Механик инженер, барилгын шилэн фасад угсралтаар мэргэшсэн, Италийн “Permasteelisa group”-ын мэргэжилтэн Ч.Хүүхэнхүүг ярилцлагад урилаа. Тэрбээр дэлхийн хоёр дахь, улсдаа нэг дэх өндөр барилга болох Малайзын 118 давхар “Мердека” цамхгийн бүтээн байгуулалтад оролцож, тэрхүү 678 метрийн өндөртэй байгууламжийн оройд Монгол Улсынхаа Төрийн далбааг мандуулсан нь саяхан. Одоогийн ШУТИС, тухайн үеийн ТИС-ийн Механик инженерийн сургуулийн төгсөгч хэрхэн олон улсын өндөр түвшний мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн барилгын талбарт ажиллах болсон түүх, замналыг нь сонирхлоо.
-“Мердека” цамхгийн шилэн фасадыг хийлцэж, бүдүүлгээр хэлэхэд битүүлэх ажлыг удирдсан инженерүүдийн нэг нь та юм билээ. Олон улсын энэ том төсөлд ажиллах болсон түүхээ сонирхуулна уу?
-Би Монголдоо “Эм Си Эс”-ийн “Шангри Ла” цогцолборын шилэн фасадын олон улсын төсөлд оролцсоныхоо дараа гадаадад ажилламаар санагдаад, энэ тухайгаа хамт ажилласан солонгос менежертээ хэлсэн юм. Тэр залуу Куала Лумпурын энэ төслийн багт миний намтар, ажил байдлын түүхийг илгээсэн байлаа. Уг төслийн удирдлагууд шат дараалсан ярилцлагууд авч, эцэст нь ажилд урьсан.
-“Шангри Ла”-г олон улсын мэргэжилтнүүдийн баг барьж байгуулсан байх нь.
-Тийм ээ.
-Тэгвэл энэ төсөлд хэрхэн уригдав?
-Англи хэл сурсны ачаар гэж хэлж болно. Манайх гэр бүлээрээ Ирландад найман жил амьдарсан юм. Тэнд ажиллах хугацаандаа англи сурсан л даа. Эх орондоо ирээд удаагүй байтал дүү “Монголд үйл ажиллагаа явуулдаг Италийн компани нь англи хэлтэй инженер хайж байна гэсэн зар байна лээ. Та очиж уулзаач” гэлээ. Барилгын шилэн фасад үйлдвэрлэл, угсралтаар дэлхийд тэргүүлэх группуудийн нэг “Permasteelisa group” манай улсад МАК, шинэ нисэх буудал, “Шангри Ла” гэсэн хэд хэдэн төсөл хэрэгжүүлэх шаардлагаар салбар компаниа байгуулаад байсан юм билээ. Мэдээллийн дагуу очиход тус компанийн чанарын албаны менежер герман хүн англиар бүтэн цаг гаруй ярилцаж, үйлдвэрээ танилцуулсны дараа “Маргааш ажилдаа орох уу” гэж байна. Хийж байснаа долоо хоногт дуусгаад ажилдаа орж, чанарын албанд инженер болсон. Эхэндээ шилэн фасадын үйлдвэрт ажиллаж байгаад удалгүй барилгын талбайд дуудагдсан.
-Танаас өөр монгол инженер байв уу?
-Хэмжил зүйн гэх зэрэг инженерүүд байсан. Сайтын менежер нь ирланд. Англиар аялгатай ярьдаг болохоор заримдаа монгол ажилчид юу гээд байгааг нь ойлгохгүй. Тийм болохоор боловсон хүчний зүгээс надад орчуулах ажил давхар даалгасан байлаа. Олон улсын хамтарсан төслийн үндсэн ажил дууссан ч барилга ашиглалтад орсноос хойших гурван жилийн баталгаат засварын үеийн буюу 2015-2018 оны ажлыг надад хариуцуулсан юм. Энэ ажлыг дуусгаад солонгос менежертээ гадаадад ажиллах сонирхолтойгоо хэлсэн минь тэр. Тэгэхэд “Кэ Кэ ах аа, би бодож байгаа. Хүлээж байгаарай” гэлээ. Намайг манайхан нэрний минь эхний үсгээр Кэ Кэ гэж дууддаг юм.
