“Миний анхны мэргэжил хүүхдийн номын зураач. Хүүхдийн номын “Жангар” студийг 2005 онд үүсгэн байгуулалцаж байлаа. Хэсэг хугацаанд мэргэжлээрээ ажилласны дараа сэтгэл судлалын чиглэлээр сурахаар шийдсэн. Ингээд эрхлэгчийн ажлаа хүлээлгэн өгөөд, дахин сурч эхэлсэн юм” хэмээн ярих бүсгүйг Б.Нарантулга гэдэг. Тэрбээр Урлагийн сэтгэл заслын үндэсний төвийн үүсгэн байгуулагч, урлагийн сэтгэл засалчаар ажилладаг юм. Монголд урлагийн сэтгэл заслыг хэрхэн нэвтрүүлж байгаа талаар түүнтэй ярилцлаа.
-Манай улсад урлагийн сэтгэл заслын чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг, үйл ажиллагаа явуулдаг байгууллага хэр олон бол. Танай төв хэд дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Хүмүүс урлагийн сэтгэл засал гэхээр “Би зурдаггүй, дуулдаггүй”, “Надаас хол хөндий юм байна” гээд өөрөөсөө холдуулдаг. Урлагийн сэтгэл засал бол дэлхийд ч шинэ зүйл. Монгол хүний соёл, сэтгэл зүйн онцлогт тулгуурлан хийсэн, том хэмжээний судалгаа одоогоор байхгүй. Жижиг судалгаанууд бол бий. 2015 онд би “Гэр бүлийн салалтын дараах стрессийг даван туулахад урлагийн сэтгэл заслыг ашиглах нь” гэх туршилтын судалгааг 12 эмэгтэйг оролцуулан, 12 долоо хоногийн хугацаанд хийсэн. Салалтын өмнө ба дараах үеийг харьцуулсан судалгаа л даа. Сараачсан зургуудад 1993 онд хийсэн нэг судалгааг үзээд дээрх туршилтаа хийх санаа төрсөн юм. 15-20 минутын хугацаанд сараачих үйлдлийг санаатай, санамсаргүй гээд ямар ч байдлаар хийсэн хүний стрессийн түвшнийг 20 хүртэлх хувиар бууруулдаг талаар тэр судалгаанд дурдсан байв. Би тухайн үед түүнийг уншчихаад монгол хүнд их хэрэгтэй юм байна гэж бодсон. Үүнээс л өөрөө судалгаа хийх санаа төрсөн юм. Судалгааны ажил маань ч үр дүнтэй болж, сэтгэл судлалын магистрын зэргээ хамгаалж байлаа. Мөн 2018 онд “Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн сэтгэл зүйн стрессийг бууруулахад урлагийн сэтгэл заслыг ашиглах нь” гэх судалгаа хийсэн. АНУ-ын “Hospital art” сан, Монголын урлагийн зөвлөлтэй хамтраад, Хавдар судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийг оролцуулж, урлагийн сэтгэл заслын зөвхөн зурах аргыг ашиглан хийсэн судалгаа юм. Үр дүн нь маш сайн байсан тул олон улсын урлагийн сэтгэл засалчдын хуралд илгээж байв. Сэтгэл зүйн салбар хөгжихөд судалгаа зайлшгүй хэрэгтэй. Тиймээс бид хоёр жил тутамд судалгаа хийхийг зорьж байгаа. Манай төвийнхөн сүүлд 2022 онд Кристина Нобелийн Хүүхдийн сантай хамтран 1000 хүүхдийг хамруулсан “Сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхдүүдэд урлагийн сэтгэл заслыг ашиглах нь” гэх судалгаа хийсэн. Манай байгууллага 2017 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Манайх урлагийн сэтгэл заслыг мэргэжлийн түвшинд хөгжүүлье гэсэн зорилго тавиад, сэтгэцийн эмч, урлагийн сэтгэл засалч, зураач, сэтгэл зүйч зэрэг таван хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлж байв. Төв болгон өргөжүүлснээс хойш нэг жил өнгөрч байна. Түүнээс өмнө бид өөр өөр газарт ажиллаад, судалгаагаа хийхдээ хамтардаг байлаа. Миний хувьд сэтгэцийн эмнэлгүүдэд голлон ажилладаг байсан. Сүүлийн хоёр жил Кристина Ноблийн Хүүхдийн санд ажиллалаа.
-Хөгжимт сараачмал сэтгэл заслын арга хэмжээг танай төвийнхөн зохион байгуулдаг юм билээ. Яагаад сараачихыг онцлон ашиглаж байгаа вэ?
