Балба улсад энэ сарын 8-нд эхэлсэн залуусын жагсаалын улмаас эмх замбараагүй байдал газар авч, 22 хүн амиа алдаж, 400 орчим иргэн шархадсан байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийн 300 нь жагсагчид бол 100 нь цагдаа болон аюулгүйн хүчний алба хаагчид байсан тухай CNN өчигдөр мэдээлжээ. Жагсаал анх олон сая хэрэглэгчтэй фэйсбүүк, инстаграм, юүтүб тэргүүтэй 26 төрлийн цахим сүлжээг хаах тухай Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэнээр эхэлжээ. Гэвч аажимдаа эрх баригчдын дунд газар авсан, авлигыг эсэргүүцсэн залуусын жагсаал болж хувираад буй бөгөөд олонх нь Z үеийнхэн буюу 13-28 насныхан гэнэ.
Улмаар эмх замбараагүй байдал хэрээс хэтэрсэнтэй холбогдуулан тус улсад пүрэв гаргийн 06.00 цаг хүртэл хөл хорио тогтоохоор болжээ. Мөн үймээн самууныг тэр даруй дарж чадахгүй бол хөл хориог сунгах магадлалтай гэнэ.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРДНООС НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ХҮРТЭЛ ГАЛДАН ШАТААСАН НЬ
Жагсагчид Засгийн газрын ордон руу уржигдар нэвтэрч, Ерөнхийлөгчийн ордон, Парламент, Дээд шүүх, “Балбын конгресс” намын болон Ерөнхий сайд Шарма Олигийн байрыг галдан шатаажээ. Хэдэн зуун жагсагч парламентын ордны хашаанд галын дэргэд бүжиглэж, чангаар хашхиран, улсынхаа далбааг өндөрт өргөн, гаднахталбайд эсэргүүцлийн уриа бүхий граффит ч зурсан байв. Улмаар Ерөнхий сайд Шарма Оли огцорсон ч хэн түүнийг орлох нь одоогоор тодорхойгүй байна. Мөн Сангийн сайд Бишну Прасад Паудель жагсагчдад зодуулсан бөгөөд Ерөнхий сайд асан Натх Кханал Жалын байшинг шатаах үеэр түүний эхнэр ньч галд өртөж, амиа алджээ. Түүнчлэн Лалитпур хотын шоронгоос 1500 орчим хоригдол оргож, Цагдаагийн ерөнхий газрын гадна буудалцаан болсон юм. Үүгээр ч зогсохгүй нийслэлКатманду хотын нисэх онгоцны буудлыг хааж, бүх нислэгийг цуцалсан бөгөөд жагсагчид “Бхайрахава” нисэх онгоцны буудлыг мөнгалдан шатаасан гэнэ. Энэхүү жагсаал эцэстээ хүчирхийллийн хэлбэр лүү шилжиж, эмх замбараагүй байдал газар аваад буйгаасүймээнийг далимдуулан банкдээрэмдсэн тохиолдол ч бүртгэгдсэн аж.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Балба дахь нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж буйгаа жиргээнд илэрхийлжээ. Тэрбээр “Бид нарийн мөрдөн байцаалт явуулж, хүчирхийллийг цаашид улам хурцатгахгүйн тулд тэвчээртэй байх хэрэгтэй. Хамгийн зөв арга замыг олохын тулд яриа хэлэлцээ хийхийг уриалж байна. Жагсаал тайван замынхбайж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хүндэтгэлтэй хандах ёстой” гэж бичсэн байна. Мөн НҮБ-ын Хүний эрхийн алба болон Хүүхдийн сангийнхан ч эл асуудалд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

“ЦАХИМ ПЛАТФОРМУУДЫН ХОРИГ БОЛ БИДНИЙ ЦУГЛАРАХ ШАЛТАГ БАЙСАН”
Улсын хэмжээнд эмх замбараагүй байдал үүссэний улмаас Балбын арми зарим хотод цэргээ байрлуулсан тухай “Khabarhub” цахим хуудсанд мэдээлжээ. Галдан шатаах, дээрэм тонуул хийх, эвдэн сүйтгэх ажиллагаа хяналтаас гарч, үргэлжилсээр буй тул Балбын арми бусад хүчний байгууллагатай хамтран орон нутгийн цагаар уржигдар 22.00 цагт цэргээ байрлуулж эхэлсэн гэнэ. Тэгвэл нэгэн жагсагч “Цахим платформуудын хориг бол зүгээр л бидний цугларах шалтаг байсан. Иргэд үнэндээ цахим платформуудыг хориглосонд бус, авлигын эсрэг тэмцэж буй. Бид эх орноо хуучин хэвд нь оруулж, авлигыг таслан зогсоомоор байна” гэжээ. Мөн тус бүс нутгийн оршин суугч, Z үеийн төлөөлөл BBC-д өгсөн ярилцлагадаа “Авлига бол олон жил бугшсан асуудал. Залуус үүнийг өөрчлөх цаг хэдийн ирсэн. Бид зогсохгүй, шантрахгүй. Энэ нь манай улсад, бидэнд эерэг өөрчлөлт авчирна гэж найдаж байна” хэмээв.
Балбын Засгийн газар олон нийтийн цахим сүлжээний платформуудыг тус улсын Мэдээллийн технологи, харилцаа холбооны яаманд бүртгүүлэхийг өнгөрсөн долоо хоногт шаардсан. Ингэхдээ яамтай тохиролцож, бүртгүүлээгүй 26 платформыг хориглох шийдвэр гаргажээ. Тухайлбал, эл хоригт дотоодын аппликейшнүүдээсгадна фэйсбүүк, Х, юүтүб болон инстаграм зэрэг дэлхийн хэмжээний олон сая хэрэглэгчтэй платформ багтжээ. Тэгвэл тус улсын Засгийн газар ташаа мэдээлэл, үзэн ядсан агуулга, цахим залилантай тэмцэх зорилгоор дээрх платформыг хориглосон гэсэн бол залуучууд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан явдал хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Улмаар 19 хүний аминд хүрсний дараа Засгийн газар нь энэхүү шийдвэрээ цуцалсан байна. Гэвч үймээн самуун харамсалтай нь зогссонгүй.

