Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, судлаач, доктор С.Амгаланбаатар “Монголчууд модны экологийн үнэ цэн, үйлчлэлийг их ярьдаг. Нэг ширхэг мод амьдралынхаа туршид төдөн сая төгрөгөөр үнэлэгдэхүйц хүчилтөрөгч ялгаруулж, төчнөөн хэмжээний усыг эргэлтэд оруулна гэхчлэн маш нарийн тооцоо, статистик дурдаад, бие биедээ мод тарихыг дуу нэгтэй уриалдаг. Гэхдээ энэ нь тийм ч амар зүйл биш. Мод ийм их хэмжээний үйлчлэл үзүүлэхийн тулд эхлээд амжилттай ургах, дараа нь урт удаан амьдрах ёстой. Үүний тулд эхний жилүүдэд тасралтгүй арчилж, бөөцийлөх шаардлагатай, мөн тэр хэмжээгээр “их”-ийг өгөх ёстой. Бид “Мод бол ус цэвэршүүлэгч, үйлдвэрлэгч” гэдэг. Гэхдээ тэр амьдралынхаа эхний үеүдэд ус хэрэглэгч гэдгийг мартаж болохгүй. Тиймээс хаа хамаагүй, таарсан газартаа мод, бут тарих нь үр дүнгүй. Аливаа газарт мод тарихдаа анхаарах хамгийн чухал зүйл нь нэгдүгээрт, усны хангамж, хоёрдугаарт, бүс нутгийн хөрс, уур амьсгалын онцлог” хэмээн анхааруулж, захиж байв.
Түүний энэ үнэтэй сургамж, зөвлөгөөг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлагч, хэрэгжүүлэгчдэд нь онцгойлон захья. Та бүхэн уул уурхайн томоохон компаниуд, үндэсний үйлдвэрүүд, орон нутгийн удирдлага, цагдаа, цэргийнхэнд “Төдөн сая мод тарь” гэж үүрэг даалгавар оноож, ам өчиг авахын оронд тухайн газар нутгийн онцлогт тохирсон цөөн боловч мод, бутыг амжилттай тарьж, ургуулах амьдралд ойр зөвлөгөөг тэдэнд өгөх хэрэгтэй байна. Үгүй бол та бүхний санаачилсан үндэсний хөдөлгөөн Монгол Улсыг цөлжилт, газрын доройтлоос аврах бус, харин ч уур амьсгалын хямралыг өдөөж, одоо буй байгалийн нөөц баялгийг үгүй хийж дуусгах нь. Ганц жишээ дурдъя.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлсэн үеэс уул уурхайн томоохон компаниуд, төрийн байгууллагууд 2030 он хүртэл олон сая мод, бут тарих амлалт өгсөн. Олон нийтэд мэдээлэхдээ л нийгмийн хариуцлагын хүрээнд, сайн дурын үндсэн дээр гэж тодотгосон болохоос энэ нь угтаа амлалт бус, тулган шаардалт байсан гэхэд хилсдэхгүй. Угаас хувийн хэвшлийнхний оролцоо, томоохон байгууллагуудын хүн хүчний нөөцгүйгээр ийм хэмжээний мод тарьж чадахгүй нь ойлгомжтой. Яг энэ үеэр Хил хамгаалах ерөнхий газар уг хөдөлгөөнийг дэмжин “Ногоон хэрэм-2” дэд төслийн хүрээнд Монгол Улсын хилийн бүсэд 16 сая мод тарьж, “ногоон суварга” босгох амлалт өгсөн юм. Тэгвэл өдгөө үүний хүрээнд өмнөд говийн хилийн бүсэд олон тооны бургас, улиас тарьж буй гэх. Тухайн бүсэд ажиллаад ирсэн, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн судлаач бүсгүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө үрсэн дэмий ажилд цэргийн байгууллагынхныг дайчлан зүтгүүлж байгааг халаглан ярьсан юм.
