“Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой” хэмээх уриатай “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг манай улсад хэрэгжүүлээд дөрвөн жил болж байна. Энэ хөдөлгөөний гол зорилго нь хүнсний аюулгүй байдлыг хангах, мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч болох юм. Түүнчлэн 2027 он гэхэд гол нэрийн 19 бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангах зорилт дэвшүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эдийн засаг, хөгжлийн зэрэг холбогдох яам, төрийн байгууллагынхан хамтран хүнсний аюулгүй байдлыг хангах, үйлдвэрлэлийг дэмжих нэрийн дор олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг тасралтгүй хийсээр буй.
Мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих нэрээр өнгөрсөн хугацаанд 3000 гаруй иргэн, аж ахуйн нэгжид 1.2 их наяд орчим төгрөгийг зээл хэлбэрээр тараасан. Төр засаг наанаа ийнхүү хүнсний аюулгүй байдал, хүн ардын эрүүл мэндэд санаа тавьж буй мэт дүр эсгэвч цаагуураа үүнтэйгээ зөрчилдсөн, уялдаа холбоогүй бодлого, шийдвэрүүдийг гаргаж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хүнд цохилт өгсөөр байна.
Яг одоо манай улсын газар тариалангийн салбар хүнд нөхцөлд буй. Ийм байдалд хүргэх шийдвэрийг УИХ, Засгийн газар өнгөрсөн онд гаргасан. 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах, малчдыг дэмжих, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-аас Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг өнгөрсөн оны хавар баталж, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаан буудайн гурилыг импортын татваргүй болгосон. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татварыг тэглэсэн гэсэн үг. Үүний үр дүнд манай улс 2024 онд өмнөх жилийнхээс хоёр дахин их буюу 117.9 мянган тонн тэжээл, тэжээлийн нэмэлт, 64.2 мянган тонн улаан буудайн гурилыг импортоор авсан. Тэр хэрээр өнгөрсөн онд тариалалт 50 гаруй мянган га талбайгаар буурч, ургац мөн энэ хэмжээгээр багассан. Дотоодын гурилын үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрч, зарим нь хаалгаа барихаас аргагүй болов. ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээлснээр манай улс дахь гурилын үйлдвэрүүд өдгөө 20-40 хувийн хүчин чадлаар ажиллаж буй, гурван аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон, цаана нь дахиад ийм тооны компани хаалгаа барьж болзошгүй байгаа гэнэ. Зудаас үүдэлтэй эдийн засгийн хямрал, хүндрэлийг даван туулах зорилготой гэх Засгийн газрын шийдвэр угтаа хөдөө аж ахуйг хөл дээр нь босгох бус, түүний гол салбар болсон газар тариаланг хямралд хөтөлсөн нь одоогийн нөхцөл байдлаас тодорхой харагдаж байна.
Манай улс хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийхээ 80 орчим хувийг импортоор хангадаг. Бусдыг царайчлахгүй, дотоодоосоо дориун хангаж чаддаг нь гэвэл мах, гурил, төмс. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нэн түрүүнд дотоодоосоо 100 хувь хангах боломжтой, чанар, хүртээмжийг нь сайжруулах хүнсэнд гурил, гурилан бүтээгдэхүүнийг багтаасан. Харин дээрх урхагтай шийдвэрийн балгаар дотоодоосоо хангах боломжтой нэг төрлийн бүтээгдэхүүнээ ч хэвийн нийлүүлж, үйлдвэрлэж чадахгүйд хүрлээ. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өнгөрсөн сарын 24-нд УИХ-д өргөн барьсан. Тэрбээр “Татварын чөлөөлөлттэй холбоотой энэхүү шийдвэр нь стратегийн хүнс болох улаан буудай, гурилын үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудын үйл ажиллагааг тогтворгүй болгох, тэдгээрт хийгдсэн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг үнэгүйдүүлэх зэрэг эдийн засаг, нийгмийн олон сөрөг нөлөөг дагуулж болзошгүй байна” гэсэн юм. Үнэндээ эдгээр эрсдэл хэдийн нүүрлэчихсэн шүү дээ. Дотоодын гурил үйлдвэрлэл, нийлүүлэлт хэдийн доголдсон, үүнээс үүдэлтэй олон сөрөг нөлөө нийгэм, эдийн засагт учирчихсан. Зарим нь “Татвараас чөлөөлөх шийдвэрээ цуцлаад л болчих асуудал” гэж бодож магадгүй. Үнэндээ энэ шийдвэрийг хэрэгжүүлсэн нэг жил орчмын хугацаанд алдсан боломж, үйлдвэрлэлийн үр ашгийг тооцвол ингэж цагаатгах аргагүй. Үйлдвэрлэгч бус, хэрэглэгчийн статустай, импортоос хэт хараат улсын хувьд гол нэрийн хүнс үйлдвэрлэгч гурван аж ахуйн нэгж хаалгаа барина гэдэг нь асар том гарз хохирол юм.