Удалгүй менежер маань “Малайзын нэг төсөл байна. Намтар, ажил байдлын чинь тухай мэдээлэл явуулчихлаа” гэсэн. Хэсэгхэн хугацааны дараа Малайзын төслийн барилгын талбай хариуцсан итали менежер видеогоор ярилцлага авлаа. Дараагийн долоо хоногт нь өнөөх менежер, бас төслийн менежер гээд итали, ирланд захирал нь гурвуул ярилцлага авдаг юм байна. Миний сандарсан гэж. Гэсэн ч асуусан болгонд нь хариулсан. Гол нь мэргэжлийн холбогдолтой асуултууд тавьсан. Тэрийг мэдэх үү, энэ ямар учиртай вэ гэх зэргээр асуусаар байсан. Би өмнө нь энэ чиглэлд ажилласан туршлагатай болохоор яриад л байлаа. Тэгтэл долоо хоногийн дараа “Та “КЛ-118” (Куала Лумпур-118) олон улсын төсөлд мэргэжилтнээр ажиллах боллоо” гэсэн хариу ирүүлсэн. Тэгээд л явсан, таван жил гаруй ажилласан. Цар тахлаас болж ажил нэлээд саатсан ч түрүү жил амжилттай дуусгасан.
-Манай улсын барилгын салбарынхнаас анх удаа олон улсын ийм том хэмжээний төсөлд мэргэжилтнээр ажилласан гэж ойлгосон. Зөв үү?
-Монголын “Шангри Ла”-гийн шилэн фасадын ажлыг захиалагч буюу Хонгконгийн талаас Номин гэдэг монгол инженер хариуцан ажиллаж байсан. Тэр бүсгүй тухайн үед Монгол дахь ажлаа дуусгаад Шри Ланкад мөн зочид буудлын төсөлд ажиллахаар явсан.
-Та Малайз руу гэр бүлээрээ явсан уу?
-Үгүй ээ, ганцаараа очсон. Эхнэр, хүүхдүүд ирж, очдог байлаа. “KL-118” төслийн дараа захиралдаа бас л гадаадад ажилламаар байна гэхэд Австралид ажилд зуучилж өгсөн. Сиднейн дуурийн театрын хажууханд байдаг, хотоо ч, далайг ч харж байдаг байрлал дахь өндөр зэрэглэлийн орон сууцын ажил юм. Гурван өндөр цамхаг тус бүрийг барьж байгуулах гурван төслийн барилга хүлээлгэж өгөх хэсэгт чанар хариуцсан инженерээр ажилласан. Их үнэтэй төсөл. Баячууд сая, сая доллароор байр худалдаж аваад, мөн л баян чинээлэг хүмүүст түрээсэлдэг гэж сонссон. Тэнд зургаан сар ажиллаад Малайзад буцан ирж ажлаа бүрмөсөн дуусгаж, бүх юмаа хүлээлгэж өгөөд Монголдоо ирсэн. Одоо манай компанийн захирал “Удахгүй ажил эхэлнэ шүү” гэж байна лээ. Хаана, ямар ажил авч байгааг мэдээгүй л байна.
-Олон улсын мэргэжилтнүүдтэй хамт томоохон төслийн ард гарахад сэтгэл тун ханамжтай байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Тэр 118 давхар цамхгийн шилэн фасадын хамгийн сүүлчийн панелийг угсрах болоход захирал биднийг өөр өөрсдийн улсын Төрийн далбааг барилгын оройд мандуулаарай гэсэн юм. Тэгэхэд багийнхан хамгийн түрүүнд “Permasteelisa group”-ийн, дараа нь Малайз улсын далбааг намируулсан. Тус улсын Засгийн газрын төсөл учраас төрийн далбааг нь байршуулж байлаа. Тэгээд Итали, Ирланд, Монгол гээд арваад улсын далбаа намируулсан. Бахархалтай санагдсан. Ийм хувь тохиодог л юм байна гэж бодож байлаа. Өндөр барилгаар мэргэшсэн дэлхийн хамгийн шилдгүүдтэй цуг их ажлын ард гарлаа шүү дээ гэж бодохоор цаанаасаа баяр төрөөд байсан. Хамт ажилласан, нэг байранд амьдардаг байсан, чанарын албаны менежер филиппин залуу гэхэд л Дубайн, дэлхийн хамгийн өндөр барилга “Бурж Халифа-г барилцсан хүн. Түүнийг Дубайд ажлаа дуусгаад, эх орондоо очоод нэг сар хэртэй ажиллаад байхад нь “Permasteelisa group”-ээс санал тавиад буцаагаад авчихсан байсан. Төрийн далбаа мандуулж байх үед мань хүн “За, би энэ дэлхийн хамгийн өндөр хоёр барилгад ажиллалаа” гэхээр нь “Би ямар ч байсан нэг өндрийг нь барилцчихлаа” гэж байлаа.
