“Металлурги, металлын технологи нь Монгол Улсын тэргүүлэх мэргэжлийн жагсаалтад багтсан учир томоохон компаниудын тэтгэлэг болон оюутны хөгжлийн зээлээр суралцах, дотоод, гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулиудад магистр, докторын сургалтад хамрагдах, үндэсний төдийгүй дэлхийн хэмжээний үйлдвэр, корпорацуудад өндөр цалинтай ажиллах, олон улсын жишигт нийцсэн сургалт, судалгаааны орчинд дадлагажих, Орос, Хятад, Япон, Солонгос улстай хамтарсан “2+2”, “2+3” хөтөлбөрт хамрагдах боломжтой. Металлурги, металлын технологийн үнэ цэн бүхий эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр та бүхнийг манай сургуульд элсэн суралцахыг урьж байна. Үнэ цэнтэй мэргэжлийн эзэд болцгооё”.
ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийнхан урилга заллагын шинжтэй ийм нэг сурталчилгааг энэ оны хавраас хойш буюу элсэлтийн шалгалт эхлэхтэй уралдан нийгмийн сүлжээнд идэвхтэй түгээв. Учир нь тус мэргэжлээр элсэн суралцах залуусын тоо жилээс жилд буурсаар энэ чиглэлийн анги, хөтөлбөр байх шаардлагатай юу, үгүй юү гэдэгтээ тулсан гэнэ. Иймд салбар сургуулийн захиргаанаас нь оюутан, залуусын мэргэжил сонголтод нөлөөлөх зорилгоор эртнээс пиар хийжээ.
Багш, мэргэжилтнүүд нь ч нийгмийн сүлжээн дэх хувийн талбар, харилцаа холбоогоо ашиглан байдаг чадлаараа ухуулга, сурталчилгаа хийсэн гэх. Тэгээд ч тусыг эс олов. Металлурги, металлын технологийн хөтөлбөрт энэ жил маш цөөн оюутан элсжээ. Нэгэн доктор “Монголчууд хүүхдээ математикч, физикч, инженер бол гэхээс илүү гаалийн чиглэлээр суралцаж авлигач бол гэж ятгадаг тул манай улс хөгжихгүй, шинжлэх ухаан, технологийн салбар өөдлөхгүй байна. ШУТИС-ийн металлурги, металлын технологийн хөтөлбөрт элсэх оюутан олдохгүй байхад гаалийн байцаагчийн анги бүртгэл хаагдахаас өмнө дүүрсэн нь үүний нотолгоо” хэмээн халагласан нь учиртай.
Уг нь металлурги, металлын технологийн хөтөлбөр бол Монголд төдийгүй олон улсын хөдөлмөрийн зах зээлд өндрөөр үнэлэгддэг, нэр хүндтэй, хөрвөх чадвар сайтай, уул уурхай, үйлдвэрлэл, боловсруулах салбарын суурь болсон мэргэжлийн сургалт юм билээ. Энэ чиглэлээр суралцсан хүмүүс ашигт малтмалын судалгаа, боловсруулалтыг хэрхэн хийх, дэвшилт техник, технологийг яаж ашиглахаас эхлээд үйлдвэрлэлийн туршилт, уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрийн урьдчилсан тооцоо, судалгааг гардан гүйцэтгэх нарийн ур чадварыг эзэмшдэгээрээ онцлог. Тийм ч учраас Засгийн газар үүнийг Монгол Улсыг хөгжүүлэхэд нэн шаардлагатай, дээд боловсролын тэргүүлэх 83 мэргэжлийн 20-д эрэмбэлсэн юм. Харамсалтай нь, төр засаг энэ мэргэжлийн үнэ цэн, хэрэгцээ шаардлагыг албан бичигт өндрөөр тодорхойлсон шигээ үнэлэмжийг нь бодитоор нэмэгдүүлж, нийгэмд эзлэх, хүлээн зөвшөөрөгдөх байр суурийг нь сайжруулахад бодлогын түвшинд анхаарч чадсангүй. Тиймээс л инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэдэг их сургууль нь энэ чиглэлийн хөтөлбөрөө үнэгүйдүүлэхгүйн тулд элсэгчдийн эрэлд гарч, багш, судлаачид нь пиарчин болж хувирав. Хамгийн харамсалтай нь, ганц энэ хөтөлбөр ч биш, эрэлттэй, тэргүүлэх чиглэлд багтсан олон мэргэжил яг ийм хүнд нөхцөлд байна гээд төсөөл дөө.

