Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ өнгөрсөн тавдугаар сарын 16-нд баталсан. Үүний дагуу манай улс “хар жагсаалт” хэмээх ойлголтыг халж, нэмэлт, өөрчлөлт оруулсан Зээлийн мэдээллийн тухай хуулийг энэ сарын 10-наас албан ёсоор мөрдөж эхэллээ. Өөрөөр хэлбэл, хүн бүр зээлжих зэрэглэлийн оноотой болсон юм. Ингэснээр “хэвийн”, “анхаарал хандуулах”, “хэвийн бус”, “эргэлзээтэй”, “муу” гэх мэтээр иргэдийн зээлийн түүхийг хар, цагаан гэж ялгахгүйгээр эрсдэлийн интервалуудад хувааж, илүү бодитой үнэлгээ хийх боломж бүрдүүлсэн гэж ойлгож болно.
Энэхүү шинэ зохицуулалтаар тухайн иргэн хугацаа хэтэрсэн зээлээ алдангитай нь төлж барагдуулсан тохиолдолд “хар жагсаалт”-д оруулж, санхүүгийн ял үүрүүлэхгүй байхаар заасан. Харин зээлжих зэрэглэлийн оноо нь 300-850-ийн хооронд хэлбэлзэх юм. Мөн зээлээ төлөхдөө хугацаанаас нь хэтрүүлж байгаагүй хариуцлагатай зээлдэгч бол оноо буурсан ч зэрэглэл нь огцом доошлохгүй. Хэрэв өмнө нь хугацаа хэтрүүлж байсан бол оноо нь тэр хэрээр буурна гэсэн үг. Энэ нь эрсдэлийн үнэлгээг сайжруулах, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зах зээлийн үр ашгийг дэмжих, санхүүгийн залиланг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлж, салбарын инновацыг дэмжих зэрэг олон давуу талтай болохыг эл салбарын мэргэжилтнүүд онцолж байв. Гэвч бодит байдалд “хар жагсаалт” зөвхөн нэрээ л өөрчилснөөс бус, ямар ч ахиц дэвшил гарсангүй. Харин ч банк, санхүүгийн байгууллагынхан зээл олгохдоо өмнөхөөсөө илүү болгоомжтой хандаж, олон төрлийн бичиг баримт, лавлагаа шаардах болжээ.
НҮДЭЭ ОЛООГҮЙ ШИЙДЭЛ
“И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газрынхан “Бүрэн скор”, “Сайн скор” зэрэг компанийн Зээлийн мэдээллийн сантай хамтран, онооны лавлагааг өнгөрсөн оноос цахимд шилжүүлсэн байна. Манай улсад өдгөө дээрх хоёр компани л тусгай эрхтэйгээр үйлчилгээ үзүүлж буй юм. “Сайн скор” нь дэлхийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн түгээмэл ашигладаг “Fico score” аргачлалыг нэвтрүүлснээрээ онцлогтой. Тухайн иргэний өр, орлогын харьцаа, хүн ам зүйн мэдээлэл, лавлагаа авсан давтамж, зээлийн төрөл, тоо зэргээс хамааран эрсдэлийг нь 300-850 оноогоор үнэлдэг аж. Угтаа хэрэглэгч аль компанийн системээр үнэлүүлэх вэ гэдгээ өөрөө сонгох боломжтой бөгөөд тэр нь ямар ч санхүүгийн байгууллагад хүчин төгөлдөр үйлчлэх учиртай. Гэтэл дээрх байгууллагуудаар зээлжих зэрэглэлийн оноогоо шалгуулахад харилцан адилгүй үр дүн гардгийг иргэд олноор шүүмжилж байна. Мөн хоёрхон байгууллагад давуу эрх олгож, лавлагаа авах бүрд 3000 төгрөг төлөх нь шударга бус гэж үзэх хүн ч байна. Тухайлбал, та “Бүрэн скор”-оор зээлжих зэрэглэлийн оноогоо шалгуулахад 750 гарсан ч “Сайн скор”-оор шалгахад үүнээс их, эсвэл бага байж болно. Харин банк бус, санхүүгийн байгууллагуудын олонх нь “Сайн скор”-ын оноог хүчинтэйд тооцдог гэнэ. Улмаар “Бүрэн скор”-оор зээлжих зэрэглэлийн оноогоо шалгуулсан иргэд дахин 3000 төгрөг төлж, үйлчилгээ авах шаардлагатай болж буй. Ингэснээр иргэдэд ирэх дарамтыг хоёр дахин нэмж, өмнөхөөсөө ч илүү хүндрэл, чирэгдэл учруулж байгаа юм. Үндсэндээ энэхүү зээлжих зэрэглэлийн оноо Монголын хөрсөнд буухдаа нүдээ олсонгүй гэмээр.
