Хүн ам цөөтэй Монгол Улсад эх, нярай, хүүхдийн эрүүл мэндийн асуудал амин чухал билээ. Тиймдээ ч манай улс эх, нярайн эндэгдлийг бууруулах зорилт тавьж, эрвийх дэрвийхээрээ ажиллаж буй. Гэвч сүүлийн жилүүдэд нярайн эндэгдэл буурахгүй байгааг мэргэжилтнүүд хэлсэн. Тухайлбал, 2023 онд 64 306 хүүхэд төрсний 496 нь нярай үедээ эндсэн байна. Үүний ихэнх хувийг дутуу төрсөн нярай эзэлжээ. Харин өнгөрсөн онд 57.8 мянган нярай мэндэлснээс 421 нь амьсгал хураасан гэх харамсалтай мэдээ байна. Тэдний 302 нь дутуу төрсөн аж.
Манай улсад одоогоор 1000 амьд төрөлтөд эндэгдэл 7.7 байна. Үүнийг 2028 онд 5.5 болгох боломжтой гэж эрүүл мэндийн салбарынхан үзэж буй. Өөрөөр хэлбэл, Нярайн цогц эрт илрүүлгийг нутагшуулах үндэсний багийнхан АНУ, Япон БНХАУ-ын эрдэмтэдтэй хамтран судалгаа хийж, эндэгдлийн тэргүүлэх өвчлөлүүдийг эх орондоо дэвшилт технологи ашиглан эмчлэх, эмчилгээг нутагшуулах, дутуу төрөлтөд нөлөөлж буй шалтгааныг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, эрт илрүүлэгт хамруулахыг урьтал болгож буй юм. Гэвч энэ бүхнийг суурь судалгаанд үндэслэн, шат дараатай, үр дүнтэй хэрэгжүүлэх нь хамгийн чухал.

1350 НЯРАЙ ТӨРӨЛХИЙН ГАЖИГТАЙ МЭНДЭЛЖЭЭ
Эрүүл мэндийн салбарт гоё нэртэй олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, өвчнийг эрт илрүүлнэ хэмээн амлаж, тэрбум тэрбумаар нь хөрөнгө зарсан ч төдийлөн үр дүнд хүрдэггүй, иргэдийн татварын мөнгийг салхинд хийсгээд дууссан жишээ нэгээр тогтохгүй. Тухайлбал, элэгний вирусний халдварын тархалтыг зогсоох, хавдрыг илрүүлэх “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр зорилгодоо хүрч чадаагүй. Тус хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлсэн бөгөөд тавьсан зорилтдоо хүрээгүй гэж аудитын байгууллагаас дүгнэсэн билээ. Санхүүжилт нь зөрүүтэй, баталгаагүй, стандартын шаардлага хангахгүй багаж, хэрэгсэл ашигласан гэх мэт олон асуудал дагуулдаг. Мөн “Эрт илрүүлэг” хөтөлбөр ч “бай”-гаа оноогүй, баахан төсөв зарлагдсаныг учир мэдэх хүмүүс хэлдэг юм.
