Аялал жуулчлалыг олон улсад сурталчлах Засгийн газрын пиар, “кампанит ажил” утгаа алдлаа. Одоо жаахан амсхийж, амыг нь татахгүй бол байдал бишгүйдэх нь. “Ковид-19” цар тахлын дараа дэлхийн улс орнууд аялал жуулчлалыг сэргээн хөгжүүлэх шинэ бодлого, төлөвлөгөө гаргаж, жуулчдын тоо, валютын урсгалыг нэмэгдүүлэх олон санаачилга, хөнгөлөлт, урамшууллын хөтөлбөрийг шил шилээ даран танилцуулсан. Манай улс яг энэ үеэс нэг сая жуулчин хүлээж авах зорилготой “Монголд зочлох жил” санаачилгыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Үүний хүрээнд Монголыг олон улсад сурталчлах, сайн сайхан харагдуулах ажлыг сүүлийн гурван жилийн турш боломжит бүх арга, сувгаар хангалттай хийлээ. Харамсалтай нь, тэр хэмжээнд үр дүн гарсангүй. Хэт гял цал сурталчилгаа, пиарт хамаг анхаарлаа хандуулснаас бодит бэрхшээлүүдээ олж харах нүдгүй болов, тулгамдсан асуудлуудаа шийдэх нөөц бололцоогоо ч үрэн таран хийв.
Олон улсын жишгээс харахад, дэлхийн орнууд жуулчдад зориулсан томоохон, онцгой бүтээн байгуулалт хийх, ээлтэй бодлого хэрэгжүүлэх, шинэлэг санаачилга дэвшүүлэх, тусгай бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, гадаадын иргэдэд тулгамдсан асуудлуудыг шийдэх, түүхэн дурсгал, өв соёлоо хайрлан хамгаалах байдлаар аялагчдыг татаж, улсаа сурталчилдаг юм байна. Өөрөөр хэлбэл, жуулчид эх орныг нь зорин ирэх шалтгааныг бий болгож, аятай таатай аялах нөхцөлийг бүрдүүлдэг. Тэр нь эргээд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх сурталчилгаа болдог аж. Гэтэл манай Засгийн газар, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (одоогийн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам)-ынхан аялал жуулчлалыг хөгжүүлэх нэрээр олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголыг “хүчээр” магтуулах, олны танил хүмүүс, инфлүүнсерүүдийг “мөнгөөр зодож” авчрах, үзэсгэлэн яармагаар далимдуулан төрийн байгууллагынхныг гадаадад “зугаалуулах” ажлуудыг л гарамгай хийлээ. Харин салбарын тулгамдсан асуудлууд нь шийдэл хүлээсэн хэвээрээ, жуулчдад ээлтэй бодлого үгүйлэгдсэн янзаараа.
“Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд хамгийн анх 2023 оны наймдугаар сард “Nas summit” арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулж, дэлхий дахинд 70 сая дагагчтай “Nas Daily” медиа платформыг үүсгэн байгуулагч Нусейр Ясиныг багаар нь авчирсан. Өнөөдүүл нь “Монгол бол хүчирхэг эмэгтэйчүүдийн орон”, “Монгол ээжүүдэд төрөөс жил болгон мөнгө өгдөг, бас 4-өөс дээш хүүхэд төрүүлбэл Ерөнхийлөгч нь медаль гардуулдаг” гэхчлэн бодит байдлаас гажууд зүйлсийг өгүүлсэн, сурталчилсан мэдрэмжгүй контентуудыг цацаж, монголчуудын эгдүүцлийг хүргэсэн. Дараа жил нь мөн “Nas summit-2024” арга хэмжээг зохион байгуулж, дэлхийд алдартай гэгдэх нөлөөлөгч, контент бүтээгч 12 хүнийг урьж оролцуулсан билээ. Өвлийн аялал жуулчлалыг сурталчлах нэрээр өнгөрсөн оны өвөл Вьетнам, Тайландаас цөөнгүй “од” авчирч, цас, мөс үзүүлсэн. Түүнчлэн “Сэргэлэн охин Ян Сун” киноны дүрээрээ олонд танигдсан Жан Хёг тэргүүтэй БНСУ-ын жүжигчид, “Plus size” ангиллын моделиудыг Монголд аялуулж, цуврал контент, сошиал маркетинг хийлгүүлсэн юм. Эд бүгд Монгол Улсыг дэлхийд сурталчлан таниулах зорилго, даалгавартайгаар л манай улсад ирсэн. Тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин нар ч олон сая дагагчтай инфлүүнсер, контент бүтээгчидтэй ойр ажиллахаа илэрхийлж байлаа. Энэ ажил одоо ч тасралтгүй үргэлжилсээр.
