- Богдхан ууланд хууль зөрчин, замбараагүй барьсан хашаануудыг ирэх сарын 1-нээс буулгахаар төлөвлөжээ –
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Богдхан уулын дархан цаазат газарт уржигдар ажиллаж, хашааны стандарт, барилгажилт, газар олголтын нөхцөл байдалтай танилцан, холбогдох албаныханд үүрэг даалгавар өгчээ. Тэрбээр Бага тэнгэрийн аманд УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын хууль зөрчин барьсан гэгддэг “Бага тэнгэр сити” хэмээх нүсэр хотхоны өмнө зогсчихсон “Дархан цаазат газарт хурц үзүүртэй хашаа татаад, амьтны амь хороочхож байгаа нь хууль бус ан хийсэнтэй дүйцэхүйц хэрэг мөн биз. Ийм хашаа барьсан хүмүүст хэрэг үүсгэж байгаа биз дээ”, “Арав¬дугаар сарын 1-нээс энэ хашаануудыг буулгаж эхлэх үү. Салбарын сайдаас үзүүлж болох бүх дэмжлэгийг тодорхойлоод, бэлдээд оруулаад ир”, “Отгийн зориулалтаар олгосон бүх газарт байшин босгочихсон байна. Үүнийг отоглох гэж ярьж болох юм уу” гэхчлэн албаны хэдэн хүнийг бүлтэлзүүлэн, шалгааж буй дүрс бичлэг нийгмийн сүлжээнд тархлаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан хамтран тухайн бүсэд замбараагүй, стандартгүй, хууль зөрчин барьсан хашаануудыг ирэх сарын 1-нээс буулгаж эхлэх гэнэ. Тус хоёр байгууллагынхан дархан цаазат уулаа аварч, ан амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөний орц, гарцыг чөлөөтэй болгохын тулд нийслэлийн ИТХ-аар өнгөрсөн онд хашааны стандарт батлуулснаа хүйтэн сэрүүний улирал хаяанд ирсэн энэ үед хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бололтой. Энэ талаараа хэвлэлээр ч зарлаад, өөрсдөө ч газар дээ-рээс нь тавилттай сурталчилгаа хийгээд сүйд. Салбарын сайд нь “Хууль бус үйл ажиллагааг таслан зогсооход бүх талаар дэмжлэг үзүүлнэ, юу хийхийг минь л хэлээд аль” хэмээн олны нүдэн дээр сүр үзүүлэв. Гагцхүү хэрэгжүүлэхдээ одоогийнх шигээ сүр, сүйд ихтэй байж чадах уу гэдэг нь л асуудал. Эзэнгүй хашаанаас эхлүүлэх энэ тэмцэл эзэнтэй барилга, байгууламж, эрх мэдэлтэй хүмүүст хэрхэн үйлчлэхийг харах л үлдлээ. Бидэнд одоо ийм хэтийдсэн уянгын халил, тавилттай жүжиг бус, бодитой, шийдтэй ажил л хэрэгтэй байна.
Байгаль орчны асуудал эрхэлсэн үе үеийн сайд, хотын дарга нар Богдхан уул орчмын газар олголт, барилгажилтыг цэгцлэх “аянд мордож” буйгаа сүр дуулиантай зарладаг нь бараг л уламжлал болсон үзэгдэл. Даанч тэд “их аян”- аа эхлүүлэв үү, үгүй юү, сураг чимээ алдраад, ааг омог нь шалчийгаад алга болчихдог гэмтэй. Үүнийх нь үр дүнд дархан цаазат Богдхан уулын амнуудын ихэнх нь өдгөө барилга, байгууламж, хаус хороолол, эзэнтэй, эзэнгүй хашаагаар чигжиж, зай завсаргүй болсон. УИХын гишүүн Б.Бат-Эрдэнэ гэхэд хоёр жилийн өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа Богдхан уулын Зайсан, Жаргалант, Нүхт зэрэг аманд суурьшлын даац хэд дахин хэтэрснийг зарлаж, тухайн бүсэд газар нэмж олгохыг хориглосон. Гэтэл өөрөө тусгай хамгаалалттай бүсэд олны танил хүнд газар олгосон гэх асуудалд холбогдож, хэсэгтээ хэвлэлийн гол дүр болсон юм. Эхлүүлсэн тэмцэл нь ч тэгсхийгээд замхарсан.