Судлаач тэнд ажиллаж буй хүмүүсээс “Та нар ядаж говийн унаган мод тарьж болдоггүй юм уу” хэмээн асууж. Гэтэл нөгөөдүүл нь “Дээрээс өгсөн үүрэг даалгавар, “Тэрбум мод” хөдөлгөөний зөвлөхүүд, агрономичдын тушаалаар тарьж байна” гэж амыг нь таглажээ. Ийм хариулт сонсоод, хэлэх үггүй болсон бүсгүй “Би энэ хөдөлгөөнийг анхнаасаа л улс төрчдийн мөнгө угаах хэрэгсэл гэж боддог байлаа. Хэрэгжүүлж байгаа үйл явцыг нь нүдээрээ хараад үүндээ эргэлт буцалтгүй итгэсэн. Энэ нийгэмд экологийн ач холбогдол, үнэ цэнийг ойлгож, түүнд тохирсон ажил хэрэгжүүлдэг бус, ховор зүйлийн амьтад, уур амьсгалын өөрчлөлтийн нэр барьж ашиг хонжоо олох сонирхолтой хүн илүү олон болж” хэмээн халаглан өгүүлжээ.
Судлаач бүсгүй яагаад ингэтлээ эмзэглэж, бухимдсан бэ гэхээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ямар ч тооцоо, судалгаагүй, уялдаа холбоогүй ажил хийж байгаа нь түүний дургүйцлийг хүргэж. Говийн бүс нутагт бургас, улиас ургуулахад нэн тохиромжгүй, энэ төрлийн мод усны эрлэг гэдгийг судлаач, агрономичид байтугай хашаандаа хэд гурван бут, сөөг үрслүүлдэг жирийн иргэн, говийнхон хэн хүнгүй гадарлах атал тэрбум мод тарих том зорилго тавьсан улс ийн байж боломгүй алдаа гаргаж байгаад тэрбээр үнэн голоосоо зэвүүцсэн аж.
Хамгийн хачирхалтай нь, тухайн бүсэд тарьж буй моддыг цаашид хэрхэн услах нь тодорхойгүй гэнэ. Усан хангамжийг нь шийдээгүй гэсэн үг. “Одоохондоо ундны уснаасаа болгож байна. Цаашдаа цөөнгүй байршилд гүний худаг гаргах төлөвлөгөөтэй” гэж ажил гүйцэтгэж байгаа хүмүүс нь тайлбарлажээ. Үндсэндээ мод тарьж, ургуулахад хамгийн түрүүнд баримтлах, анхаарах ёстой хоёр чухал зүйлийг орхигдуулсан байна. Тиймээс судлаачид энэ ажлыг эрт үед нь зогсоох, холбогдох хүмүүсийн анхааралд оруулах зорилгоор Төрийн тэргүүнд гомдлын бичиг хүртэл хаяглажээ.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш, судлаач Н.Батсайхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан бичсэн гомдолдоо говьд өрнөж буй бүх үйл явцыг дурдаад, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зөвлөх гэгдэх хүмүүсээс “Эрхэм та цөлд улиас мод суулгаж, гүний ус угаас хомс говийг хэдэн сая насос (хийн шахуурга)-оор үгүй хийх даалгавар өгсөн үү. Танаас хожуу үеийн залуус энэ талаар асууж, магад ял нэхэж мэднэ. Хээр болон цөлийн биомыг та нар яагаад устгах гээд байна вэ. Хөнөөлт шавж болон түймэрт өртсөн, сувдаг сэтгэлээр огтолсон ойн уудам талбай Монгол орны умард нутагт байгааг та бүхэн мэдээгүй, үзээгүй гэдэгт үл итгэж байна. Яагаад ийм бүсэд бус, хээр, цөлийн биомд гүний худаг гаргах гээд байна вэ” хэмээн асуужээ. Даанч өнөөдүүл нь өдий хүртэл ахмад судлаачийн гомдлын мөрөөр дорвитой зүйл хийгээгүй, асуултынх нь хариуг өгөөгүй бололтой.

