Манай ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын ур чадвар орчин цагийн сургалтын хөтөлбөрийн хурдыг гүйцэхээ болиод удаж буй. Харьяа яам, боловсролын байгууллагууд нь сургалтын хөтөлбөрүүдээ арайхийн шинэчилж, хэрэгжүүлэх гэхээр багш нар нь буруу ишилсэн сүх шиг өнөөх л хоцрогдсон арга зүй, барилаа тавихгүй гэдийчихдэг гэж байгаа. Боловсролын яамныхан ч багш нараасаа дээрдэхгүй дээ. Олигтойхон, шинэ үеийн хүүхдүүдэд тохирсон сургалтын хөтөлбөр ч боловсруулна гэж горьдолтгүй. Хуулан бичлэгийн, минутын уншлагын, цээж бичгийн, хүрд, шүлэг цээжлүүлэх арга зүйгээсээ хэтэрдэггүй нь үнэн шүү дээ. Англи хэлний хөтөлбөрүүд нь ч яг л ийм байдлаар явж ирэв. Өнөө жилээс бага ангийнханд англи хэл заах гэж “гурилдаж” буй талаар эцэг, эхчүүд шүүмжилсээр байна.
900 ГАРУЙ БАГШ ДУТАГДАЛТАЙ
оловсролын ерөнхий хуулийг 2023 онд шинэчлэн батлахдаа дээр хэлсэнчлэн англи хэлийг үндсэн гадаад хэлээр зарласан. Үүний дагуу ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт англи хэлийг III ангиас нь эхлэн заахаар тусгасан. Хуулийг өнгөрсөн хичээлийн жилээс хэрэгжүүлэх байсан ч бэлтгэл ажил нь бүрэн хангагдаагүйгээс нэг жил өнжсөн юм. Тэгвэл энэ жилээс ерөнхий боловсролын сургуулийн III, IV ангийн сурагчдад эл хичээлийг орж эхлээд байгаа. IV ангийнхан өнгөрсөн жил завсардсан учраас гурвынхантай ийн цуг сурахаар болсон билээ.
Улсын хэмжээнд өдгөө ерөнхий боловсролын 895 сургуульд 40 мянга орчим багш ажиллаж буй бөгөөд бага боловсрол, байгалийн ухааны хичээлүүдийн багш дутагдалтай хэвээрээ. Англи хэлийг долоо хоногт хоёр цагаар заах болсонтой холбоотойгоор 900 орчим багшийн орон тоо сул байгааг албаныхан мэдээлсэн. Ямартай ч хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дутагдалтай багш нарын орон тоог нөхөх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ авсан боловч төдийлөн үр дүнд хүрээгүй байна. Улмаар английг үндсэн гадаад хэл болгосонтой холбогдуулан өнгөрсөн хугацаанд тус хичээлийг заах арга зүйг сайжруулах, багш нарыг чадавхжуулах хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн ч хүртээмжгүй, зарим сургуулийнхан одоо болтол учраа олоогүй гэх. Хэл бол хэрэглээ, сурахад өдөрт бага цагаар тасралтгүй хичээллэх ёстой. Гэвч нэг анги нь 50, 60, зарим нь 70 хүүхэдтэй, улсын сургуульд 40 минутаар долоо хоногт хоёрхон удаа англи хэл “орж” буйд олон нийт бухимдалтай байгаа юм.
ШИНЭ ҮЕИЙНХНЭЭ ӨӨРСДИЙНХӨӨ ЗАМААР ГЭЛДРҮҮЛЭХ ҮҮ
Гадаад хэл сурахад нас хамгийн чухал. Хүүхэд бага байх тусмаа илүү ихийг сурдаг гэдгийг эрдэмтэд ч хэлдэг. Учир нь хүний тархины хөгжлийн 80 хувь нь 0-6 насанд бүрэлддэг гэсэн олон улсын судалгаа бий. Энэ үед нь хүүхдийг амжиж хөгжүүлж, хоёр, гуравдагч хэлний суурийг тавивал маш үр дүнтэй аж. Дөрвөн настайдаа долоон орны хэлээр ярьж сурсан, орос охин Белла үүний тод жишээ билээ. Түүний ээж охиноо төрсөн цагаас нь эхлэн хөгжүүлж, төрөлх болон хоёрдогч хэлийг өөрөө заасан. Бусад хэлийг сургахдаа цагийн багш хөлсөлсөн тухайгаа дурддаг. Дэлхийг шуугиулсан Белла эхээс төрөхдөө гоц ухаантай, эсвэл суутан байгаагүй. Тархины хөгжлийг багаас нь дэмжсэний ачаар бүх зүйлийг маш хурдан сурдаг, яг л уудаг цаас шиг заасан болгоныг “шингээдэг” болчихсон гэдэг. Яг энэ арга зүйгээр төрсөн цагаас нь гадаад хэл сургах олон янзын арга, тоо заах төрөл бүрийн хөтөлбөр, үсэг заахгүйгээр бүтэн үгээр нь нүдлүүлж, уншуулах арга зүйг олон улсад чухалчилж, баримтлаад уджээ.