Харин энэ удаа манайх нярайн цогц эрт илрүүлгийг улсын хэмжээнд өрнүүлж эхэлжээ. Эмч, мэргэжилтнүүдийг бэлдэж, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлж, эх, нярайг аврах “ажиллагаа”нд ханцуй шамлан орсон гэнэ. Тодруулбал, нярайн цогц эрт илрүүлгийн хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн сан, Эрүүл мэндийн яам, АШУҮИСтай хамтран орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааг Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс саяхан эхлүүлсэн билээ. Бусад аймгийн эрүүл мэндийн байгууллагынхныг ч мөн адил сургах аж. Ингэснээр нярайн зургаан төрлийн скрининг шинжилгээгээр 28 эмгэг илрүүлэх боломж бүрдэх юм байна. Энэ талаар Нярайн цогц эрт илрүүлгийг нутагшуулах үндэсний багийн ахлагч, анагаах ухааны доктор, профессор Г.Эрдэнэтуяа “Нярайн төрөлхийн гажгийг эрт үед нь оношилсноор тусламж, үйлчилгээ цаг алдалгүй үзүүлэх юм. Тухайлбал, оюуны болон бие бялдрын хоцрогдол, сонсгол буурах, дотор чихний эмгэг, зүрхний төрөлхийн гажиг, түнхний мултрал, тархины эмгэг, цус харвалт зэргийг илрүүлэн, тусламж үзүүлэх боломжтой. Оюуны бэрхшээл үүсгэж болзошгүй бамбайн төрөлхийн дутагдлыг мөн эрт үед нь оношилно. Эл өвчин нь дэлхий нийтэд 4000 хүүхдэд нэг тохиолддог бол манайд 2000-д нэг бүртгэгддэг” хэмээн ярьсан. Өнгөрсөн онд гэхэд нярай хүүхдүүдийн 1350 нь төрөлхийн гажиг, гаж хөгжилтэй мэндэлсэн байна. Үүний улмаас 46 нярай хүн болж чадалгүй энджээ. Ийм харамсалтай тоо баримт хөвөрсөөр.
Дээрх тоо баримтаас харахад дутуу нярайн өвчлөл, эндэгдэл гүйцэд төрсөн хүүхдийнхээс хавь илүү байна. Мөн төрөлхийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, цаг алдалгүй тусламж, үйлчилгээ үзүүлэх нь тулгамдсан асуудал болжээ. Нярайн цогц эрт илрүүлгийг нутагшуулснаар эдгээр бэрхшээлийг бууруулах боломжтойг эмч, мэргэжилтнүүд хэлсэн. Гэвч жирэмсний хяналтдаа ордоггүй, хэнэггүй эхчүүд, нөгөө талд нь бие давхар эмэгтэйчүүдэд тусламж, үйлчилгээ шуурхай үзүүлдэггүй, хэдэн эмнэлгийн хооронд “шиддэг” эмч нарын балгаар энэ төрлийн эрсдэл өндөр хэвээр байгаа юм. Уг нь бол өрх, сумын Эрүүл мэндийн төвийнхөн жирэмсэн эмэгтэйчүүдэд гойд анхаарч, дараагийн шатлалын эмнэлэг рүү илгээн, бүртгэл, мэдээллийг нь бүрэн зөв хийж, хүнд сурталгүй үйлчлэх үүрэгтэй. Хүүхэд төрсний да¬раа ч гэрийн эргэлтээс эхлээд эх, нярайн эрүүл мэндийг сахин хамгаалах чухал үүргийг эрүүл мэндийн анхан шатны байгууллагынхан хүлээдэг. Үүнийг л хариуцлагажуулмаар байна. Жирэмсэн болон нялх биетэй ээжүүдийн хойноос “хөөцөлдөж”, үзлэг, шинжилгээ, дархлаажуулалтад хамрагд хэмээн дууддаг нь байхад дөнгөж төрсөн эх, нярайг эргэдэггүй, “мартчихдаг” газар ч цөөнгүй бий. Энэ бүхнийг нэг стандартад шилжүүлж, хэн хаана ч адил тэгш үйлчилгээ авах боломжоор хангах нь чухал юм.
0-5 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭНДЭГДЛИЙН 64 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
Манай улсад өнгөрсөн онд 57.3 мянган эх амаржиж, 57.8 мянган хүүхэд мэндэлжээ. Тэдгээр хүүхдийн тал хувь нь нярайн ямар нэгэн өвчин, эмгэгтэй байсныг Үндэсний статистикийн хороо болон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаанаас харж болно. Өөрөөр хэлбэл, 2024 онд төрсөн 57.8 мянган нярайн 27 157 нь ямар нэгэн өвчтэй байгаа юм. Жилээс жилд төрөлт буурч буй ч өвчин, эндэгдлийн эзлэх хувь төдийлөн багасахгүй байна. Ялангуяа амьсгалын гачаал (уушги болон амьсгалын эрхтний үйл ажиллагаа хангалтгүй болж хүчилтөрөгчийн дутагдалд орох), бүтэлт, уушгины төрөлхийн хатгалгаа, ургийн өвөрмөц бусад халдвар, төрөлхийн гажиг, гаж хөгжлийн улмаас дөнгөж төрсөн нярайнууд энджээ. Мөн төрөлхийн тэмбүү, хромсомын эмгэг, гэмтэл, хордлого ба гаднын шалтгаант эмгэгээр амьсгал хураажээ.
