Санхүүгийн залилан, луйварт монголчууд хэдэн зуугаараа өртөж, маш их хэмжээний мөнгө алдсан тухай бид өдөр болгон шахуу сонсдог. Цахим сүлжээг ашиглан залилуулсан иргэдийн хохирол 200 тэрбумыг давсан талаар өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас мэдээлж байв. Тэр дундаа телеграм платформоор хохирсон иргэд 100 тэрбум төгрөгөө салхинд хийсгэжээ. Яагаад хүмүүс ганцхан хоногийн дотор 50 хувийн ашиг олно гэдэгт итгэдэг вэ. Энэ нь мэдээллийг боловсруулах чадваргүйтэй холбоотойг боловсролын судлаачид, багш нар ярих болов.
Монголчууд өнөөдөр ярьсан зүйлээ маргааш нь мартдаг. Яагаад бид нийгмийн бусармаг явдал, авлига, хээл хахууль, ядууралтай тэмцэж, нэгдэж чадахгүй, аливаа зүйлийн үр дүнг үзэхгүй замаасаа буцдаг вэ. Энэ нь мөн л хуурамч мэдээллийг ялган таньж чаддаггүй, цуурхал, суртал ухуулгад амархан автдаг, өөрийн үзэл бодолгүй, улс төрч¬ дөд тархиа угаалгадагтай нь холбоотой гэх.
“Монголын их, дээд сургуулиуд чанаргүй боловсрол олгодог. Дотоодод сурснаас сураагүй нь дээр. Сурлага муутай, хөдөлгөөнтэй нөхдүүд аль сайхан амьдрахыг алийг тэр гэх вэ. Ер нь боловсрол амьдралд хэрэггүй гэх мэтээр хэсэг бүлэг хүн ярих болсон. Гэтэл үнэндээ хичээлдээ “гавал”, дээд боловсрол эзэмшсэн, тэр дундаа математик суурьтай хүүхдүүд ирээдүйд илүү их орлого олох боломжтойг олон судалгаа харуулсан билээ. Цуу яриа бодит байдлыг бүдэгрүүлж, үнэнийг гуйвуулдаг. Энэ нь мөн л мэдээллийг боловсруулах чадвар буюу олон эх сурвалжаас цуглуулсан мэдээллийг үнэлэх, дүгнэх, түүн дотроосоо үнэн бодитойг нь ялган таних чадвар дутагдаж буйн илэрхийлэл аж.
Тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийнхан буюу өсвөр насны хүүхэд, залуус цахим орчин дахь эмх замбараагүй мэдээлэл дунд төөрч, буруу алхам хийх тохиолдол цөөнгүй байдгийг цагдаагийнхан ярьдаг. Тухайлбал, цахим орчинд хүүхдүүд мэдээллийг шүүн тунгаах, буруу, зөвийг ялган таних чадваргүйгээс гэмт хэргийн хохирогч болдог байна. Наад зах нь өөрийн зураг, хувийн мэдээллийг танихгүй хүнд явуулж болохгүй, үүний хор уршиг нь ямар аюултайг урьдчилан тооцоолоогүйгээс тэр. Жишээ нь, нэгэн эмэгтэй 12 настай хүү нь түүнээс “Хүний бөөр ямар үнэтэй байдаг, өрөөсөн бөөртэй хэр удаан амьдардаг” талаар асууж цочирдуулсан тухай цахим хуудсандаа хуваалцсан байв. Эрүүл мэндэд нь хор хохирол учруулахуйц, буруу ташаа мэдээллийг хүүхдүүд цахим орчин, үе тэнгийнхнээсээ авч, үүнийгээ боловсруулан, дүгнэлт хийж, зөв шийдвэр гаргаж чадахгүйгээс мөн л хохирдог. Энэ мэт мэдээллийг боловсруулах чадваргүйн улмаас хохирсон тохиолдлыг тоочоод байвал дуусахгүй. Сэтгүүл зүйн салбарт ч эх сурвалжаа нягтлаагүй, баталгаажуулаагүйн улмаас хүний амь, эрүүл мэндийг хохироосон харамсалтай жишээ яригддаг. Гэвч энэ чадвар нь зөвхөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынханд хамааралтай бус, нийт хүн амын үндсэн хэрэгцээ, суурь чадамжийн нэг болоод байна.