Малын тэжээл, улаан буудайн гурилыг импортоос чөлөөлөх шийдвэр нь үнэн хэрэгтээ зудын хүндрэлийг даван туулах, эдийн засгийн хямралыг арилгах гэхээс илүү сонгууль угтсан шоу байсан юм. Улс төрчид сонгууль бүрийн өмнө малчдыг бөөцийлж, зөвхөн тэдэнд зориулсан тусгай, халамжийн гэмээр бодлого, шийдвэрүүдийг гаргасаар ирсэн. 2023-2024 оны өвөл, хаврын зуд тэдэнд сайхан далим болж, малчдыг хямд үнэтэй тэжээл, гурилаар хангах нэрийн дор санал худалдан авах “кампанит ажил” өрнүүлэх боломж олгосон. Энэ ажилд оройлон оролцож, “идэвх зүтгэл” гаргасан хүн нь тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга, одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан. Тэрбээр “Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж ажиллах ёстой. Гэхдээ дан ганц дотоодын үйлдвэрүүдийн эрх ашгийг хамгаалж байна гээд дэлхийн зах зээлээс 2-3 дахин үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөлийг иргэдэд бүрдүүлж болохгүй. Улаан буудай, гурилын үйлдвэр стратегийн ач холбогдолтой ч иргэд үнэтэй гурил хэрэглэж байгаад Засгийн газар санал нийлэхгүй. 600 гр гурилан боорцог орон нутагт 9000 төгрөгийн үнэтэй байна. Тиймээс иргэдэд нөлөөлж буй үнийн өсөлтийг буулгах шаардлагатай” хэмээн сонгуулиас сар гаруйхны өмнө мэдэгдэж, дараахан нь Засгийн газар гурил, тэжээлийн импортын татварыг тэглэх, малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэрүүдийг гаргасан билээ. Уншигчид санаж буй бол дотоодын гурилын үйлдвэрүүдийг нийгэмд муу муухайгаар харагдуулах, үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг, иргэдийг шулдаг мэтээр ойлгуулах хар пиарын ажлуудыг яг энэ үед маш эрчимтэй хийсэн. Бүр зарим үйлдвэр, тэдний эздийг нь нэр цохож байгаад “алдаршуулсан”. Дотоодын зах зээл дэх шударга өрсөлдөөнийг хангаж, хянаж, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (одоогийн Монополын эсрэг газар) нь хүртэл тэдэнтэй “хамжилцсан”. Ингээд Засгийн газар санаснаа гүйцэлдүүлсэн юм. Үр дүнд нь өнөөдөр бид үндэсний үйлдвэрүүддээ дампуурах замыг нь зааж өгчхөөд сууж байна.
Нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цөөн компани зах зээлийн өрсөлдөөнийг царцааж, үндэслэлгүйгээр үнэ хөөрөгдөх, үгсэн тохиролцож нэмэх тохиолдол түгээмэл. Ялангуяа манайх шиг жижиг зах зээлтэй оронд ийм үзэгдэл байнга гардаг. Тэр бүрд төр үнийн өсөлтийг хязгаарлаж байна гээд импортын татварыг тэглээд, гаднаас ижил төрлийн хямд бүтээгдэхүүн “шахаад” байвал утга учраа алдана. Тиймээс энэ асуудлыг Өрсөлдөөний болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн дагуу шийдэх тодорхой зохицуулалтуудыг тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, шийдэх арга зам, баримтлах, хэрэгжүүлэх бодлого нь тодорхой гэсэн үг. Гэвч засаг авч болох хамгийн хор хохиролтой, халтай шийдвэрийг гаргаж, удтал хэрэгжүүлсэн нь сонгууль угтсан шоу гэж бат итгэхэд, нөгөөтээгүүр, тодорхой эрх ашигт үйлчилсэн байж болзошгүй хэмээн хардахад хүргэж байна. Улс төрчид малын тэжээл, гурилыг импортын татвараас чөлөөлөх талаар анх ярьж эхлэхэд л учир мэдэх хүмүүс “Төр өрсөлдөөнийг татвараар тас цохиж, үнийн өсөлтийг буулгах нь асар хортой. Ингэж л жижиг зах зээлийг гаднынханд эзлүүлэх, монопол төрүүлэх нөхцөл бүрдүүлдэг” хэмээн анхааруулж байв. Харин одоо тэд төрийн бодлогогүй, уялдаа холбоогүй, харалган шийдвэр нийгэм, эдийн засагт ямар их хор уршиг дагуулдгийг үүгээр жишээ татан тайлбарлаж байна.
Гурилын үйлдвэрүүдийг “буланд шахсан” Засгийн газрын ээлжит бай нь махны үйлдвэрүүд болов. Мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдийг дэмжих замаар хүнсний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлж, органик бүтээгдэхүүн экспортлогч болох том амбицтай Засгийн газар махны үнийг бууруулах, тогтворжуулах зорилгоор экспортыг нь таван сарын хугацаатай хязгаарлах шийдвэр гаргачихлаа. Ингээд гадаадын орнууд руу мах экспортолдог, бэлтгэн нийлүүлдэг компаниуд ирэх зургаадугаар сарын 1 хүртэл үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрлээ. Махны үйлдвэрүүдээр тогтохгүй малчдын ашиг орлого олох, мал, мах нийлүүлэх зах зээл ч хумигдав. Их хэмжээний мах нөөцөлсөн, бэлтгэн нийлүүлэхээр зэхэж байсан компаниудад эл гэнэтийн шийдвэр хүчтэй цохилт боллоо. Үүнээс болж хэдэн үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож, хэчнээн хүн ажлаа алдаж, хэр хэмжээний хохирол амсахыг таашгүй.
Хүнсний хувьсгал хийх амбицтай манай төр нэг гараараа аврах, нөгөөхөөрөө “амь таслах” ажил хийж байна гэлтэй л шийдвэрүүд гаргасаар. Тэд эхлээд тариалан эрхлэгчдийг ажилгүй болгох, гурилын үйлдвэрүүдийг дампууруулах шийдвэр гаргасан. Одоо “Атар-4” аян өрнүүлж газар тариалангийн салбараа аврах гэнэ. Дараа нь мал аж ахуй эрхлэгчид болон махны үйлдвэрүүдээ аврах хөдөлгөөн өрнүүлэх бололтой. Харин ард нь ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг зах зээлээс шахаж, дампууралд хөтлөх юм бол доо.
Н.Мишээл