Үүнээс хойших хоёр жил гаруйн хугацаанд Зайсан, Жаргалант, Нүхтийн аманд хэчнээн хаус хороолол, хотхон шинээр босож, эзэнтэй, эзэнгүй төмөр хашаа бий болов. Нийслэлчүүдийн явган алхдаг гол маршрутын эхлэл болсон Зайсангийн ам хүртэлх хэсэг рүү ХААИС-ийн автобусны буудлаас яваад ажаарай. Гадаад хаягтай сургууль, цэцэрлэг, ресторан, үйлчилгээний газраас эхлээд олон давхар барилга, байгууламж өчнөөн нэмэгдэж, уулын ам руугаа бараг тулсан. Хүрхрээгийн амнаас Номтын ам хүртэлх хэсэгт ирэх жилүүдэд зам, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх сургаар төвлөрөл, суурьшил үлэмж нэмэгдэж байна. Их, Бага тэнгэрийн амыг эрх мэдэлтнүүд хэдийн хуваагаад “авчихсан”. Бид наана нь харагдаж байгаа хэдэн барилга, байгууламжийг эзнээр нь овоглож, ил, далд шүүмжилдэг ч цаанаа бол ойтой, уултай, устай нь хашаалаад, байр сууц барьчихсан байдаг юм билээ. Жаргалантын аманд гэхэд одоо парламентад сууж буй гурван гишүүнээр овоглодог, тансаг зэрэглэлийн хотхон бий гэлцдэг. Мөн хууль тогтоох дээд байгууллага, уул уурхайн томоохон компанид удирдах албан тушаал хашиж байсан нэр бүхий хүмүүсийн барьсан, бусдад худалдсан хотхон, хороолол ч хэд хэд байдаг. Одоо Хүрэл тогоотын амыг “эзлэн түрэмгийлэх” ажиллагаа ид өрнөж байна. Ингээд харвал дархан цаазат гэгдэх Богдхан уулын аль байршил сайтай, үзэсгэлэнт тогтоцтой, төв сууринтай ойр амнууд хүн алхах сул чөлөөтэй газаргүй болтлоо барилга, байгууламж, төмөр хашаанд эзлэгджээ. Сул газар ховордохын хэрээр дархан цаазат газрын амин цэг болсон хязгаарлалтын бүс, өндөрлөг хэсгүүд Эзэнгүй хашаанаас эхлүүлэх тэмцлээ эзэнтэй барилга, байгууламжаар үргэлжлүүлбэл ямар вэ - Богдхан ууланд хууль зөрчин, замбараагүй барьсан хашаануудыг ирэх сарын 1-нээс буулгахаар төлөвлөжээ - рүү халдах, зөвшөөрөлгүйгээр хашаа хатгаж, газар шорооны ажил эхлүүлэх, барилгын суурь цутгах, хүнд машин механизмаар хөрс сэндийчин сүйтгэх тохиолдол ч гарах болж.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрал “Стандарт баталлаа гээд энд байгаа хашаануудыг хамгаалалтын захиргааныхан дур мэдэн буулгах боломжгүй. Эрх зүй, төсөв санхүү, захирамж, шийдвэрийн дэмжлэг хэрэгтэй. Эзэмшил газраа хоёроос дээш жил ашиглаагүй хүмүүсийн тусгай зөвшөөрлийг холбогдох хууль, журмын дагуу цуцлахад л шүүхийн шийдвэр ихэвчлэн нөгөө талд гарч, манай захирамж хүчингүй болдог. Хүмүүс газар авсан л бол барилгын эскиз зураг, үнэлгээ зэрэг дараа дараагийн шатны байгууллагын зөвшөөрөл, дүгнэлт гараагүй байхад шууд газар шорооны ажлаа эхлүүлдэг. Тусгай хамгаалалттай бүсэд газрын зөвшөөрөл авахдаа анхны жишиг төсөл заавал батлуулдаг. Энэ нь газраа зориулалтын дагуу ашиглаж байна уу, барилга, байгууламжаа төсөлд тусгаснаар барьсан уу гэдгийг хянахад чухал үүрэгтэй. Гэтэл ийм хяналт бараг үгүй болсон. Холбогдох байгууллагын зөвшөөрөл, дүгнэлт гарчихсан тохиолдолд хэдий зөрчилтэй ч тухайн газрын зөвшөөрлийг цуцлах, түдгэлзүүлэх эрх бидэнд байхгүй, эс үйлдэхүй гэх шалтгаанаар өөрсдөө буруудчихдаг” гэсэн нь Богдхан уул тойрсон газар олголт, барилгажилтын асуудал эрх мэдэл, мөнгөний өмнө хүчгүйдсээр ирсний баталгаа юм.