“NEPO KIDS” БА Z ҮЕИЙНХНИЙ ХУВЬСГАЛ
Балбад өрнөж буй улс төрийн хямрал нь “Nepo kids” болон “Nepo baby” хэмээх нэр томьёотой холбоотой аж. Цахим платформуудыг төрөөс хязгаарлахаас хэдэн долоо хоногийн өмнө иргэд, олон нийтийн сүлжээгээр улс төрчдийн үр хүүхдийн тансаг амьдрал, авлигын хэргүүдийг илчлэх “Nepo kids” кампанит ажлыг эхлүүлжээ. Энэ нь энгийн иргэд амьдралын төлөө тэмцэж байхад ямар ч гавьяа зүтгэлгүй хэрнээ эрх мэдэл, эд хөрөнгө, албан тушаал бүрд заларч, төсвийн мөнгөөр тансаглаж буй олигархуудыг илчлэх зорилготой гэнэ. “Nepo kids” гэдэг нь өөрийн хүчээр бус, эцэг, эхийнхээ дэмжлэгээр амжилтад хүрч, нэр алдартай болсон нөлөө бүхий хүмүүсийн хүүхдийг хэлдэг юм байна. Үүнтэй холбоотойгоор “Nepo kids” болон “Nepo baby” гэсэн уриа лоозон нь эсэргүүцлийн жагсаалын гол онцлог болж, олигархи, элитүүдийн амьдралыг энгийн иргэдийнхтэй харьцуулсан нь нийгмийн тэгш бус байдлыг тод томруунаар харуулж буй билээ.

ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙНХ НЬ ХЭТЭВЧ ЗУЗААРАХ ТУСАМ ИРГЭДИЙН АМЬДРАЛ ДОРОЙТЖЭЭ
30 гаруй сая хүн амтай тус улсад нүүрлээд буй хамгийн ноцтой асуудлуудын нэг бол ажилгүйдэл юм. 2024 оны байдлаар ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрч, нэг иргэний жилийн дундаж орлого 1400 ам.доллар болсон. Гэтэл төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдний гэр бүлийнхэн иргэдийн татварын мөнгийг юман чинээ тоохгүй шамшигдуулан, хувийн ашиг сонирхлоо нэн тэргүүнд тавьж, хэтийдсэн тансаглалд умбаж буй нь олны эгдүүцлийг хүргээд буй юм. Өөрөөр хэлбэл, эрх мэдэлтнүүдийн хэтэвч зузаарах тусам ард түмний амьдрал илүүтэй хүндэрч, нийгэм дэх ялгаа, тэгш бус байдал улам гаарчээ. Тэгэхээр жагсаал цуглааныг өдөөж буй хамгийн гол хүчин зүйл бол эрх мэдэлтнүүд болон тэдний үр хүүхдүүдийн тансаглал.
Эргэн сануулахад, Балбын иргэд хаант засаглалаа 2008 онд татан буулгасан. Үүнээс хойш улс төр, эдийн засгийн тогтворгүй, тодорхойгүй байдал өнөөг хүртэл үргэлжилжээ. Гэтэл тус улсын хоёр сайдын авлигын хэрэг илчлэгдэж, тэдний гэр бүлийн тансаг хэрэглээ инстаграм, фэйсбүүкээр цацагдсан аж. Иргэд нь аяга хоолны төлөө цаг наргүй ажиллаж байхад сайд, гишүүний хүүхдүүд хэтийдсэн тансаг хэрэглээтэй байгаа нь тэдний бухимдлыг эцэстээ тултал өрдөж, асуудал ийм хэмжээнд хүрэхэд нөлөөлсөн гэсэн үг.
Э.Сүйлэн
