“Монголчууд хэзээ нэг жинхэнэ утгаараа хотжих юм бол доо. Нийтийн эрх ашгийн үүднээс ямар ч шаардлага тавьсан оршин суугчид хүлээж авдаггүй. Зөвхөн хар амиа л боддог. Ямар нэг асуудал гарахаар хамгийн түрүүнд СӨХ руу дайрч, чичлэх хэрнээ өөрсдөө үүрэг, хариуцлагаа огт ухамсарладаггүй” хэмээн “Нарлаг өргөө” СӨХ-ны гүйцэтгэх захирал халаглан ярилаа. Төв цэнгэлдэх орчмын энэхүү хотхон дөрвөн блок бүхий нийт 252 айлынх, найман цахилгаан шаттай хэрнээ лифтчингүй, дундаа хоёр цэвэрлэгчтэй, контор нь хаа байсан Шар хаданд байрладаг гэхчлэн асуудал ихтэй. Гэвч энэ бүх асуудлын дотроос хамгийн хэцүү нь оршин суугчдын амин хувиа хичээсэн хандлага, түрээслэгчдийн “хоноцын” сэтгэл гэнэ.
Урин дулаан цагт орон сууцын айлууд байрандаа засвар, үйлчилгээ хийх нь элбэг. Нэг хэсэг нь тагтан дээрээ мужааны цех ажиллуулж байна уу гэлтэй өдөржин хөрөө араам, дрилл хангинуулах энүүхэнд.
Хана, тааз нураад ороод ирэх нь үү гэлтэй зарим нь лантуу, лоомоор түс тас хийтэл нүдэж, дайны галын шугамд байгаа аятай “бөмбөгдөлт”-ийн дунд хярж бэмбэгнэсээр сүүлдээ гэрээс хурдан гарахын түүс болдог. Бидний өмнөөс хөөцөлдөх байгууллага хэмээн найдаж СӨХ-ндоо хэл дуулгадаг ч “хуулийн дагуу 22.00 цагаас өмнө засвар хийж байгаа бол бид хориглох эрхгүй” гэсхийгээд дэмийлөнгөрдөг.
Сууц өмчлөгчдийн холбоо гэж “Нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцын байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хариуцах, заавал гишүүнчлэлтэй хуулийн этгээд”-ийг хэлнэ хэмээн Нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуульд заасан нь бий. Монгол Улсад нийтийн зориулалттай орон сууцын 8007 байшинд 680 мянга орчим иргэн амьдардаг бөгөөд албан ёсоор бүртгэлтэй 1640 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулж байна. Гэвч энэ олон холбоо оршин суугчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах тал дээр учир дутагдалтай, СӨХ “шүдгүй арслан” шиг болсон тул уг хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн жил УИХ-д өргөн мэдүүлсэн ч өнөөг хүртэл эцэслэн батлаагүй яваа.
