Зочин Ц.ДОРЖГОТОВ Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач, зохиолч
Уншигч-сурвалжлагч Г.РАВДАН Ардын жүжигчин
Удаан хугацаанд завсарласны эцэст “Уншигч- сурвалжлагч” булан маань хүндтэй зочидтойгоор эргэн ирлээ. “Инээд байгаа газар эрүүл нийгэм оршино” уриатай, улс төр, уран сайхны хошин шог сэтгүүл “Тоншуул”-ын 90 жилийн ой энэ онд тохиож буй. “Тоншуул”-ын хуудаснаа 40-өөд жил шог зураг, хошин өгүүллэг, нийтлэл, орчуулга нь тасралтгүй нийтлэгдсэн, энэхүү сэтгүүлийн буурал түүхтэй салшгүй холбоотой эрхэм хүмүүн бол Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Цэндийн Доржготов билээ. “Тоншуул”-аасаа тавхан насаар дүү энэ эрхмийн тухай Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсан “Юмыг ухаж бодох, хожуу инээд гэдэг юм алга болоод байна. Бодож байж инээх инээд Монголын уран зохиолд их дутаж байгаа юм. Энийг бичиж чадаж байгаа ганц хүн нь Доржготов. Тэр бол хурц ухаантай, хэдэн талаас нь бодож бичдэг, тэгсэн мөртлөө маш их уянгалаг, илж шоолдог. Хүүхдээ зодож буй хүнээр бодох юм бол Доржготов үнсээд л алгадаад байдаг” хэмээн тодорхойлсон байдаг. 1985 онд буюу “Тоншуул” сэтгүүлийн 50 жилийн ойд зориулсан уран бүтээлийн үдэшлэгт Б.Мөнхдорж найруулагчийн тушаалаар Ц.Доржготовын “Мөнхийн ус” өгүүллэгийг ганцаарчлан унших үүрэг хүлээж, шог зураг, зохиол бүтээлээр нь эчнээ танил болсон нутгийн ахтайгаа нүүр хагаран танилцах завшааныг олж авсан нэгэн бол Ардын жүжигчин, өгүүлэхүйн ухааны нэрт мастер Гомбын Равдан юм. “Өнөө¬дөр” сонины байнгын уншигч, сэтгэлд нь хүрсэн нийтлэл, ярилцлага гарвал бичсэн сэтгүүлчид нь заавал өөрийн биеэр ирж баяр хүргэдэг тэрбээр энэ удаад өөрөө уншигч- сурвалжлагчаар ажиллалаа.
-Та 19-тэйдөө нөгөө алдарт “Хоёр амтай уут” шог зургаараа Улс хувьсгалын 40 жилийн ойд зориулсан уралдаанд нь түрүүлээд “Тоншуул”-д орсон бил үү?
-Түүнээс өмнө “Тоншуул”-д хааяа нэг шог зураг, өгүүллэг хэвлүүлдэг байсан шүү. “Тоншуул”-д орсон түүхээ яривал нэлээд урт удаан юм ярих хэрэгтэй болно. Хашаатынхаа бага сургуулийг төгсөөд, Хотонтод шинээр нээгдсэн тавдугаар ангид үргэлжлүүлж сурах боломж байсан ч манайхан бүгд оргосон удаатай. Сургууль завсардсан нөхөр айлд “бүгэж” байгаад ээжийгээ санаад гэртээ иртэл аймгийн Намын хорооноос яваа даргатай таарчихдаг юм. Манай сургуулийн захирал, багш нар намайг захисан байж. Аав эзгүй тул ээж минь “Төрсөн эгч нь хотод байгаа, тэнд сургуульд оруулъя” гэж гуйж байгаад намайг үлдээсэн юм. Намар нь хот явах болсон унаа олдохгүй хэд хонож байтал манай нутгийн нэг агсам нөхөр Улаан¬баатар руу оргохтой таарч, тэмээн тэргэнд нь суугаад Дашинчилэн орж, тэндээс машинтай залгаж билээ. Тавдугаар ангиа хотод дүүргээд гэртээ очтол манайхан “Ноднин дутуу оргуулаад баригдсан, энэ жил лавхан оргуулна аа” гээд дахиад сургууль завсардав аа. Гэтэл гурван жилийн дараа нэгдэл хамаг малыг минь нийгэмчилснээр хөдөө тарвагачин болсон байсан намайг аав “Чи одоо сургуульдаа үргэлжлүүлж сур” гээд хот руу явуулсан даа.
