Сэтгэлээ чагная гэвэл Шопены бүтээлүүдийг сонс. Чин сэтгэлээс баярласан, эсвэл гомдсон, орчлон хорвоод түүнээс сайхан нь үгүй хэмээн бат итгэж гүн дурласан бол түүний хөгжим дотоодыг тань улам хөглөнө. Вальс, мазуркийг нь эгшиглүүлж байгаад бүжиглэ. Рондо байсан ч болно. Энэ нь тойрон бүжиг гэсэн утгатай. Нэг аялгууг дахин дахин давтаж өрнүүлэн хөгжүүлсэн хөгжим. Оройн бүрийд ганцаар нам гүмхэн суумаар байгаа бол ноктюрныг нь “тавьчих”. Шөнийн дуу гэдэг төрөл нь. Уянга найргийн дээд нь бол баллада.
Чайковскийн хөгжмөөс амьдрал тэр чигтээ “үнэртдэг”. Нүцгэн үнэн, сайхан хайр, харуусал гуниг, цээж дүүрэн баяр баясгалан, байгалийн үзэмж төгс, эцэг, эхийн элбэрэл, гэнэн хонгор зан төрх гээд ер бүхнийг мэдэрч болно. “Хунт нуур” балетад хүмүүс яагаад дуртай байдаг вэ. Хүн-хуны тухай үлгэр гоё. Дэглэсэн балет, түүнийг амилуулагч балетчид ярих юмгүй гайхамшиг. Үзэгчид зөвхөн хүн болон хунгууд хэрхэн бүжиглэхийг харах гэж театрт очдоггүй. Ер бусын, дахин давтагдашгүй хөгжмийг нь сонсон жаргах гэж тасалбар худалдаж авдаг. Балетын эзэмдэн, “түрэмгийлэгч” уур амьсгалд автаж, бодит амьдралын түмэн зовлонг түр ч атугай мартах гэж очдог, сонсдог. Хүмүүний зүрх, сэтгэлд байгалийн, төрөлхийн хөгжим нуугдаж байдаг бөгөөд эгшиг холбож бичсэн аялгуу тансаг зохиол бүтээлүүдээр сэдрээн, сэрээснээр зүрх сэтгэл баяраар дүүрч, эд, эрхтэн бүхэлдээ тэнийдэг гэлтэй.
Рахманиновын зохиолуудыг сонсохыг үзэхийг санал болгож байна. Юм үзэж, нүд тайлсан, бас хал үзэж, халуун чулуу долоосон эх оронч орос хүний бүтээлүүд үндсэндээ нийгмийн, хувьсган өөрчлөхийн утга, чанартай гэхээр. Нийгмийн гэхээр албан мэт, уйтгартай, бараан гэсэн үг биш юм. Зүгээр л зүрх сэтгэлийн ташуур, эс бөгөөс хааяахан хүртэхэд гэмгүй “таван салаа боов” мэт санагдах нь бий. Бухимдал, гомдолтой, хэн ч байхгүй газарт ганцаар амьдармаар санагдахад тулсан үедээ суут хөгжмийн зохиолчийн бүтээлүүдээс, ялангуяа төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан II концертыг нь сонсвол та яг “дэлбэрнэ”. Тэгээд юу ч болоогүй юм шиг инээмсэглэн налайх болов уу.
Хөгжим бол амьдрал, асуудал шийдэх гарц ч мэт. Чухамхүү ийм учраас хөгжим сонсох зориулалтын танхим, театр улс оронд хэрэгтэй байдаг.
Хүмүүс ээ, хөгжим сонс. Хөл хорионы өдрүүдэд яг таарна.