Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг эртний монгол зүйр үгийг эдүгээ цагт “хувиргавал” бүтэлгүй даргад бүтээмжгүй ажилтан гэж тодорхойлж болохоор. Монголын төр засгийн удирдлагууд, дарга нар нь өөрсдөө бүтэлгүй, урагшгүй байсаар байвал “бүтээмжийн менежер” гээч өндөр цалинтай албан тушаалыг хэдэн зуу, мянгаар нь бий болгоод ч бүтээмж сайжрахгүй нь Пифагорын теорем шиг баталгаатай зүйл билээ. 360 гаруй янзаар буюу зарчмын ялгаатай аргуудаар баталж болдгоороо энэхүү теорем онцгой ач холбогдолтой гэдэг. Төрийн бүтээмжийг дээшлүүлнэ гэдэг нь албан хаагчид буюу хүнийхээ бүтээмжийг сайжруулахын нэр болохыг шинжлэх ухаан ч олон судалгаагаар нотлоод байна.
Урдах ажилдаа дарагдан, өөрийнхөө ч, хүний ч “махыг идэн” шөнө, өдөргүй ухантаж суудаг даргыг манайд ажилсаг хичээнгүй, сайн удирдагч гэж магтах байхаа олж ядна. Гэтэл олон улсад ажлаа ухаалгаар төлөвлөн зохион байгуулж, хүн хүчний нөөцөө зохистой хуваарилдаг, цагийн менежментийг зөв хэрэгжүүлдэг, бүтээмжтэй ажилладаг нь өнөө цагт сайн удирдагч гэгдэх болсон.
Өөрөөр хэлбэл, маш их завгүй ажилласнаар үр дүнд хүрдэггүй. Харин ажлынхаа дундуур түр завсарлага авдаг, ээлжийн амралтаа цаг тухайд нь эдэлдэг байх нь хэн хүний гүйцэтгэл, бүтээмжийг сайжруулдаг аж.
“Ковид-19”-ийн халдварын ид үед төрийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, албан хаагчид нь хэзээ л бол хэзээ дуудагдан ажилладаг, утсаа 24 цагийн турш унтраах эрхгүй, өдөр, шөнөгүй, нойр, хоолгүй шахам зүтгэж байв. Муу эр дайнд хөөрөхийн үлгэрээр тухайн үедээ ч эх орон, ард түмнийхээ төлөө тунчиг баатарлаг үйл хийж яваа мэт санан “улайрчихсан” байсан сайд, дарга, түшмэдүүдийн амыг ангайлгаж,“эрүүг нь мулталсан” нэгэн мэргэжилтний тухай төрийн албаныхан өнөө хэр ярьдаг юм билээ. ЭМЯ-нд ажилладаг тархвар судлаач бүсгүй тэр явдлаас хойш “Смарт эгч” гэх нэрийг хүртэл хамтрагчдаасаа авсан гэдэг.
Нэгэн хурал дээр тэрбээр “Манай сайд, дарга нар шөнө болгон шахам 03-04 цагт утасдаж, янз бүрийн тоо мэдээлэл нэхдэгээ болих хэрэгтэй. Хаард биш, смарт ажиллаач. Хүмүүсээ ядаж унтаж амрах ёстой цагт нь амраа. Тэгж байж хүнээс бүтээмж гарна. Эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд чинь туйлдаж гүйцлээ. Энэ хүмүүсийн дархлаа унаад байна. Өөрсдөө өвдсөн хэрнээ ажилласаар л байгаа шүү дээ” гээд аваад хаяж. Дүрдээ орчихсон сүрхий царайтай хуралдаж асан хүмүүсийн дарга анги голдуу нэг хэсэг нь бантан улалзаж, түшмэд голдуу нөгөө тал нь өнгөн дээрээ “Манай даргыг юу гэж байгаа юм” гэх маягтай ч дотроо бол “Үгүй ээ, бидний төлөө ингэж зоригтой дуугардаг хүн бас байдаг аа” хэмээн алга хавсран залбирсан гэдэг. Сайд нь ажлын өрөөнөөсөө гараагүй бол бусад бүх хүн тарах эрхгүй, дарга нь зөвшөөрөл өгөөгүй бол амарч ч болохгүй гэх бичигдээгүй хууль үйлчлэх болсон гажууд тогтолцооны горыг амсаж буй олон мянган төрийн алба хаагчийн хувьд дээрх “эсэргүүцэл” ёстой л загатнасан газар маажсан хэрэг болж.