Тийнхүү оройн сургуульд суралцаж, хажуугаар нь зураг зурдгийнхаа буянаар Хэвлэх үйлдвэрт ажилд ороод, “дэлдэн” П.Бадарчтай хамт хуулж зурдаг байлаа. Манай үйлдвэрт “Тоншуул” сэтгүүлийг хэвлэдэг байсан тул тэндээс анх энэ сайхан газрын тухай мэдэж, улмаар ганц нэг шог өгүүллэг, зургаа нийтлүүлдэг боллоо. Шагналын 30 төгрөгөөрөө “Ард”, “Элдэв очир” кинотеатруудад гардаг орос киноноос 10-ыг үзчихдэг болохоор тэрэндээ л их хорхойсдог. Тэгж явахдаа “Хоёр амтай уут” шог зургаараа Улс хувьсгалын 40 жилд зориулсан тэр том уралдаанд түрүүлээд 800 төгрөгөөр шагнуулж билээ. Баргийн шилийн сайн эрийн нүд эрээлжлэхээр мөнгө шүү дээ. Нэгдэлд хамаг малаа хураалгачихсан малчид идшээ яах билээ гэдэг байсан тухайн үед тарган сайн сувай үнээ 400 төгрөгийн үнэтэй байлаа. Гэтэл би ганц зураг “матар”-лаад хоёр ч сувай үнээний мөнгө авчихаар чинь “Тоншуул” руу ханарахаас яах билээ (инээв). Энэ уралдаан миний хувь заяаг жолоодсон юм.
-Таныг ороход Ц.Гайтав, Д.Пүрэвдорж, А.Гүрсэд, В.Одгийв, Ж.Шагдар гээд аваргууд байсан байж таарна. Хэн хэнээр чиглүүлж, зүглүүлж ажил мэргэжилдээ дөрөө олж байв?
-“Тоншуул”-ынхны анхааралд өртсөн учраас Гайтав гуай, Гүрсэд гуай хоёр “Энэ хүүхдийг оройгоор 10 дугаар ангийг нь төгсгөөд, хойшоо зургийн сургуульд явуулж, өөрийн хүн болгож авъя” гэж шийдсэн гэдэг. Гэтэл Хэвлэх үйлдвэ¬рийн дарга маань намайг өгөхгүй гээд нэлээд юм болжээ. МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний тогтоол гарсан тулдаа арга буюу бууж өгч. Оройн сургуулийн наймдугаар анги л төгссөн, мэргэжил, мэдлэггүй хүүхдийг тоож ажилд аваад, сарын 700 төгрөгөөр цалинжуулж, дээрээс нь сэтгүүлдээ зурсан зураг болгоны тоогоор тусад нь шагнал олгодог байлаа. Цалингаа аваад зургаа зурж байхад минь нэмж шагнал өгдөгт нь санаа зовно оо. Тэгсэн Ц.Гайтав гуай нэг өдөр “Авьяас бол ховорхон цэцэг. Чамд зургийн шагнал тусад нь өгдөг нь энэхүү ховорхон цэцгийг ургуулах гэж усалж байгаа хэрэг юм” гэхэд нь санаа амарсан даа. Тийм л сайхан хүмүүстэй ойр дотно байж, уран бүтээлчийн ааш аяг, нөмөр нөөлөг, арга барилаас нь ихийг сурсан. Намайг хойшоо сургуульд хүртэл явуулсан шүү дээ. “Үнэн” сонинд хуваарь ирээгүй байхад Цэндийн Намсрай гуай намайг дэмжиж, Москва хотын Хэвлэлийн дээд сургууль руу явуулж байлаа. Намсрай гуай миний амьдралд их тус хүргэсэнд талархаж явдаг юм.
-“Тоншуул” хэдийгээр “Үнэн” сонины хажууд нэг өрөөнд нь байдаг ч гэсэн тухайн үеийн хамгийн эрүүл, чөлөөт сэтгэлгээтэй хүмүүсийн цуглардаг газар байсан тухай Б.Лхагвасүрэн нэгэн дурсамждаа онцолсон. Тэр хаалттай нийгэмд эрүүл, чөлөөтэй яриа дэлгэх гэсэн хүмүүс танайхыг зорьдог байжээ дээ.
