
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шахмал түлшний “эрин” энэ жилээр дуусаж болзошгүй нь. Яагаад үүнийг Төрийн тэргүүнд хамаатуулж байна вэ гэхээр тэрбээр Ерөнхий сайд байхдаа “Улаанбаатар хотын утааг бууруулах үр дүнтэй шийдэл үүнээс өөр үгүй” хэмээгээд түүхий нүүрсний хэрэглээг хориглож, оронд нь шахмал түлш нийлүүлэх шийдвэр гаргасан юм. Үүнээс хойш нийслэлийн гэр хорооллынхон утаа угаар, уршиг чирэгдэл ихтэй эл түлшийг ямар ч сонголтгүйгээр долоон жил хэрэглэж, амь, эрүүл мэндээрээ багагүй хохирсон. Харин одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үеэс ярьж, туршилт, судалгаанд нь ил, далд хөрөнгө мөнгө зарцуулж ирсэн хагас кокс буюу хөх нүүрсний “эрин” эхлэхэд бэлэн болсон бололтой.
Нийслэлчүүдийн 2025-2026 оны галлагаанд зориулж БНХАУ-аас 226 тэрбум төгрөгөөр 300 гаруй мянган тонн хагас кокс худалдаж авах тендерийг хотын удирдлагуудын шийдвэрээр “Тавантолгой түлш” ХХК-иас өнгөрсөн сарын дундуур зарласан. Тендерийн саналыг энэ сарын 21 хүртэл хүлээн авч, есдүгээр сараас бүтээгдэхүүнээ нөөцлөн, 2025 онд нийт 216, ирэх жил 90 мянган тонн түлш өмнөд хөршөөс худалдаж авахаар төлөвлөсөн юм билээ. Худалдан авах ажиллагаа зарласнаас хэдхэн хоногийн дараа нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Энэ оноос эхлэн Улаанбаатар хотын гэр хорооллынхонд шахмал түлш түлүүлэхгүй. Оронд нь импортын хагас кокс нийлүүлнэ” гэж эрс шулуун мэдэгдсэн. Эндээс шахмал түлшийг хагас коксоор орлуулах ажил бодлого, шийдвэрийн түвшинд хэдийн цэгцэрч, нэг талдаа гарсан нь харагдаж буй. Тэгэхээр энэ төрлийн түлшний үйлдвэрлэлийг дэмжих, чанарыг нь сайжруулахад өнгөрсөн хугацаанд зарцуулсан төсөв хөрөнгө, олборлох, тээвэрлэх, нөөцлөх, худалдан борлуулах сүлжээ, шат дамжлага бүрийг хариуцсан ажилчид, албан тушаалтнуудад олгосон цалин хөлс гээд ер “шахмал хар”-тай хамт бий болгосон, санхүүжүүлсэн бүхэн салхинд хийсэх нь. “Улаанбаатарын утааг бууруулах үр дүнтэй шийдэл үүнээс өөр үгүй” гэж зарласан шинэ “эрин”-ий гараан дээр олон зуун тэрбум төгрөгөөр байгуулсан үйлдвэрүүд ч хагас коксын хоморгод шахмал түлштэй хамт хөсөр хаягдах нь тодорхой болж байх шиг.
ҮНЭГҮЙДСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай болон сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах Засгийн газрын тогтоолыг үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр 2018 оны тавдугаар сард “Тавантолгой түлш” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Улмаар 2018-2020 онд эл компанийн харьяанд нийслэлчүүдийг шахмал түлшээр хангах чиг үүрэг бүхий гурван үйлдвэрийг ашиглалтад оруулсан юм. Тодруулбал, хоногт 1200 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай, дөрвөн ээлжийн 1000 гаруй ажилчинтай баруун бүсийн үйлдвэрийг Сонгинохайрхан дүүргийн XX хороонд, 800-1000 тонн түлш нийлүүлэх гурван цех, 730 гаруй ажилчинтай зүүн бүсийн үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт, хоногт 650-700 тонн бүтээгдэхүүн гаргах, 200 гаруй хүний бүтэцтэй төв үйлдвэрийг Баянгол дүүргийн XX хорооны нутагт байгуулсан билээ. Эдгээр гурван үйлдвэрийн зөвхөн барилга, байгууламж, тоног төхөөрөмжид 370 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэсэн баримт бий.