Харин манай улс хүүхдийн сурах чадвар хэдийн буурсны дараа харьцангуй орой буюу V ангиас нь гадаад хэл зааж ирсэн. Тэгсэн хэрнээ сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө нь “хог”. Бидний олонх нь “ядарсан” арга зүйгээр англи, орос хэл сурах гэж үйл тамаа идэж, дүрмээр “нүдүүлсээр” бүр нуруугаа авхуулж, дур сонирхолгүй болцгоосон. Шинэ үеийнхнээ бас ийм замаар гэлдрүүлэх юм гэж үү.
44 АВИА, 400 ГАРУЙ ДУУДЛАГЫГ ҮСЭГЧИЛЖ ЗААДАГГҮЙ
III, IV ангийнханд англи хэл заах гэж хоёр жил бэлтгэл базаасан. Энэ нь сүүлийн жилүү¬ дэд яригдаж, олон нийтийн хэл ам дагуулсан сэдэв ч боловсролын шинэчлэлийн нэг хэсэг мөнөөс мөн. Гэвч сонгосон хөтөлбөр, хэрэгжүүлж буй арга зам нь судлаач, багш, эцэг, эхчүүдийн санааг дахиад л зовоох болов. “Pearson” хөтөлбөрийг нийтээр нь хэрэгжүүлнэ гэж зарлачхаад улсын 38-хан сургуульд л туршиж буй юм байна. Уг хөтөлбөрийг дэлхийн 70 гаруй оронд хэрэгжүүлдэг, CEFR буюу Европын хэлний нийтлэг түвшний стандарттай уялдсан, шаталсан бүтэцтэй. Бага ангид эл хөтөлбөрөөр эхэлсэн тохиолдолд дунд болон ахлах ангид нь шат ахиулан сургадаг аж. Боловсролын яамныхан “Энэхүү хөтөлбөрийг туршилтаар хэрэгжүүлэхэд хүүхдүүдэд унших, бичих, дүрэм үзэх гэхчлэн англи хэлний академик чадварыг системтэй олгох боломжтой нь нотлогдсон” гэсэн юм.
Харамсалтай нь, “Pearson” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр багш нар болон хүүхдүүдэд хүндрэл бэрхшээл олонтоо гарах болж гэнэ. Тухайлбал, сурах бичгүүд нь анхан шатнаасаа эхлээд дүрэм, бичгийн чадвар, уншлага зэрэг академик чиглэлд төвлөрсөн. Энэ нь эх хэлээрээ уншиж, бичиж сураад удаагүй III ангийнханд агуулгын хувьд хүндэдсэн гэдгийг багш нар учирласан. Тэгвэл нөгөө талд, хөтөлбөрийг нэвтрүүлээгүй, төрийн өмчийн ерөнхий боловсролын бусад сургуулийн багш нар уламжлалт арга барилаараа сурагчдад A, B, C үсэг зааж, “to be” зэрэг дүрэм үзэж эхэлсэн гэв үү. Хэдийгээр ихэнх сургууль үндэсний шинэчилсэн хөтөлбөрийн сурах бичгээр хичээллэж байгаа ч энэ мэт академик шинж чанар давамгайлсан, дүрэм цээжлүүлдэг уламжлалт арга руугаа “ухарчээ”. Улсын сургуулиуд 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл эл арга зүйг баримталж, гадаад хэлийг юу ч биш болгосоор ирсэн.
“Яагаад үсэг зааж болохгүй гэж” хэмээн та бодож магадгүй. Англи хэл 26 үсэгтэй, 44 авиатай, 400 гаруй дуудлагатай. Уг хэлийг үсэгнээс нь эхэлж заавал буруутдаг гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрчихсөн. Учир нь A үсгийг “эй” гээд заалаа гэж бодъё. Монгол хэлэнд “а” эгшиг шууд хэлэгддэг бол англиар A үсэг үгийн эхэнд, дунд, адагт “эй”, “и”, “ае” гэхчлэн өөр өөрөөр дуудагддаг. Энэ мэт үсэг, дуудлагын холбоосноос үг, өгүүлбэр бүтээж, унших чадварыг хөгжүүлдэг. Үүнийг англи хэлний олон улсын наад захын цахим хуудас, хөтөлбөрөөс орчуулаад харчих боломжтой.