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага зээл авахад өмнө нь дээр дурдсанчлан таван шалгуураар ангилж үздэг байсныг өдгөө хоёр болгон цөөлсөн гэнэ. Өөрөөр хэлбэл, банкны зээлийн систем тухайн хүнийг зөвхөн хугацаа хэтэрсэн зээлтэй, эсэхийг харуулах хоёр сонголттой болсон. Хэрэв хугацаа хэтэрсэн ангилалд орсон бол ямар ч банк, санхүүгийн байгууллага тухайн хүнд зээл олгохгүй гэсэн үг. Бас зээлээ цаг тухайд нь төлдөг байсан ч банк тухайн хүнд шууд итгэхгүй, заавал нэмэлт бичиг баримт шаардаж, олон цаас нэхэх болжээ.
ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ОНООГООР ТҮРЭЭ БАРИХ БОЛОВ
Зээлжих зэрэглэлийн оноо нь иргэдэд ирэх санхүүгийн дарамтыг багасгах хөшүүрэг бус, банк бус санхүүгийн байгууллагууд иргэдийг сүрдүүлэх шинэ “зэвсэг” болжээ. Нэгэн жишээ дурдахад, Иргэн Н “Сайн электроникс” компаниас гар утас 30 сарын хугацаатай лизингээр авчээ.
Тэрбээр эхний долоон сар зээлээ хугацаанд нь төлсөн ч ар гэрийн асуудлаас үүдэн найм дахь төлөлтөө дөрөв хоног хэтрүүлсэн гэнэ. Гэтэл тус компанийнхан “Худалдаа хөгжлийн банкнаас залгаж байна” хэмээн албан тушаалаа худал хэлж, “Яг одоо зээлээ төлөхгүй бол ажлын газарт чинь очно. Хугацаа хэтэрсэн хоног бүрд зээлжих зэрэглэлийн оноо 30-аар буурна” гэж сүрдүүлсэн аж. Үүнээс гадна шөнийн цагаар залгаж дарамталдаг, орилж, хашхирч, доромжлох нь хүртэл бий гэнэ. Мөн залгах даруйд нь утсаа авахгүй бол “Луйварчин минь дахиад залилан хийх гээд утсаа авахгүй байна уу” гэх зэргээр дарамталдаг болохыг нэгэн иргэн цахим хуудсандаа бичжээ.
Ер нь нийгмийн сүлжээн дэх банк бус, санхүүгийн байгууллагуудтай холбоотой энэ мэт гомдол тасардаггүй юм байна. Иргэдтэй зүй бусаар харьцах, хувийн мэдээллийг нь зөвшөөрөлгүй ашиглах зэрэг хууль бус үйлдлүүд зээлжих зэрэглэлийн оноонд шилжсэнээс хойш улам бүр гаарах болжээ. Үүнтэй холбогдуулан өөр нэгэн иргэн “Тус финтек” ББСБ-аас зээл авч, хугацаандаа төлж чадалгүй хоцроосон. Хэдийгээр хугацаа хоцроосон нь миний буруу боловч ... дугаараас удаа дараа залгаж, “Ажлын газрын удирдлагуудтай чинь уулзаж чиний тухай хэлнэ” гэх зэргээр зурвас бичиж, зүй бусаар харьцан, хувийн мэдээллийг анх зөвшөөрөл авснаас өөр зорилгоор ашиглаж байгаа үйлдлийг зогсоож, хариуцлага тооцож өгнө үү” хэмээн ХЭҮК-т хандсан байна.
ХӨГЖИНГҮЙ ОРНУУДАД САНХҮҮГИЙН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭНД АШИГЛАДАГ
Generic credit score буюу зээлжих зэрэглэлийн оноог дэлхийн 30 гаруй улсад ашигладаг бөгөөд АНУ-д 1950-иад онд анхлан хэрэглэж эхэлжээ. Улс орон бүрийн зээлжих зэрэглэл тооцох систем иргэдийн хэрэглээ, зан төлөвийн онцлогоос хамааран ялгаатай байдаг. Жишээ нь, Австрали, АНУ, Канад, Герман, Британи зэрэг хөгжингүй оронд зээлжих оноог банк, санхүүгийн бүх үйлчилгээ, тэр дундаа орон сууц, автомашины лизинг, даатгал зэрэгт тогтмол, нэгдсэн стандарттайгаар ашигладаг. Энд зээлдэгчийн мэдээлэл нэгдсэн санд төвлөрч, нэг оноо нь бүх байгууллагад хүчин төгөлдөр үйлчилдэг аж. Харин Японд нэгдсэн зээлжих зэрэглэлийг үнэлгээ байдаггүй бөгөөд банк бүр өөрсдийн аргачлалаар тооцдог гэнэ.
Э.Сүйлэн