-Аль ч нийгэмд шог хошин бүтээл хийдэг хүмүүст шашныхан, улс төрийнхөн, дарга нар их таагүй хандаж ирсэн байдаг. Тэглээ гээд хүн төрөлхтөн хошигнох ухаанаа гээгээгүй. Монголчууд гэхэд л борвиороо бор навтарга, шаантаараа шар эсгий цувуулсан ноорхой бадарчин¬гаа хаад, ноёд, томчуудтай уулзуулж, өнөөх нь уран, цэцэн, гүнзгий хошин ухаанаараа тэднийг дандаа ялан дийлдэг тухай үлгэр домог зохиодог шүү дээ. Тэгэхээр бид ч бас цаагуураа хошигнох ухааныг үнэлж, хайрладаг байж. Харин хошин шогчид ямар сэдэл зорилготой бүтээлээ хийдэг вэ гэдэг нь тусдаа асуудал. Хүнлэг сэтгэлийн үүднээс үү, хорон муу санааных уу, эсвэл ямар нэг эрх ашгийн төлөө юү, нийтийн тусын тулд уу гээд олон янз. Энэ дунд хошин шогийнхон өөрсдийгөө л хянаж явах учиртай юм.
Манай “Тоншуул”-ын өрөөгөөр Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Х.Пэрлээ гуайгаас эхлээд зураач Л.Гаваа, Ц.Доржпалам, дараа үеийн зо¬хиолчдоос гэвэл П.Пүрэвсүрэн, Ж.Лхагва, Б.Лхагвасүрэн нар их орж ирнэ ээ. Ёстой нэг чөлөөтэй, сайхан “цуурцгаана” даа. Хамгийн гол нь уран бүтээлчид нэгнээ цэцэн, хошин үгээр давах гэж жигтэйхэн өрсөлдөнө. Авьяас, мэдрэмж, ухаанаараа бусдыгаа дийлсэн хүн нь ямар ч том гавьяа шагнал авснаас илүү хөөрч хөөрцөглөнө. Өөрөөр хэлбэл, манайх тэр үеийн сод авьяастнуудын уран, цэцэн, хошин авьяас, ухаанаараа гангарах “тамхины өрөө” байжээ гэж би боддог юм. Ийм авшигтай өрөөнд би 19-тэйдөө анх орж, хошин шог зураг, зохиол гэдэг юмтай танилцаж, өдийг хүртэл хутгалдсаар яваа минь надад хамгийн том бахархал. Үүнийг ямар ч өндөр хэргэм, сэнтийтэй зүйрлэшгүй. Манай нутгийн Жамцын Шагдар, Дундговиос ирсэн, миний уран бүтээлийн анд нөхөр Цэвэгийн Байды нартайгаа “Тоншуул”-д л учирч танилцан, мартагдашгүй сайхан он жилүүдийг хамт өнгөрүүлсэн. Би одоо 85-тай. “Ер нь би гэдэг хүн энэ хорвоо дээр ирээд олигтой юм хийв үү, ямаршуу амьтан явсан юм бэ” гээд бодохоор үүндээ л сэтгэл жаахан омойтдог. Над шиг хүн өөр юу хийх байсан юм, мэдэхгүй. Ямар ч байсан би бол хариуцлагатай алба лав хашихааргүй хүн. Чаддаг юмаа харин тууштай хийлээ.
-Дөрөвдүгээр сарын 1-нд “Инээдмийн баярын шоу” гэж зохион байгуулдаг байсан даа. “Тоншуул”-аас Ш.Цэнд-Аюуш гуай та хоёрын зохиол бүтээлийг голдуу авдаг сан.
-Цирк шинээр ашиглалтад ороод удаагүй байсан үед монголчууд Инээдмийн өдрөөр хана, цонхыг нь хагартал битүү цуглана. Цэнд-Аюуш бид хоёр яах вэ дээ, зохиолоо бичээд л байдаг. Өөрсдөө ээрч гацаад олигтой ярьж чадах биш. Зохиол бүтээлийг минь хүмүүст хүртэл дотортой, сайхан уншдаг хүн тун их хэрэгтэй байхад чи гарч ирсэнд ах нь үнэндээ баярладаг юм. Монголын хошин шог урлагт ганцаарчилсан төрөл тэр үеэс л үүсэж хөгжсөн шүү дээ.
