УИХ-д гуравдагч хүчнийг төлөөлж буй намуудын нэг нь ХҮН. Өөр сонголт, найдвар хайсан иргэдийн хүлээлт, итгэлийн хүчээр энэ намынхан 2024 оны сонгуулиар парламентад анх удаа найман гишүүнтэй болсон юм. Тэдний хоёр нь л тойргоос өөрийн хүч, чадвараар ялгарч сонгогдсон бол үлдсэн зургаа нь иргэдийн намд нь өгсөн саналын дагуу, жагсаалтаар хууль тогтоогчийн суудалд хүрсэн. Боловсролтой, улс төрд өндөр албан тушаал хашиж байгаагүй, нэр цэвэр залуусаас бүрдсэн гэдэг нь тус намыг тодорхойлох гол дүр төрх байв. Тиймээс л холимог тогтолцоо үр өгөөжөө өгч, ийм хэмжээний төлөөлөлтэй болгожээ. Гэвч сөрөг хүчин хий хэмээсэн иргэдийн итгэлийг тус намынхан үл тоож, олдсон боломжоо ашиглан албан тушаал, эрх мэдэл эдлэхийг хүссэн юм. Тэд холын зайны, тогтвортой улс төр хийх чадвартай нам биш гэдгээ сүүлийн жил хүрэхгүй хугацаанд хангалттай нотлов. Азтай тохиолдлоор парламент дахь төлөөллөө ахиулж, Засгийн газарт багтсанаа эрийн сайндаа хийсэн мэт эндүүрчээ. Т.Доржханд, Б.Найдалаа тэргүүтэн “Бид эрх баригч, том нам” хэмээн “төсөөлж”, дуулсан дуундаа өөрсдөө уярсаар унаж явна.
ҮЗЭЛ БАРИМТЛАЛАА ОГЦОМ ӨӨРЧИЛСӨН НЬ
Хөдөлмөрийн үндэсний нам буюу ХҮН анх 2011 онд байгуулагджээ. Тус намыг үүсгэн байгуулагч, анхны дарга С.Зоригтбаатар нь зүүн төвийн үзэл баримтлалтай, ажилчин ангийн эрх ашгийг хамгаалдаг, хөдөлмөрчдийн төлөөллийг багтаасан нам байгуулахыг зорьсон юм билээ. Зүүний үзэл нь төрийн оролцоо давамгайлсан, тэгш хуваарилалт, нийгмийн халамжийг гол үнэт зүйлээ болгодог. Тийм ч учраас ХҮН-ийг МАН-ын “охин нам” хэмээн тодорхойлсоор ирсэн юм.
УИХ-д анх удаа төлөөлөлтэй болохдоо ч эл нам зүүний үзэл баримтлалтай хэвээр байв. 2020 онд тэд Монголын социал демократ болон Зүй ёс намтай хамтран Зөв хүн-Электорат эвсэл байгуулан сонгуульд оролцож, Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн Т.Доржханд сонгогдсон байдаг. Зүүний үзэл баримтлалтай нам ижил үнэт зүйлтэй улс төрийн хүчин болох Монголын социал демократ намтай эвссэн нь энэ байв. 2022 онд болсон тус намын VII их хурлаар зүүний үзлээ больж, хувийн эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг дээдэлдэг баруунтан болж хувирчээ. 2020 оноос хойш үзэл баримтлалаа өөрчлөх эхлэлээ тавьсан гэдэг юм билээ. Гэхдээ л зүүний намын үзэл баримтлалд итгэн нэгдсэн хүмүүс гэнэт л өөрчлөгдөж болдог байх нь. Мөн намынхаа нэрийг ХҮН болгон өөрчилж, хөдөлмөрийн үндэсний гэх үгийг “халсан” юм.
