Монгол Улсын төрийн бодлого, салбарын үйл ажиллагааг залуурдаж чиглүүлэх зорилготой үндэсний зөвлөлүүд сүүлийн жилүүдэд үүргээ умартаж, зүгээр л нэг үрэлгэн бүтэц болж хувирчээ. Жил ирэх тусам төсөв, хүн хүчний хувьд ч данхайж, бүх л салбарт “үүрээ засах” боллоо. Тухайлбал, хүүхэд, залуучуудын төлөө, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн даатгал, эдийн засгийн, нээлттэй засгийн, замын хөдөлгөөний, сансрын, хөдөө аж ахуйн, бүсийн хөгжлийн, химийн хорт бодисын гэхчлэн түмэн салбар, мянган гишүүнтэй зөвлөлүүд улсын хэмжээнд ажиллаж байна. Зөвлөмж гаргахаас өөр шидгүй эдгээр зөвлөлүүдэд жил бүр улсын төсвөөс өчнөөн зуун тэрбум төгрөг зарцуулдаг ч нүдэнд харагдаж, гарт баригдахуйц үр дүнтэй ажил тэдэнд үгүй. Санхүүгийн зарцуулалт нь ч ил тод бус, ийм нэг данхар, даварчихсан бүтцийг цөөлөх цаг болсныг иргэд, олон нийт ч шаардсаар буй юм.
Зөвлөл бүрийн ард салбар зөвлөлүүд, цалинтай нарийн бичгийн дарга нар, гишүүд, дэд ажлын хэсгүүд “нуугдаж”, хурал чуулган, томилолт, сургалт, судалгаа нэрээр төсөв “урсгаж” буйг шилэн болгож, хариуцлага нэхэхгүй бол горьгүй нь. Учир нь бодлого зангидах, салбар дундын уялдаа холбоог сайжруулах ёстой үндэсний болон салбар зөвлөлүүдийн ажил үүргийн давхардал шат шатанд үлэмж бий болж, тэр хэрээр үйл ажиллагаа нь зам¬бараагаа алдаж, хөл, толгой нь олдохоо байжээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР 44 ЗӨВЛӨЛ, 400 ГАРУЙ ГИШҮҮНТЭЙ
Одоогоос яг гурван сарын өмнө эрүүл мэндийн салбарын мэргэжлийн зөвлөлүүдийн бүрэлдэхүүнийг шинэчилж, нэгийг шинээр нэмж байгуулсан тухай ЭМЯ-наас мэдээлж байв. Энэ үеэр 12 мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүнийг шинэчилсэн аж. Лавшруулаад судалбал зөвхөн эрүүл мэндийн салбарт 43, сүүлд нэгийг шинээр байгуулсан гэвэл 44 мэргэжлийн салбар зөвлөл, тэдгээрт нийт 400 гаруй гишүүн харьяалагдан ажиллаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт ч ялгаагүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, нийгмийн халамж, ахмадын асуудлаарх үндэсний болон салбар зөвлөл олон бий. Дан ганц эл хоёр салбарт ч биш л дээ. Ерөнхийдөө тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудын бүгдийнх нь дэргэд Засгийн газрын болон салбарын зорилтот арга хэмжээг хэрэгжүүлэхэд бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, шаардлагатай асуудлаар санал, дүгнэлт, зөвлөмж гаргах, шинэ техник, технологи нэвтрүүлэхэд мөрдөж ажиллах заавар, стандарт боловсруулж, хэрэгжилтийг хангуулахад голлох чиг үүрэгтэй үндэсний болон салбар зөвлөлүүд ажилладаг. Өөрөөр хэлбэл, гоё нэртэй, энэ мэт сүржин агуулга, ажлын өргөн цар хүрээний ард тэд зүгээр л “хор найруулж” суудаг гэхэд дэгсдүүлсэн болохгүй.
Яг үнэндээ улс орон бүрд ажилладаг тусгай чиг үүрэгтэй үндэсний зөвлөлүүд тухайн салбарынхаа бодлогыг боловсруулахад хамтарч, хэрэгжилтийг нь хянахаас гадна хамгийн гол нь олон нийтийн оролцоог маш сайн хангасан бүтэц байдаг. Харин манайд Засгийн газрын тогтоол, холбогдох дүрэм журмын дагуу үндэсний зөвлөлүүдийг байгуулан, Ерөнхий сайд, холбогдох асуудал эрхэлсэн сайд, орон нутгийн хэмжээнд Засаг дарга нар тэргүүлж, харьцангуй хуулийн хүрээнд ажилладаг ч яам, агентлаг бүр тав, арваар тогтохгүй ийм бүтэцтэй байгаа нь үр ашиггүй зардал, үйл ажиллагааны давхардал үүсгэсээр буй юм.
