Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярын цэргийн хүндэтгэлийн ёслолд оролцлоо. Үүнийг тойрсон ээлжит мэтгэлцээнээ монголчууд нийгмийн сүлжээнд өрнүүлж байна. Мөн ахин хоёр жилийн хугацаа үлдэж байгаа ч Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа эхэлчихсэн, хууль, эрх зүйн орчныг хэний эрх ашигт нийцүүлэн өөрчлөх тухай хөшигний ард эрчимтэй хэлэлцэж буй. Тэгвэл бид зөвхөн Ерөнхийлөгч сонгодоггүй. Түүний гэргий буюу тэргүүн хатагтай ямар хүн байх нь олон нийтийн анхаарлыг татдаг. Сонголт хийхэд нь ч иргэдэд тодорхой нөлөө үзүүлдэг гэхэд болно. Харин Монголд тэргүүн хатагтайн байр суурь тун бүдэг байсаар иржээ. Зарим жилд нь бүр тэргүүн хатагтай биш, тэргүүн охинтой байсныг санаж буй биз ээ.
Ардчилсан тогтолцоотой болсноос хойш бид найман удаа Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулж, зургаан хүнийг сонгожээ. Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар хоёр удаа улирч ажилласан. Анхны Ерөнхийлөгчөөр МАН-аас нэр дэвшсэн П.Очирбатыг сонгож байв. 1990 онд тухайн үеийн Ардын их хурлаас Ерөнхийлөгч хэмээх албан тушаалыг анх бий болгосон аж. Улмаар АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан П.Очирбатыг Ерөнхийлөгчөөр томилжээ. Тэрбээр 1990-1992 онд БНМАУ-ын сүүлчийн Төрийн тэргүүн байсан юм. Энэ хугацаанд ардчилсан тогтолцооны дагуу олон өөрчлөлт, шинэчлэл манай улсад өрнөсөн. Шинэ, ардчилсан Үндсэн хууль, үүнд нийцүүлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиа ч баталж байв. Улмаар үүний дагуу анхны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд П.Очирбат сонгогдсон билээ. Ийнхүү тэрбээр хоёр тогтолцооны зааг дээр, БНМАУ-аас БНМУ-ын Ерөнхийлөгчөөр долоон жил ажилласан түүхтэй.
Тэгвэл түүний гэргий, анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаагийн нийгэмд үзүүлэх үүрэг, нөлөө юу байсан бол. Тэрбээр тэргүүн хатагтай байх хугацаандаа албан ёсны айлчлал, уулзалтад нөхөртэйгөө хамт явахаас бусдаар төдийлөн олны нүдэнд ил гарч ирдэггүй байжээ. Харин 2000 онд Монголын эмэгтэйчүүдийн санг байгуулан, тэргүүнээр нь өнөөдрийг хүртэл ажиллаж буй юм байна. “Жендерийн эрх тэгш байдлын төлөө эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлнэ” гэсэн уриатай тус сан нь ийм замаар нийгмийг өөрчлөх зорилготой бөгөөд энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, орон нутгийн бүлгүүдэд санхүүгийн дэмжлэг олгодог гэнэ. Тэгэхээр тэргүүн хатагтай байсан цаг үедээ биш ч, хожим нь нийгмийн сайн сайхны төлөө тодорхой хувь нэмэр оруулан ажиллаж буй байх нь.
Хоёр дахь Төрийн тэргүүн Н.Багабанди 1997-2005 он хүртэл хоёр удаа улирч ажилласан. Түүний гэргий А.Оюунбилэг багш мэргэжилтэй. Тэрбээр тэргүүн хатагтай байх хугацаандаа “Оюунбилэг” сан байгуулан ажиллаж байв. Өнчин хүүхдүүд рүү чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байсан тус сан одоо татан буугдсан гэнэ.