-Миний гарч ирэх яах вэ. Н.Цэвээнравдан, Ж.Дорлигжав, Д.Цэрэндарьзав, “муухай” З.Пүрэвээ гуай гээд аваргууд байна шүү дээ. Ганц хүний хошин монологууд нь янзтай.
-Чи эхэлсэн юм аа. Н.Цэвээнравдан, Ж.Дорлигжав нар онцгой сайн байлгүй яах вэ. Гэхдээ замыг нь чи түрүүнд гаргаж өгсөн. Би энийг хаана ч хэлнэ. Мэргэжлийн зохиолчийн бүтээлийг тэр түвшинд нь ойлгуулж, хүргэх тал дээр чамтай хэн өрсөлдөх билээ. Би энэ шог хошин жанр маань цаашдаа яах бол гэдэгт нэлээд санаа зовдог хүн. Хурц сийрэг ухаан, уран нарийн арга ажиллагаа, гүнзгий санаа, далд утга, түүнийгээ гүйцэлдүүлэх оносон егөөдөл, ёгтлол гээд олон чадвар хүнээс шаарддаг төрөл учраас залуус тэр бүр барьж авч, бичихгүй байна уу. Мэдэхгүй юм. Одоо манай улс төрчид, сайд, дарга нар хулгай, булхайгаа дэлгэж муудалцахаараа нэгнээ “Бүр байтлаа хошин шог юм болох нь ээ” гэж хошин шог гэдэг урлагийн нэгэн том төрлийг доромжилдог болж. Өөрсдөө хошин шогоос илүү өндөрт байх нь л дээ. Би хошин шог бол ямар ч том хүнийг эчнээгээр ялах, давах агуу хүчтэй урлаг гэж боддог шүү.
-Тэгэлгүй яах вэ. Манай зохиолчид нэгнээ их шоолж “явуулдаг” шүү дээ. Жишээ нь, С.Дашдооров гуайг хөдөө гарвал танхай адуучин болох учраас нэгдлийн даргатайгаа муудаад, агсам тавих гээд нэг гожинтой очтол эзгүй байхаар нь өнөөхөө хага цохиж өөрөө хүртчихээд, Хүндэт самбар луу нь шээчихээд явах хүн гэж егөөдөж. Гэтэл өнөөх шог нь Ю.Цэдэнбал даргын чихэнд хүрчихсэн, Төрийн шагналд нэр дэвшигч¬дийн материалыг харж байснаа “Хүүш, энэ С.Дашдооров чинь нөгөө Хүндэт самбар луу шээдэг нөхөр мөн үү” гэж асуусан гэдэг.
-“Тоншуул”-ыг түрүүнд би авьяастнуудын цуурдаг тамхины өрөө гэсэн нь учиртай. Өнөөдүүл чинь манайд ирэхээрээ чөлөөтэй ярина. Ю.Цэдэнбал гуайг мартамхай болж эхэлсэн тухай ярихдаа нөхрийг Зохиолчдын хороо руу утасдаад “Танай нөгөө хэн билээ... Адуухулан байна уу” гэсэн гэдэг. Ж.Самбуу гуайг шоолон, шагналын тогтоолоо уншихдаа Ч.Чимэдийг “дөчин дөрвөн өмд” гэнэ, З.Сандаг гэдэг хүнийг “гурав сунадаг” гэж хэлнэ хэмээн хөгжицгөөж байсан удаатай. Бас ч үгүй, нам, засгийн томчуудын тухай ингэж чөлөөтэй цуурах газар манайхаас өөр хаана байх билээ. Тэгэхээр “Инээд байгаа газар эрүүл нийгэм оршино” гэж зүгээр ч нэг уриа биш байгаа биз. Харин “Үнэн” сонин бол албан тушаалтнуудын орж, гардаг албархуу газар байсан. Францын нэрт жанжин Наполеон агуу шооч хүн байсан гэдэг. Нэгэн тулалдааны үеэр Наполеон өөрөө дуран тавьж үзээд, хажуу дахь генералаасаа “Манайхан яаж байна. Чи ялж байгаа л гэсэн. Би тэр ялалтыг чинь олж харахгүй байна” гэж асууж. Нөгөөх нь “Та харахгүй байх нь аргагүй ээ, би танаас нэг толгойгоор өндөр юм чинь” гэхэд нь Наполеон “Тэр үнэн. Гэхдээ би нэг сэлэмдээд л тэгшилчихэж чадна шүү” гэсэн гэдэг. Тийм л гүйх ухаантай, шооч сэтгэлгээтэй жанжин байж.