БАЙРАНДАА ЗАСВАР ХИЙХДЭЭ ДААЦЫН ХАНА, БАГАНЫГ НУРААВАЛ 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛНА
Нийтийн орон сууцад амьдарч байж байрандаа засвар хийхдээ барилгын үндсэн хийц, бүтээцийг өөрчилж, даацын хана хүртэл нураадгийг болиулах гэж үйлээ үздэг тухайгаа Баянгол дүүрэг дэх “Дөл сан” хэмээх СӨХ-ны тэргүүн эмэгтэй учирласан. Энэ бол олон нийтийн аюулгүй байдалд санаатайгаар заналхийлсэн үйлдэл шүү дээ. Өнөөгийн хотжилт бидний дотор байсан муухай монгол занг илчилж өгсний нэгээхэн жишээ. Хэн нэг танил, ахан дүүсийндээ хааяахан очихоор орон сууцаа хачин сайхан засаж тохижуулсан хэрнээ даацын хана нураасан айлтай та таарч байсан л биз дээ. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй зангаараа “Ингэж болохгүй шүү дээ. Зөвхөн танайх бус, олон айл, иргэдийн аюулгүй байдалд хамаатай асуудал хөндөгдөнө” гэхээр “Хэн мэдэх юм бэ. Мэдсэн ч нэгэнт хийчихсэн засварыг яах вэ дээ” хэмээн адардаг тохиолдол бишгүй. Хүн хараагүй бол нүдээс далдуур юу ч хийхэд бэлэн ийм л хүнийрхүү, сэтгэлгүй хандлагаараа бид нийгмийнхээ үнэт зүйлийг уландаа гишгэж, үр хүүхдэдээ буруу үлгэр дуурайл үзүүлсээр байгаа юм. Уг нь бид наад захын мэдээлэл, мэдлэгтэй байдаг сан бол энэ тохиолдолд хуулиар хүлээлгэх хариуцлагатай юм байна шүү.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 4-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Орон сууцын болон орон сууцын бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 17.1-т“Орон сууцын болон орон сууцын бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн дараах эд хөрөнгийн үндсэн бүтээц, хийцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөхийг хориглоно” хэмээгээд үүнд гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолойг багтаажээ. Түүнчлэн 17.4-д “Дундын өмчлөлийн эд хөрөнгөд их хэмжээний өөрчлөлт оруулах засвар хийх нь аль нэг өмчлөгчийн дангаар өмчлөх эрхээ хэвийн хэрэгжүүлэхэд саад учруулахаар бол тухайн өмчлөгчийн зөвшөөрлийг авна” гэж тусгайлан зааж өгснийг сануулахад гэмгүй. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх гэнэ. Өөрөөр хэлбэл, та бусдыгаа бодохгүй амин хувиа хичээж, даацын хана, багана зэргийг дураараа нурааж, өөрчилбөл Зөрчлийн тухай хуулиар доод тал нь 500 мянган төгрөгөөр торгуулж, барилгын үндсэн бүтээцийг буцаагаад хэвийн байдалд нь оруулах ёстой аж.
Зөвхөн даацын хана ч гэлтгүй дүүргэлтийн ханыг өөрчлөх гэх мэтээр байр, орон сууцдаа засвар хийхдээ та холбогдох газарт нь эхлээд мэдэгдэж, зөвшөөрөл авах ёстойг СӨХ-ны тухай хуульд тодорхой заагаад өгчхөж. “Энэ айл засвар хийхдээ даацын хана, багана нураагаад байх шиг байна” гэж айл хөршүүд нь хар сэжиг авбал нэн даруй СӨХ болон хуучнаар мэргэжлийн хяналтын улсын байцаагч буюу одоогийн Нийслэлийн хяналт, шалгалтын газарт давхар мэдэгдэх үүрэгтэй. Мөн Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 310005 утсаар мэдээлэл өгч, мэргэжлийн байгууллагаар асуудлыг яаралтай шалгуулах боломжтой гэнэ.
СӨХ-НЫ ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХГҮЙ УДВАЛ МОНГОЛБАНКНЫ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД БҮРТГЭНЭ
“Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Галбаатар “Иргэд, оршин суугчид хууль, эрх зүйн мэдлэггүйгээс СӨХ-ны үйл ажиллагаанд хяналтаа бүрэн тавьж чаддаггүй. Хамтран ажиллах талд оролцоо ч тааруу байдаг. Иймд холбоодыг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавих, зохицуулах зайлшгүй шаардлага байсан учраас дээд зөвлөлийг байгуулсан. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 1640 орчим СӨХ-ны 1050 нь манайд гишүүнчлэлтэй. Нийтийн орон сууцын ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой гомдол, саналаа иргэд зөвхөн СӨХ-ндоо гаргаад орхих бус, харьяа аймаг, нийслэл, дүүргийнхээ холбогдох албан тушаалтанд давхар гаргаж шийдүүлэх бүрэн боломжтой. Нэг үеэ бодоход төр засгийн үйлчилгээ шуурхай, шилэн болсон. Нийслэлийн хяналт, шалгалтын газрын байцаагч тухайн үйлдлийг хууль зөрчсөн гэж үзвэл Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх ба гэмт хэргийн шинжтэй асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлдэг” хэмээн ярилаа.
