эцэг, эхтэй нь ярилцаж, хамтарч ажиллах нь чухал. Ингэж чадвал хүүхэд бүр хөгжимчин, дуучин, бүжигчин, уран нугараач, даамчин, шатарчин, тэшүүрчин, цаначин гээд тус тусын авьяасаа хөгжүүлнэ. Авьяасгүй, ундаргагүй хүүхэд манай сумд байгаагүй. “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж, соёлч сургууль байгуулахаар зорьсон нь манай сургуулийг улсын тэргүүний сургууль болгосон.
Үүнийг Ардын гэгээрлийн яамны Эвлэлийн төв хорооны олон удаагийн шалгалт, үзлэг гэрчилнэ. Тэр үед сурагчдын 70-аас дээш хувь нь онц, сайн сурч төгссөн.
-Хүүхдийн сурлага, хүмүүжилд багш хамгийн их нөлөөлдөг. Багш хүүхдийн сурлага, хүмүүжилд анхаарах ёстой. Гэтэл өнөөдрийн тогтолцоогоор сурлагад 85 хувь анхаарч, 15 хувьд нь хүмүүжлийн талаар ярьдаг. Хоёрдугаарт, сургууль, анги танхим хүрэлцдэггүй. Хүүхдүүд агаараа булаалдаад маш олуулаа сурдаг. Гурав дахь шалтгаан нь багшийн чадамж султай холбоотой. Тиймээс таны хэлдгээр эцэг, эхчүүд багш нартай хамтрах хэрэгтэй байх.
-Одоогийн хүүхдүүдийн сэтгэхүй бидний үеийнхээс тэс ондоо болсон шүү.
-Тийм шүү. Гэтэл 6-7 настай хүүхдийг сургуульд сургахад эртэднэ гэж шүүмжилдэг. Өнөөгийн зургаан настай хүүхдийн чадамж XX зууны найман настнаас хамаагүй илүү. Бид шүүмжлэлийг хүлээн авч хүүхдийг найман настайд нь сургуульд оруулбал шинэ сэргэг байсан тархи нь хэдийн хөгширч, чадамж буурна.
Товчхондоо, хүүхэд хохирдог. Таны туршлагыг 6-7 настанд хэрэгжүүлж, авьяасыг нь нээмээр байна. Тухайлбал, 6-7 настай хүүхдийг цэцэрлэгт хөгжүүлээд ерөнхий боловсролын багш шинжлэх ухааны мэдлэг олгож, цагаан толгой, тоо тоолол заавал үр дүнд хүрнэ. Хүүхдүүд амарч тоглохын зэрэгцээ цэцэрлэг дээрээ мэргэжлийн багшаар хичээл заалгаж, тархиа ядраахгүйгээр I, II ангийн боловсрол эзэмшиж болмоор санагддаг юм.
Ийм зохицуулалтгүйгээс хүүхэд ачааллаа даахгүй ядардаг. Дээр нь олонх эцэг, эх даалгавар давтуулах арга барил дутмаг тул хүүхдийг дарамтад оруулдаг. Нэг хэсэг нь хүүхдээ өдөр өнжүүлэх төвд явуулж, нөгөө хэсэг нь гэртээ цоожлоод үлдээдэг. Энэ тал дээр Та ямар байр суурьтай байна вэ?
-Өмнөх нийгмийн үед “Бүхнийг хүүхдийн төлөө” уриатай ажилладаг байлаа. Нам, засгийн бодлого зорилт ч ийм байв. Хүүхдийг ясли, цэцэрлэгээр дамжуулан сургасны дараа сургуульд оруулдаг. Ээж, аав нь санаа зоволтгүй ажлаа хийх боломж бүрдүүлж байсан юм. Зах зээлийн нийгэмд шилжээд энэ тогтолцоо устсан.
Өнөөдөр залуу ээж нар хүүхдээ өөрөө л хардаг. Арай гэж цэцэрлэгийн насанд хүрэхээр орон тоо байдаггүй. Хүүхдийг зургаан настай сургуульд оруулах нь зөв. Өнөөгийн хүүхдүүд мэндэлснээсээ эхлээд өнгөт ном үзэж, зурагт, гар утас, радио, компьютер бүгдийг хэрэглэдгээрээ XX зууны хүүхдүүдээс ялгаатай.