-Гүйх ухаан гэснээс Б.Лхагвасүрэн таныг “Доржготов шиг хурц ухаантай шог зохиолчид Монголд байх юм бол төрийг хошин шогоор барьж болно гэж боддог” хэмээн ихэд үнэлсэн байдаг. Готов ахын зохиол бүтээлүүдэд монгол хүний язгуур чанар, далд утга, уянга, ухаарал нэвт бий дээ.
-“Тоншуул” гэхээр одоогийн залуус зүгээр нэг сэтгүүл л гэж бодож магадгүй. Үгүй юм аа. Ардчилалгүй, захиргаадалтын нийгэмд бид чөлөөтэй сэтгэх, юмыг эрүүл ухаанаар харах сан гэж хичээдэг байсан. Энэ бол одоогийн та нарын яриад байгаа хэвлэлийн эрх чөлөө хумигдмал байна гэдгээс огт өөр орчин, нөхцөл шүү дээ. Өөрөөр хэлбэл, бид ямар ч байсан үүргээ гүйцэтгэсэн. Харин одоо шинжлэх ухаан, техник, технологи дээд түвшинд хүртэл хөгжсөн энэ цаг үед нийгэм, хүний оюун санаанд яаж нөлөөлөх вэ гэдэг нь бодох асуудал. Хошин шог гэсэн энэ төрлөөр зохиол бүтээл туурвих, зурах дүү нарын өмнө томоохон сорилт ирээд байна. Бидний явсан замаар яваад хэрэггүй. Өөр байх ёстой. Адаглаад хошин шогоор шүүмжилж, шоглох гэж байгаа зүйлээ өөрөө сайн мэддэг, түүнээсээ илүү байх шаардлагатай. Тэгж байж ёгт инээдэмтэйгээр шүүмжилнэ шүү дээ. Үүний тулд өөрийгөө сайтар боловсруулах хэрэгтэй л гэж өвгөн ах нь хэлэх гээд байна. Зурагтаар хааяа нэг гарч байгаа хошин шогийг харахаар өнөөгийн үзэгчид байтугай маний үеийнхэн голоод тоохооргүй юм байх. Асар хурдтай өөрч¬лөгдсөн энэ нийгэмд бурхад нэгнээ шоолбол яах бол, чөтгөрүүд хоорондоо хошин шогоор өрсөлдвөл юу болох вэ, хүмүүс яах бол гэхчлэн олон талтай, сонирхолтой юм гарч таарна. Гэтэл хошин шог төрөл манайд хөдөлгөөнгүй гацчихаад байгаа нь амаргүй эд учраас тэр болов уу.
-И.Цэрэнжамц, Н.Цэвээнравдан тэргүүтэй “Тоншуул”-ынхан нэг үе “Учиртай инээд” хамтлаг байгуулан, бужигнуулж явсан байх аа.
-Намын “Үнэн” шиг хяналтын тоогүй учраас манай “Тоншуул”-ын захиалагчдын тоо 100 мянга давдаг байлаа. Тэр нь бидний сайных гэхээс илүү нам засаг, нийгмийн үнэн мөнийг уудлан, илчилдэг, шүүмжилдэг учраас хүмүүст их хүрдэг байж. Ямар сайндаа л таван хүнтэй манай “Тоншуул”-ынхан жилийн эцэст сэтгүүлийнхээ санхүүгээс 500 мянган төгрөгийг Намын Төв хорооны санхүүгийн хэлтсийн дансанд хийдэг байлаа шүү дээ. Тэр үед хошин урлагийнхан ч мөнгө сайн олдог байсан учраас Х.Цэвлээ эрхлэгч “Учиртай инээд” хамтлаг байгуулах санаачилга гаргасан түүхтэй. Би бол тэр үед хөдөө явахаар санаа шулуудсан байсан учраас идэвхтэй оролцоогүй юм. Ямартай ч Төв театраас Н.Цэвээнравдангаа аваад, Улсын их дэлгүүрийн ерөнхий ня-бо И.Цэрэнжамцыгаа элсүүлээд, Гүрсэд Сэлэнгээс Сангаабазарыг авчраад, цэргээс ирсэн С.Цогтбаярыгаа нэгтгээд Ж.Барамсай тэд нар “Үнэн” сонины “УАЗ-469”-тэй гараад шидсэн байх шүү. Хошин урлагийн хамтлагуудын анхдагчид нь тэд байсан. Манай И.Цэрэнжамц бидэн дундаа их нэр хүндтэй. Улсын их дэлгүүрийн ерөнхий ня-бо хүн чинь салбар дэлгүүрүүдийнхээ хаашаа нь ч байсан холбогдоод, бидэнд шил юм зохицуулж өгдөг. Тэгж үнэ хүрсэн нь Ц.Хасбаатар гуайгаар дамжаад Ч.Чимэд гуайн чихэнд хүрсэн байж. Чимэд гуай Зохиолчдын хорооны нэг цугларалт дээр “Тоншуулынхан азтай цуснууд юм аа. Улсын их дэлгүүрийн ерөнхий ня-бо Цэрэнжамц тэдэнд дуртай газраас нь архи олж өгдөг гэнэ. Бидэнд тийм боломж алга шүү дээ” гэж байсан гэдэг (инээв).
