Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн 18 тоот тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирал Д.Баттүвшинг ажлаас чөлөөлсөн тухай мэдээлэл саяхан олон нийтийн сүлжээгээр түгсэн билээ. Тэр өдөртөө тус компанийнхан албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргахдаа “Цемент шохой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл 2025 оны есдүгээр сарын 2-ны өдөр хуралдаж, 2025 оны есдүгээр сарын 8-ны өдрөөс гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоол гаргасан байх боловч 2025 оны есдүгээр сарын 9-ний өдөр хуралдаж, Гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлсөн 18 дугаартай тогтоолоо хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн, хүчингүйд тооцсон байна” хэмээн орон гаран, уймраа хөгшин шиг “аашлав”. Хаашаа янзын “муур, хулгана” шиг тоглоом гэхээрээ ТУЗ нь өөрсдийнхөө гаргасан тогтоол, шийдвэрийг долоо хоногийн дотор өөрсдөө “Хууль зүйн үндэслэлгүй” хэмээн хүчингүйд тооцдог байна аа. Төрийн өмчит компанийн ТУЗ-ийнхөн гэхээрээ л ийм зөнөгрөлтэй байдаг юм болов уу. Эсвэл дээрээс шидсэн “чулуу” байсан уу.
Сүүлийн үед Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа урт хугацаанд доголдсон, санхүүгийн чадамж буурсан гэх мэт мэдээллийг олон нийтийн сүлжээ, цахим хуудсууд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нийтлэн, Засгийн газрын гишүүд ар араасаа гүйж очоод байгаа нь нууц биш. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт наймдугаар сарын 22-нд энэхүү төрийн өмчит компанид ажиллах үеэрээ “Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэр хөгжилд дөнгө биш, дэм болох ёстой. Уг үйлдвэр 2022 онд төрд эргэн шилжин ирж, 2023 онд 11.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Харин энэ оны эхний хагас жилийн байдлыг 2023 оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрийн ашиг огцом буурчээ. Жилд 500 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай ч энэ хэмжээндээ хүрч чадахгүй байна. Хөрөнгө оруулалт, үр ашгийн хэмжээ буурч, үйлдвэрийн түүхий эдийн нийлүүлэлт ч багассан байна” хэмээн мэдэгдсэн.
Улмаар үйлдвэрийн үйл ажиллагааг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч бодит үр дүн гаргаж ажиллах 14 хоногийн хугацаатай албан даалгавар өгснөөр ерөнхийдөө 800 шахам ажилтантай “Хөтөл”-ийг “намнах” ажиллагаа эхэлж, тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Баттүвшинг ТУЗ нь чөлөөлсөн, чөлөөлөөгүй тухай үл ойлгогдох нөхцөл үүссэн хэрэг. Хувьд очоод ч сайжирдаггүй, төрд аваад ч дээрддэггүй, нэг бүлэглэлээс нөгөөд, нэг эрх ашгаас өөр лүү “шидэгдсээр” 14 жилийг ардаа үдсэн энэ компанийн үйл ажиллагааг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэхэд 14 хоног хангалтгүй нь хэнд ч ойлгомжтой. МАН-ын засаглалын тооллын гурав дахь үеийн удирдлагынөнгөндээр компани нь дампуурахдаа тулсан гэдэг үндэслэлээр гүйцэтгэх захирлыг нь ажлаас чөлөөлөхөд хүрсэн юм даг уу даа.