ЕРӨНХИЙ САЙДЫН ИВЭЭЛ
Зөвлөлүүд салбарын мэргэжилтнүүд, төрийн бус байгууллага, судлаачид, иргэдийн төлөөллийг оролцуулсан бүрэлдэхүүнтэй байх бөгөөд зөвхөн Ерөнхий сайдын ивээл хайранд багтдаг, түүний тэргүүлдэг үндэсний зөвлөлийн тоо л гэхэд 20 орчим байна. Тодруулбал, та, бидний хамгийн сайн мэдэх Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Залуучуудын хөгжлийн, Эдийн засгийн, Оюуны өмчийн, Хэмжил зүйн, Сансрын бодлогын, Усны, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийг зохицуулах, Нийгмийн, Эрүүл мэндийн, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл гэхчлэн хөвөрнө. Зөвлөлүүдийг ихэвчлэн улсын төсөв, салбарын яамдын жилийн урсгал зардлаас санхүүжүүлдэг бөгөөд энэ нь цалин, урамшуулал, хурал чуулган зохион байгуулах, хоол, байр, зочид урих, бичиг хэрэг, судалгаа хийх, үнэлгээ, зөвлөмж боловсруулах, гүйцэтгэлийн тайлан зэрэгт “урсдаг” аж. Заримынх нь санхүүжилтийг өчнөөн тэрбум төгрөгөөр төсөвт суулгаж ирсэн ч байх шиг
Үндэсний зөвлөлүүд тэгвэл улсын хэмжээнд хэрхэн ажилладаг вэ. Хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй гэгдэх Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийнхнийг төлөөлүүлэн авч үзье. Ерөнхий сайдын тэргүүлдэг тус зөвлөл нь 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, 330 сум бүрд салбартай. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд хүүхдийн төлөө 361 зөвлөл ажилладаг гэсэн үг. Нэг салбар зөвлөл нь л гэхэд дээр дурдсанчлан олон мэргэжлийн төлөөллөөс гишүүд нь бүрддэг. Нэг нь хамгийн цөөндөө 3-5 хүний бүрэлдэхүүнтэй гэж тооцвол зөвхөн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл 1200-1800 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. 21 аймаг, сум бүрд ийм олон гишүүнтэй зөвлөл хүрч ажилладаг юм бол яагаад өдий болтол хүүхдийн хүчирхийлэл буурахгүй байна вэ.
Данхар бүтэцтэй зөвлөл байгаад ч хүүхдүүдээ хамгаалж хүчрэхгүй өнөөдөртэй золгожээ, бид. Насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо жил бүр өссөөр л. Үүнийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, “Хүүхэд хүчир¬хийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөн”ий ерөнхий зохицуулагч Д.Ундраа дараах байд¬лаар тайлбарлана лээ. “Манай улс Хүүхэд хамгааллын тухай хуультай болсон ч хэрэгжилт нь ялангуяа орон нутагт хангалтгүй байна. Анханшатны нэгжид үүрэг гүйцэтгэж буй, Засаг даргаар ахлуулсан хамтарсан багийн Хүүхдийн төлөө зөвлөлүүдийн үйл ажиллагаанууд одоо болтол жигдрээгүй. Хуулийг хэрэгжүүлэх явцад мэргэжилтнүүдийг сургах, тухайлсан арга аргачлалыг нь зааж чиглүүлэх зэрэг ажил орхигдсон. Тэр дундаа гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоонд шилжээгүйгээс хүүхдүүд хүчирхийлэл, дарамтад өртсөөр, ахуйн орчинд гэмтэж, бэртсэн хэвээрээ. Томчуудын хараа хяналт сул, дэд бүтэцгүйн зовлон буюу харанхуй гудамж, зам, тээвэр, барилга, байгууламж, цахилгааны аюулгүй байдал алдагдсанаас хүүхдүүд ихэвчлэн хохирсоор ирсэн. Алга болсон хүүхдийг нас барсан, эсвэл хүчирхийлэлд өртсөнийх нь дараа л олдог систем үйлчилсээр байна шүү дээ. Хүүхэд хамгаалал бол ямар нэгэн кэйс гарсны дараа түргэн авах бус, түүнээс урьдчилан сэргийлж ажиллахыг хэлдэг юм” хэмээсэн.