-Хүүхдийг сургаж, хүмүүжүүлэх нь зөвхөн багшийн ажил гэж нийгэм даяараа ойлгодог. Тиймээс багш хийсэнгүй, багш болохгүй байна гэж чичлэх нь түгээмэл. Уг нь төр, засаг, багш, эцэг, эх, хүүхэд нэгдэх ёстой. Төр бодлогоор хангаж, хүүхэд зорилготой, багш чадвартай, эцэг, эх оролцоотой байвал улс хөгжинө. Таны үед сургуулийн удирдлага багш нараа хэрхэн хөгжүүлдэг байв?
-21 настайдаа Завхан аймгийн Их-Уул сумын бага сургуулийн захирлаар томилогдож байв. Өмнө нь зургаан жил бага ангийн багшаар ажилласан. 1953 оноос захирлаар ажиллахдаа залуу насны тэмүүллээр бүх ажлыг гардан хийж, багш нараа татан оролцуулж, шинэ санаачилга гаргаж явлаа. Боловсролын системийг яаж хөгжүүлэх талаар багш нартайгаа үргэлж санал бодлоо хуваалцаж, хамтардаг байсан.
Ингэж л боловсрол болон хүмүүжлийн ажилд ахиц гаргаж явлаа. Тухайн үед захирлаар томилсон боловч хичээллэх анги танхим хангалттай байсангүй. Хичээл заах багш, сурах хүүхдүүд бэлэн ч анги танхимгүй шахам. Хоол иддэг жижиг танхимд хүүхдүүдэд хичээл заана. Дотуур байрны умгар өрөөг анги болгох үе ч бий. Тиймээс шинээр сургууль байгуулахаар эрс шийдэж хамт олондоо хэлсэн. Сумын захиргаа, хамт олон, эцэг, эхчүүд дэмжлээ.
Тиймээс 1953-1963 онд жижиг, том арваад барилгыг төсвөө хэмнэснээр барьж чадсан. Улсын төсвөөс нэг ч төгрөг нэмэлтээр гаргуулаагүй, эцэг, эхүүдийн сэтгэлийн дэмээр сургуулиа барьсан даа. Би барилгын ажлыг шалгах бус, өөрөө шавар зуурч, мужаан хийж, мод зөөж, бүх ажилд гар бие оролцсон. Ингэж стандартад нийцүүлж, иж бүрэн тохижуулсан сумын анхны сургуулийг барьсан.
Хотоос ирсэн шалгалтынхан сургуультай танилцаад гайхсан. Тухайн үеийн хэвлэлээр ч шинэ сургуулийн тухай олонтоо гарсан даа. Энэ үйл явдал надад урам өгч, соёлч сургууль болох үүрэг амлалт авсан маань бас л биелсэн. Шинэ сургуулийнхаа хашаанд пионерын байгууллагын 40 жилийн ойд зориулж пионерын анхны хөшөө босгосон юм. Тэр үед хөшөө дурсгал гэж мэддэггүй байлаа. Зүгээр нэг хөшөө барьсангүй, орчин тойронд нь зүлэг, мод, жимс тарьж, амралт зугаалгын бүс болгосон. Санаачилга байвал бүх зүйл бүтдэг. Сэтгэл байвал зүтгэл бий болно. Одооны залууст сэтгэл, тэмүүлэл дутаж байна.
Бас нэг шалтгаан нь багш нар үнэхээр завгүй ажиллах хэрнээ хэт бага цалин авах юм. Ийм болохоор боловсролын салбарын бодлого бүрэн хэрэгжихэд хэцүү. 1940, 1950, 1960-аад оны багш нар нийгмээ соён гэгээрүүлж, манлайлж явлаа. Хүүхдүүдээс гадна бичиг үсэггүй, малчин, ажилчин ангийнханд бичиг үсэг зааж байсан. Одоо үеийн багш нар нийгмийн соён гэгээрүүлэх нь битгий хэл, урдах ажлаасаа өндийхгүй юм.