-УИХ-ын гишүүн, сайд асан С.Ламбаа гуайгаас эхлээд шог зураач Л.Өлзийбат, “Хонх” хамтлагийн С.Цогтсайхан агсан гээд олон хүн таныг багш гэж хүндэлдэг юм билээ. Н.Цэвээнравдан гуайн жүжиглэх ур чадварт зориулж та “Нүдтэй шөвөг” монолог бичиж өгсөн бил үү.
-Тийм тийм. Манай Цэвээнээ ланжгар шүү дээ. Хойно төгссөн, манай үеийн сэтгүүлч Бямбаа радиод ажиллаж байхдаа нэг өдөр над дээр хөөрхөн бүлтгэр цагаан залуу дагуулж ирсэн нь С.Цогтсайхан байсан. “Чиний зохиолуудыг жигтэйхэн шимтэж уншдаг хүү байгаа юм. Чи нэг чиглүүлээрэй” гэсэн юм. Тэгэхээр нь Зөвлөлтийн нэрт шог зохиолч М.Задарновын тухайн үед ид шуугиулаад байсан “Эрхэм ерөнхий нарийн бичгийн дарга аа” гэдэг өгүүллэгийг С.Цогтсайханд өгч орчуулуулаад, “Учиртай инээд”-ийн хоёр дахь тоглолт дээр Цэвээнээгээр уншуулах юм болов оо.
Хөдөөний тосгоноос нэг Иван дээшээ захидал бичиж байгаа юм. “Эрхэм ерөнхий нарийн бичгийн дарга аа! Та манайхаар нэг ирээч ээ. Таныг ирэх сургаар бид их бэлдлээ. Гудамж дахь бүх навчит модоо Югаславын шампанскаар угаалаа. Захиргааны байшингийнхаа өмнөх хөшөөг угаасан чинь бидний бодсон Менделеевийн хөшөө биш, Ломоносовынх болж таарлаа” гэхчлэн өгүүлдэг их гоё хошин зохиол байсан. Гэтэл Намын төв хорооныхон хяналтаар ирж үзээд хөтөлбөрөөс нь хасчихаж билээ. Тэглээ гээд манай Цэвээнээ мохож, бууж өгөөгүй.
-1975 онд Болгарт болсон олон улсын шог хошин зохиолын “Алеко” уралдаанаас “Мөнгөн зараа” шагнал хүртсэн “Мөнхийн ус” өгүүллэгийг би сүүлд “Тоншуул”-ын 50 жилийн ойгоор анх уншсан шүү дээ. Сүүлд та хөдөө гарч хэсэг амьдрахдаа “Амгай, зуузай хоёр”, “Хуруун чинээ лааны гэрэл”, “Үдшийн үлгэр” зэрэг өгүүллэгээ бичээд, над руу явуулсаар л байсан. “Утгын чимэг” наадамд бид хамтдаа олон удаа айраг, түрүү хүртсэн дээ.