Манай улс “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд сүүлийн жилүүдэд олон хүнийг гадаадад “аялуулж”, тансаглуулав. Олон улсын томоохон үзэсгэлэн яармагуудад алгасахгүй оролцож, үндэсний өв соёлоо сурталчлах нэрээр урлаг соёл, агаарын тээвэр, зочлох үйлчилгээний салбарын болон төрийн байгууллагын албан хаагчдыг тусгай арга хэмжээнд урьд байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэй илгээлээ. “World travel market”, “China international travel” гээд оролцсон арга хэмжээг нь дурдвал уртаас урт жагсаалт бий болно. Үүний зэрэгцээ Хятад, Солонгос, Вьетнам, Швейцар зэрэг улсад “Go Mongolia” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан. Түүнчлэн BBC, CNN телевиз, “Time” сэтгүүл зэрэг олон улсын хэвлэлд Монголын талаар захиалгатай мэдээ, нийтлэл цөөнгүй гаргуулсан. Үндсэндээ бид гадаад ертөнцөд өөрсдийгөө сайн сайхан харагдуулах сурталчилгааг тултал хийж, үүнийхээ үр дүнд зохиомол “имиж” бүрдүүлж чадлаа.
Зохиомол хэмээн тодотгосны шалтгаан нь манай улсын аялал жуулчлалын өнөөгийн хөгжил, бодит байдалтай холбоотой юм. Бид “Монгол бол аялахад хамгийн тохиромжтой, үзэж харах зүйл ихтэй, өвөрмөц соёл, уламжлалтай, онгон дагшин байгальтай орон” хэмээн сурталчилж, жуулчдыг манай оронд ирэхийг уриалж буй. Харамсалтай нь, бодит байдалд жуулчид аюулгүй, тав тухтай аялах наад захын шаардлага, орчин нөхцөлийг хангаагүй, дэд бүтцээ ч шийдэж чадаагүй л байна шүү дээ. Жуулчид аюул эрсдэлгүй зорчих зам, хүссэн үедээ бие засах, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж ч манай улсад алга. “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд жилийн дөрвөн улирлын турш жуулчин хүлээж авч буй нэртэй ч урьдын адил өвөл болмогц хамаг байдгаа дангинатал цоожилж аваад, аялагчдад зориулсан арга хэмжээнүүдээ зогсоочихдог хэвээрээ. Аялал жуулчлалын гол бүс Хөвсгөл аймагт гэхэд өвөл тогтмол ажилладаг, нэг дор 20-30 хүн хүлээж авах хүчин чадалтай амралтын газар, жуулчны бааз олдохгүй байгааг БНСУ-ын тур операторууд саяхан шүүмжилсэн. Нэг сая жуулчин хүлээж авах зорилготой Монгол Улсын аялал жуулчлалын салбарын бодит байдал өнөөдөр ийм л буй. Тиймээс л сурталчилгаа, сошиал контентод зохиомол дүр бүтээхэд бус, тулгамдсан, бодит асуудал, бэрхшээлүүдээ шийдэхэд анхааръя гэж байгаа юм. Жуулчдыг сурталчилгаагаар “дэгээдэж” авчрахаас илүү сэтгэлд хүрсэн үйлчилгээ, чанартай бүтээгдэхүүнээр татах нь үнэ цэнтэй.