“Өнөөдөр” сонин өнгөрсөн оны тавдугаар сард “Мэдээллийн боловсролыг дунд сургуулиас нь олгоё” нийтлэлээр эл асуудлыг хөндөж байв. Тухайн үед холбогдох байгууллагынхан нь сурагчдад мэдээллийн боловсролыг олгоход анхаарч байгаа, сурах бичгийн агуулгад оруулж буй талаар дурдсан ч өнөөдөр байдал бахь байдгаараа. Өөрөөр хэлбэл, дунд, ахлах ангийнхны сурах бичгийн агуулгад мэдээлэлд хандах, үнэлэх, хуурамч мэдээллийг ялгах, нягтлах, боловсруулах, хувийн мэдээллийг хамгаалах, бусдад хор хохиролгүй түгээх гэх мэт мэдээллийн боловсролын бүрэлдэхүүн хэсгийг тусгаагүй байна. Жишээ нь, VIII ангийн “Мэдээллийн технологи” сурах бич¬ гийн агуулгыг харахад компьютер дээр хэрхэн ажиллах, программ хангамжийн талаар болон цахим орчинд хэрхэн мэдээлэл авах талаар товч өгүүлснээс бусдаар дээрх агуулга байсангүй. Гэтэл дэлхий нийт мэдээллийн боловсролд ихэд анхаарч, хүүхдүүдийн уншиж, ойлгох чадварыг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргах болжээ. Энэ нь яагаад чухал болох талаар мэргэжлийн хүмүүсийн байр суурийг сонссон юм.
ХҮМҮҮСИЙН ЮУ БОДОХЫГ НЬ ХҮРТЭЛ УДИРДАХ САНААРХАЛ ОГТ ЗОГСОХГҮЙ БАЙНА

Э.БАТЦЭЦЭГ (Монголын баримт шалгах төвийн ерөнхий эрхлэгч)
-2020 онд Монголын баримт шалгах төв Олон улсын баримт шалгах сүлжээ (IFCN)-нээс албан ёсны баталгаажуулалт авах үед биднээс ярилцлага авч, Монгол дахь хуурамч мэдээллийн нөхцөл байдлын талаар сонирхож байсан юм. Тэр ярилцлагаа хуурамч мэдээллийн нэршил ч байхгүй улсад хуурамч мэдээлэлтэй тэмцэх гэж байна гэсэн агуулгаар гарчигласан байсан. Учир нь хуурамч мэдээлэл нь дотроо гурван төрөлтэй. Үүнийг бид монгол хэлнээ misinformation буюу ташаа, disinformation буюу хуурамч, malinformation буюу дэгсдүүлсэн мэдээлэл гэсэн гурван нэршлээр нэрлэж, хэвшихийг санал болгож байгаа. Хүлээн авч, түгээж буй хүн нь тэр мэдээллээ үнэн гэж итгэсэн, тоо баримт, орчуулгын санамсаргүй алдаатай худал мэдээллийг ташаа гэж нэрлээд байгаа юм. Харин нөгөө хоёр нь санаатайгаар бүтээж, зохион байгуулалттайгаар, зорилготойгоор түгээж буй, аль нэг талын эрх ашгийн төлөөх хуурамч мэдээллийг хэлж байгаа юм.
Ташаа мэдээллийг залруулж болдог, хор хөнөөл багатай бол нөгөө хоёр нь байнгын өрнөдөг, залруулсан ч дахин бүтээж, түгээдэг, хор хөнөөл ихтэй. Тиймээс бид баримтыг шалгаж, олон нийтэд бодит, зөв мэдээллийг өгөхөөс гадна технологийн аргаар бууруулж тэмцдэг. Харамсалтай нь, энэ төрлийн мэдээлэл багасахгүй, харин ч арга нь улам нарийсаж, тролл зэрэг хуурамч хаягаар зохион байгуулалттай түгээж, бусдын авах мэдээлэлд ихээхэн орон зай эзэлж, юу бодуулахыг нь хүртэл удирдах санаархал огт зогсохгүй байна.