Эхээс мэндэлснээс хойших амьдралын эхний 28 хоногийг нярай үе гэж нэрлэдэг. Төрсний дараах эхний долоо хоногийг нярайн эрт үе гэж үздэг бол 8-28 хоног хүртэлх хугацааг хожуу үе гэж нэрлэдэг билээ. Энэ нь нярайн хамгийн чухал үе бөгөөд асаргаа сувилгаа ихээхэн шаардлагатай байдаг. Ялангуяа дутуу төрсөн нярайд гойд анхаарал хандуулахгүй бол эрсдэлтэйг эмч, мэргэжилтнүүд хэлсээр ирсэн. Өнгөрсөн оны статистикаас харахад эндсэн нярайн олонх нь дутуу төрсөн бөгөөд үүн дотроо жирэмсний 22-28 долоо хоногтойд мэндэлсэнд эрсдэл хамгийн өндөр байв. Жирэмсний 22-37 хоногтойд буюу дутуу төрсөн 500-2500 гр улаан нялзрай амьтныг хүн болгоно гэдэг мэдээж амаргүй. Гэвч дэлхий дахинд эрүүл мэндийн салбар эрчимтэй хөгжиж, дутуу нярайн асаргаа, сувилгаа улам нарийсаж буй. Үүний нэг болох “имж эх”-ийг манай эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийнхэн нэвтрүүлээд удаж буй.
Монгол Улсад 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 64 хувийг нярайн нас баралт дангаар эзэлж буй. Үүний 71.6 хувь нь эрт үедээ эндсэн байна. Хэдийгээр манай улсын нярайн эндэгдэл дэлхийн дунджаас бага ч бүсийнхээс өндөр хэвээр буй нь анхаарал хандуулах цаг болсныг илтгэнэ. Хэдий болтол жирэмсэн эхчүүд хүүхдээ эрүүл, эсэхэд эргэлзэн, айдастай төрөх вэ. Нэг үеэ бодвол жирэмсний хяналт, эрт илрүүлэг сайжирч, хромсомын тө¬рөл бүрийн эмгэг, хөгжлийн гажгийг хэвлийд байхад нь илрүүлэн, эмчилдэг болсон. Улсдаа ганц ЭХЭМҮТ-ийн Эх, ургийн тасагт дутуу төрөх эрсдэлтэй нярай мэндлэнгүүт эрчимт эмчилгээ шаардлагатай эхчүүдийг хүлээн авч, тусламж, үйлчилгээ үзүүлж буй. Нийслэлийн амаржих газрууд ч харьяалал харгалзахгүйгээр жирэмсэн эмэгтэйчүүдийг хүлээн авч төрүүлж буй гэнэ лээ. Уг нь иргэн эмч, эмнэлгээ сонгон үйлчлүүлэх эрхтэй. Гэвч энэ эрхээ эдэлж ер чаддаггүй. Цаг олдсон эмнэлэгтээ л сонголтгүйгээр үйлчлүүлдэг. Харин жирэмсэн эхчүүд хүссэн эмнэлгээ сонгож төрөх боломжтой болсон нь сэтгэл зүйд нь ч эергээр нөлөөлөх биз. Гагцхүү нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээ нь хэр сайн бэ гэдэгт анхаарууштай. Жил бүр 500 орчим нярайг буцаах харамсалтай биш гэж үү.