Тэгвэл зургаан тэргүүн хатагтай дундаас улс төрд хамгийн их оролцоотой, бас олон нийтэд танигдсан нь гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэргий О.Цолмон юм. Тэрбээр ЗХУ-ын Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийг төгссөн, эдийн засагч, философич мэргэжилтэй. Тэргүүн хатагтайн хувиар өнчин хүүхдүүдэд туслах “Ерөөл” хэмээх сан ажиллуулдаг байсан гэнэ. Харин Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа улс төрөөс явахыг хүсээгүй. Улмаар түүнийг 2012 оны дөрөвдүгээр сард авлига, албан тушаалын хэргээр гэрээс нь баривчилсан билээ. О.Цолмон эхнэр хүний ёсоор нөхрөө хамгаалан байр сууриа илэрхийлж байв. Мөн 2016 онд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн нууц бичлэг алдагдаж, О.Цолмонгийн яриаг нийтэд цацан, шуугиан тарьсан юм. Нөхрийнхөө улс төрийн ажилд оролцдог, ард нь чиглүүлж, бүх “хорыг найруулдаг” гэж хүмүүс өөрийг нь ярьдаг, бас эмээдэг тухай тэрбээр энэ бичлэг дээр хэлсэн нь бий. Н.Энхбаярыг улс төрд дахин оруулахгүйн тулд МАН чадах бүхнээ хийсэн, тэр хүнд ч бас буруу байсан учраас авлига, албан тушаалын хэргээр ял авсан биз. Юутай ч үүний дараа 2016 онд тэрбээр Сонгинохайрхан дүүргийн 75 дугаар тойрогт нэр дэвших гээд чадаагүй. Оронд нь түүний эхнэр О.Цолмон нэрээ дэвшүүлсэн нь бий.
Ерөнхийлөгчийн албан тушаалд улирч сонгогдсон удаах хүн бол Ц.Элбэгдорж. Тэрбээр 2009-2017 онд Төрийн тэргүүн байсан билээ. Түүний гэргий Х.Болормаа Украины Львов хотын Геологийн факультетийг төгссөн, инженер, геохимич мэргэжилтэй. Тэргүүн хатагтай нарын дотроос нийгмийн салбарт, хүмүүнлэгийн чиглэлээр арай олонд хүрч ажилласан нь тэр байсан гэхэд болно. Тэрбээр нөхрийнхөө хамт 2006-2016 онд “Болор сан” асрамжийн төв ажиллуулдаг байсан. Ингэхдээ “Өнөр бүл” асрамжийн төвөөс хоёр бүлгийн 24 хүүхдийг авч, асрамжийн үйлчилгээгээ эхлүүлсэн аж. Энэ талаар тухайн үед хэвлэлээр нэлээд мэдээлэл гардаг байлаа. Өргөж авсан хүүхдүүд нь тэднийг аав, ээж гэж дууддаг гэдэг байв. Одоо тэдгээр хүүхэд нас биед хүрч, боловсрол эзэмшин, гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрчээ. Тэдний зарим нь гадаадад сурч төгссөн аж. Тэргүүн хатагтай байхдаа Х.Болормаа дээрхээс гадна “Итгэл- Хавдаргүй Монгол” хэмээх сан байгуулж, хүнд өвчинтэй тэмцэж буй иргэдэд тусалж байжээ. ХСҮТ, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасагт шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг хандивласан юм билээ.
Тэгвэл Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч дотроос гэр бүлийн хувьд хамгийн тодорхойгүй, нууцлаг нь Х.Баттулга байв. Бичиг баримт дээрх албан ёсны эхнэр нь Ц.Энхтуяа хэмээх бүсгүй байдаг гэдэг. Тэрбээр О.Цолмонгийн адилаар улс төрийн карьер хөөж явсан нэгэн. 2018 онд ИЗНН-ын дэд дарга болсон, 2020 оны сонгуульд бие даан нэрээ дэвшүүлж байжээ. Гэхдээ тэд хамт амьдардаггүй учраас ямар ч арга хэмжээний үеэр цуг харагдаж байгаагүй. Мөн Х.Баттулга орос эхнэртэй тухай мэдээлэл ч бий. Түүнийг нь бас хэн ч харж байгаагүй. Олны нүднээс хувийн амьдралаа ихэд нууцалдаг нэгэн. Уг нь улсын Ерөнхийлөгч болсон бол түүний гэргий бас нийгмийн өмнө хүлээх албан бус үүрэгтэй. Тэргүүн хатагтай нийгэмд тустай үйл хэрэг эрхэлж, үүгээрээ дамжуулан нөхрийнхөө пиарыг хийдэг жишиг олон улсад бий. Харин манайд бол Ерөнхийлөгч нь эхнэрээ нуудаг. Тиймээс Х.Баттулга сонгуулийн кампанит ажлынхаа үеэр ч, хожим нь ч эхнэрийнхээ оронд том охин Б.Намууныгаа хөтөлж явдаг байлаа. “Хэрэв Х.Баттулга сонгуульд ялбал Монгол Улс тэргүүн охинтой болно” гэсэн шог яриа ч гарч байв. Тэр нь ч биелсэн.