Үүний эсрэг тэмцэх хамгийн сайн арга нь олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлж, хуурамч гэдгийг нь мэдэх аргуудыг заа хаас гадна ямар зорилгоор хаанаас түгээж байгаа, ямар мэдээллийг нуухыг хүсэж буй зэргийг таамаглах сэжүүрээ зөв тогтоох, мэдээлэлд шүүлтүүртэй, хэрсүү ханддаг болгох нь чухал.
Ялангуяа нас насны бүлэгт тохирсон хэлбэрээр баримт шалгах аргыг хүргэх, мэдээллийн манипуляцыг таньдаг болгох шаардлагатай. Жишээ нь, Английн сургалтын хөтөлбөрт мэдээллийн баталгаат эх сурвалжийг олох, эрэн сурвалжлах, шүүн тунгаах чадвар суулгах зорилгоор нийгмийн ухааны хичээлүүдэд нь сэдэв шингээх, даалгавар гүйцэтгүүлэх байдлаар загварчлаад ордог. Энэ нь хүүхдүүдийн хуурамч мэдээллийг таних, бууруулах ур чадварыг хоёр дахин өсгөсөн. Мөн Google-ээс бусад байгууллагатай хамтран боловсруулсан 7-11 насны хүүхдүү¬ дэд зориулсан Be Internet Legends болон 13-19 насныханд чиглэсэн Be Internet Citizens хөтөлбөрийг нэрлэж болно. Хүүхдүүдэд цахим орчинд, янз бүрийн нөхцөлд хэрхэн болгоомжлох, худал мэдээлэл, эсэхийг яаж таних, хувийн мэдээллээ хамгаалах болон бусадтай эелдэг харьцах, сэжиг бүхий хүнтэй харилцахдаа анхаарах зүйл гэх мэтийг бүтээлчээр ойлгуулах интерактив дасгалуудтай. Харин ахлах ангийнханд чиглэсэн “Be Internet Citizens” нь мэдээллийн найдвартай эх сурвалжийг таних, манипуляцыг ойлгох, түүнийгээ бусдад хэрхэн хуваалцах гэх мэт агуулгаар гүнзгийрүүлсэн дасгал оруулжээ.
Манай улсын хувьд ерөнхий боловсролын сургуулийн системд мэдээллийн боловсрол олгох талаар олон жилийн өмнөөс судалж, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ч оновчтой шийдэлд хүрээгүй л байна. Манай төвөөс “Баримт шалгагч оюутан” клубийг их сургуулиудад байгуулж, сургалт арга зүйн дэмжлэг үзүүлдэг бол одоо ахлах ангийнхныг хамруулсан клуб байгуулахаар судалж байгаа. Ирэх арваннэгдүгээр сард 16-22 насныхны дунд мэдээллийг нягтлах чиглэлээр тэмцээн зохион байгуулж, шалгарсан 3-5 багийг Youth Verification Challenge олон улсын тэмцээнд оролцуулахаар бэлтгэж байна.
МАНИПУЛЯЦАД ИТГЭЖ, ЧУХАЛ АСУУДЛЫГ ОРХИДОГ

Б.ЧИНЗОРИГ (МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор)
Мэдээллийн боловсрол гэдэг нь мэдээллийг зөв таних, хайх, үнэлэх, боловсруулан ашиглаж, түгээх чадварыг эзэмшихтэй холбоотой өргөн хүрээний ойлголт юм. Хүмүүс зөвхөн компьютер эзэмших чадварыг мэдээллийн боловсрол гэж ойлгодог. Энэ ойлголт өөрчлөгдсөн. Мэдээлэлд шүүмжлэлтэй, шүүлтүүртэй хандах, ёс зүйн зарчмын дагуу боловсруулах, хэрэглэх чадварыг мэдээллийн боловсрол гэж ойлгож болно. Тухайлбал, мэдээлэлд хандах чадвар гэдэг нь найдвартай эх сурвалжийг олж, түүнийгээ ашиглах юм. Сонин, хэвлэлийг хамгийн найдвартай эх сурвалж гэж үзвэл баталгаатай