Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23.2.3-т “Хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах нээлттэй суваг ажиллуулах” арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын чиг үүрэгт тусгасан байдаг. Үүний хүрээнд Боловсролын ерөнхий газраас сувгийг ямар хэлбэрээр явуулбал үр дүнтэй, хүртээмжтэй байх талаар судалгаа авч, өсвөр насны хүүхдүүдийн онцлог, хэрэгцээ, шаардлагад нийцсэн үйлчилгээг санал болгон хамтран ажиллахыг үүрэн холбооны “Мобиком”, “Юнител”, “Скайтел”, “Жи Мобайл” зэрэг компанид санал тавьж, хэрхэн хамтран ажиллах талаар уулзалт зохион байгуулжээ. Тодруулбал, боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төв, сүм хийдийн шашны сургуулийн орчин, дотуур байранд хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртүүлэхгүй байх нөхцөл бүрдүүлэх зорилгоор нээлттэй суваг ажиллуулах гэнэ. Үүрэн холбооны байгууллагуудаас санал болгосон үйлчилгээг тодорхой тооны сургалтын байгууллагад эхний ээлжид туршилтаар нэвтрүүлж, үр дүнг нь дүгнэн улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр ажиллаж буй аж.
“Чимээгүй итгэл” нээлттэй сувгийг ажиллуулснаар сургалтын байгууллагын орчинд өрнөж буй хүүхдийн гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой мэдээллийг өндөр нууцлалтайгаар бүртгэж, мэдээллийн эх үүсвэртэй болсноор шаардлагатай арга хэмжээг тухай бүрд нь авах нөхцөл бүрдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж буй.
Ц.Цэлмэг