КОВИД АРИЛСАН Ч “ДАРАНГУЙЛАЛ” НЬ ҮЛДЭВ
Хүн төрөлхтнийг нөмөрсөн, монголчуудыг илүүтэйгээр айдаст автуулсан, айдсаар нь удирдсан “Ковид-19”-ийн үе улиран баларч, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалснаас хойш гурван жил өнгөрчхөөд байхад хүмүүсээ амралтгүй ажиллуулдаг “дарангуйлал” нь манай төрийн албанд, ялангуяа хууль хүчний бай гууллагад муу жишиг тогтоон ужгирч үлджээ. Төрийн цэргийн байгууллагын нэгэн хурандаа “2020 оноос хойш хуулийн дагуу эдлэх ёстой ээлжийн амралтаа ч бүтэн авалгүй өнөөг хүрлээ. Хүн шиг тайван амарч, урин дулаан цагт гэр бүлийнхэнтэйгээ аялж зугаалах сан. Амралтын өдрөөр ч дуудагдаж ажилласаар сүүлийн жилүүдэд гэрт байнга хэрүүл маргаан гарах боллоо. Бие хаа ч дийлэхээргүй болж байна. Арай л хэтэрлээ” хэмээн арга барсан байдалтай шогширно лээ.
Монголын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад ажилладаг өндөр цолтон, албан тушаалтнуудаасаа эхлээд ахлагч бүрэлдэхүүн хүртэл нийтээрээ өнөөг хүртэл “байнгын бэлэн байдалд” гэсэн дээд газрын тушаалтай явж ирж. Өвөл, хавар нь болохоор зуд турхан, ой хээрийн түймэр, зунд нь үер ус, ган гачиг, намарт нь хадлан тариа, өвөлжилтийн бэлтгэл гээд жилийн дөрвөн улирлын турш амраалгүй, дарга, цэрэггүй талхидаг буруу жишгээс болж төрийн цэргийн байгууллагынхан нэг тийм үүлгэртсэн, ядар¬сан, утас нь дуугарах төдийд дав дэвхийн цочсон, сэтгэл зүйн асуудалтай хүмүүс болжээ. Тухайлбал, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үндсэн хүч болж, эх орон, төр, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөөх нэр төртэй үүргээ даруухнаар биелүүлж яваа 20 мянга гаруй ахлагчийн эрүүл мэндийн асуудал өнөөдөр хоолойд тулсан сэдэв болсныг нийтэд төдий л дэлгэхгүй байна.
“Амралтгүй ажилладаг хэдэн бор ахлагч нарын минь эрүүл мэнд үнэхээр асуудалтай. Буруу хооллолт, нойрны дутагдал, ядаргаа, стрессээс үүдэлтэй эмгэг бүгдэд нь илэрсэн. Хавдрын хэд хэдэн тохиолдол оношлогдлоо. Халдварт болон халдварт бус өвчин, хавдрын урьтал болсон өвчлөл ч их байна” хэмээн энэ жил орон нутгаар явж, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийгээд ирсэн эмч халаглан ярьсан юм шүү. Төрийн нэрийг барьж, доорх хүмүүсээ амраахгүй, ээлжгүй ажиллуулдаг ийм харалган сайд, дарга нарын хүнийрхүү хандлагаас нь залхан зугтдаг учраас өдгөө цагдаа, онцгой байдлын албанд ажиллах залуус олдохгүй, ажлын байрны янз бүрийн зар тавьцгаах аж.
