Монголд шинжлэх ухаан хэрэгтэй юү. Эсвэл “дарга бэлдэх” нь илүү чухал уу. Ийм асуултад эрх баригчид “Дарга илүү хэрэгтэй” гэж хариулах биз. Үүнийг эрх баригчдын үг, үйлдлээс төвөггүй ойлгож болно. Жишээ нь, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбар, Удирдлагын академи гэсэн боловсролын хоёр байгууллагад өнгөрсөн оны сүүлчээр яг адилхан зургаан тэрбум төгрөг хэрэгтэй болов. Гэтэл дарга бэлтгэдэг Удирдлагын академи гэх сургуулийн зургаан тэрбум төгрөгийн татаасыг эрх баригчид улсын төсөвт нууцаар шургуулсан. Харин шинжлэх ухааны салбарын нүүрийг тахалдаг МУИС-д хэрэгтэй зургаан тэрбум төгрөгийн татаасыг одоо болтол шийдээгүй. Ийм эрх баригчидтай улсад шинжлэх ухаан хөгжих үү.
Байгалийн ухааны салбарыг дампууруулах уу
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбарын санхүүгийн алдагдал зургаан тэрбум төгрөгт хүрч, багш нарынхаа цалинг тавьж чадахгүй болсон тул удирдлагууд нь хэвлэлд хандаж, төр засгаас дэмжлэг хүссэн нь өнгөрсөн арваннэгдүгээр сард өрнөсөн үйл явдал. Санхүүгийн алдагдал үүссэн хугацаа нь 4-5 жилийн өмнөөс эхлэлтэй аж. Уг асуудлаа тэд өмнө нь дотоод нөөц бололцоогоороо зохицуулж иржээ. Гэвч цаашид ийм маягаар амь зогоох боломжгүйд хүрснээ Шинжлэх ухааны сургуулийн захирал, доктор, профессор Б.Болд-Эрдэнэ ярьж байв.
Тэрбээр “МУИС төрийн өмчийн гэх статустай боловч хувийн сургууль шиг л ажилладаг. Нийт төсвийн 90 орчим хувийг оюутнуудын сургалтын төлбөрөөр бүрдүүлж байна. Үндсэндээ бид ингэж аргацаах маягаар олон жил ажиллалаа. Ийм нөхцөл байдлаараа удаан тэсэхгүй. Байгалийн ухааны салбарын академик мэдлэг олгодог хамгийн том, ганц сургуульдаа төр засаг татаас олгох замаар санхүүгийн алдагдлыг нөхөх шаардлагатай байна. Байгалийн шинжлэх ухааны салбарыг бодлогоор дэмжих цаг болсон” гэж мэдэгдэж байсан билээ.
Үүнээс хойш хоёр сар гаруйн хугацааны дараа нөхцөл байдал өөрчлөгдсөн, эсэхийг, бас эрх баригчид МУИС-д анхаарал хандуулсан, үгүйг түүнээс тодруулахад “Нөхцөл байдал огт өөрчлөгдөөгүй. Ерөнхий сайд ирж, сургуулийн үйл ажиллагаатай танилцах сураг дуулдсан. Гэвч одоо болтол ирээгүй л байна” гэв. Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зохиосон “Алсын хараа-2050” бодлогынх нь 2.1.27-д “Шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжилд дээд боловсролын сургалтын байгууллагуудын оруулах хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлж, бүс нутагтаа өрсөлдөх чадвартай үндэсний судалгааны их сургууль байгуулна” гэж заасан байдаг. Мөн 2.4-т нь “Олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацын тогтолцоог хөгжүүлнэ”, 2.4.4-т “Шинжлэх ухаан, инновацын салбарт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн олон эх үүсвэрт тогтолцоог бүрдүүлэн, төр, хувийн хэвшлийн түншлэл бий болгож, гадаадын дэвшилтэт технологи нутагшуулахад чиглэсэн соёлыг төлөвшүүлнэ” гэх мэт гоё заалт бий. Гэвч эдгээр нь уриа лоозон, суртал ухуулга төдий гэдэг нь дээрх ганцхан жишээнээс ойлгогдоно.