-“Тоншуул” бол хамтын бүтээл. Энд бөөндөө бужигнаж явсан, дассан тогтсон газраасаа сугарч гарахыг хүссэн. 60 хүрээд би өөрөө өөртөө главлит болж, юу хийж бүтээж чадахаа үзэхээр шийдэн, хүүхдүүддээ энэ байраа орхиод, нутагтаа очсон юм. “Тоншуул”-ынхаа буянаар хэдэн бор цаас хураасных, Хашаатад очоод үнээ мал худалдаж аваад, хажуугаар нь зохиол бүтээлээ дураараа сараачаад сайхан амьдарсан. Томоохон хэмжээний үргэлжилсэн үгийн зохиол руу хожуу насандаа орж “Тэнгэр дуугарахын өмнө” зэрэг хэдэн тууж, “Улаан орхимжны давалгаа” романаа бичсэн. Одоо эргээд харахад надад туршлага дутсан тал ажиглагддаг. Хөгшин азарга жороо сурна гэгчээр сүүлд Пикассо, Рембрандт, Дали, Ван гогийн шинэчлэлүүд уран зохиолд яаж буух бол гэж хүртэл бодогдсон шүү. Зургийн сургууль төгссөнийх ч байх, дээрээс нь Д.Батбаяр, Б.Лхагвасүрэн хоёр намайг бас дөгөөж байхгүй юү. Гэхдээ уран зураг руу халтираагүй. Тэр нь ч зөв байх.
-2000-аад онд манайд эрчимтэй хөгжиж, олноор түрэн гарч байсан хошин шогийнхон таны зохиол бүтээлийг ил цагаан авч ашиглах, энд тэндээс нь зэрэмдэглэж хэсэглэн хуулах тохиолдол бишгүй гарсан даа. Оюуны өмчийн асуудал өндөр хөгжсөн орнуудад бол тэр тоолонд та ашиг орлогоос нь хувь хүртэх учиртай. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?
-Уг нь энэ бол оюуны хулгай шүү дээ. Эхэндээ ч би за яах вэ дээ л гэж бодоод өнгөрүүлдэг байсан. Сүүлдээ өнөөдүүл маань бүр даварсаар хэрээс хэтэрсэн. Хүү маань тухайн үед эхнээс нь холбогдоод хэлсэн гэж байсан. Гэхдээ огт тоогоогүй юм билээ. Миний хувьд мөнгө төгрөг авах гэхээсээ илүү зохиол бүтээлийг минь хэн дуртай нь авч зэрэмдэглээд, би өөрөө ч танихын аргагүй болтол эротик хэсэг хүртэл оруулаад бүр ичмээр болгосонд нь л харамсдаг. “Нөгөө өвгөн чинь ийм юм хийдэг болоо юу” гээд хүмүүс гайхна шүү дээ. Манайд энэ талын хууль тогтоомж уг нь байдаг л юм билээ. Гэвч хэрэгждэггүй хууль алийг тэр гэх вэ дээ. Ерөөс нийгмийн ёс суртахуунаа дээшлүүлье гэдэгт монголчууд бүгд тал талаасаа идэвхийлэн оролцох нь чухал байгаа юм. “Надад хамаагүй асуудал” гээд хойш суугаад, алмай назгай яваад байвал нийгмийн суртахуун дээрдэхгүй.
“XIX зууны нийгмийн ялзрал, хүний оршихуйн доройтол нь шүүмжлэлт реализмын суут төлөөлөгч Онере де Бальзакийг төрүүлсэн гэдэг шиг манай ХХ зууны эхэн, дунд үеийн улс төрийн хэлмэгдүүлэлт, уламжлалаа үгүйсгэх хандлага, нэгдэлжих хөдөлгөөн, өмчийн хүчирхийлэл зэрэг нь бүхэлдээ “шүүмжлэлт реализм”ын томоохон төлөөлөгч Ц.Доржготов хэмээх онцгой зохиолчийг төрүүлсэн юм. Философийн “бүхэл хэсгийн үзэгдэл” хэмээх онолоор Ц.Доржготовын уран бүтээл бүхэлдээ ноён хутагт Данзанравжаагаас хойш тасарсан Монголын уран зохиолын “шүүмжлэлт реализм”-ын ХХ зууны бараг цор ганцхан төлөөлөгч юм” хэмээн утга зохиол судлаач, шүүмжлэгч П.Батхуяг агсан түүний тухай нэгэнтээ бичсэн нь бий.
Тэмдэглэсэн Л.ГАНЧИМЭГ