Гэрлэх ёслолын ордны захирлаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзулыг томилжээ. Тэрбээр энэ тухай цахим хуудсандаа “Хүмүүний амьдралын хамгийн үнэ цэнтэй зүйл бол гэр бүл. Төр оршихуйн үндэс нь ч гэр бүл байдаг. Монгол зон олны гал голомт бадраах хуримын ёслолыг 50 жилийн турш ёслол төгөлдөр зохион байгуулж буй, сайхан энергитэй газрын захирлаар томилогдон ажиллахаар боллоо. 50 жилийн хугацаанд 50 мянга гаруй хос хуримаа хийсэн байгууллагын үйл ажиллагааг өнгөрсөн, одоо, ирээдүйн алтан аргамж дээр зангидан ажиллахыг эрхэмлэнэ. Төрийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах зарчим баримтална” гэх зэргээр бичжээ.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй тэрбээр 2020-2024 онд буюу дөрвөн жилийн хугацаанд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар ажилласан юм. Үүнээс өмнө нь 2016-2018 онд тус хүрээлэнгийн орлогч дарга байсан. Харамсалтай нь, хүрээлэнг өчнөөн жил удирдчихаад дорвитой юу ч хийгээгүй төдийгүй бараг сүйрэхэд бэлэн болгосон талаарх мэдээлэл өнгөрсөн есдүгээр сард цахим орчинд тархаж байв. Тодруулбал, тус хүрээлэнгийн даргын үүргийг хүлээн авсан Ё.Нямжав Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хогондоо дарагдсан, 10 гаруй жил үйл ажиллагаа явуулсан атал цахилгаан, ногоон байгууламжийн усжуулалтыг нь ч шийдэж чадаагүй, бие засах газрууд нь ямбий амбаараас өөрцгүй болж, хөл бөмбөг, сагсан бөмбөг, теннисний талбай нь муудсан, үндсэндээ сүйрэхэд бэлэн байгааг олон нийтэд мэдээлсэн удаатай.
Гэвч уг асуудал хэрхсэн нь мэдэгдэхгүйгээр нам жим болов. Дарга нь байсан Ү.Оюунзул ч хариуцлага хүлээсэнгүй өдий хүрсэн. Нийслэлийн ганц том цэцэрлэгт хүрээлэнг сүйрүүлэхээ шахсан тэрбээр хариуцлага хүлээх нь битгий хэл, харин ч өөр албан тушаалаар шагнуулчихлаа. Төрийн алба, ялангуяа нийслэл хүний нөөцийн гүн дутагдалд орчихсон юм уу гэж гайхмаар томилгоонуудын нэг нь энэ болов. Нөгөөтээгүүр, салбар бүрд мэргэжлийн бус, харин намын томилгоонууд газар авсны тод жишээ боллоо. Бас нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг давхар албан тушаалаар шагнадаг уламжлал ийнхүү үргэлжилж байна.
Ташрамд дурдахад, Гэрлэх ёслолын ордон нь нийслэлийн харьяа, орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм. Тус байгууллагыг ашиггүй үйл ажиллагаа явуулдаг гэх шалтгаанаар 2015 онд хувьчлах объектуудын жагсаалтад оруулж байв. Нийслэлийн ИТХ уг асуудлыг хэлэлцээд, Гэрлэх ёслолын ордныг хувьчлах шаардлагагүй гэж үзэн, дээрх жагсаалтаас хасаж байжээ.
М.Оч