Өнөөдрийг хүртэл тус намын даргаар С.Зоригтбаатар, С.Боргил, С.Ганбаатар Б.Найдалаа, Т.Доржханд нар ажиллажээ. С.Ганбаатар дарга нь байх үед тэд дотроо талцаж, улмаар 2016 оны УИХ-ын сонгуульд оролцож чадахгүйд хүрсэн аж. Анхны дарга С.Зоригтбаатар нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа уг маргааныг Т.Доржханд эхлүүлсэн, жагсаалтыг үнэлж зарах санал гаргаснаас эхтэй тухай ярьсан байна лээ. Юутай ч ХҮН хэмээх жижиг нам 2020 онд парламентад гуравдагч хүчнийг төлөөлсөн ганц суудалтай болсноор иргэд эл намыг илүү таньж, дэмжиж эхэлсэн гэхэд болно. Улмаар 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд голдуу залуус шинэ салхи үлээлгэх хүчин хэмээн итгэж, тус намын нэр дэвшигч Д.Энхбатыг дэмжсэн юм. 2024 оны сонгуулиар ч ийм л бодлоор дээрх хэмжээнд хүртэл нь ХҮН намд итгэл үзүүлсэн билээ.
БУРУУ СЭХЭВ ҮҮ
Харамсалтай нь, сүүлийн жил хүрэхгүй хугацаанд олон зүйл илчлэгдэв. ХҮН намынхан хамтарсан Засгийн газарт орж, сайдын хоёр суудал авлаа. Т.Доржханд Шадар сайд болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “улаан хамгаалагч”аар ажиллав. Орлогоо нотолж чадахгүйгээс үүдэн Ерөнхий сайд огцрох болоход АН, ХҮН намыг Засгийн газраас хөөх тухай яриа гарч эхэлсэн юм. Тэр үед Т.Доржханд уйлан дуугарч “Урьж оруулчхаад хөөж гаргах гэвэл жинхэнэ сөрөг хүчин ямар байдгийг үзүүлнэ” гэв. Уг нь иргэд сөрөг хүчин хий гэдэг сонголтыг тус намд өгсөн юм шүү дээ. Үүнийг үл тоосон атлаа албан тушаал, эрх мэдлээс салах болмогц сөрөг хүчний нэр барин сүрдүүлсэн нь тэр. Гомдоллосныхоо хүчинд үү, угаас МАН-ын “охин нам” учраас уу, тэд дараагийн Засгийн газарт үлдсэн. Т.Доржханд ч Шадар сайдын суудлаа хадгаллаа. Боловсролын сайдаа солих гэснээ болив. Тэр зуурт ХҮН намын хэсэг гишүүн өөрсдийгөө эрх баригч, мундаг том нам болчихлоо хэмээн үнэхээр итгэжээ. Ялангуяа УИХ-ын гишүүн Б.Найдалаагийн харилцаа, хандлагын талаар парламентын болон жирийн гишүүд нь шүгэл үлээж эхэлсэн. Тэрбээр Боловсролын сайд П.Наранбаярыг зодсон нэг явдал бий. Хөхөрсөн нүдтэй болсон хэдий ч Боловсролын сайд намын нөхрөө хамгаалан “Би өөрөө далайж байсан гарт нь өртчихсөн юм” гэх маягийн тайлбар хэлээд өнгөрсөн. Мөн УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл чуулганы танхимд саналаа өгөх үед нь Б.Найдалаа гишүүн нөлөөлдөг, заадаг, сүрдүүлдэг тухай илчилж, “ХҮН нам тарвал таарна” гэсэн удаатай. Хариуцлагын ерөнхий хорооных нь дарга А.Дөлгөөн хэмээх бүсгүй намаасаа гарч буйгаа мэдэгдээд, ХҮН-д нэг хүний дарангуйлал тогтсоныг илчилсэн байдаг. Намын даргад хэтэрхий эрх мэдэл төвлөрүүлж, шүүмжлэл хэлсэн гишүүдээ хавчдаг хэмээн тэрбээр ярьсан билээ. Мөн “Улс орныг үзэл санаатай, зарчимтай, үнэт зүйлсээ хамгаалдаг, чигч, тулхтай, хоёр нүүргүй лидерүүд удирдсан цагт өөдөлнө гэдэгт би хатуу итгэдэг. Ийм лидерүү¬ дийг төрүүлэх хөрс ХҮН намд байхгүй, байлгах ч үгүй гэдгийг эцэст нь ойлголоо. Учир нь нэг хүний компани шиг нам хэзээ ч дотоод ардчилалтай байж мерит зарчимтай институц болж ажиллах боломжгүй юм байна” гэжээ. Ийнхүү ХҮН намд Б.Найдалаа, Т.Доржханд нарын ноёрхол, дарангуйлал тогтсон бололтой юм.