Нууц төсөв
“Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэхэд зургаан тэрбум төгрөг зарцуулна гэжээ. Энэ ямар учиртай зардал вэ. Би өнгөрсөн найман жилийн хугацаанд орон нутгийн төсвийг батлалцсан. Ийм зардал ерөөсөө хараагүй юм байна. Зөвхөн яам, Тамгын газрын албан хаагчдыг л мэргэшүүлдэг зардал уу” гэж УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан асуув. МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль хаалгаа барихдаа тулсан талаарх мэдээлэл олон нийтэд хүрснээс хойш төд удалгүй буюу өнгөрсөн арванхоёрдугаар сард УИХ улсын төсвийг хэлэлцэн батлах үеэр чуулганы танхимд ийм яриа гарсан юм.
Сангийн сайд Б.Жавхлан үүний хариуд “Засгийн газраас төрийн байгууллагуудад сургалт явуулах даалгавар өгдөг. Жишээ нь, өнгөрсөн жил “Шинэ сэргэлтийн бодлого”-той холбоотойгоор төрийн албан хаагчдыг сургалтад хамруулж, мэргэшүүлэх шаардлага гарсан. Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх зардал нь Удирдлагын академид өгөх санхүүжилт. Удирдлагын академи энэ санхүүжилтээр төрийн бүх шатны албан хаагчийг богино, дунд, урт хугацаагаар сургана. Зургаан тэрбум төгрөг нь төрийн бүх албан хаагчийг сургах зардал гэж ойлгож болно. Үүнийг хэтэрсэн, үргүй зардал гэж бодохгүй байна” гэх нь тэр. Удирдлагын академийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар харьяандаа байлгаж бөөцийлдгийг ч тухайн үед олон нийт мэдсэн. Бүр төсвийг нь хүртэл “төрийн албан хаагчдыг чадавхжуулах” гэсэн нэрийн доор нууцаар баталж өгдөг аж.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ч үүнийг дэмжиж, “Төрийн албан хаагчийг давтан сургах зайлшгүй шаардлага бий. Албан хаагчдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх замаар цаг үе, нийгмийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж алхах, бодлогын гүйцэтгэлийг чанартай болгох нь зүйтэй. Энэ нь Засгийн газраас баримталж байгаа бодлого, чиглэлийг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй” гэж байв.
2021 онд төрийн албан хаагчийн тоо 208 864 байж. Энэ тоо өнгөрсөн онд 228 820 болж, гурван жилийн дотор бараг 20 мянгаар нэмэгдсэн. Хөдөлмөр эрхэлдэг таван хүн тутмын нэг нь төрд ажилладаг. Албан хаагчаас гадна төрийн байгууллагын тоо ч нэмэгдсээр буй. Тухайлбал, улсын хэмжээнд 2022 оны эцсийн байдлаар төрийн 4232 байгууллага ажиллаж байсан. Тэгвэл өнгөрсөн оны III улирлын байдлаар энэ тоо 4271-т хүрчээ. Төрийн бүтэц ийнхүү жилээс жилд томорсоор буй ч чадавхжих бус, харин ч улам доройтсоор.
Монголд яагаад шинжлэх ухаан хөгждөггүй вэ
Монголд шинжлэх ухааныг хөгжүүлэхийн тулд хамгийн том даргыг нь УИХ-ын гишүүн болгох хэрэгтэй гэж бодож, түүнийгээ хэрэгжүүлж чадсан эрх баригчидтай улсад бид амьдарч байна. Шинжлэх ухааны академи (ШУА)-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл өнгөрсөн онд болсон сонгуулиар МАН-ын жагсаалтад нэлээд дээгүүр буюу тавдугаарт бичигдсэнийхээ үр дүнд одоо парламентад хууль батлалцаж буй. Харин шинжлэх ухааны салбар, бас ШУА нь бахь байдгаараа. Тэр битгий хэл, сонгуулийн дараа Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шинжлэх ухаан гэдэг нэрийг нь авч хаясан. Үүний дараа шинжлэх ухааны салбарыг аль яаманд хариуцуулах нь нэг хэсэгтээ л маргаан дагуулж байв. Улмаар Эдийн засаг, хөгжлийн яаманд тус салбарыг хариуцуулсан нэр зүүгээд л орхижээ. Үндсэндээ эзэнгүй болгочихсон байна.