Нөгөө талаар аавын гавьяагаар би багш болсон. Аав 1929 онд 17 настайдаа Завханы Нөмрөг сумд багшилж эхэлсэн. Удам залгаж, 15 настайгаасаа багшлахдаа аавын ажилч, хөдөлмөрч зангаас их зүйл суралцсан даа. Аав сургуулиудыг анх туслах аж ахуйтай болгож, олон газар шинэ сургууль байгуулсан. Энэ арга барилаа надад үлдээсэн нь хамгийн том өв юм.
-Өнөөгийн сургуулийн зарим удирдлага багш нараасаа мэдлэг дутмаг учраас хүндлэл хүлээж чадахгүй байна. Хамт олныг зангидах ур чадвар дутмаг байгаа нь ажиглагддаг. Уг нь хамт олон бүрдвэл ямар ч ажлын ард гарна даа. 2008 онд 84 дүгээр сургуулийн захирал үүнийг нотолж байсан юм. Тухайн үед 84 дүгээр сургууль гуравхан жилийн дотор нийслэлийн төдийгүй улсын тэргүүний сургууль болсон.
Тэр гурван жилд манай багш нар компьютерын дээд түвшний мэдлэгтэй болсон. Одоо ч манай багш нар компьютерын мэдлэгээрээ бусад сургуулийнхан дундаа толгой цохидог. Цахим сургууль гэж нэрлэгдэхүйц мэргэшсэн. Өдгөө сургуулиуд дотооддоо л өрсөлдөх юм. Олон улсад битгий хэл, улс дотроо уралдаж чадахгүй, элсэлтийн ерөнхий шалгалтын өмнөх өдөр 800 онооны төлөө шалгалтын материалаа задлаад баригдсан удаатай. Багш нар дотроо өрсөлдөх бус, олон улсын хэмжээний PISA шалгалт өгмөөр байна.
Энэ бол гурван жил тутамд тухайн улсын боловсролын түвшин, хүүхдүүдийн мэдлэгийн цар хүрээг сорьж, дэлхийн хаана явааг тодорхойлдог шалгалт. Бид гурван жил бэлтгээд 2021 оны шалгалтад орж болохгүй гэж үү. Багшийн хөдөлмөрийн үр дүн бусад мэргэжлийн адил нэг хоёр жилийн дараа гардаггүй. Тиймээс эмнэлэгт нэг хүн эндэж болох ч сургуульд 1000 хүүхдийн ирээдүйг устгаж болохгүй гэдэг үг гараа биз. Багшийн мэргэжил онцгой учраас нарийвчилсан бодлого хэрэгжүүлж, анхаармаар байна.
-Нийгэм солигдоод 30 жил болжээ. Энэ хоорондох үйл явцыг харахад, 1989 оноос боловсролын тогтолцоо алдагдсан. Засаг, төрийн бодлого тогтворгүй, оновчгүй учраас багш нар хохироод байна. Жишээ нь, сонгуулиас сонгуулийн хооронд сургуулийн удирдлагыг өөрчиллөө гэх юм. Үүний уршгаар боловсролын бодлого бодитой хэрэгжихгүй, хүүхдүүд хохирдог. Сурах бичгүүд жил ч хүрэхгүй солигдоод байх юм.
Ингэхээр яаж ардын хүүхдийг цогц мэдлэгтэй болгох зорилт хэрэгжих вэ. Үүнээс улбаалж төрд итгэх нийгмийн сэтгэлгээ уналтад орлоо. Мэдээлэл, харилцаа холбоо өндөр хөгжсөнийг ашиглаад санаачилгатай ажиллах арга барил, туршлага дутаж байна. Бидний үед аль сайн туршлагыг хэрэгжүүлсэн. Жишээ нь, манай үеийнхэн анхны сэхээтний нөхөрлөл, хөдөлмөрийн төлөө байгууллага байгуулж, ард нийтэд бичиг үсгээс гадна дуу, хөгжим, бүжиг зааж, Улаан булан байгуулж өгдөг байв. Ийм учраас би “Ударник” цол тэмдгээр шагнуулсан. Энэ тэмдгийг тухайн үед манай аймгаас ганц хоёр хүн авсан. Хөдөлмөрийн баатар цол тэмдэг гарахаас өмнө “Ударник” тэмдэг өгдөг байлаа.
-Та хэзээ хотод ирсэн бэ?