хэмээн ашиглана гэсэн үг. Мэдээллийг үнэлэх чадвар гэдэг нь үнэн, худал мэдээллийг хооронд нь ялгах ойлголтыг хэлдэг. Гарчгийг нь хараад мэдээллийг бү¬ хэлд нь үнэн гэж итгэдэг хүмүүс байдаг. Хүүхэд бүү хэл, насанд хүрэгчид ч хуурамч мэдээллийг ялган танихад асуудалтай. Тиймээс мэдээллийг боловсруулах чадварыг багаас нь эзэмшүүлснээр хуурамч мэдээллийг ялган таних, үүнийгээ хүмүүст хүргэвэл ямар үр дагавар гарахыг тооцдог, үнэлж цэгнэж сурах юм. Жишээ нь, PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол Улс тааруу үнэлгээ авсан. Ялангуяа 15 настай сурагчдын унших чадварын үнэлгээ хамгийн гүйцэтгэл муу буюу 81 орноос 65 дугаарт эрэмбэлэгдсэн. Уншсан эхийн гол санааг өөрийн үгээр зөв найруулан бич гэхээр л гацчихдаг. Энэ нь хүүхдүүд мэдээллийг шууд утгаар нь ойлгож хариулах, эсвэл боловсруулахгүйгээр хариулдгаас тэр юм. Тухайлбал, “Дорж мод тарилаа” гэх өгүү묬бэр байлаа гэхэд мод тарьснаар ямар үр дага вар гарах вэ гэдгийг боловсруулан тооцолон бодох чадварыг эзэмших хэрэгтэй. Аливаа мэдээллийг ойлгоод дүгнэлт хийх чадвар бол боловсролтой хүний шинж. Үүнд Европын орнууд ихэд анхаарч, хүүхдүүдээ багаас нь мэдээллийг боловсруулах чадварт сургаж байна.
Мөн мэдээллийг ёс зүйтэй хэрэглэх чадвар гэж бий. Энэ нь зохиогчийн эрхийг хамгаалах, бусдын мэдээллийг зүй зохистой ашиглах юм. Мэдээллийг боловсруулахгүйгээр түгээх, хүний санамсаргүй хэлсэн үгийг өөрийн болгох, эсвэл гүтгэх, харлуулах явдал их гарах болсон. Энэ нь маш болчимгүй үйлдэл. Мэдээллийг бусдад ойлгомжтой, соёлтой хүргэхийг харилцааны чадвар гэж үздэг. Тухайлбал, ашиг сонирхлыг нь хөндсөн зүйлийг бусдад түгээхдээ эсэргүүцсэн өнгө аясаар, өөрийн ойлгосноор буруу, дэгсдүүлсэн байдлаар хүргэдэг. Иймд хүүхдүүдэд эл чадварыг эзэмшүүлснээр нийгмийг болон хүмүүсийг хуурамч мэдээлэл, төөрөгдлөөс хамгаалах чадвартай, шинжлэх ухаанч сэтгэхүйтэй болж төлөвшихөд нөлөөлдөг. Иргэний боловсролтой, нийгмийн идэвхтэй иргэнийг бий болгоход ач холбогдолтой. Сүүлийн үед нийгмийн идэвх нь томоохон ур чадварт тооцогдох болсон. Чимээгүй байх нь эрх чөлөөгөө алдах ч эрсдэл дагуулж мэднэ.
Монголчууд УИХ-ын сонгуульд санал өгөхдөө хойрго ханддаг нь мэдээллийн боловсролтой холбоотой. Өөрөөр хэлбэл, миний санал ямар ач холбогдолтой вэ гэдгийг иргэд мэдэхгүйгээсээ оролцох сонирхолгүй байдаг. Ерөнхий боловсролын сургуулийн сураг¬ чид болон их, дээд сургуулийн оюутнуудад мэдээллийг ялган таних хичээл заах нь наанадаж хүний эрх, хувийн нууцаа хамгаалах боломжийг олгох юм. Үүнийг өнгөрсөн хугацаанд системтэйгээр зааж сургаагүйгээс мэдээллийн боловсролгүй иргэн олон болсон. Худал, хуурмагт автдаг, ямар нэгэн мэдээллийн манипуляц явахад шууд итгээд чухал асуудлыг орхих явдал түгээмэл байна.