Харин олон улсад шинжлэх ухааны төсвийн ДНБ-д эзлэх хувиар эл салбарын хөгжлийг хэмждэг. Гэвч манай улс уг салбарын бодлого, санхүүжилтэд огт анхаардаггүйн жишээ нь шинжлэх ухаан, технологид зориулдаг мөнгө ДНБ-ий дөнгөж 0.2-0.3 хувьтай тэнцэж байгаа нь юм. Энэ нь олон улсын жишгээс маш доогуур үзүүлэлт. Хөгжингүй орнуудад эл үзүүлэлт 2-4 хувьтай байдаг аж. Төсвийн дэмжлэггүй учраас судалгааны тоног төхөөрөмж авч, лаборатори байгуулж чаддаггүй, эрдэм шинжилгээний ажлууд гацдаг зэргийг зөвхөн МУИС-ийнхан бус, шинжлэх ухааны бүх байгууллагынхан хэлнэ гэдэгт эргэлзэх ч зүйлгүй.
ШУА гээд 1961 онд суурийг нь тавьсан, 60 гаруй жилийн түүхтэй, нүсэр бүтэцтэй байгууллага уг нь манай улсад бий. Гэвч тэр хэрээр шинжлэх ухаан хөгжсөн нь үгүй. ШУА-ийг төрөөс санхүүжүүлдэг. Харамсалтай нь, төсвөө урсгал зардалдаа зориулаад л дуусдаг учраас судлаачид нь гадаадын төсөл, хөтөлбөр, байгууллагуудыг царайчлахаас өөр аргагүйд хүрдэг аж. Нөгөөтээгүүр, ШУА-ийн хуучирсан бүтэц, удирдлагын хөшүүн тогтолцоо нь эл академийг эрдэм шинжилгээний бус, улс төрийн байгууллага болгочихдог гэхэд хилсдэхгүй. Ялангуяа сүүлийн жилүүдэд улс төрийн нөлөө бүхий, ашиг сонирхолтой холбоотой судалгаанууд л илүүтэй дэмжигдэж, бусад нь орхигдоход хүрснийг зарим эрдэмтэн ярих болсон.
Аврал бий юү
Тоо нь нэмэгдсэн ч бүтээмж нь сайжраагүй төрийн албан хаагчдыг давтан сургаж, тэр хэрээр татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулснаас МУИС-д татаас олгох нь зүйтэй гэсэн байр суурийг боловсрол судлаач Э.Сүндарь илэрхийлсэн. Тэрбээр “МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль зургаан тэрбумын алдагдалтай, бараг хаалгаа барихдаа тулж байна. Гэтэл төрөөс намын ажилтан бэлдэх зорилготой академид зургаан тэрбумын татаас олгодог. МУИС-д татаас өгчихөөр улс дампуурчих юм уу. Төрийн албан хаагчид чиг үүргээ гүйцэтгэх мэдлэг, чадвар эзэмшсэний дараа ажилд тэнцмээр байна. Тэнцэхгүй хүмүүсийг намын шахаагаар ажилд авсны дараа чадавхжуулснаас шинжлэх ухааны салбараа авч явах залуучууддаа сургалтын тэтгэлэг өгөх хэрэгтэй. Нүд хуурсан “дипломын үйлдвэр”-ийг татаасаар ажиллуулах нь утгагүй” гэсэн юм.
Түүнчлэн Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга, Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Оюунгэрэл Удирдлагын академийн барилгыг ерөнхий боловсролын сургууль болгох хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж, ийм агуулгатай албан бичгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Н.Учралд хүргүүлээд байна. Учир нь тухайн хэсэгт улсын сургууль огт байхгүй. Тиймээс иргэд хүүхдээ өндөр төлбөртэй хувийн сургуульд сургах, эсвэл өөр газар луу зөөхөөс аргагүйд хүрдэг гэнэ.
Шинжлэх ухааны хөгжил улс орны эдийн засаг, нийгмийн дэвшилд чухал үүрэг гүйцэтгэдгийг мэдэхгүй хүн үгүй. Эл салбарыг хөгжүүлэх хамгийн чухал хүчин зүйл нь бодлогын дэмжлэг болон санхүүжилт гэдэгтэй маргах хүн ч байхгүй биз ээ. Тиймээс намын гишүүн бэлтгэдэг сургуулиа эхлээд татан буулгаж, төсвийг нь байгалийн ухааны салбартаа зарцуулахаас шинжлэх ухааны хөгжил эхлэх юм биш үү, эрх баригчид аа.
М.Оч