Манай улс 2023 онд 650 мянга гаруй жуулчин хүлээж авч, утаагүй үйлдвэрлэлийн салбараас нэг тэрбум ам.долларын орлого төвлөрүүлсэн. Харин өнгөрсөн онд 809 мянган жуулчин угтаж, 1.5 тэрбум ам.долларын ашиг олсон. Ийм үр дүнд хүрэхэд “Монголд зочлох жил” санаачилга гойд нөлөө үзүүлсэн хэмээн аялал жуулчлалын салбарынхан ярьж, мэдээлж буй. Энэ бол бас л манай төрийн байгууллагынхны ил гаргахыг, ярихыг хүсэж буй сурталчилгааны шинж чанартай тоо. Нарийн яривал бид олсноосоо их мөнгийг гадагшаа урсгасан байх магадлалтай. Инфлүүнсерүүдийг урьж авчрахад, нийтлэл, контент бүтээлгэхэд зориулсан хөрөнгө, гадаадын орнууд руу аялахад зарцуулсан монголчуудын мөнгөний урсгалтай харьцуулбал дээрх мөнгөн дүн өчүүхэнд тооцогдоно. Зөвхөн 2024 онд гэхэд давхардсан тоогоор гурван сая монгол хүн буюу манай улсын 10 иргэн тутмын 7-8 нь гадаад руу аялсныг “Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг”-ийн захирал Д.Батболд мэдээлсэн. Тэгэхээр бид сурталчилгаанд зарцуулсан мөнгөнийхөө хэмжээгээр үр шим, ашиг орлого хүртэж чадахгүй байгаа гэсэн үг.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамныхан “2024 онд дэлхийн онцлох хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Монгол Улсыг сурталчлах нийтлэл, нэвтрүүлэг түгээсэн нь 165 сая хүнд хүрсэн. Монголын талаарх эерэг сэтгэгдэл олон улсад 137 хувиар өссөн” хэмээн мэдээлсэн. Гэвч энэ нь бас л барьцгүй, бүрхэг статистик. Үүнийг хэрхэн үнэлж тогтоосон нь тодорхойгүй. Яг ийм барьцгүй, “эзэн холбогдогчгүй” үзүүлэлт биднийг бодит байдлаа олж харж, үнэлж дүгнэхэд саад учруулна уу гэхээс тус нэмэр болохгүй нь лавтай. Тиймээс гял цал сурталчилгаа, тоонд хууртахаа больё. Бодит асуудлуудтайгаа нүүр тулъя, гарц, шийдэл эрэлхийлье.
Монголын аялал жуулчлалыг Хятадын зах зээлд сурталчлах зорилгоор “Weibo”, “Wechat” зэрэг сувгаар контент түгээж эхэлснийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин мэдээлсэн. Түүнчлэн харилцаа холбоо, зөвлөх үйлчилгээ, аялал жуулчлалын тэргүүлэх компани болох “Edelman”, “Poston consulting”, “Trip.com”-той хамтран ажиллаж эхэлснийг ч зарлаад буй. Английн Премьер лигийн “Фулхэм” баг өнгөрсөн оноос “Go Mongolia” үндэсний брэндтэй хамтран ажиллаж эхэлсэн. Үндсэндээ бид урлаг соёл, спорт, хэвлэл мэдээлэл гээд салбар салбарын томчуудтай хамтран ажиллаж байна. Одоо энэ бүхэн хангалттай. Гадаадын инфлүүнсерүүдийг авчрах, гэрээ байгуулах ажилд нэмж мөнгө үрэх шаардлагагүй. Та бүхний тооцон гаргасан “137 хувийн өсөлт” үнэн бол пиар, маркетингийн ажлаа энд хүрээд зогсоох цаг нь болжээ. Харин үүнд зарцуулж буй мөнгөөрөө аялал жуулчлалын суурь үйлчилгээ, дэд бүтцээ сайжруулъя. Улирлын хамааралгүй ажиллаж, ашиг орлого олдог, тогтвортой аялал жуулчлалын салбартай болъё. Хэдий болтол бид зуны гуравхан сарын настай аялал жуулчлалаас ашиг орлого олохын төлөө тэмцэлдэх вэ дээ.
Н.Мишээл