-Манай төв одоогоор дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь чиглүүлэгт зурган сэтгэл засал юм. Энэ төрөл нь бусад сэтгэл заслаасаа хэд хэдэн зүйлээр ялгардаг. Нэгдүгээрт, дүрслэх урлаг ашиглаж байгаа. Хоёрдугаарт, бие махбодыг ашигладаг. Гуравдугаарт, бясалгал, бас ховсын элементүүд оруулдаг нь юм. Урлагийн сэтгэл заслыг дэлхий дахинд 1800-гаад оноос үндэслэсэн. Тодруулбал, Америк тивд ажилладаг сэтгэцийн эмч нар сэтгэцийн эмгэг өөрчлөлттэй хүний зурсан зураг нь эрүүл хүний зурснаас маш өөр байна гэдгийг анх анзаарсан. Түүнээс хойш хүний сэтгэл зүйг зурсан зурагт тулгуурлан оношилдог болсон юм. Үүнд үндэслэн албан ёсоор урлагийн сэтгэл засал гэх нэр томьёог бий болгосон.
Хүнд ухамсартай болон ухамсаргүй түвшин гэж байдаг. Тэгвэл ухамсаргүй түвшинд сэтгэл дотор байгаа зүйл хэзээ ч хэл яриагаар гарч ирдэггүй. Харин хөдөлгөөнөөр гарч ирдэг. Мөн хэлбэр дүрс, өнгөөр илэрхийлэгдэнэ. Эсвэл зүүдээр илэрдэг. Бидний ухамсаргүй түвшинд шийдэгдээгүй хэт олон асуудал байвал ухамсартай хийх үйлдэлд уур бухимдал, стресс ихэсдэг. Хүний ухамсаргүй байдлыг илэрхийлдэг зүйл бол дугуй дүрс. Шулуун зураас болохоор ихэвчлэн ухамсрыг бэлгэддэг. Хүүхдийн гар дөнгөж эвлээд, жижиг булчингууд нь хөгжиж эхлэхдээ ямар зураас зурдаг вэ гэхээр зүгээр л сараачдаг. Хүүхэд “Би өөрөө, би тэгмээр байна, би...” гэсэн ойлголт төлөвших үедээ шулуун зураас татаж чаддаг. Хоёр нас таван сартайгаас хойш хүний дүрс буюу дугуй, шулуун зураас зурж чаддаг болно. Шулуун зураас нь ерөөсөө хүний шийдвэр гаргах ухамсарт тулгуурладаг. Жишээ нь, дөрвөлжин дүрс зурахын тулд энд цэг тавиад, ийшээ явна гэх мэтээр дандаа шийдвэр гаргаж байдаг. Шийдвэр гаргах үйлдлийг ухамсартай түвшинд л хийдэг шүү дээ. Тэгэхээр харахад зүгээр л хамаагүй сарааччихсан юм шиг атлаа маш нарийн шинжлэх ухаан юм. Чиглүүлэгт зурган сэтгэл заслын нэг хэсэг нь сараачмал. Стрессийн түвшнийг бууруулах зорилгоор ухамсартай болон ухамсаргүйн түвшний зааг дээр ажиллах боломжийг эл засал олгодог. Хүмүүс бас сэтгэл засал гэхээр л бүх асуудлаа эхнээс нь ярина гэж боддог. Харин чиглүүлэгт зурган сэтгэл заслын үед чамд юу тохиолдсон, ямар мэдрэмж төрж байсан зэрэг нь ямар ч хамаагүй. Зөвхөн зурах аргаар бие махбодтой нь ажиллачихдаг. Хүлээн зөвшөөрөхөд хэцүү, хүнд байгаа зүйлүүдийг зургаас нь ажиглаж мэдээд эмчлэх боломжтой.
-“Хөдөлгөөнт-байшин-мод-хүн” гэх сорилын тухайд мэдээлэл өгнө үү. Хэрхэн явуулдаг вэ?
-Сэтгэл зүйн шинжлэх ухаан бий болсон цагаасаа л хүний сэтгэл зүйн байдлыг яаж ойлгох вэ гэсэн асуултад хариулахын тулд л хөгжиж ирсэн. Хүний сэтгэл зүйг хөдөлгөөн, хэл яриа, хэлбэр дүрсний тусгалаар танин мэдэх боломжтой. “Хөдөлгөөнт-байшин-мод-хүн” нь 1948 онд үүссэн, маш алдартай сорил. Хүн, байшин, мод гэсэн гурван дүрсээр хорвоо ертөнцийн бүх зүйлийг өргөн хүрээнд харах боломжийг олгодог юм. Энэ гурван дүрсэд тулгуурлаад хүний сэтгэл зүйн байдлыг тодорхойлдог. Эд нар нь бүгд бэлгэдэл гэж ойлгож болно. Жишээ нь, үхсэн мод байвал ямар бэлгэдэлтэй байж болох вэ. Байшингийн хаалга юуг илэрхийлэх вэ, хонх зурсан байвал тэр нь юуг илэрхийлж байна вэ гээд бүгдийнх нь үр дүнг судалж тогтоосноороо онцлогтой. Бас нэг гол зүйл нь эго буюу хамгаалах механизмыг нь мэдэх боломжтой.
Сараачмалын үед хүн голчлон ухамсаргүй түвшинд байдаг. Тэгвэл энэ сорилын үед хүний ухамсар ажиллаж байдаг. Ингэхдээ ухамсаргүй түвшинд байгаа бүхий л зүйлээ гаргаж зурдаг онцлогтой. Зургийг нь уншихаар хүмүүс та үзмэрч юм уу гээд гайхаад байдаг юм.