Энэ оны эхээр болсон агаар, орчны бохирдлын асуудлаарх сонсголын үеэр “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Х.Ариунзаяа “2018-2024 онд “Тавантолгой түлш” компани нийт 1.7 их наяд төгрөг зарцуулснаас 1.4 их наяд орчмыг нь түлш үйлдвэрлэхэд, 371.5 тэрбумыг хөрөнгө оруулалтад хуваарилсан” гэж мэдэгдсэн юм. Нийт зардлынхаа 82.3 хувийг үндсэн үйл ажиллагаанд буюу түүхий эд импортлох, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тээвэрлэх, нөөц бүрдүүлэх, худалдан борлуулахад болон ажилчдын цалин урамшуулалд, үлдсэн 17.7 хувийг нь үйлдвэрийн объект, тоног төхөөрөмжийн хангамжид зарцуулсан аж.
Нийслэлчүүдийн хэрэглээг тасралтгүй хангаж, гал алдахгүй, зутраахгүй өвөлжүүлэхийн тулд улс өнгөрсөн жилүүдэд шахмал түлшний үйлдвэрлэлд ийм их хэмжээний мөнгө зориулжээ. Бидэнд мэдэгдэж байгаа нь л энэ болохоос үүний цаадах бодит дүн, дарга даамлуудынх нь “идэж, уусан”, завшсаныг тооцвол дээрх зардал талийх нь тодорхой. Гэтэл ингэж их хөрөнгө хүч зарцуулан байж үйлдвэрлэж, нийлүүлсэн бүтээгдэхүүнээ энэ олон жилийн дараа “Чанар, найрлагыг нь сайжруулах боломжгүй учраас татгалзахаас аргагүй” гэх учир битүүлэг дүгнэлтээр хэрэглээнээс халж, үйлдвэрүүдийнх нь хаалгыг барьж эхэлсэн нь хачирхалтай. 370 гаруй тэрбум төгрөгөөр байгуулсан “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрүүд Хятадаас оруулж ирэх хагас коксын агуулах болж, ажилчид нь борлуулагчийн үүрэг гүйцэтгэх дүр зураг л харагдаж байна.
ТӨВИЙГ НЬ ТАТАН БУУЛГАЖ, АЖИЛЧДЫГ НЬ ЦОМХОТГОСОН ГЭВ ҮҮ
Нийслэлд ирэх өвлөөс эхлэн хагас кокс түлүүлэх шийдвэр гарсан үеэс “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрүүд, тэдгээр дэх тоног төхөөрөмжүүдийг хэрхэх вэ гэдэг асуулт олон нийтийн анхаарал татаж буй. Өнгөрсөн сарын сүүлчээр болсон Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр “Үйлдвэрлэлээ ерөнхийд нь зогсоосон. Төрөөс тодорхой шийдэл хүлээж байгаа” гэсэн бөөрөнхий, бүрхэг зүйл ярьжээ. Харин Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас өгсөн мэдээллээр “Тавантолгой түлш”-ийн төв үйлдвэрийг татан буулгаж, баруун бүсийнх нь үйл ажиллагааг зогсоосон бол зүүн бүсийнхэд нь үлдэгдэл түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд үндсэн цехийн тоног төхөөрөмжүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлуудыг хийж байгаа гэх. Үүнтэй холбоотой тендерүүдийг ч зарлаад буй аж.
2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилтын хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос өнгөрсөн тавдугаар сард гаргасан тогтоолд “Галлагааны улиралд Улаанбаатар хотыг түлшээр тасралтгүй хангах зорилгоор импортын бэлэн түлш (хөх нүүрс)-ийг хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулах, шаардагдах зардлыг Засгийн газарт танилцуулахыг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Амгалан нарт үүрэг болгосугай” гэжээ. Эндээс харахад өмнөд хөршөөс хагас кокс татан авах, нөөцлөх, савлан борлуулах, нийлүүлэх ажилд “Тавантолгой түлш”-ийг дайчлах бололтой. Энэ тогтоол гарсны дараахан ч хотын дарга тус компанийн үйлдвэрт очиж ажилчдад нь шинэ албан тушаал, чиг үүргийнх нь талаар мэдээлэл өгч, “лүндэн буулгасан” сурагтай.