“САХИЛ” ХҮРТЭЭД ШАЛ ДОРДСОН “ХӨТӨЛ”
Хөтөлийн Шохойн үйлдвэр нь жилд 65 мянган тн шохой үйлдвэрлэх хүчин чадалтайгаар 1984 оноос, Цементийн үйлдвэр жилд 500 мянган тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтайгаар 1985 оноос эхлэн одоог хүртэл үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж буй. Дотоодын цементийн хэрэгцээний 30 орчим хувийг хангадаг “Цемент шохой” ХХК нь “Хөтөл-1”, “Хөтөл-2” шохойн чулуун ордын ил уурхайгаас жилдээ нэг сая тоннын олборлолт явуулж, Шохойн болон Чулуунцарын үйлдвэрт түүхий эдээ нийлүүлдэг. 2014 оноос хоногт 2500 тн чулуунцар үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн хуурай технологийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан нь Монголд анхдагч түүхэн үйл явдал хэмээн хэвлэлүүд тухайн үедээ магтах үгээ олж ядан сурвалжилж, сайшааж байв. Альхан засаг төрийн өнгөн дээр хувь заяа нь хаашаа эргэхийг таашгүй, хэнийх нь талын эрх ашиг давамгайлахад асуудал яаж өөрчлөгдөхийг төсөөлөхөд бэрх, туйлын хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг дотоодын үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчдын эр зоригийг үнэндээ л бахадмаар.
2022 оны гуравдугаар сард Хөтөлийн “Цемент шохой” ХХК-д цагдаа нар гэнэт давхиж очингуутаа хамгаалалтад аваад сүржигнэж өгсөн. Энэ үеэр үйлдвэрийг төрийн өмчид буцаан авах тухай асуудлыг Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэхтэй зэрэгцэн “Хууль бусаар хувьд очсон байсан өмчөө төр буцаагаад авчихлаа. Одоо ёстой үзүүлээд өгнө” гэх “бор шувууг” зохион байгуулалттайгаар ар араас нь угсруулан нисгэж байлаа. Энэхүү шийдвэрийн талаар тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мэдээлэл хийхдээ “Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийг 2011 онд 10 жилийн хугацаагаар концессын гэрээгээр “Бэйзмент” компанид шилжүүлсэн байдаг. Дараа нь 2015 онд хувьчилж, “Хөтөл” ХХК-д шилжүүлсэн. Засгийн газрын 2015 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 330 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт”-ын 15 дугаар хэсэгт дурдсан “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-тай холбогдолтой заалтыг бүхэлд нь хүчингүй болголоо” хэмээн мэдэгдсэн билээ.
Ийнхүү Хөтөлийн “Цемент шохой” компанийг хувийн хэвшлээс төрд авахдаа эдийн засагч Л.Наранбаатарыг гүйцэтгэх захирлаар залж, өнөөх нь буцаагаад өрөндөө МАН-ын “тавиулууд”-аар энэ чухал үйлдвэрийг дүүргэсээр удалгүй ажилтнуудынхаа шахалтаар арга буюу зайгаа тавьж өгсөн юмдаг. Тэр үедээ буюу 2022 онд 350 мянган тн цемент үйлдвэрлэсэн тус компанийн үйлдвэрлэл жилээс жилд буурч, 2023 онд 250 мянга, 2024 онд 220 мянган тн болж уруудсан тухай одоогийн ЗГХЭГ-ын дарга нь толгой сэгсрэн ярьж байх. Төр хамгийн муу менежер гэдэг. Дээрээс нь намчид “зайдлаад” байхаар ямар ч компани өөдийннархарахгүй нь тодорхой гэдгийг эд маань л мэдээгүй байв гэж.
Л.Наранбаатарын дараа УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирыг МАН гомдоосныхоо хариуд Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийг хэсэг удирдуулаад, удалгүй 2024 оны хоёрдугаар сард дахин нэг “намчин” Д.Батчулуун хэмээгчийг томилсон түүхтэй. Гэтэл Д.Батчулуун гүйцэтгэх захирлын үед аудитын байгууллага компанийн санхүүд дүн шинжилгээ хийгээд 2023, 2024 онд дараалан “Хязгаарлалттай” дүгнэлт гаргасан байдаг. Тухайлбал, “Буруу илэрхийлэлтэй, материаллаг боловч өргөн тархаагүй” гэж дурдсан байх бөгөөд дүгнэлтийн төгсгөлд “Буруу илэрхийлэл нь залилан, эсвэл алдаанаас үүсэж болох бөгөөд дангаараа эсвэл нийлээд уг санхүүгийн тайланд үндэслэн гаргах хэрэглэгчдийн эдийн засгийн шийдвэрт нөлөөлөх үндэслэлтэй байвал материаллаг гэж үздэг” хэмээн тайлбарлажээ. Ажил хийдэггүй албан тушаалтанд их хэмжээний цалин олгосон, ажилтнуудаа үндэслэлгүй халж, шүүхээс тэрхүү удирдлагын буруу шийдвэрийн улмаас халагдсан нь тогтоогдсон тэдгээр ажилтнуудад олон зуун сая төгрөгийн нөхөн олговор өгч компанийг хохироосон хүн бол мөнөөх Д.Батчулуун гэх. Зөвхөн 2024 онд 282.7 сая төгрөг олгосон бөгөөд уг хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлээгүй зэрэг зөрчил гаргасан байна.
Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийг төрд авах нэрийдлээр ингэж МАН-ын томчууд ээлж дараалан халаасныхаа хүнийг томилж, далд сонгуулийн мөнгөө босгох хэрэгсэл болгосны гороор санхүүгийн баланс нь уруудан уруудсаар эдүгээ Засгийн газрын гишүүд эхнээсээ “40 жилийн түүхтэй үйлдвэр маань дампуурахад тулаад байна” хэмээн матрын нулимс унагаж зогсох. Тохуутай яа.
“ЦЕМЕНТИЙН ҮНИЙГ 15 МЯНГАН ТӨГРӨГТБАРИНА” ГЭЖ МУЙХАРЛАСАН НЬ Ч НӨЛӨӨЛӨВ
Манай улс жилд 1.8-2 сая тн цемент хэрэглэдэг. Энэхүү жилийн хэрэгцээний цементийг дотоодод дөрвөн гол үйлдвэр хангаж буй. Цементийн зах зээлд төр ямар ч бодлогогүй хандсаны бэлээхэн жишээ нь Хөтөлийн “Цемент шохой” ХХК болж байна. 2023 онд тэд “Цементийн үнийн өсөлтийн эсрэг аяныг зарлаж буйгаа мэдэгдэн, уут цементийн үнийг 15 мянган төгрөгт барина” хэмээн саймширч байв. Тухайн үед барилгын материалын худалдааны төвүүдэд МАК, “Монцемент”-ийн ууттай цементийг дунджаар 25 000 буюу тн-ыг нь 480 000-500 000 төгрөгөөр борлуулж байлаа. Гэтэл төрийн оролцоотой үйлдвэр нь зах зээлээс бага үнэ тогтоон, хувийн хэвшлийнхнийгээ шахах, хэт давамгай тоглолт хийсэн нь эргээд өөрсдийгөө хорлон сүйтгэсэн муу менежментийн нэгээхэн жишээ болсон биз. “Цементийн үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулбал 30-40 хувь нэмэгдсэн байна. Бүтээн байгуулалтын улиралд барилгын гол нэр, төрлийн бараа огцом нэмэгдсэнд иргэд, ажахуйннэгжүүд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тиймээс бид үүний эсрэг зогсоно” гэх мэтээр “попрох” нь улс төрчид, намынхны хийдэг ажил болохоос биш, зах зээлийн нийгэмд компанийн удирдлагын баримтлах арга барил байж таарахгүй.
Энэ мэтээр Хөтөлийн “Цемент шохой” ХХК өнөөдөр дампуурал ярих болсон нь удирдлагын хямралын л асуудал. Гэхдээ нөгөө талд зориудаар ингэж үнийг нь унагаж байгаад дараагийн өөр нэг улс төрийн бүлэглэл очиж, мөнгө саах нүүдэл явж байж ч болох. Тэр нь хэн байж болох вэ. 10 мянга гаруй хүн амтай Хөтөл тосгоныхныг ажил, амьдралтай нь залгуулдаг, Монголын цементийн зах зээлд сайн чанарын түүхий эдийн орцоороо тэргүүлдэг томоохон үйлдвэрийг хувийн хэвшлээс төрд аваад хэн, юу хожив.
Л.Аргамжин