-14 жил болж байна. Хотод ирэнгүүтээ ахмад багш нарыг цуглуулж, мандолин хөгжмийн чуулга байгуулсан. Анх долоон хүнтэй байсан бол одоо 40-үүлээ тоглодог болсон. Багш хүн үргэлж хөгжих учиртай тул насаараа бусдаас суралцаж, мэдлэгээ хуваалцаж ирлээ.
-Багш нар хөгжих зайлшгүй шаардлага бий. Хүмүүс улс хөгжиж байна л гэх юм. Үүнтэй санал нийлдэггүй. Даян дэлхий хаалгаа нээгээд өөрсдийн хийсэн бүтээснээ хуваалцаж буй. Технологийн хөгжил нэвтрэх нь цаг хугацааны л асуудал. Уул уурхайгаас мөнгө оллоо гэх хэрнээ эргээд харахаар баахан ухсан нүх, овоолсон шороо л байх.
Нөхөн төлжүүлж, мод тарьж, сэргээн засаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулсан нь ховор. Барилга барьж, гар утас хэрэглэж буй нь даян дэлхийн хөгжил. Хүний бүтээснийг хуулчихаад өөрсдийгөө хөгжлөө гэж ойлгох нь өрөөсгөл. Уг нь бидэнд монгол боловсролоо дэлхийд үнэлүүлэх боломж бий.
-XXI зуунд боловсрол, соёл, шинжлэх ухааныг оройдоо залж, ажиллавал улс хөгжинө. Эдгээрт төр багагүй анхаарч, ихээхэн хөрөнгө зарцуулах хэрэгтэй. Үүнд багш нарын оролцоо их чухал.
-Үе үеийн багш нар нийгэмд үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Өнгөрсөн 28 жилд олонх сэхээтэн ажлаасаа гарч, наймаа хийсэн шүү дээ. Гэртээ үлдсэн хүүхдүүдэд багш, сургууль л эрдэм мэдлэг олгож өдий зэрэгт хүргэсэн. Гэтэл энэ хөдөлмөрийг нь үнэлэх нь битгий хэл, төр 35, 40, 45 настай багшийг тэтгэвэрт хүчээр гаргасан удаатай. Одоо ч багш нар ачаалал ихтэй ажилладаг.
Хувийн хэвшлийн сургуульд хүүхдээ өгөхийн тулд эцэг, эхүүд жилд 30-40 сая төгрөг төлж байна. Ээж, аавууд энэ мөнгөө нийлүүлээд сургууль байгуулаасай. Учир нь тусгай орчинд сургасан хүүхэд ажлын байранд гараад дундаж давхаргынхны хүүхдүүдтэй нэг талбарт ажиллана. Нэг цаг үед амьдарч байгаа хүүхдүүд гэдгийг ойлгох хэрэгтэй. Хувийн хэвшлийн сургуулийн удирдлага эцэг, эхээс төлбөр, төрөөс татаас авдаг. Тийм юм чинь нэг ч гэсэн хүүхдийг төлбөргүйгээр сургуульдаа сургаасай. Манай боловсролын салбарт ийм эерэг хандлага дутаж байгаа нь үнэн.
-Төр, засгийн буруугаас боловсролын бодлого гажуудаж, хөгжихгүй байгаа юм. Багш нар хохирох боллоо. Өөрөөрөө төлөөлүүлж хэлэхэд, 46 жил багшилж, 26 жил зөвлөхдөө боловсролын салбарыг хөгжүүлэхийн төлөө сэтгэл чилээж ирсэн. Тийм хэдий ч миний бие өнөөг хүртэл орон сууцгүй явна. Ганц би биш, хөдөөгийн олон багш ийм юм.
Хотод ч ялгаагүй. Амьдралын эрхээр хотод ирээд холбогдох газруудад хандаж, орон сууцанд орох хүсэлт гаргасан. 10 жил өнгөрчихөөд байхад энэ асуудлыг шийдээгүй л байна. Насаараа ажилласан би ийм байхад бусад багш яаж орон сууцтай болох билээ. Төр багш нараа дэмжиж байж улс хөгжинө гэж боддог.