Хуулиар бол ерөнхийдөө эрх зүйн зохицуулалтыг боломжийн хийж өгчээ. Одоо гагцхүү хэрэгжилтийг нь хангахад иргэд, оршин суугчдын оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг эндээс харж болохоор. Нийтийн орон сууцад амьдарч байгаагийнх хөршийн хяналт буюу нэг нэгэндээ шаардлага тавьдаг, бурууг нь шүүмжилж, засаж сайжруулдаг, зөвийг нь дэмжиж урамшуулдаг дадал бидэнд хэрэгтэй байна. Танай, манай байрны найман давхарт хэн хэн гэдэг айл амьдардаг, аль нь засвар хийсэн, тэгэхдээ даацын хана, баганыг нураасан уу, үгүй юү гэдгийг СӨХ-ны ажилтнууд, эсвэл конторынхон тэр бүр орж шалгаад, хяналт тавих боломж хомс. Та, бид тодорхой мэдээллээ өгөх үүрэгтэй байх нь.
“Муу л бол хойд талын хар овоохой” гэдэг шиг СӨХ руу бүх асуудлаа чихэж бухимддаг атлаа төлбөрөө ч хэл амгүй төлж хэвшээгүй аминчхан хүмүүс юм, бид. Уг нь нийт СӨХ-ны 70 хувь нь11 000-20 000 төгрөгийн төлбөр авдаг аж. Гэтэл улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт СӨХ иргэд, оршин суугчдаасаа 26 тэрбум төгрөгийн авлагатайг М.Галбаатар захирал хэлсэн. СӨХ-д иймэрхүү “дүлий годил” иргэдээ шүүхэд өгөх гэхээр бүх нийтийн хурал зарлаад даргыг нь сольчихдог муу аргатай гэжбайгаа. Гэтэл удирдлагуудаа тогтвортой байлгаж, иргэд нь хяналтаа сайн тавьдаг СӨХ-дын өр, авлага харьцангуй бага байдаг аж. Нийтийн орон сууцад амьдарч байгаа хэрнээ СӨХ-ны төлбөрөө өгөхгүй 10-аад жил болсон хөршийнх маань гурван жилийн өмнө шинэчилсэн хуулийн ачаар өрөө хагас дутуу барагдуулсан түүхтэй. “Зургаагаас дээш сар СӨХ-ны төлбөрөө төлөөгүй бол шүүх руу шилжүүлнэ” гэсэн заалт олон СӨХ-ны аминд оржээ.
Харин ирэх намрын чуулганаар хэлэлцэх шинэ хуулиар СӨХ-ны төлбөрийг гурав хүртэл сараар төлөхгүй бол 0.5 хувийн алданги тооцохын сацуу гадна хаалганы чип, тог, цахилгааныг хэсэгчлэн хязгаарлах, зургаан сараас дээш хугацаатайг нь Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтад бүртгүүлэх гэнэ. Харин СӨХ-ны төлбөрөө төлсөн тохиолдолд 14 хоногийн дотор хар жагсаалтаас гаргах ч зээлжих зэрэглэлийг нь бууруулахаар болжээ. Түүнчлэн СӨХ-ны үйл ажиллагааг илүү “шилэн” болгох, холбоодыг нэгдсэн хяналт, удирдлагаар хангах төв зөвлөлтэй байхаар зохицуулалт хийж өгсөн байна. Нийтийн эрх ашгийн төлөөх эдгээр зохицуулалтыг хийж өгснөөр иргэд, оршин суугчдын хариуцлага, хяналт, хамтын ажиллагаа сайжирна гэсэн хүлээлттэй байгаа аж.
Л.Аргамжин