Автобусанд буруу харсан сандалд суугаад явж байв.Нэг буудал дээр зогсоод хөдөлсний дараа гэнэт хэн нэгэн намайг цохиод авах нь тэр. Гайхаад хартал 60 гаруй насны эмэгтэй нэлээд зуунги өнгөөр “Босчих уу” гэлээ. Гайхсан би “Яасан гэнэ ээ” хэмээн лавлатал “Босоод өгчих” гэв. Харилцаанаас харилцаа үүсдэг гэдэг дээ. Хэн орж ирснийг мэдэх боломжгүй, буруу харсан сандалд сууж явсан хүнтэй ийм эвгүй өнгөөр харьцаж, биед нь халдах эрхийг хэн тэр эмэгтэйд олгосон бэ. Гэнэт эгдүү хүрч, “Та ямар эвгүй харьцдаг юм бэ. Би танай гэрт орж ирж суугаагүй. Энэ бол нийтийн тээвэр шүү” гэхэд “Та нар ахмад настандаа босож өгөх ёстой биз дээ” гэнэ. “Үгүй, тийм алба байхгүй” гэхэд амандаа бувтнасаар цааш яваад өглөө.
Ахмад настнаа хүндлэх соёл бидэнд бий. Гэхдээ ахмад нь ч залуусаа хүндлэх ёстойг мартаж болохгүй юм . Надад ч бас настай ээж, аав бий. Гэхдээ тэд минь хэзээ ч бусадтай ийм бүдүүлгээр харилцдаггүй, ёс зүйтэй, ухамсартай хүмүүс. Хэнд ч албатай юм шиг авир гаргадаггүй. “Эгчдээ, эмээдээ босоод өгөөч” гэсэн бол ямар ч асуудалгүй суудал тавих л байлаа. Автобусанд суух болохоор өөрийгөө өндөр, өтөл настан болгон тодорхойлж, хүүхэд, залуустай суудал булаацалдан маргалддаг ах, эгч нар олон. Тэд бидний өмнөөс өтлөөгүй, бидний төлөө амьдраагүй юм. Өр нэхэж, ялархах бол зөвхөн төрсөн үр хүүхдэдээ л тэр хандлага, харилцаагаа гарга. Зөвхөн тэд чинь л та бүхэнд хариу төлөх үүрэгтэй байх. Түүнээс олон нийтийн газар яваа хүүхэд, залуучууд та нарт өргүй. Зөв харилцаад, учраа хэлбэл хэн ч босоод өгнө. Харин шууд л биед нь халдаж, үзэн ядсан өнгө аястай харьцвал өт ч биедээ хүрэхээр атирдгийн үлгэрээр зохих хариугаа сонсох л болно. Жинхэнэ өндөр настан, таягтай болон хүүхдээ тэвэрсэн хүмүүс, жирэмсэн эмэгтэйд бараанаар нь суудал тавиад өгдөг, өгөх ч учиртай. Харин хөл гар нь бүрэн бүтэн 50-60 гаруй насныханд хэн ч суудал тавьж өгөх албагүй, тэгж шаардах ч эрх тэдэнд үгүй юм. Ийм хүмүүс автобусанд орж ирэхдээ л нүдээрээ сандал “олзолж”, сууж яваа залуу хүмүүсийг үзэн ядсан байдлаар харж, зуунги өнгөөр шаардаад эхэлдэг, андашгүй. Эсвэл дэргэд налж зогсоод, дээрээс хэвтэх шахна. эгснээ “Одооны залуучууд ухамсаргүй, настай хүнд суудал тавьж өгч мэддэггүй” гэх мэтээр “лекц” уншина. Ойр хавьд байгаа, эрт хөгшрөх дуртай ах, эгч нар энэ яриаг нь уулгалан дэмжинэ. Бага насны хүүхдүүдийг бол шууд л хөөгөөд босгоно.
Хүн бүхэн тэгш эрхтэй, ардчилсан нийгэмд амьдарч байгааг ийм “эмээ”, “өвөө” нар ухамсарлах ёстой. Хүүхэд ч, залуу хүн ч ядардаг юм. Бид мөнгөө төлөөд үйлчилгээгээ авч байгаа, тиймээс сандалд суугаад явах эрхтэй. Ер нь хэн түрүүлж орж ирсэн нь сууж, үйлчилгээгээ авах нь шударга ёсонд нийцнэ. Танай гэрт орж ирээд буйдан дээр чинь суучхаагүй л бол танд бусдад бүдүүлэг хандах, албатай мэт загнах, бүр дээрх “эмээ” шиг биед халдах эрх байхгүй. Ямар нийгэмд амьдарч байгаагаа ухамсарлаж, нийтийн соёлд, нийгмийн харилцаанд суралцах хэрэгтэй байна, эмээ, өвөө нар аа. Хүүхдүүд нь ядаж ээж, аавдаа нийтийн тээвэрт биеэ зөв авч явахыг сануулдаг байя.
Бэлтгэсэн С.Уул