-Насаараа хөдөлмөрлөчихөөд өдий болтол байргүй гэж санасангүй. 46 жил ажиллаж, олон бодит зүйл бүтээчихээд, боловсролын төлөө, хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, амьд домог болсон хүн ийм байгаад харамсаж байна. Ахмад багш нартай уулзаж санал бодлыг нь сонсож, туршлагыг нь яриулахад олонх нь цаанаа нэг л гундуу, гунигтай байх юм. Багш нарын VII их хурал хэдхэн хоногийн дараа болно.
Уг хурлаар багш нарын нийгмийн асуудал, тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг хөндөж ярих ёстой. Багш нарыг үнэлэх үнэлэмж нийгэмд унажээ. Гэтэл нийгэмд магистр, доктор цолтнууд маш олноор “төрдөг”. Тодорхой сэдэв сонгож судлаад түүнийгээ баталж, эрдмийн зэрэгтэй болж буй. Харамсалтай нь, тэр судалгаа нь нийгмийн хэрэгцээг хангаж чадахгүй болохоор нэр хүнд нь унадаг байх. Багш нарын судалгааны ажлыг Шинжлэх ухааны төсвөөс санхүүжүүлж, судлах явцыг нь хянадаг, үр дүнг бодитой болгоход анхаардаг тогтолцоо үгүйлэгдэж байна.
XXI зууны иргэнийг XX зууны багш нар, ХIX зууны хөтөлбөрөөр, XVIII зууны цаг тооллоор хэрэгжүүлж буй. Тиймээс бид боловсролын тогтолцоонд шинэчлэл бус, хувьсгал хийх ёстой. XIX зууны мэдээллийг суурь бааз болгохдоо шинэчлэлийг хамтад нь заагаад явах ёстой юм болов уу. Ингэвэл багш нар хөгжинө. Таны үед багш нарын үнэлэмж ямар байв. Та удам дамжсан багш хүн. Танаас хойш багш төрсөн үү, танай удамд?
-Үндсэндээ багшийн удам тасралгүй дөрөв дэх үедээ явж байна. Аав, би, хүү, бас ач минь багш. Миний аав 1961 онд багш нарын их хурлаар Монгол Улсын Гавьяат цол, тэмдгээр шагнуулсан Завханы анхны багш. Аавынхаа мэргэжлийг өвлөн 1947 оноос өдий хүртэл багш хэмээх эрхэм алдраар дуудуулж явна. Хүү маань зураг, хөдөлмөрийн багш байсан.
Одоо ач маань Монголын үндэсний их сургуульд багшилдаг. Бүтэн зууныг өртөөлөн, дөрвөн үеэрээ багшилсаар өнөөдөртэй золголоо. Энэ хугацаанд төрийн хайр хишгийг хүртэж Гавьяат цол, тэмдэг авсан. Монголын боловсролын түүхэнд анхны удам залгасан Гавьяат багш Завхан аймгаас төрлөө гэж түүхэнд тэмдэглүүлсэндээ баярладаг.
-Бахархалтай юм аа. Би бас багшийн охин. Аав Д.Батсүх бага анги болон монгол хэл, уран зохиолын багшийн ажлыг насаараа хийсэн. Завханд “Хүрэн морь” найраглалыг анх толилуулахад аав гол дүрд нь тоглосон юм. Ээж бас бага анги, дотуур байрны багшаар ажиллаж, бүх амьдралаа сургуульдаа зориулсан. Тиймээс л би багш болсон байх.
-Чи багшийн үнэлэмж яагаад ийм доогуур байгааг судлав уу?
-Харьцуулалт хийж үзсэн, багш аа. Багшийн нэр хүнд унасан нь дараах шалтгаантай. Мэдээж багшийн цалин хангалтгүй байгаа нь үнэлэмж доогуур байгаагийн баталгаа. 2018 оны улсын дундаж цалин 1 223 000 төгрөг байхад багшийнх 732 000 байна. Энэ бол 500 000 төгрөгөөр доогуур үзүүлэлт. Хоёрдугаарт, багшийн хөдөлмөр талаар болдог. Жишээ нь, “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-д байгаль орчныг хайрлах талаар тусгасан.