Өмнөговь аймаг дахь “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр ч энэ явдлыг эсэргүүцэн “Цогтцэций сумаас Гашуунсухайтын хилийн боомт чиглэсэн төмөр замын хоёр талаар мод тарих даалгаврыг Ерөнхийлөгчийн зөвлөх нь өгсөн гэдэг. Байгаль хамгааллаар дэлхийд тэргүүлдэг Канад улс мод ургаж буй, ургаж байсан газарт л мод тарихыг зөвлөдөг, усалгаанд гүний ус ашиглахыг хориглодог юм. Ерөнхийлөгч энэ бүхнийг эргэж харж, нягтлаасай” хэмээн анхааруулсан байна билээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы индрээс “Дэлхийн хоёр тэрбум гаруй хүний ахуй амьжиргаанд заналхийлж байгаа цөлжилтийн аюулыг намжаахад хувь нэмэр оруулж Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох хэмжээний мод тарина” хэмээн зарлаад таван жил орчмын хугацаа өнгөрч байна. Ерөнхийлөгчийн Тамгын газраас сүүлд танилцуулсан мэдээллээр манай улс энэ хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлснээс хойших хугацаанд зуун сая гаруй мод тарьж, ургуулсан гэх. Тэгвэл энэ тоонд эргэлзэх, ерөөс өнгөрсөн хугацаанд гарсан эл хөдөлгөөнтэй холбоотой элдэв хардлага, шүүмжлэлийн зарим нь үнэний ортой байж болзошгүй гэж сэрдэх сэдлийг өмнийн говьд мод тарьж буй үйл явдал өгч байна. Түүнчлэн тэрбум мод тарих ажлыг мэргэжлийн хүмүүсийн зөвлөмж, удирдлага, хяналт дор тооцоо, судалгаанд үндэслэн хэрэгжүүлж байгаа гэж өөрсдийгөө өмгөөлсөөр ирсэн албаны хүмүүсийн ярианд итгэх итгэл хөсөрдөв.
Ойжуулалтад “Бүс нутгийн хэв шинж, уур амьсгалын онцлогт тохирсон мод сонгож тарих” гэсэн суурь, цагаан толгой гэмээр ойлголт байдгийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэгчид мэдэхгүйдээ говьд улиас, бургасны тарьц нутагшуулаагүй болов уу. Судлаачдын үзэж байгаачлан чанарт бус, тоонд анхаарсандаа, олдоц, үнэ хямдыг нь бодсондоо, ажлын уялдаа холбоо, хяналт, хариуцлагын тогтолцоо байхгүйдээ ийн дураараа дургиж, элсэн цөлд “харь” нутгийн мод идээшүүлэхээр зүтгэж байх талтай.
Ерөнхийлөгчийн санаачилгаар ийм хөдөлгөөн өрнүүлэх боллоо гэх үеэс л ойн салбарын судлаач, мэргэжилтнүүд зөвлөмж, захиасаа хэлж байв. Тухайн үед МУИС-ийн дэд захирлаар ажиллаж байсан, ой судлалын ухааны доктор Н.Батхүү “Нэг тэрбум мод тарих нь бүтэшгүй ажил биш. Гэхдээ анхаарах зүйл бий. Бүс нутаг, уур амьсгалын онцлогт тохирсон, дасан зохицох чадвар бүхий модлог ургамлыг судалж илрүүлэн, орон нутгийн унаган мод, сөөгийг олноор үржүүлдэг газар байгуулах шаардлагатай” хэмээн ярьсан. Тэрбээр өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна.
Түүнчлэн ШУА-ийн мэргэжлийн гэх судлаач, эрдэмтдээс бүрдсэн баг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллаж байгаа. Энэхүү “хоршил, хамтрал”-ын хүрээнд шинжлэх ухааны хүрээлэнгийн нэр бүхий судлаачид “Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 21 аймгийн байгаль болон ногоон байгууламжид тарих мод, сөөгний жагсаалт”-ыг хэвлүүлсэн. Эндээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын далбаан дор ойн салбарын, мэргэжлийн, шинжлэх ухааны байгууллагын гэх хэчнээн олон хүн “төрийн ивээл”-д багтсаныг харж болно. Мөн дээр дурдсан ганцхан жишээгээр тэд ажлаа хэрхэн хийдгийг ч баримжаалах боломжтой. “Тэрбум мод” хэмээх олон улсын хэмжээний санаачилга тоо гүйцээх хийрхэл болжээ. Хамгийн харамсалтай нь, энэ их ажлын зардал мөнгө татвар төлөгчид та, бидний халааснаас өдөр тутам гарч буй.
Н.Мишээл