Улс төрийн намын тухай шинэчлэн найруулсан хуульд дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа нийцүүлэн өөрчлөх үүргийг намууд хүлээгээд буй. Үүний дагуу Ардчилсан намынхан дотооддоо зарим хөдөлгөөн хийж эхэлжээ. Энэ сарын 3-нд тус намын Улс төрийн зөвлөл хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргасан байна. УИХ, орон нутгийн сонгуулийн үеэр ч албан ёсны эзэнгүй байсан ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг баталгаажуулж, дүрэм, журмаа өөрчлөх ажлын хэсэг байгуулан, их хурлаа ирэх тавдугаар сард товлосон аж.
Ийнхүү тус намынхан дотооддоо хөдөлгөөнд орж эхэлсэн ч УИХ, Засгийн газрын түвшинд хэдийн “амьгүй албат” болж хувираад байгаа юм. Хүчтэй сөрөг хүчин бай хэмээн сонгогчид АН-ыг 42 төлөөлөлтэй болгосон ч тэд Засгийн газрыг хамтран байгуулж, МАН-ын дагуул болох замаа зассан билээ.
Тэнхэл, чадал, сонирхол алга
УИХ эдүгээ МАН, АН, ХҮН намынхнаас бүрдсэн 118 гишүүн бүхий “бүдүүн бүлэг”-тэй болсон. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, Засгийн газарт дотроос нь хяналт тавих боломж хэмээн АН-ынхан уг шийдвэрээ тайлбарлаж байв. Гэвч хяналт тавих биш, эсрэгээрээ “базуулаад” дуусаж байх шиг. Монгол Улсын 2025 оны төсөв хэлэлцэхээс эхлээд л энэ парламент сөрөг хүчингүй гэдгийг иргэд ойлгосон юм даг. МАН-ыг сөрж зогсох учиртай хоёр дахь том нам ийнхүү амаа үдүүлж, буруу булхайг нь шүүмжлэх, засаж залруулах “эрхгүй” болсон байна. Тэд улсын төсвөөс эхлээд олон ч асуудлыг хараагүй, сонсоогүй мэт сууж буй. Хамгийн сүүлд Засгийн газрыг огцруулахыг иргэдийн төлөөлөл шаардаж, 13 өдөр жагсахад ч сөрөг хүчин байх ёстой энэ намаас нэг ч хүн алхам хийгээгүй. АН-ынхан эрх мэдэлдээ шигдэж, хамтарсан Засгийн газрын алдаа бүхнийг хаацайлахаар эрс шийджээ. Сөрөг хүчнээ уусгах Л.Оюун-Эрдэнийн тактик амжилтад хүрсэн гэсэн үг. Томоохон төслүүдээ хамтран урагшлуулах нь хамтарсан Засгийн газрын гол зорилго хэмээж, түрүүчээс нь хөдөлгөх алхам хийгээд буй. Гэвч нөгөө талдаа Монголын парламент сөрөг хүчингүй болж, эрх баригчдад төрийн бодлогыг хүссэнээрээ чиглүүлэх боломж бүрдүүлээд буй юм.
Улсын баатар, АН-ын гишүүн Э.Бат-Үүл саяхан хотын 2040 оны хөгжлийн төлөвлөгөөтэй холбоотой зөвлөгөөг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт өгснийхөө хариуд баахан шүүмжлүүлэв. Нэгэнт дээгүүрээ нэгдчихсэн намуудын хувьд энэ бол байж болох л зүйл. Гэтэл нийгмийн сүлжээнд хүмүүс “Ядаж таныг урвахгүй гэж итгэж байсан юм сан” хэмээн бичиж, ихэд буруутгасан. Түүнийг Шуурхай штабын зөвлөхийн албан тушаалд очсон хэмээн мэдээлсэн юм. Тэгвэл Э.Бат-Үүл үүнийг үгүйсгэж, “Би ямар ч албан тушаалд очоогүй. Хотын иргэн, нийслэлийн Засаг дарга байсан хүний хувиар би хаана ч хотынхоо талаар саналаа хэлнэ, санаа тавина” гэсэн билээ. Мөн тэрбээр “МАНАНХҮН гэдэг бол засаглалын муу хэлбэр. Сонгогчдын олонх нь МАН-д саналаа өгсөн. Гэтэл цөөнхөө барьцаанд авах гэж улс төрийн зорилгоор хамтарсан Засгийн газар байгууллаа. Хэдэн мега төсөл хэрэгжүүлнэ гэж үүнийгээ тайлбарлаж байна. Яах гэж иргэд саналаа өгч, олонх, цөөнх болгодог юм. Өнөөдөр эрх баригчдын гаргаж буй алдааг хэлэх сөрөг хүчин алга. Бүх юм холилдож, хүмүүс учраа олохоо байлаа. Сөрөг хүчин байсан бол ажил илүү хариуцлагатай, хурдтай явна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна лээ. Шүүмжлэлээс айж цөөнхийг барьцаалснаар парламентын утга учрыг үгүй болгосон гэж тэр үзэж буй аж. Юутай ч АН-ынхан МАН-ын өөдөөс дуугарах зориггүй, чадалгүй болсон нь үнэн. Мөн албан тушаалын зөөлөн сэнтий нь таалагдаад ийм үйлдэл хийх сонирхол ч үгүй байгаа биз ээ.
