Нэгэн эдийн засагч “Монгол Улсын Засгийн газар “Мета” компанид онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөө томилох л дутуу байна” хэмээн өгүүлсэн нь хэтийдсэн гэхээсээ илүү үнэнд дөхөм ёжлол байв. Төр, хувийн хэвшил гэлтгүй бүхий л салбарын бизнес, компанийн дотоод хэрэгт хутгалдсаар эцэстээ дэлхийн тэргүүлэх технологийн группийн ажилд хүртэл хошуу дүрж, бүс нутгийн үйл ажиллагаа хариуцсан захирлыг нь халуулна гэж даналзахдаа тулсан монгол дарга нарын “бадрангуй”, аархуу үйлдэл түүнийг ийн хошигноход хүргэсэн болов уу.
Нөгөөтээгүүр, Засгийн газар сүүлийн үед уул уурхай, эрчим хүч, банк санхүү гээд аль их мөнгө эргэлддэг, тэр хэрээрээ ашиг сонирхол, албан тушаалын зодоон ихтэй салбар дахь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд, үйлдвэрийн газруудыг өөд нь татах нэрээр онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилдог моод дэлгэрүүлсэн нь далд утгатай үгээр ийнхүү дамшиглахад нөлөөлсөн нь гарцаагүй.
Төрийн өмчийн компани, үйлдвэрийн газруудад Бүрэн эрхт төлөөлөгч хэмээх “тусгай элч” томилох үйл ажиллагаа “Эрдэнэт үйлдвэр”ийн хувьчлалыг хүчингүй болгож, төрд буцаан авах шийдвэр гаргаснаас хойш эрчимжсэн гэхэд болно. Дараа нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой”-гоор үргэлжлүүлсэн. Хууль бусаар, хуйвалдааны зарчмаар хувьчилсан, худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг зөрчсөн зэрэг үндэслэлээр эдгээр үйлдвэрийг төрд буцаан авахаар шийдвэрлэхэд Засгийн газар Бүрэн эрхт төлөөлөгч томилсон нь ихээхэн чухал үүрэг гүйцэтгэснийг одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга байхдаа онцолж байв. Үүний дараа “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн “Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-д тус бүр хагас жилийн хугацаатай онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч нарыг томилсон билээ. Одоо ч заримд нь ийм албан тушаалтан үргэлжлүүлэн ажиллуулсаар байгаа. Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх үүрэг бүхий Бүрэн эрхт төлөөлөгчийг энэ оны хоёрдугаар сард томилсон. Хамгийн сүүлд “Дулааны цахилгаан станц-3”-т гарсан осолтой холбогдуулан Засгийн газар тус ТӨХК-ийг шууд хяналтдаа авч, өнгөрсөн зургаадугаар сард “төлөөний хүн”-ээ илгээсэн юм. Цаашид энэ томилгоо улам эрчимжиж, ийм албан тушаалд очигсдын тоо үлэмж нэмэгдэж болзошгүйг “Төрийн өмчит компаниудад реформ хийнэ” гэх Засгийн газрын амбиц, үйлдвэр, станцад осол гарах төдийхөнд “элч” илгээж сүр бадруулж буй одоогийн нөхцөл байдал харуулж байна. Гэвч Бүрэн эрхт төлөөлөгч томилох нь хууль ёсны шийдвэр мөн үү, энэ томилгоо ашиг сонирхол, улс төрийн нөлөөллөөс ангид байж чаддаг уу, уг албан тушаалд очсон хүмүүс үр дүнтэй ажилладаг уу гэдэг асуултын хариулт өнөө хэр нь бүрхэг, эргэлзээ дагуулсан хэвээр.
Товчхондоо бол Бүрэн эрхт төлөөлөгч гэдэг нь аливаа үйлдвэр, компанийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажилллагаанд Засгийн газрыг төлөөлөн шууд оролцох, шийдвэр гаргах, хяналт тавих эрх мэдэлтэй албан тушаалтан юм. Тухайн аж ахуйн нэгжид үүссэн тодорхой нэг асуудлыг шийдвэрлүүлэх, засаглал, удирдлага, үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөлийг нь сайжруулах шаардлага үүссэн тохиолдолд Засгийн газар төлөөлөгч томилдог. Хамгийн хачирхалтай нь, Компанийн, Төрийн өмчийн, Засгийн газрын тухай гээд холбогдох хууль тогтоомжид энэ томилгоотой холбоотой ямар нэгэн заалт, зохицуулалт байхгүй. Үндсэн хуульд ч үгүй. Гагцхүү Монголбанк л үйл ажиллагаа нь доголдсон арилжааны банкнуудад Бүрэн эрхт төлөөлөгч томилох зохицуулалттай.
