Өнгөрсөн онд түүхэндээ анх удаа 809 мянган жуулчин хүлээж авсандаа баярлаж хөөрч байсан Монголын аялал жуулчлалын салбарынхан өнөө жил хий нь гарсан гүзээ шиг шалчийтлаа нурмайжээ. Ердөө жилийн өмнө буюу 2024 оны наймдугаар сард гэхэд л 139.6 мянга гаруй жуулчин хүлээн авч, 19-23 хувийн өсөлт үзүүлэн аархаж байсан бол одоо хамгийн эрэлттэй байх ёстой үедээ ноднингийнхоос хоёр дахин бага буюу 73 мянган аялагчидтай сууж байна. “Сайн, муугаар хэлүүлдэг ч “Go Mongolia” хөтөлбөрийн хү¬ рээнд сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарыг төрөөс олон талаар дэмжсэний үр дүнд жилдээ 500 мянган жуулчин мачийж байж хүлээн авдаг байсныг 2024 онд 800 мянга давуулсан. Энэ бол том үр дүн байв. Гэвч бид буцаад ухарчихлаа. Аялал жуулчлалын салбар уул уурхай, нүүрс шиг улсын төсөвт их хэмжээний татварын орлого бүрдүүлдэггүй. Гэхдээ энэ бол маш ирээдүйтэй, шавхагдашгүйнөөц боломжтой салбар. Эндээс 80 мянган хүн ажил, амьдралаа залгуулдаг шүү дээ” хэмээн Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал М.Нарангэрэл халаглав.
Аялал жуулчлалын салбарт хийсэн маркетингийн сурталчилгаа, нөлөөллийн кампанит ажлуудын үр дүн 2-3 жилийн дараагаар харагддаг учраас 2024 онд гайхшируулсан жуулчдын тооны үсрэнгүй өсөлт нь өмнө жилүүдийн үйл ажиллагаатай холбоотой гэнэ. Гэтэл өдгөө даарин дээр давс гэгчээр 2025 онд Монгол Улсыг гадаадад сурталчлах чиглэлээр нэг ч төгрөгийн төсөв тавиагүй учраас аялал жуулч¬ лалын олон улсын үзэсгэлэн, яармаг, экспод оролцох, гаднаас нэр нөлөө бүхий инфлүүнсерүүдийг урьж авчрах зэргээр шинэ хэрэглэгч нэмж үүсгэх маркетингийн ажлууд зогсжээ. Овоо дориун тэлж, өсөж өндийх тийш хандаж байсан зах зээлээ эргээд хумихад хүргэсний горыг харин бид жил дотроо амсаад эхэлчхэж.
ДЭЛХИЙ СӨҮЛ РҮҮ, СОЛОНГОСЧУУД МОНГОЛ РУУ
Энэ сард манайд ирээд буй 73 мянган аялагчийн 30 шахам хувь буюу хамгийн олон нь өмнөд солонгосчууд байна. Худалдаа, наймаанаас эхлээд хил орчмын аялал жуулчлалын давуу тал ихтэй хоёр хөршийг маань эс тооцвол Өмнөд Солонгосын жуулчид Монголыг зорин ирдэг байнгын үйлчлүүлэгчид болжээ. Зарим жилд хятад жуулчдын тоог ч давсан байх жишээтэй. Манайхан амралтын өдрөөрөө энүүхэн Тэрэлж, Цонжин болдог хавьцаа агаарт гарч, 2-3 хоноод ирэхийг хүсдэг шиг солонгосчууд “Энэ амралтын өдрөөр юу хийх вэ” гэж бодох, ойр зууртаа ярилцах төдийд Монгол руу нисэх тийз цөөн гарлаа, хямдарлаа гэвэл пүрэв гаргийн үдээс хойш гэнэт шийдээд, баасанд манай тал нутагт газарддаг гэж байгаа. “Солонгосчууд манай нүүдэлчид шиг гэнэтийн огцом шийдвэр гаргадаг зан төлөвийн онцлогтой. Монголыг тэд адал явдалт аялал жуулчлал хийхэд хамгийн тохиромжтой, ойрын орон гэж үздэг” хэмээн нэгэн аяллын компанийн менежер ярилаа.