“Тавантолгой түлш”-ийн баруун, зүүн, төвийн бүсийн үйлдвэрийг анх 2000 орчим хүний орон тоотойгоор байгуулсан талаар цахим хуудсан дахь мэдээлэлд нь дурдсан байдаг. Тэгвэл энэ үйлдвэр хүчин чадлаа сайжруулах, тоног төхөөрөмжөө шинэчлэх, хяналт, судалгаагаа өргөжүүлэх тоолондоо хүний нөөцөө зузаатгасаар 2024 оны сүүлчээр 3000 давсан ажилчинтай болжээ. Төвийн бүсийн үйлдвэрийг нь татан буулгасантай холбоотойгоор компанийн хэмжээнд 400 орчим хүнийг цомхотгосон талаар албаныхан мэдээлж буй бол хөндлөнгийн эх сурвалжууд түлшний үйлдвэрт ажиллагсдын тоог бараг дөрөв дахин цөөлсөн, дахиад ч цомхотгох талаар ярьж байгааг хэллээ.
ГАЛТ ТЭРЭГ ХЭДИЙН ХӨДӨЛЖЭЭ
“Хятадаас 226 тэрбум төгрөгөөр ганцхан өвөл хэрэглэх түлш худалдан авч байхаар хагас коксын үйлдвэр барьсан нь дээргүй юү” гэх байр суурийг цөөнгүй хүн илэрхийлж байна. Инженер, технологийн салбарт ойр гэгдэх УИХ-ын нэр бүхий гишүүд ч ингэж ярьж буй. Мөн “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрийн нөөц, хүчин чадалд тулгуурлаад шинэ төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжтойг ч сануулах, зөвлөх хүн олон.
Биднийг ийн буруу, зөвийг хэлэлцэж, элдэв санал, шүүмжлэл дэвшүүлэх зуурт хагас коксын үйлдвэр байгуулах ажлыг холбогдох байгууллагууд хэдийн эхлүүлжээ. “Эрдэнэс Монгол” болон “Тавантолгой түлш” ХХК-ийнхан Багануурын нүүрсний уурхайд түшиглэн хагас коксын үйлдвэр байгуулах төслийг эхлүүлж, объектын засвар, ТЭЗҮ боловсруулахад 10 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байна. Хөх нүүрсний химийн үйлдвэр байгуулах шийдвэрийг Засгийн газраас 2024 оны сүүлчээр гаргасан бөгөөд 24 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үндсэндээ 2027 он гэхэд 800 мянган тонн хөх нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэрийг Улаанбаатарт нээх гэнэ. Харин тэр хүртэл Хятадаас бэлэн бүтээгдэхүүн худалдаж авахаар төлөвлөжээ.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын “Улаанбаатарт хагас коксын үйлдвэр байгуулна” гэж хэлснээ хэдхэн сарын дараа үгүйсгэж “Үйлдвэр байгуулах талаар огт яриагүй” хэмээн мэлзсэн дүрс бичлэг нийгмийн сүлжээнд саяхан тренд болсон. “Тавантолгой түлш” компанийн менежментийг хариуцагч нийслэлийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүс шинэ төрлийн түлшинд зориулж дахин үйлдвэр байгуулж буйгаа ихэд нууцалж, иргэд, олон нийтийн шүүмжлэлээс цэрвэж байгаа бололтой. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооныхноос энэ талаар тодорхой мэдээлэл авах гээд ч чадсангүй. Одоогоор баттай болоод буй зүйл нь гэвэл утаатай “тэмцэгчид” хагас коксыг эхний жилд толгой өвтгөхгүй нөөцөлж нийлүүлэх хамгийн дөт замыг 226 тэрбумын тендерээр зурсан бол сайжруулсан түлшний үйлдвэрүүдийг хөх нүүрсний “агуулах” болгож царцаах замыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолоор засжээ.
Н.Мишээл