Ганц жишээ татахад, Сэлэнгэд гарсан ойн түймрийг унтраахаар хоёр сар гаруй ээлжгүй ажиллаж буй онцгойгийн аврагч, гал сөнөөгчидтэй ганц өдөр ч болов солигдох, очоод дэм өгөх хүн хүч орон нутагт нь байхгүй тул залуус хатиг, бэтэгтээ баригдан, эцтэлээ ядарч туйлдан, ууланд улаан галтай тэмцэж буй гэх. Гэтэл сайд, дарга нар нь хааяа нэг очихоороо нисдэг тэрэгнээс заавар өгчхөөд явчихдаг. Хэдийгээр тушаал авсан, тангараг өргөсөн төрийн алба хаагч ч гэлээ тэдний эрүүл мэндийг анхаарах, адаглаад хүний байгалийн хэрэгцээ гэдгээрээ ч, хуулийн хэрэгжилт талаасаа ч ээлжийн амралтаа зохих ёсоор эдлэх эрхийг нь хангах учиртай. Ахлагч нарын ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулж, нийгмийн асуудлыг шийднэ гэдэг нь зөвхөн цалин, байр савны тухай яриа биш юм.
ШИНЭ ҮЕИЙНХНИЙГ АМРАЛТГҮЙ АЖИЛЛУУЛНА ГЭВЭЛ ГОНЖ
Анзаарсан бол өмнөх Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнээс угшилтай, амралтын өдрөөр энд тэнд очиж хуралддаг жишиг хотын удирдлагуудад нь халдаад зогсохгүй одоогийн Засгийн газрын тэргүүнд хүртэл “удамшсан” байгаа биз. Аль болох олон камер, хэвлэлийнхнийг дагуулан хаа сайгүй явж, ажилтай танилцлаа гээд хүний өөрийн хүмүүст хүндрэл чирэгдэл учруулахаас өөр ид шид одоогоор гараагүй л байна. Харин ч үр дагаварт нь унтаа, сэрүүний хооронд үүлгэртсэн зомби шиг ажлаасаа залхсан, дарга руугаа зөв харж инээж, буруу харж уурласан бүтээмжгүй албатуудаар манай төрийн алба дүүрэв. Амралтын өдөр алгасахгүй хурал хуйд гэнэт дуудагдаад, тархи нь байнга ачааллаад байхаар арга ч үгүй юм. Гэтэл хэн нь илүү олон хүн дагуулж, гадуур их явснаа ажил хийсэн гэж үздэг байсан дарга нарын үе огцом эхэлсэн шигээ хэдхэн жилийн дотор хэдийн хуучирч, хоцрогдсон.
Угтаа хүний тархи амарч, завсарлага авч байж илүү шинэлэг, илүү бүтээлчээр ажил¬лах нөхцөл бүрддэг байна. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн талаар судалгаа хийдэг нэгэн байгууллагын мэдээлснээр бүтээмж өндөртэй ажилтан 52 минут тутамд 17 минут амарч, ажил, амралтаа хуваарилдаг гэнэ. 2020 онд хийсэн судалгаагаар хүн багадаа 40 секундийн амралт авахад л анхаарлыг нь тогтвортой байлгахад чухал нөлөө үзүүлдэг. Эсрэгээрээ, завсарлага авахгүй зүтгээд байх нь бидний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бөгөөд удаан хугацаагаар амралтгүй ажиллах нь зүрхний өвчин, чихрийн шижин, стрессээс үүдэх өвчлөлийг бий болгодог аж. Ялангуяа одоогийн шинэ залуу үеийнхэнд цалин хангамжаас илүү цагийн уян хатан байдал, байгууллагын соёл маш чухалд тооцогдох болжээ. Ажлын цаг дууссан хойно дарга нь утасдаж, зурвас бичдэг бол тухайн албан тушаалтанд хариу шаардлага тавиад, түүнийг нь хүлээж авахгүй бол эртхэн ажлаа солихыг боддог Z үеийнхэнтэй мөр зэрэгцэн ажиллах болсноо хүлээн зөвшөөрөхөөс өөр арга үгүй.
Нөгөөтээгүүр, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгээр ажилтан хэвийн бус, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж болзошгүй аюултай нөхцөлд ажиллаж байгаа нь тогтоогдвол ажил олгогч нь эрсдэлийг арилгах, бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг тухай стандарт, дүрэм журам яриад эхэлбэл бүр дуусах нь. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, ажил олгогч нь хөрөнгө оруулалт, өмчийн хэлбэрээс үл хамааран Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.5, 31.2 дахь заалт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/155 дугаар тушаалаар батлагдсан Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам, “MNS 5080:2023, “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн ангилал, үнэлгээнд тавигдах шаардлага” стандартад заасны дагуу хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх үүрэг хүлээдэг юм байна шүү.
Л.Аргамжин