2024 онд гэхэд л БНСУ-аас 200 орчим мянган жуулчин манайд ирсний дийлэнх нь 35-аас доош насны залуучууд байжээ. Гэтэл өөрсдийнх нь нийслэл Сөүл сүүлийн жилүүдэд “Аялахад хамгийн таатай хот”-ын жагсаалтыг тогтмол тэргүүлж, “Netflix”-ийн “KPop Demon Hunters” цувралаас хойш дэлхий нийтийн анхаарлыг улам их татан, “Trazee travel” байгууллагаас явуулсан саяхны судалгаагаар 25-40 насны аялагчдад хамгийн их таалагдсан хотоор шалгарсан байх юм. Энэ нь солонгос соёл дэлхий даяар хэр хэмжээнд түгэн дэлгэрсний баталгаа болохоос гадна Сөүл хотын уламжлалт болон орчин үеийн хэв маягийг хослуулсан шийдэл, дижитал систем, ухаалаг дэд бүтэц зэрэг нь жуулчид, олон нийтэд ихэд таалагддагтай холбоотой аж. Харин солонгос залуус Монголын тэсгим хүйтэн өвлийг үзэхээр, шуурга салхинд нь “шавхуурдуулахаар”, хад чулуу, намаг балчиг, энхэл донхолтой бартаат замыг “Фургон” машинаар сэгсчүүлэн туулахаар, уудам хөндий талаар морь унан давхихаар 3-4 өдрийн богино хугацааны аяллыг сонгон ирдэг учраас тэд манай аялал жуулчлалын салбарынхны тойглох учиртай зорилтот бүлэг мөнөөсөө мөн болжээ. Тэднийг ийн Монгол руу хошууран чиглэхэд хүргэсэн гол хүчин зүйл нь мэдээж к-поп, кино одод, алдарт юүтүбэр, инфлүүнсерүүдийн нөлөө гэнэ.
ХЯТАД, ЯПОН ЖУУЛЧИД ХАМГИЙН “ЦАМААН”, ХАМГИЙН ҮРЭЛГЭН
Хятад, Орос, Өмнөд Солонгосын араас эрэмбэлэгддэг Японы хувьд манайхыг зорих жуулчид нь ердөө 20-27 мянгын хооронд хэлбэлздэг аж. Уг нь япон, хятад жуулчид Монголд ирэхээрээ хамгийн их худалдан авалт хийж, мөнгийг “хайр гамгүй” зардаг, өгөөжтэй, хаялгатай гээд аяллын компанийнхан ам сайтай байдаг юм билээ. Энэ салбарын мэргэжлийн холбоод “Бостон консалтинг” хэмээх компаниас зөвлөх үйлчилгээ авахад “Монголд 3-4 өдрийн аяллаар ирсэн япончууд 700-1300 ам.доллар зарцуулдаг бол солонгосчууд мөн адил хугацаанд 2-3 дахин бага буюу 400-700 ам.доллар үрдэг. Хятадууд 3-4 хоногийн аялалд 800-1200 ам.доллар, харин европчууд Монголд ойролцоогоор 14 хонохдоо 2300-4000 ам.доллар зарцуулдаг” тухай судалгааг гаргаж өгчээ. Европчууд худалдан авалтаас илүү Улаанбаатарт үзэж харах зүйлс, орон нутгийн аялалдаа мөнгөө зориулдаг байна. Өөрөөр хэлбэл, бид богино хугацаанд олон эргэлт хийх боломжтой бөгөөд илүү ахиу ам.доллар манайд үлдээдэг хятад, япон жуулчдыг татахад нэн түрүүнд анхаарах хэрэгтэй болох нь. Тэгэхдээ солонгос шиг залуусыг нь түлхүү авчрах ёстойг “Бостон консалтинг” зөвлөжээ.