ТӨРИЙН НЭГЖ БҮРД “ХӨЛТЭЙ” БАЙГААД Ч НЭМЭР БОЛСОНГҮЙ
Үндэсний зөвлөлүүд нь төрийн захиргааны нэгж бүрд “хөлтэй” байгаад ч энэ мэт нэмэр алга. Ийм байтал саяхан Ерөнхий сайдын мэдэлд дахиад л Хүчирхийллийн эсрэг үндэсний зөвлөл байгуулав. Гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн үндэсний хороо, төвүүд Монголоор дүүрэн бий. Тэднийг шахаж шаардан, ажлыг нь хийлгэж, хяналтыг чангатгахын оронд төр засгийнхан зөвлөл нэртэй үрэлгэн бүтэц олноор байгуулахыг илүүд үзэж байгаа нь даанч харамсалтай. Ямар нэгэн золгүй явдал, сэтгэл эмзэглүүлсэн тохиолдол гарах бүрд ингэж л гал намжаасаар өдий хүрэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар ч хүчирхийллийн эсрэг зөвлөл байгуулах болсон тухайгаа мэдээлэхдээ “Хүний ёсноос ангид, хүчирхийллийн гэмт хэргүүд гарсаар байна. Жигшүүрт үйлдлүүд нэг хүний ёс суртахууны доголдол бус, нийгмийн гүн давхаргад оршиж буй цогц асуудлуудын илрэл. Ядуурал, боловсролын тэгш бус байдал, архидалт, сэтгэцийн эрүүл мэндийн хямрал, ёс суртахууны уналт зэрэг нь эдгээр нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймээс үндэсний хэмжээнд томоохон бодлого хэрэгжүүлэх үүрэг бүхий бүтцийг Ерөнхий сайдын дэргэд байгуулж, үүнд олон улс, төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулъя” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, нөхөр нь эхнэрээ ажлын байранд нь олон удаа хутгалж, хэрцгийгээр хөнөөсний дараа засгаас ийм бүтэц байгуулах шийдвэр гаргасан гэсэн үг л дээ. Ганц зөвлөл, хороо байгуулаад асуудлыг шийдчихдэг бол сайн сан. Гэвч хүчирхийлэгчээс салж, гэрлэлтээ цуцлуулах өргөдөл өгөхөөр “эвлэр” гэж илгээгээд амийг нь “бүрэлгэчихдэг” улсад мянган зөвлөл, хороо байгаад үр дүнгүй юм.
ОЛОН УЛСААС СУРАЛЦЪЯ
Тэгэхэд олонх улс оронд үндэсний зөвлөл гэх бүтэц нь төрийн шууд удирдлагаас ангид, хөндлөнгийн статустай ажилладаг юм байна. Орон тооны хувьд цөөн, чиг үүргийн давхардалгүй, үйл ажиллагаа нь хариуцлагатай, ил тод. Жишээлбэл, Швед улс хүүхэд, гэр бүл, нийгмийн бодлогын асуудлыг цогцоор нь авч үздэг төвлөрсөн ганц бүтэцтэй. ХБНГУ, Канадад зөвлөлийн бүрэлдэхүүнд судлаачид, мэргэжлийн холбоодын төлөөлөл ажилладаг ба ашиг сонирхлын зөрчилгүй байх үндсэн шалгууртай. Үндэсний зөвлөлийн гишүүдийн олонх нь цалин хөлсгүй, тайлан, хурлын тэмдэглэл зэрэг нь нийтэд нээлттэй, хяналт, аудитын системд бүрэн хамрагддаг гэнэ. Үүнээс үзвэл үндэсний зөвлөлүүдийн тоо бус, чиг үүргийн төвлөрөл, мэргэжлийн хараат бус оролцоо, ил тод, хариуцлагатай байдал нь үр дүнтэй ажиллах гол шалгуур нь аж.
Олон улсын жишгээс харсан ч Монголд өдгөө үйл ажиллагаа явуулж буй олон арван үндэсний болон салбар зөвлөлийг цөөлөх, заримынх нь ажил үүргийн давхардлыг арилган нэгтгэх, бодит нөхцөл байдалд тулгуурлан шинээр загварчлах шаардлага үүсээд буй нь илт. Тухайлбал, хүчирхийллийн, хүүхэд, эмэгтэйчүүдийн гэх мэт олон салаа бүтцийг гэр бүлийн бодлогын үндэсний зөвлөл гэхчлэн “базах” шаардлагатайг албаныхан ч хэлж буй. Нийгмийн даатгалын, халамжийн, хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийг ч ингэж нэгтгэх боломжтой. Зөвлөлүүдийг ийн зөв зохион байгуулалтад оруулснаар татвар төлөгчдийн мөнгийг хэмнэхээс гадна бодлогын зөрчил, уялдаа холбоогүй байдлыг арилгах давуу талтай юм.