Хууль зүйн салбарынхан тус томилгооны уг үндэс, үүсэл гарлыг хөөн судалсны эцэст 1991 оны нэгдүгээр сард буюу БНМАУ-ын үед, өнөөгийн Монгол Улсын ардчилсан, эрх зүйт төрийн суурь зарчмуудыг баталгаажуулсан Үндсэн хуулиас ч өмнө баталсан хуулиас эхтэйг нь тогтоосон. Тухайлбал, одоогоос 34 жилийн өмнө баталсан, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуульд аливаа нэг үйлдвэрийн газар, байгууллагад төр онцгой дэглэм тогтоож, бүтэц, бүх шатны удирдлагыг нь тодорхойлон томилох тухай тусгасан байдаг. Сонирхолтой нь, уг хуулийн заалтыг өнөө үед ашиглаж болох, эсэх, энэ нь Үндсэн хийгээд бусад хууль тогтоомжтой нийцэх үү, үгүй юү, Бүрэн эрхт төлөөлөгч болон тухайн газрын удирдлага хоёр зэрэгцэн ажиллах нь эрх зүйн талаас боломжтой юу гэдэг нь мөн л бүрэн тайлагдаагүй, нэг тийш болгоогүй асуудал юм.
Хуульч, өмгөөлөгчид энэ асуудлаар өнгөрсөн хугацаанд маргаан, хэлэлцүүлэг багагүй өрнүүлж, Үндсэн хуулийн цэцэд ч цөөнгүй удаа мэдээлэл гаргасан юм билээ. Харин цэц 1992 оноос өмнө баталсан хууль тогтоомж, албан тушаалтны шийдвэр Үндсэн хуульд нийцэж буй, эсэх асуудлаарх гомдол, мэдээллийг хүлээн авч хэлэлцэх шийдвэрийг өнгөрсөн оны сүүлчээр л гаргасан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар онцгой дэглэм тогтоох, Бүрэн эрхт төлөөлөгч томилох эрхтэй юү гэдгийг хуулийн хүрээнд хэлэлцэх боломж саяхан л нээгдсэн гэсэн үг. Гэтэл Засгийн газар энэ тодорхойгүй нөхцөл байдлыг үл харгалзан “1991 оны Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилох хуулийг хэрэглэж …”, “Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль тогтоомжид заасны дагуу …” гэхчлэн томилгоо хийсээр өдий хүрлээ. Энэ нь Засгийн газрын онцгой дэглэм гэдэг нь угтаа төрийн эрх мэдлийг зузаатгаж, хөрөнгө хураах зорилготой үйл ажиллагаа, Бүрэн эрхт төлөөлөгч гэдэг нь сайд, дарга нарын “цүнхчид”-д тусгай эрх ямба эдлүүлэх шагналын албан тушаал гэх хардлагыг лавшруулсаар байгаа. Үүнийг доор цөөн баримтаар тодруулъя.