-Малайз улс 88 давхар, ихэр хоёр цамхгаараа алдартай. Түүнийг харах гэж дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид сая саяараа очдог. Гэтэл түүнээс өндрийг барих гэдэг нь учиртай л байх даа.
-Дэлхийд гарах гэж ярьдаг даа. Тийм л учиртай. Дэлхий нийтийн анхаарлыг, жуулчдыг татах гэсэн зорилготой. “Мердека” цамхгийн дизайны шийдэл сонирхолтой санагдаж магадгүй. Ярьж өгье. Цамхгийн хэлбэр нь Малайз улсын анхны Ерөнхий сайдын биеийн хэлбэр юм. Тус улс 1953 онд тусгаар тогтнолоо зарласан. Үүний дараа анхны Ерөнхий сайдаар ажилласан, ард түмэндээ зүгээр л Тунку хэмээн өргөмжлөгдсөн Тунку Абдул Рахман нь “Мердека” цэнгэлдэх хүрээлэнд олон нийтэд хандаж үг хэлэхдээ зогсоогоороо, гараа өргөж, долоовор хуруугаа гозойлгон “Мердека” буюу “Тусгаар тогтнол” гэж долоон удаа удаа хэлсэн тэр үеийн төрх, биеийн хэлбэрийг дизайн болгосон юм билээ. Бага зэргийн гэдэстэй, үл ялиг цодгор хүн. Сайн харвал гэдэс нь урагш, бөгс нь хойшоо оцойх маягтай зогсож буй хүний хэлбэр ажиглагдана. Австралийн архитектурын маш том компаниар зураг төслийг нь гаргуулсан юм билээ. Хүний биеийн хэлбэртэй болохоор барилгыг барихад, шилэн фасадын ажлыг хийхэд ч амар байгаагүй. Дээрээс нь харахад талстан, очир эрдэнэ хэлбэртэй. Давхар бүртээ өөр өөр хэлбэртэй болохоор ер нь л хэцүү. Ялангуяа дээшээ налуу гадаргыг шилээр бүрхэх үү. Нэг милиметр алдах л юм бол тогтохгүй, нурж, хагардаг. Ийм нөхцөлд дүрэм журмыг маш чанд мөрдөж ажиллахгүй бол юу ч хийж чадахгүй. Аюулгүй байдал нэгт. Өглөө бүр хуралдаж аюулгүй байдлын бэлэн байдлаа шалгадаг. Хүний амь нас эрсдэх ёсгүй. Аюулгүй байдлын стандарт, дүрэм зөрчвөл хариуцсан инженер, менежерүүд маш өндөр торгууль төлдөг.
-Зурагт харахад арматур зангидсан тавцан дээр, ерөөсөө л задгай, агаарт буй юм шиг ажиллаж байх юм. Хагас км-ээс илүү өндөрт ингэж ажиллах нь эр зоригийн хэрэг байх даа.
-Олон улсын стандартын аюулгүй байдлын дүрэм журам, түүнийг мөрдөн ажиллуулж буй мэргэжилтнүүдэд итгэснээр ингэж ажиллах боломжтой. “Яана аа, айгаад байна” гээд биеэ бариад байх юм бол юу ч хийж чадахгүй.
-Та шилэн фасадын угсралтаас эхлээд чанар хүртэлх бүхий л дамжлагыг хариуцан ажиллаж байсан гэж ойлголоо.
-Тийм ээ. Тэр дундаа “Монорел” гэж системийг бие даан хариуцаж байв.
-Энэ нь ямар систем бэ?