Л.Гантөмөрийг огцруулах ажил зунаас эхлэх үү
АН-ын Улс төрийн зөвлөлийн хурлаар ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибалыг жинхэлж, баталгаажуулсан байна. Тэрбээр УИХ-ын сонгуульд өвдөг шороодсоныхоо дараа уг албанд очсон юм. АН-ынхан хоёр талд хэсэг явсны эцэст нэгдэхдээ фракцууддаа албан тушаалын хуваарилалт хийсэн. Гэвч ерөнхий нарийн бичгийн даргаа томилж чадалгүй хоёр жил орчим болж, үүрэг гүйцэтгэгчтэй явсаар өдийг хүрсэн. Ерөнхий нарийн бичгийн даргыг тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонхын саналаар томилдог. 2023 оны наймдугаар сард болсон ҮБХ-ны хурлаар л үүнийг шийдэхээр төлөвлөсөн ч фракцууд нь тохиролцоонд хүрч чадалгүй хойшлуулсан юм.
Тус намын үндсэн дүрэм, дотоод журмыг өөрчлөх ажлын хэсэг 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байх гэнэ. Тавдугаар сард болох их хурлаараа энэ бүх өөрчлөлтөө баталгаажуулах аж. Үүнээс гадна АН-ын дарга Л.Гантөмөрийг их хурлын дараа солих тухай яриа хөөрөө болсон сурагтай. Тэрбээр хоёр хуваагдсан намаа нэгтгэж, олон фракцынхаа эрх ашгийг тэнцүүлэн, УИХ болон орон нутгийн сонгуулиар 2020 оны үзүүлэлтээ ахиулсан. Хэдий тийм ч шат шатны сонгуульд намаа ялуулж чадаагүй бол даргад хариуцлага тооцож, өөрчилдөг АН-ын дүрэм бий. Тиймээс УИХ-ын сонгуулиас хойш Л.Гантөмөрийг огцруулах, солих тухай яриа эрчимжсэн юм. Харин хамтарсан Засгийн газрын тэргүүн танхимаа хамгаалах, яриа тохиролцоогоо хэрэгжүүлэхийн тулд бусад нам доторх элдэв хөдөлгөөнийг хориглохыг хичээсээр ирэв. Улс төрийн намын тухай шинэчлэн найруулсан хуулийн дагуу намууд дүрэм, журмаа өөрчлөх хугацааг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болгон хойшлуулах санаачилгыг Засгийн газраас гаргаж байсан нь үүний жишээ. Ерөнхийлөгчийн сонгууль дуустал хамтрагч намуудаа хуучин дарга, дүрэмтэй нь байлгах сонирхол Ерөнхий сайдад бий. Хамтрагч нь солигдвол АН-ынхан Засгийн газраас гарах магадлал өндөр. Тиймээс дээрх хуулийн төслийг яаралтай горимоор өргөн барьж байв. Гэвч УИХ-аар төслийг хэлэлцэхдээ хугацааг нь наашлуулж, энэ онд багтаан намууд өөрчлөлтөө хийхээр болгон баталсан юм.
Тиймээс Л.Гантөмөрт хариуцлага тооцож, өөрчлөх яриа одоо бодит алхам болох магадлалтай. Хамтрагч намынх нь дарга солигдох, эсэх нь Засгийн газрын хувь заяатай шууд холбоотой. Тэгэхээр МАН-ын дарга үүнийг зүгээр хараад суухгүй. АН хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд орсноос хойш дотоод асуудлыг нь ч МАН шийдэлцдэг болсон байна. Л.Гантөмөр хагарч, бутарсан намаа эвлүүлж, эрх ашгийн зөрчилтэй олон фракцынхаа ая, эвийг олоод явж буй гэж нэг хэсэг нь үздэг бол хулчгар, хэтэрхий зөөлөн гэх мэтээр шүүмжлэх нь бий.
Ямартай ч УИХ-ын сонгуулиар 420 мянган сонгогч АН-д саналаа өгсөн. Парламент сөрөг хүчингүй найман жил болоход ардчиллын үндсэн зарчим, үнэт зүйл хэрхэн алдагддагийг мэдэрсэн учраас тэд АН-д итгэхийг хүссэн юм. Гэтэл нөгөөдүүл нь хүчтэй сөрөг хүчин байхын оронд албан тушаал, эрх ашгийг сонгосон. Үүнийхээ хариуг ч орон нутгийн сонгуулиар багагүй хүртсэн билээ.
Хэдийгээр нэгдэж, нийлсэн ч зориггүй, аялдан дагалдсан янзтай явж буй энэ намын ирээдүй бүрхэг хэвээрээ. Дараагийн сонгуулиар иргэдийн саналыг дахиад л наймаалцах байх гэсэн эргэлзээ сонгогчдод бий болоод буй. Удахгүй болох их хурлаас нь энэ талаар ямар шийдвэр гаргах бол. Мөн намын удирдлагаа сольж, МАН-ын дагуул биш, хүчтэй, өөрийн толгойтой сөрөг хүчин болж чадах уу гэдгийг харах л үлдэж байна.