Засгийн газар 2023 онд дээд боловсролын тэргүүлэх мэргэжлийн чиглэлийг батлахдаа мэдээллийн технологи, инженерчлэл, эрчим хүч, хүрээлэн буй орчин, уул уурхай, боловсруулах, хөнгөн үйлдвэрийн салбарын голдуу хөтөлбөрүүдийг багтаасан. Гэтэл бодит байдалд энэ салбарууд нь бүгд л хүний нөөцийн асуудалтай, мэдлэг боловсролтой, ур чадвартай боловсон хүчнээр дутагдсан, бодлогын бодитой дэмжлэгээр “цангасан” байна.
Хэдийгээр Монголын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай, үүнийгээ дагаад залуус үйлдвэр, уурхай руу хошуурах болсон гэдэг ч ачир дээрээ яг энэ салбарт нарийн мэргэжлээр дагнан суралцах хүн олдохгүй байгааг дээр дурдсан жишээ харуулав. Хөдөө аж ахуйн (ялангуяа мал аж ахуй) өргөн их нөөц боломждоо тулгуурлаад хүнсний болон хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх талаар яриад, үндэсний хэмжээнд томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд удсан ч малын эмнэл зүй, агрономи, газар тариалан, арьс, ноос, ноолуур боловсруулалт зэрэг тэргүүлэх чиглэлээр ХААИС, ШУТИС-д элсэн суралцагч мөн л өдрийн од шиг ховордсоныг багш, судлаачид хэлж байна. Шинжлэх ухаан, инновацын салбарыг дэлхий нийтийн жишгээр хөгжүүлэх, эрдэмтэн, судлаачдыг дэмжих талаар дээр, дооргүй, дарга, цэрэггүй ярьдаг ч начир дээрээ Монголд эрдэм шинжилгээний байгууллагууд шиг хавчигдмал, тэндхийн ажилтнууд шиг шоовдор хүмүүс алга. Тиймээс залуус эрдэм шинжилгээ, туршилт, судалгаанд суурилсан сансрын холбоо, материал судлал, нано шинжлэх ухаан, био инженерчлэл, уур амьсгал, гамшиг судлал гээд орчин цагт ид тренд болж байгаа тэргүүлэх мэргэжлээр их, дээд сургуульд элсэн суралцахаас дөлсөөр. Яг үнэндээ манай улс эрэлттэй 38 мэргэжлийн талаас илүүг нь эзэлж буй боловсрол, эрүүл мэндийн салбарын боловсон хүчнээ ч чиглэл чиглэлээр бэлтгэж, хүний нөөцийн урсгалыг нь тасралтгүй хангаж хүчрэхгүй байна.
Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг хамгийн сүүлд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдуулан шинэчлэхэд “Өнөөдөр” сонин “Үнэлэмжийг нь сайжруулахгүй бол эрэлттэй, тэргүү¬ лэх мэргэжил гэж өргөмжлөөд ч нэмэргүй” тэргүүтэй хэд хэдэн нийтлэлийг цувралаар хүргэж байв. Тэгвэл үүнээс хойших гурван жилд юу ч өөрчлөгдсөнгүй. Төр засаг боловсролын салбарыг “халамжийн бодлого”-оор л тэтгэж, хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт хэрэгцээг хангах гэж зүдэрсээр өдий хүрлээ. Үүнийг доор дэлгэрүүлье.