2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасны дараа нийгэмд өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөсөн. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эл шийдвэрийг эрс шүүмжлэн лайв хүртэл хийсэн бөгөөд тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Ц.Элбэгдорж гэдэг хүн 1991 оны БНМАУын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хамгийн анх ашиглаж “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрт 1998 онд Бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Харин “Эрдэнэт үйлдвэр”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой”-д төлөөлөгч томилсон нь хоёр, “Эрдэнэс Тавантолгой” тэргүүтэй компаниудад онцгой дэглэм тогтоосон нь гурав дахь тохиолдол” хэмээн хариу барьсан юм. Эндээс Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд авах эцсийн шийдвэрийг гаргах хүртэлх 20 орчим жилийн хугацаанд дээрх хуулийг хэрэглээгүй, төлөөлөгч томилоогүй нь харагдана. Үүнээс өмнөх үед төрийн өмчит компаниуд, үйлдвэрийн газруудад өнөөдөр тулгамдаж буй асуудлууд байсан ч тэр бүрд онцгой дэглэм тогтоож, сүр бадраалгүй шийдвэрлээд болоод байж. Харин одоо сав л хийвэл ийм “арга хэмжээ” авдаг боллоо. Ингэхдээ тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг жигдрүүлж, голдиролд нь оруулаад зогсох бус, төр хяналт, мэдэлдээ бүрэн авдаг болсон нь онцгой дэглэм тогтоох шийдвэрийн цаана далд ашиг сонирхол нуугдсаар ирсний баталгаа гэлтэй. Хувийн хэвшлийн эзэмшиж байгаа стратегийн ордуудтай холбоотой асуудал хариуцсан төлөөлөгч томилсон нь ч үүнийг нотлох шиг.
Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудад онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулснаар үр ашиг, төсөв санхүүгийн нөхцөл нь эрс сайжирсан гэсэн пиарыг Засгийн газар байнга хийдэг. Сайн үр дүн гарахгүй бол өөрсдийнх нь томилгоо, хийсэн ажил буруудах учраас ингэж ярихаас ч аргагүй байдаг биз. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой”-д анх төлөөлөгч томилсноор хагас жилийн дотор төсвийн орлого нь 1.8 их наяд төгрөгөөр давж биелсэн, “Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосноор хилийн боомт дагуух төмөр замын төслүүдийн ажил дорвитой урагшилсан, биржийн худалдаа идэвхэжсэн гэдэг. Гэвч үнэхээр ийм үр дүн үзүүлсэн үү гэдгийг бид мэдэх, бодитоор үнэлж дүгнэх, хэмжих боломжгүй. “ДЦС-3”-т үүссэн доголдлыг богино хугацаанд шийдвэрлүүлэхээр Бүрэн эрхт төлөөлөгч томилоод гурван сар орчмын хугацаа өнгөрлөө. Гэтэл эвдрэл гэмтлийг нь одоо хүртэл шийдээгүй, 2025-2026 оны өвөл нийслэл¬ чүүдийн цахилгаан, дулааны хэрэглээг хэрхэн тасалдуулахгүй хангах нь тодорхойгүй байна.
Харин нэг л зүйл маш тодорхой байгаа нь Засгийн газрын “илгээлт”-ээр очсон төлөөлөгч нар хэмжээлшгүй их эрх ямба эдэлж, цалин урамшуулал авдаг асуудал юм. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой”-д Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр 18 сар ажилласан Ж.Ганбат гэхэд энэ албан тушаалд томилогдсоныхоо дараа 74 хүнийг нэгэн зэрэг халж, нийт 1.2 тэрбум төгрөгийн цалин, урамшууллыг өөртөө олгосон нь баримтаар ил болсон. Дундажлан тооцвол сард 66.6 сая төгрөгийн цалин авсан байгаа юм. Эндээс Бүрэн эрхт төлөөлөгч хэмээх албан тушаалыг ямар их хэмжээний мөнгө, эрх мэдэл дагалддаг нь баримжаалагдана. Сайд, дарга нар томоохон үйлдвэр, компаниудад “өөрийн хүн”ээ эл албан тушаалд томилох гэж үзэлцдэг шиг Засгийн газраас үүрэг далгавар авсан төлөөлөгч нар ч мөн очсон газартаа танил тал, хамаарал бүхий хүмүүсээ “шургуулах” гэж бужигнуулдаг гэх. “Поп”-ын хаан гэгддэг Ж.Батзанданг стратегийн ордуудын хувь эзэмшлийн асуудал хариуцсан Бүрэн эрхт төлөөлөгчөөр, өмнө нь “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан, ЗГХЭГ-ын дэд дарга асан У.Бямбасүрэнг тус компанид “тусгай элч”-ээр илгээгээд буй зэрэг сүүлийн хоёр томилгоо гэхэд энэ албан тушаалыг үнэлэх иргэд, олон нийтийн итгэл үнэмшлийг үлэмж бууруулж, элдэв хардлага сэрдлэгийг өдөөсөн гэвэл худал болохгүй.
Н.Мишээл