Иймд байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон нийслэлийн удирдлагуудыг эзэнгүй хашааг татан буулгах, стандартад нийцүүлэх ажлаа өргөжүүлж, газраа зориулалт бусаар ашиглан барилга, байгууламж барьсан, нийтийн эзэмшлийн хэсэгт халдсан, газар шорооны ажил эхлүүлсэн зөрчлүүдийг ч цэгцлээсэй хэмээн хүсэх байна. Энэ тохиолдолд хүмүүс хоёр асуудлыг сөргүүлэн тавьдаг. Эхнийх нь, нэгэнт хууль бусаар олгосон газар, замбараагүй барьсан барилга, байгууламжийг цуцлах, нураах, цэгцлэх эрх мэдэл, чадамж сайд, дарга нарт бий юү. Хоёрдугаарт, угаасаа хэт төвлөрөл, суурьшлын бүс болсон газруудад хориг хязгаарлалт тогтоох шаардлагатай юу. Аль алиных нь хариулт “тийм”.
Манай сайд, дарга нар тэмцдэггүй, хүч гаргадаггүй л болохоос үүнийг шийдэх эрх мэдэл, нөлөөлөл хангалттай байдаг. Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нарын гарын үсэг, тушаал, шийдвэрээр тусгай хамгаалалттай, дархан цаазат бүсэд иргэд, аж ахуйн нэгжүүдэд газар олгодог. Тиймээс л тэр сайд тэдэн хүнд газар олгосон хэмээн хооронд нь жишиж “уралдуулдаг”. Тэр ч бүү хэл, сайд тусгай хамгаалалттай бүсийн нөөц, даацыг харгалзан газар олгохыг хязгаарлах эрх мэдэлтэй. Хамгийн сүүлд Б.Бат-Эрдэнэ үүнийг ашигласан. Газрын маргаантай холбоотой асуудлыг шийдвэрлэж ирсэн тохиолдлууд ч байдаг.
Харин нийслэлийн удирдлагууд бол нийтийн эзэмшилд халдсан, хууль зөрчин барьсан барилга, байгууламж, хашаа, хашлагыг буулгуулах, газрыг тодорхой зорилго, зориулалтаар чөлөөлүүлэх эрхтэй. Гудамж, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан, хотын өнгө үзэмжийг гутаасан гэх нэрээр нийслэлийнхэн ТҮЦ-үүдтэй хэрхэн тэмцэж, худалдаа эрхлэгчдэд эр бяраа үзүүлэхийг бид өнгөрсөн хавар, зунжингаа харлаа шүү дээ. Түүнчлэн Д.Сумъяабазар хотын дарга байхдаа иргэдэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж бүрдүүлж, Богдхан уулын экологийн тэнцвэрт байдлыг хамгаална гээд Дугуй цагаан орчимд аялал жуулчлалын зориулалтаар хувийн хэвшлийн барьсан шавар гэрүүдийг хэрхэн богино хугацаанд хүч түрж буулгасныг бид мэднэ. Энэ бол сайд, дарга нарт ямар их эрх мэдэл байдгийг, бас тэд үүнийгээ ашиглахдаа хэчнээн “харам”, “санаачилгагүй” ханддагийг харуулсан бодитой жишээ юм.
Хотын одоогийн удирдлагууд гэхэд ТҮЦийнхэнд эр бяраа гаргасан шигээ, эсвэл “Ард” кинотеатрын газрыг хэсэгчлэн буцааж авсныхаа адилаар Зайсан дахь газар олголт, барилгажилт (ядаж дутуу барьсан барилга, суурь, бүтээц)-тай тэмцвэл багагүй хэмжээний талбайг чөлөөлөх боломжтой. Тиймээс үнэхээр л Богдхан уулын ан амьтдыг хамгаалъя гэж байгаа бол оройтсон гэж хойш суулгүй нэг ч гэсэн хашааг татан буулгаж, хууль бусаар авсан газрыг цаг алдалгүй чөлөөлөх хэрэгтэй. Ингэхдээ харин энгийн иргэн, эрх мэдэлтэн гэж ялгалгүй, эн тэнцүү хандах нь л жинхэнэ тэгш эрх, жишиг стандарт юм.
Н.Мишээл