Багш хүүхдүүдэд байгаль орчноо хайрлах, хог хаягдлыг ялгах сэдвээр хичээл зааж, ангилахад сургадаг. Гэтэл сургуулиас гарахад энэ нь хэрэгждэггүй. Хүүхдийн ялгаж тавьсан цаас, хуванцар сав, ахуйн хаягдал зэргийг тохижилт үйлчилгээний компанийнхан нийлүүлж ачдаг. Тиймээс хөдөлмөр дадал, бахархал болж чаддаггүй. Мөн багш бэлтгэж буй тогтолцоо буруу. Миний үед сурлага сайтай, багш болох чин эрмэлзэлтэй хүүхдүүдийг X ангиас нь бэлтгэсэн. Дараа нь элсэлтийн шалгалт өгүүлж сонгодог боллоо.
Харин өдгөө 500, 600, хувийн сургуулиуд 400 оноотой хүүхдийг багшийн ангид элсүүлдэг. 40 хувийн чадвартай хүүхэд багшийн сургуульд сураад сайндаа 60, 70 хувь болж өсөх биз. Эцэст нь, тэтгэмжийг нэмэх шаардлагатай. Багш сургуульд насаараа ажиллаад тэтгэвэрт гарахын өмнөхөн нас барах тохиолдол гардаг. Насаараа ажилласан юм чинь тэтгэмжийн мөнгийг нь хүүхдэд нь өвлүүлээсэй гэж хүсдэг.
-Та нарын яриад байгаа тэтгэмжийг манай үеийнхэн аваагүй. Нийтээрээ 200, 300 төгрөгийн тэтгэвэр тогтоолгоод л өнгөрсөн. Би 42 жил ажиллаж байж Гавьяат цол авсан. Гэтэл одоо зарим одон, тэмдэг халаасных болчихож. Сонгуулиар одон, тэмдэг гардуулаад л төрийн нэр хүндийг унагаад байна. Ялангуяа тэргүүний ажилтан тэмдэг үнэ цэнгүй болж. 1965 онд энэ тэмдгийг авахад 500 төгрөг дагалдаж ирсэн. Одооны ханшаар бол бараг сая гаран төгрөг. Ийм хэмжээний мөнгө дагуулдаг бол халаасных байхаа болих байх.
-Би боловсролын тэргүүний ажилтан тэмдгээ гурван жилийн өмнө авахад 30 000 төгрөг дагалдаж, 10 хувийг нь суутгуулаад 27 000-ыг авч байсан.
-Тийм үү. Бидний үед бас хүнээ боддог байж. 1991 онд тэтгэвэрт гарахад Монголын пионерын байгууллагаас хүүхдийн төлөө их зүйл хийснийг тань хүндэт дэвтэрт мөнхөлсөн гэх гэрчилгээ өгөхдөө 500 төгрөг дагалдуулсан. Одоо одон, тэмдгийг хийсэн, хийгээгүй бүгдэд нь хавтгайруулж олгоод багшийн үнэлэмжийг унагах юм. Өчигдөр уржигдархан Засгийн газраас багш нарын илүү цагийн мөнгийг нөхөж олгох шийдвэр гаргасанд баярлаж сууна.
-Залууст хандаж Та юу хэлэх вэ?
-Ахмад үеэ дурсан санаж, тэдэнтэй ярилцаж, туршлагыг нь сонсож байгаасай гэж хүсдэг. Ахмадын түүхийг одоо үеийнхтэй холбох ухаан дутаад байна. Хамгийн гол нэг зүйл бол хүүхдийг багаас нь эх оронч болгон төлөвшүүлж, хүмүүжүүлэх хэрэгтэй. Хүүхэд эх орноо, байгаль дэлхийгээ хайрладаг байгаасай. Гуравдугаарт, багш нарын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмээсэй. Ингэвэл аяндаа багшийн ажлын чанар дээшилж, хүүхдүүдийн сурлага ч сайжирна, төлөвшинө.
Үгүй бол төдийлөн үр дүнд хүрэхгүй. Б.Цэрэндолгор залуу багш хэрнээ их зөв ярилаа. Энэ ажлаа тууштай хийж, үр дүнд хүрээрэй. Амжилт хүсье. Удахгүй багш нарын VII их хурал болно. Тиймээс Монголын үе үеийн багш, Завхан аймгийн Их-Уул сумын бага, дунд, ахлах сургуулийн багш нар болон мөр зэрэгцэн ажиллаж байсан ахмадууддаа халуун баяр хүргэхийн зэрэгцээ аз жаргал, амьдралын сайн сайхныг хүсье.