Засгийн газар эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцагсдын тоог нэмэгдүүлэхэд л хамаг анхаарал, нөөц боломжоо төвлөрүүлж байна. Их, дээд сургуулийн элсэлтийн босго оноог чинээнд нь тултал буурууллаа. Хамгийн үнэ хүндтэй, хариуцлагатайд тооцогддог боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр хэнийг ч хамаагүй төсвийн мөнгөөр сургаж, хаана ч хамаагүй ажиллуулах бодлого баримталсаар. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг эрэлт тэй, тэргүүлэх мэргэжлээр үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах журам баталлаа. 10 жил мал малласан өрхийн нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлал, хамгаалал, нөхөн сэргээлт зэрэг хөдөө аж ахуйн тэргүүлэх чиглэлээр ХААИС-д үнэгүй суралцуулах хуулийн зохицуулалт энэ хи¬ чээлийн жилээс хэрэгжиж эхлэх гэж байна. Боловсролын зээлийн сангаас олгодог зээл, тэтгэлгийн санхүүжилтийн зонхилох хувийг эрэлттэй, тэргүүлэх гэж тодорхойлсон 121 мэргэжилд чиглүүлэхээр холбогдох журамд нь өнгөрсөн хавар өөрчлөлт орууллаа. Бизнес эрхлэгчид, үндэсний компаниуд эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцагсдад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж, тэтгэлэг олгосон тохиолдолд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд татварын хөнгөлөлт эдлэх зохицуулалт энэ оны эхнээс үйлчилж байна. Элсэлтийн шалгалтын оноо, элдэв босго, шалгуур шаардахгүйгээр залуусыг элсүүлэх гэж ч оролдож үзэв. Тухайлбал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүү¬ лэхэд шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд ойн чиглэлээр 1.5-2 жил суралцаж, төгсөх боломжийг 2022 оноос оюутнуудад санал болгож эхэлсэн. Ингээд ч дорвитой үр дүн гараагүй юм билээ. Эцэс сүүлдээ Улаанбаатар хотод хэрэгжүүлэх метро, инженерийн дэд бүтцийн төслүүдэд зориулж тэргүүлэх чиглэлээр мэргэжилтэн бэлтгэнэ л гэнэ. Утга учраа алдаж гүйцлээ.
Энэ мэтчилэн хэрэгжүүлж буй бодлогоос нь харвал манай төр эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийн үнэ цэн, ач холбогдлыг нэмэгдүүлж, улсынхаа хөгжил цэцэглэлтэд бодитой хувь нэмэр оруулах нөхцөл бүрдүүлэхээс илүү элсэлтийг нь механикаар өсгөхөд л анхаарч байна гэлтэй. Эрэлттэй, тэргүүлэх гэж өргөмжилсөн мэргэжлүүд нь хөдөлмөрийн зах зээлд тодорхой хугацаанд тухайн чиглэлээр ажлын байр байгааг илтгэж буй болохоос амьдралын наад захын баталгааг хангахгүй, итгэл үнэмшилтэйгээр сонгон суралцах сэдлийг төрүүлэхгүй байна шүү дээ. Тиймээс л багш, эмч нарын алдрыг хэчнээн магтан дуулаад ч, тэтгэлэг, төлбөрийн дэмжлэг үзүүлээд ч нэмэргүй болчхоод буй юм. Инженер, техник, шинжлэх ухаан шиг чухал салбар үгүй гэж тунхаглаад ч залуус итгэж үнэмшихгүй байна. Засгийн газар, дээд боловсролын бодлого, сургалтын хөтөлбөрийн агуулга, чанар хариуцсан төрийн захиргааны байгууллагынхан эрэлттэй, тэргүүлэх чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх тогтолцоогоо цаг үеийн бөгөөд нийгмийн шаардлага, дэлхийн чиг хандлагатай уялдуулан шинэчлэх цаг хэдийн болжээ.
Боловсролын яамныхан эрэлттэй, тэргүү¬ лэх мэргэжлийг тодорхойлох аргачлалыг шинэчлэн боловсруулахаар ажиллаж буй юм билээ. Энэ шинэчлэлээ ул суурьтайхан хийгээсэй. Монгол Улсын Засгийн газар нэн шаардлагатай мэргэжлээр суралцагсдад өнгөрсөн хугацаанд 6.2 тэрбум төгрөгийн тэтгэлэг, 4.3 тэрбум төгрөгийн сургалтын төлбөрийн зээл олгожээ. Энэ бол бага мөнгө биш. Харин үр дүнг нь бодитоор хэмжвэл чамлалттай. Татвар төлөгчдийн халааснаас гарч буй мөнгийг цаашид ийм байдлаар үрэлгэн зарцуулахгүйн тулд хямгатай, хариуцлагатай хандах учиртай.
Н.Мишээл