-Шаварт сэтгэл заслын сорил эмчилгээ гэж бий юм байна. Энэ нь хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг бол?
-Энэ нь нэлээд гүнзгий түвшний сорил. Монголд одоогоор шаварт сэтгэл засал гэж байхгүй болохоор хүмүүс үүнийг стресс тайлдаг тоглоом гэж ойлгоод байдаг. Герман эрдэмтэн 1940-өөд оноос судалж, хүүхэд ээжийнхээ гэдсэнд бүрэлдсэн үеэс зургаан нас хүртэлх хугацаанд хүнд бий болсон сэтгэл зүйн гэмтэл, шархыг шавраар дамжуулан эмчлэх боломжтойг баталсан. Жишээлбэл, хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэх эхний гурван сарын хугацаанд тухайн ээж “Жирэмслэх хэрэггүй байж. Миний амьдралын хамгийн буруу үйлдэл байлаа” гэх мэтээр гутарч, гуниглаж байсан бол хүүхэд шилжилтийн насанд хүрээд сэтгэл гутралд орох магадлал 70 хувьтай байдаг. Үүнийг засахдаа ээнэгшлийн түвшнийг зургаар нь тогтооно. Эцэг, эхтэйгээ ээнэгших харилцаа нь ээдрээтэй байвал шаварт сэтгэл заслын эмчилгээ хийнэ. Шаварт эмчилгээний давуу тал нь хүүхдийн бүр бага насанд буюу хэл яриа хөгжөөгүй үед авсан сэтгэл зүйн гэмтэл, мэдрэмжүүдтэй ажиллаж анагаах боломжтой нь юм.
-Бид заримдаа стресс бухимдалтай үедээ дуу сонсож, бүжиглэдэг. Энэ нь өөрсдөө ч мэдэлгүйгээр урлагийн засал хийж байгаа үйлдэл гэж ойлгож болох уу?
-Богино хугацаандаа бол ийм арга нь үр дүнтэй. Өөрийгөө ийм маягаар анагаадаг хүмүүс бий. Гэхдээ урт хугацаандаа үндсэн асуудлаа шийдэхгүйгээр яваад байх нь сөрөг талтай.
-Нийгмийн нөхцөл байдал, соёл, шашин шүтлэг зэргээс шалтгаалан европ, ази хүний сэтгэл зүй ялгаатай. Монгол хүнд хийдэг урлагийн сэтгэл заслын эмчилгээ бусад орныхоос өөр үү?
-Урлагийн сэтгэл засал залуу шинжлэх ухаан. Эхэнд хэлсэнчлэн монгол хүмүүсийг хамруулан дээр хийсэн судалгаа бага байгаа. Ажиглалтынхаа дүнд тулгуурлан хэлэхэд, монголчууд мэдрэмж, сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг хүмүүс биш. 2015 онд сургуулиа төгсөөд монгол хүмүүстэй ажиллаж байхад “Би юу ч чадахгүй байна” гэсэн мэдрэмж байнга авдаг байсан. Яагаад гэхээр монгол хүмүүс хэцүү байсан ч тэрийгээ нуухыг оролдож, төв царай гаргадаг. Уйлах гээд байсан ч уйлдаггүй. Иймд монгол хүнд уртын дуу, бий биелгээ гэх мэт уламжлалт урлагт суурилсан элементийг нь ашиглан сэтгэл засал хийх нь үр дүнтэй байдаг.
-Урлагийн сэтгэл засал хэр удаан хугацааны дараа үр дүнгээ өгдөг вэ?
-Ямар ч заслыг нэг удаа хийхэд л өргөс авчихсан юм шиг шууд зүгээр болчихдоггүй. Гэхдээ урлагийн сэтгэл засал нь ихэнх талаараа ухамсаргүй түвшинтэй ажилладаг учраас эмчлүүлэх хугацаа богино гэж үздэг. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд эмчилгээний хугацаанд үйлчлүүлэгчтэй дунджаар 8-12 удаа уулзах нь зүйтэй гэж үзэж байна. Харин урлагийн сэтгэл засалд энэ тоо илүү цөөн байх боломжтой.
-Сэтгэл зүйн олон эмгэгээс гадна хавдар гэх мэт биеийн өвчний үед энэ заслыг хийлгэж болох уу?
-Янз янзын өвчний үед ашиглаж байсан судалгаанууд бий. Түлэгдсэн хүүхдүүд, хавдартай, биеийн аль нэг хэсгээ тайруулсан, дайнд оролцсон хүмүүс гээд олон өвчтөнийг урлагийн сэтгэл заслаар амжилттай анагаасан туршлага бий. Бие махбодын өвчлөлийн цаана сэтгэл зүйн асуудал зайлшгүй байна гэж үздэг. Монголд голчлон хавдартай тэмцэж байгаа хүмүүст урлагийн сэтгэл заслыг ашиглаж байгаа.
Бэлтгэсэн Ц.Анударь