-Шилэн панелийг амархнаар угсрахад зориулсан энгийн юм шиг ажиллагаатай систем юм. Хоёр замтай. Гаднах зам дээрээ “Сагст өргүүр угсарч бэхэлгээ болон шилэн хавтангаа угсрахад ашигладаг. Өөрөөр хэлбэл, зам дээрээ гүйгээд хоёр тийш шилжээд явчихдаг байгууламж. Доторх замаар нь электрон винч ашиглаж шилэн хавтангуудыг 10 давхрын үечлэлтэй угсардаг юм. Тухайлбал, найм, есдүгээр давхрынхыг хийсэн бол ахиулаад арван давхар дээшлүүлж угсардаг.
-Олон улсын ийм том төслүүдэд монгол хүн ажилласан гэж хожуу мэдлээ.
-Би хүмүүст хэлээгүй юм. Гэрийнхэн ч гэсэн дуугүйхэн л байсан.
-Та механик инженер гэсэн. Барилгын инженерээр хэдийд нь суралцсан гэсэн үг вэ?
-Механик инженер бол хөрвөх чадвартай. Инженерийн аль ч төрөл рүү хөрвөх боломжтой. Чиглэл заалгүй, англи хэлтэй инженер ажилд авна гэсэн нь учиртай байгаа биз.
-Ойлголоо. Одоо ажлын тухай биш, хувь хүний тань талаар ярих уу. Хүүхэн хүний нэртэй юм аа.
-Говийнхон дунд ийм нэртэй хүн олон. Түүний л нэгэн адил эцэг, эх минь надад ийм нэр хайрлажээ. Ээж минь Өмнөговийнх. Манлай сумын уугуул. Бас нэг шалтгаан бий. Ээж том хүүгээ ой хүрэх гэж байхад нь алдчихсан юм билээ. Тэр хүүгээс нь хойш гурван охин төрсний дараа би гарчээ. Ламд үзүүлэхэд “Энэ хүүдээ эмэгтэй хүний нэр өгөхгүй бол тогтохгүй шүү” гэсэн гэдэг.
-Аавынхаа тухай яриач.
-Манай аав Увс аймгийн уугуул. Автын механик инженер хүн.
-Дунд сургуулиа хаана төгсөв?
-Би 1993 онд нийслэлийн зургаадугаар дунд сургуулийн математик, физикийн төрөлжсөн сургалттай ангийг дүүргэсэн. Манай ангийнхан бүгд сайхан мэргэжил эзэмшиж, ажил, амьдрал нь тэгш сайн яваа. Би ТИС-ийн дэргэд шинээр нээгдсэн Механик инженерийн сургуулийг төгссөн юм. Урилгаар орсон. Булган аймагт байсан Авто тээврийн техникумыг онц төгсөхөд урилга өгсөн л дөө. Аравдугаар ангиа төгсөөд сонирхлын дагуу тэр техникумд элссэн юм.
-Ямар сонирхолтой байсан бэ?
-Автын механик инженер аавын минь хийдэг байсан бүхэн тун сонирхолтой санагддаг байсан тул машин, механизм, хөдөлгүүрийн учрыг олох, шинийг сэдэж, хийх зэрэг сонирхолд автсан байсан юм. Тийм болохоор шууд техникумд явсан.
-Механик болохыг хүсжээ.
-Ер нь бол тийм. Гэтэл тэндээ онц сураад, дээд сургуульд шалгалтгүй элсэх урилгаар шагнуулсан. ТИС-д гурван жил сурч, 1998 онд механик инженер мэргэжилтэй төгссөн. Дээд сургууль төгсмөгцөө Цахилгаан шугам сүлжээний газар гэж аавынхаа ажилладаг байсан байгууллагад механикиар таван жил ажилласан. Ажил бол гоё, дуртай. Цалин жаахан тааруу. Гэрлэж, хүүхэдтэй болсон хүн чинь ахиу орлогын тухай бодож эхэлсэн. Тэгээд нэг л өдөр Ирланд руу явсан даа. Англи хэл сурангаа олдсон ажлыг хийе гээд “Аял, сур” компаниар зуучлуулаад явсан.
-Ямар ажил хийж байв?
-Итали ресторанд сав угаагчаар ажилд ороод, удалгүй тогооч болсон. Нийт найман жил ажиллаж, амьдарсан. Манай хоёр бага хүүхэд тэнд төрсөн. Бүхий л амьдралаа босгосон Ирланд улсыг хоёр дахь эх орноо гэж боддог.