“Ковид-19”-ийн халдвар болон дайнаас хойш аяллын дамжин нислэг, хүлээлгийн цаг, тийзийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор европ, америк жуулчид Монголыг зорих нь буурсан тул манай аялал жуулчлалын салбарынхан стратегиа өөрчилж, Япон, БНСУ, Тайланд, Зүүн Өмнөд Азийн орнууд руу гол анхаарлаа чиглүүлж. Тэр нь “бай”-ндаа туссан хэдий ч япон жуулчдыг татах тал дээр л хурдацтай ахиц дэвшил гарахгүй байгааг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхон учирласан. Японоос манайд ирдэг жуулчдын дийлэнх хувь нь өндөр настай хүмүүс байдаг учраас Монголын хүйтэн сэрүүнээс, замын бартаанаас, хүнд махан хоолноос, дээрээс нь мэдээж нүхэн жорлон, халуун усгүй буудал зэрэг дэд бүтцийн хүртээмжгүй асуудлаас болоод сэтгэл ханамжгүй буцдаг байна. “Бүх зүйл ойлгомжтой, тодорхой байх хэрэгтэй, үйлчилгээний соёл, ариун цэвэр, эрүүл ахуйн стандарт өндөр түвшинд хангагдах ёстой” гэсэн япон хүний ясны зарчим, шалгуур дээр тулж очихоороо манайхан бүдэрчихдэг аж. Хятадууд ч ялгаагүй, сүүлийн жилүүдэд маш өндөр шаардлага тавьдаг болсон тул аялал жуулчлалын компанийн төлөөллүүд нь аялагчдаасаа бараг тү¬ рүүнд Монголд ирж, манай зочид буудлуудын стандарт, зэрэглэлийг өөрсдийн биеэр шалгаж, баталгаажуулдаг гэх. Төлбөрийн системийн төвөгтэй нөхцөл байдлаас болоод хятад компаниуд тооцоогоо 60 хоногийн дараа манай руу шилжүүлдэг бөгөөд аялагчид нь ямар нэг гомдол гаргавал бас хөөрхөн “луу унжиж”, хувийг нь хасах зэргээр чангалдаг байна. Хүссэн, хүсээгүй бид хоёр хөрштэйгөө хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай. Гэтэл өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулийн өмнөхөн урд хил дээр аяллын зорилгоор ирээд байсан хятадуудыг гоочлон, улстөржүүлснээр аюулгүй байдлын үүднээс компаниуд нь хүмүү¬ сээ даруй буцаасан гашуун сургамж бий гэнэ. Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхсэн хэрэг болсныг салбарынхан ярьсаар.
“ЯПОНЧУУДАД БАТАЛГААТАЙ, ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭЛ ЧУХАЛ”
“Япон Улсаас Монголд ирж буй жуулчдын тоо 30 мянгад хүрэхгүй байна. Гэтэл Монголоос Япон руу аялах жуулчдын тоо 2024 онд 50 мянга давсан. Монголчууд хэдүүлээ билээ, Японы хүн ам хэд билээ. 120 гаруй сая хүнтэй япончуудын ядаж 0.1 хувь нь ирэхэд л танай аялал жуулчлалын салбарт багагүй нөлөө үзүүлнэ. Эзэн хааны айлчлалыг дагаад 50 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн явж байгаа учраас Монголын талаар сурталчлан таниулах, олон нийтийн мэдлэг, ойлголтыг тэлж, япон жуулчдыг татахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Тиймээс цаашид хоёр улсын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах хэрэгтэй” хэмээн Японы Эзэн хааныг өнгөрсөн наадмаар манайд айлчлах үеэр Засгийн газрын бие төлөөлөгч Такэнори Шимизү манай хэвлэлийнхэнтэй уулзахдаа онцолж байв. Тэрбээр Монгол Улсад Элчин сайдаар олон жил суусан, монгол хэл, соёл, сэтгэлгээний онцлогийг чамгүй гадарладаг, манайханд элэгтэй нэгэн. Тиймээс энэ боломжийг алдалгүй саалиа ч, саваа ч бэлдээрэй гээд анхааруулсан хэрэг.
Чүогийн их сургуульд таван жил профессороор ажиллах хугацаандаа тэрбээр япон жуулчид Азийн орнуудаас хаашаа хамгийн их аялдаг тухай судалгааг оюутнуудаараа хийлгэж байж. Тэрхүү судалгаагаар япончууд Хонконг, Камбож, Тайланд, Вьетнам зэрэг орон руу түлхүү аялдаг нь тогтоогдсон бөгөөд Монголын тухайд нислэгийн тийз үнэтэй, хамгийн гол нь жуулчдад хэрэгтэй мэдээ мэдээллийг албан ёсны баталгаатай эх сурвалжаас хайж, олж авахад хүндрэлтэй байдаг тухай онцолжээ. Япон¬ чууд бүх зүйлд ул суурьтай, няхуур ханддаг учраас ямаршуухан орныг зорих гэж байгаа, хэдийд аялалд гарвал зохистой, очоод юу хийх, хаагуур явбал байгалийн ямар онцлог, сайхныг үзэх боломжтой, хаана байрлах гэх мэт зүйлсийг сайтар нягталж судлахгүйгээр үйлдэл хийхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр манайхан яам, агентлагаасаа эхлээд аялал жуулчлалын холбоод, салбарын гол тоглогч болсон компаниуд мэдээллээ тодорхой, ойлгомжтой гаргах, хүргэх тал дээр илүү л анхаарахаас өөр аргагүй санж. Нислэгийн үнийн тухайд АНУ-ын агаарын тээврийн компани Япон, Монголын хооронд шууд нислэг үйлдэх болсноор сүүлийн үед өрсөлдөөн эхэлж, зах зээлийн зарчмаараа хямдрах боломж бүрдээд буй.
Л.Аргамжин