МЭДЭЭЛЛИЙН ҮНЭН ЗӨВ, ЭСЭХИЙГ ШҮҮН ТУНГААХ НЬ СУУРЬ ЧАДВАРУУДЫН НЭГ

Э.СҮНДАРЬ (Боловсрол судлаач)
-Зөвхөн номноос мэдээлэл авдаг байсан үеийнхтэй харьцуулахад өнөөгийн хүүхдүүд мэдээллийн маш олон эх сурвалжтай эрин үед амьдарч байна. Номын эх бэлтгэлийн компаниуд хяналт сайтай ажиллаж, тухайн мэдээлэл нь үнэн зөв, эсэхийг шалгадаг байсан. Одоо бол мэдээлэл түгээж, хэвлэн нийтэлж байгаа газруудын хяналт суларсан. Өөрөөр хэлбэл, интернэтээр цацагдаж буй бүх мэдээллийг хянах боломжгүй. Тиймээс хүүхдүүд багаасаа мэдээллийн үнэн, худлыг яаж шүүн тунгаах уу, худал мэдээллийг хэрхэн таних вэ гэдэгт суралцах шаардлагатай болжээ. Хиймэл оюун өндөр түвшинд хөгжиж байна. Өмнө нь зураг, бичлэгт итгэдэг байсан бол хиймэл оюунаар үүнийг бүтээдэг болсон. Хүний хийгээгүй зүйлийг хийсэн мэтээр харагдуулж байна. Мэдээллийг зөв, эсэхийг шүүн тунгаах чадвар нь суурь чадваруудын нэг юм.
Цахим орчинд эрүүл мэндтэй холбоотой үнэн зөв нь мэдэгдэхгүй маш их мэдээлэл явж байна. Хүний аюулгүй байдалд нөлөөлөхүйц, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг хүртэл гуйвуулдаг. Технологийн боловсрол гэхээр код бичих, программ хангамжийн ур чадварын талаар ярьдаг байсан бол одоо мэдээллийг хянан, шүүн тунгаах, цахим орчинд биеэ зөв авч явах чадвар зэрэг шинэ чадамж гарч ирсэн. Үүнд суурилан сургалтын хөтөлбөрт мэдээллийн боловсролын талаар агуулга тусгах хэрэгтэй байна. Жишээ нь, финландчууд сургуулийнхаа сургалтын хөтөлбөрт мэдээллийн үнэн, эсэхийг шалгах хөтөлбөр оруулж ирсэн. Энэ нь зөвхөн сэтгүүл зүй, технологийн компанийн асуудал биш болсныг харуулж буй юм.
Зөвхөн хуурамч мэдээ гэж байсан бол одоо гуйвуулсан, дутуу мэдээлэл гэх мэт олон төрлөөр “хөгжиж” байна. Үүнийг ялгадаг, мэддэг байх шаардлага зайлшгүй болжээ. Иймд монгол хэл, математик, иргэний боловсролын хичээлийн агуулгад чадамж талаас нь суулгаж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, шүүн тунгаах чадамж, мэдээллийг олж авах, боловсруулах, дүгнэх чадварыг турших, хэрэгжүүлэх замаар сургах юм. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хөтөлбөрийн дагуу 18 хичээл үзэж байгаа. Үүн дээр нэмэх бус, агуулгыг нь багтаах нь зүйтэй. Гэхдээ багш ярих бус, туршиж үзэх жишээ даалгавар олон байх хэрэгтэй. Тухайлбал, шинэ хоол хийхийг заахдаа жор хэлээд орхих бус, ямар дарааллаар хэрхэн хийх тухай харуулдаг. Өөрөөр хэлбэл, зөв мэдээллийг шүүн тунгаах чадамжид суурилсан агуулга оруулах гэсэн үг. Мэдээллийн боловсролгүйн балгаар хүмүүс эрүүл мэнд, эд хөрөнгө, санхүү, цаг хугацаагаараа хохирч байна. Сүүлийн үед их, дээд сургуульд сурах шаардлагагүй гэх төөрөгдүүлсэн мэдээлэл түймэр мэт тархсан. Олон улсад их, дээд сургуулийн дөрвөн жилийн бакалаврын диплом шаарддаг хэвээрээ л байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээллийн боловсрол гэдэг амьдралын бүх талбарт хамааралтай ойлголт юм.