“PEARSON” ХӨТӨЛБӨРТ ДҮРЭМ, ОРЧУУЛГЫН АРГА ЗҮЙ ЗОНХИЛЖЭЭ
Олон улсад заах эрхтэй, мэргэжлийн зэрэгтэй багш нар “Монголын боловсролын өнөөгийн системээр лав хүүхдүүдэд гадаад, тэр дундаа англи хэл заах маш хэцүү. Энгийн ардын хүүхдүүдэд ийм аргаар харь хэлний боловсрол олгож ирсэн нь маш хатуудсан. Хувийн сургуульд бол хөтөлбөр, төлөвлөгөө нь улсынхтай харьцуулшгүй, тэнгэр, газар шиг өөр. Тийм учраас л энгийн ардын хүүхэд хэмээн цохож буй хэрэг” гэдгийг шулуухан хэлнэ лээ. Учир нь манай хөтөлбөрийн ерөнхий агуулга сонсгол нээхгүйгээр, харилцан ярихгүйгээр, Grammar-translation method буюу дүрэм, орчуулгын арга зүй зонхилсон учраас тэр гэнэ. Ангиас шилэгдсэн, эцэг, эх нь сургалт дамжаанд байдгаа баран байж сургасан цөөн хэд нь л гадаад хүний “царай харах”-тай болж, сургууль соёлын мөр хөөдөг гэдэг нь ч үнэний ортой.
Тэгвэл монголчуудын тэгтлээ ад үзэж, тэгш бус байдал гаарууллаа хэмээдэг, хувийн сургуулиудын ихэнх нь бага ангид “Grapeseed” олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ нь “Natural аpproach” буюу хүүхэд яг л эх хэлээ сурч буй мэт английг хялбар аргаар эзэмшдэг аж. Уг хөтөлбөр нь сонсох-ярих-унших-бичих гэсэн дарааллыг баримталж, бага насны хүүхдийн хэлний байгалийн хөгжилд тохирсон арга зүй ашигладгаараа сүүлийн 50 жилийн турш дэлхийд үнэлэгджээ. “Pearson” хөтөлбөр нь олон улсын стандартад нийцсэн, шаталсан бүтэц, CEFR-тэй нийцсэн үнэлгээний системтэй гэдгээрээ давуу талтай. Даанч бага ангид хэрэгжүүлэхдээ сонсох, ярих чадварыг хөгжүүлэхгүйгээр шууд дүрэм, уншлага давамгайлж буй нь дутагдалтай. Өөрөөр хэлбэл, англиар сонсоод ойлгохгүй, ярьж чадахгүй, баахан дүрэм “нухсан” хүүхдийн тоо л нэмэхээс хэтрэхгүй гэдгийг судлаачид хэлж буй юм.
СОНСГОЛ, ЯРИАГ ЧУХАЛЧИЛЖ, УНШИЖ, БИЧИХИЙГ ААЖМААР СУРГАДАГ
Олон улсын туршлагаас харахад ялангуяа бага ангийнханд гадаад хэл заах зөв дараалал хамгийн чухал гэдгийг Япон, Өмнөд Солонгос, Тайвань зэрэг Азийн орны жишээнээс харж болно. Тэд өмнө нь өгүүлсэнчлэн сонсох, ярих чадварыг түлхүү хөгжүүлж, дүрэм, орчуулгын арга зүйг дунд ангиас нь системтэй оруулдаг байна. Европын орнуудад, тухайлбал Финланд, Герман, Францад бага ангид хэлний бүх чадварыг зэрэг хөгжүүлдэг ч заах арга барил нь интерактив харилцаанд суурилдаг ажээ. АНУ болон Канадын сургалтын туршлагад ч бага ангид дадлага, сонсгол, ярианд түлхүү төвлөрч, унших, бичихийг аажмаар нэмдэг. Манай сургалтын хөтөлбөрийн загвар “Pearson”-ыг нэвтрүүлснээр Европын академик хэлбэр лүү ойртож болох ч хэрэгжүүлэх арга барил нь уламжлалт хэвээрээ байгаад л учир байгаа юм.
“Pearson”-ыг сонгосон нь ч нөгөөх л ядуугийн зовлонтой холбоотой юм билээ. Лицензийн өртөг бага, багш нарыг тусгай сургалтад хамруулж, их мөнгө зарцуулахгүй, хэрэгжүүлэхэд хялбар. Харамсалтай нь, уг хөтөлбөрийг нэвтрүүлснээс хойш дунд, анхлах ангийн хүүхдүүдийн хэл сурах сонирхол буураад зогсохгүй хувийн сургуулийнхнаас ярианы чадвараар алд, дэлэм хоцорч, дутуугийн мэдрэмж авч буйгаа сурагчид хэлж байлаа.