Одоогийн тэргүүн У.Хүрэлсүх анх удаа зургаан жилийн хугацаагаар сонгогдсон. Түүнд удахгүй болох сонгуулиар дахин улирах бодол бий. Тиймээс ч Үндсэн хуулийн 36.2-т “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг цуцлуулахаар ажиллаж буй гэх. Түү ний гэргий, одоогийн тэргүүн хатагтай Л.Болорцэцэг цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Тэрбээр тэргүүн хатагтайн хувиар нийгэмд тустай ямар нэгэн ажил хийж байгаа тухай мэдээлэл алга. Эхнэрийнхээ үүргийг гүйцэтгээд л нам гүм амьдардаг бололтой.
1990 оноос хойших Монгол Улсын Ерөнхийлөгч нарын гэргийг харахад ямартай ч нэг буяны сан байгуулж, өнчин хүүхдүүд, эмэгтэйчүүдэд туслах ажил өрнүүлж ирсэн байна. Олонх нь “Нөхрийнхөө улс төрийн ажилд оролцдоггүй. Ар талд нь бат зогсож байдаг” гэсэн нийтлэг дүр төрхтэй. Албан ёсны айлчлал, дипломат уулзалт, үндэсний баяр ёслолд л тэргүүн хатагтай нар нөхрүүдийнхээ хамт оролцож харагддаг. Нөгөө талаар манай улсад тэргүүн хатагтайн хийх ажил, үүргийг хуульчилсан зохицуулалт үгүй. Нийгмийн зүгээс ч тэргүүн хатагтай нарын үүрэг, нөлөөг нэхэмжилж байсангүй. Харин олон улсад тэргүүн хатагтайн үүрэг, нөлөө их. Тухайлбал, АНУ-д тэргүүн хатагтай нь Цагаан ордонд болох бүх хүлээн авалт, уулзалтыг зохион байгуулахаас эхлээд тодорхой үүрэг, хариуцлага хүлээдэг. Улсынхаа нийгэм, соёл, хүний эрх, хүүхэд хамгаалал, эрүүл мэнд зэрэг хүмүүнлэгийн үйл ажиллагааны нүүр царай болдог байна. Дональд Трампын гэргийг Меланиа, Францын Төрийн тэргүүн Эммануель Макроны эхнэр Брижит нар нөхрүүдээсээ дутахгүй алдартай, олны анхаарлыг татдаг. Харин манайд тэргүүн хатагтайгаа нэрлэж чадах хүн хэр олон байгаа бол. Энэ бүхэн нь тэд нийгэмдээ танигдаж, хүлээн зөвшөөрөгдөхүйц ажил хийж чадахгүй байгааг харуулж буй юм. Зөвхөн нөхрийнхөө арын албыг хариуцахаас гадна нийгэм, хүний эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр илүү идэвхтэй ажилладаг баймаар байна. Одоогийн тэргүүн хатагтайд ялангуяа “үүрнээсээ гарч” ажиллахыг уриалъя. Та хүний хань, хүүхдүүдийнхээ ээжээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн эхнэр учраас ард түмнийхээ сайн сайхны төлөө бага боловч ажил хийнэ үү.