П.НАРАНБАЯРЫГ ОГЦРУУЛАХЫГ ШААРДЖЭЭ
Тус намын тойргоос сонгогдсон хоёр гишүүний нэг П.Наранбаяр Боловсролын сайдаар ажиллаад тоймтой зүйл хийсэнгүй. Түүнийг огцруулах тухай яриа, шаардлага өмнө нь нэг, одоо хоёр дахиа өрнөж байна. Хамтарсан Засгийн газарт 10 сар Боловсролын сайд хийхдээ тэрбээр ажиллаж байсан “Шинэ Монгол” сургуульд тендер зарлалгүйгээр 1.2 тэрбум төгрөгийг төсвийн мөнгөнөөс шилжүүлсэн нь ил болсон. Тус сургуулийн сургалтын хөтөлбөрийг ерөнхий боловсролын 120 сургуульд хэрэгжүүлэх зорилготой олгосон мөнгө гэнэ. П.Наранбаяр энэ талаар “Өмнөх сайдын үед гаргасан шийдвэрийг хэрэгжүүлсэн” гэж ярьтал Л.Энх-Амгалан үүнийг нь эрс үгүйсгэсэн тайлбар хийсэн билээ. Тиймээс Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүд Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлээд байна.
2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дараа УИХ-ын гишүүд Засгийн газрын сайд нарт шууд хариуцлага тооцож, “шүд сугалах” боломжгүй болсон юм. УИХ зөвхөн Ерөнхий сайдыг томилно. Мөн нийт гишүүний дөрөвний нэг нь санал гаргаж байж Ерөнхий сайдыг огцруулах, эсэх асуудлыг хэлэлцүүлдэг өндөр босго тогтоосон. Үүний давуу, сул талыг бид өмнөх Ерөнхий сайдыг огцруулах, эсэх асуудлыг хөндөх үед мэдэрсэн билээ. Үндсэн хуулийн 39.4-т “Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө” хэмээн заасан. Өөрөөр хэлбэл, сайд огцруулах, эсэхийг зөвхөн Ерөнхий сайд л шийднэ. Тэгвэл П.Наранбаярыг огцруулах шаардлага тавьсан гишүүн Б.Бат-Эрдэнэ “Энэ бол албан тушаалын гэмт хэрэг. Авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг шууд чөлөөлнө гэж Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдохдоо мэдэгдсэн. Эл үгэндээ эзэн байна гэж найдна” гэжээ. Байгуулагдаад хоёр долоо хоног л болж буй танхимдаа Г.Занданшатар хэдэн гишүүний шаардлагаар хөдөлгөөн хийх үү. Юутай ч хуулийн байгууллага шалгаад гарах үр дүнг хүлээх биз.
Ийнхүү ХҮН намынхан түрүүчээсээ үүлэн чөлөөний нар мэт богино хугацаанд олдох эрх мэдлээ хэтрүүлэн эдэлж, буруу сэхэж явна. Хамтарсан Засгийн газар огцорсны дараа АН шиг хаалгыг нь хаагаад явах эр зориг тэдэнд байсангүй. Тэгсэн бол нэр хүндээ аварч болох байв. Гэвч тэд иргэдийн итгэлийг эрх баригчидтай наймаалцаад явж буй. Эрх мэдэл бүхнээс илүү гэдгийг Т.Доржханд ингэж баталсан. Одоо ХҮН намд дахин парламентад олон суудал авах, төрийн эрхийг барилцаж, өндөр албан тушаал хаших боломж гарахгүй биз ээ. 2024 оны орон нутгийн сонгуулиар иргэд тэдэнд дүнгээ тавьсан. 2028 онд ч өнөөдөр хэрхэн аяглаж байгаагийнхаа хариуг хүртэх биз. Богино настай нам, улс төрч гэдгээ өөрсдөө мэдэрч буй учраас л ийнхүү олдсон боломжоо тултал ашиглахаар зүтгэж байж мэдэх. Буруу сэхвэл их л дээрээс хүчтэй унадгийг мартаж болохгүй.