“Гэрээслэл бичнэ гэдэг чинь муу ёр шүү дээ. Бичвэл үхдэг гэсэн”, “Гэрлэлтийн гэрээ байгуулбал эцэст нь салдаг юм шүү, түй түй” гэх ёжлол хуульчдын дунд бий. Энэ нь бидний эрх зүйн ухамсар, хуульд хандах соёл ямар түвшинд байгааг илтгэж буй. Харамсалтай нь, иргэдийн ийм үзэл бодол ар араасаа олон асуудал дагуулдаг нь нууц биш юм. Хэзээ нас нөгчихөө яг таг мэдэж, түүнд нийцүүлэн амьдардаг хүн гэж үгүй. Тиймээс насаараа хураасан эд хөрөнгө, баялгаа хууль ёсны дагуу бусдад өвлүүлж, гэрээслэх нь ах, дүү, амраг садан хоорондоо цаашид эргэн уулзах нүүртэй, эв түнжинтэй аж төрөхөд тустай. Ядаж л өв, хөрөнгөөс болж хутга шөвөг, хэрүүл тэмцэл, шүүх, цагдаадаа тулахаас сэргийлнэ.
Харин ийнхүү гэрээслэл бичиж, бусдад эд хөрөнгө өвлүүлэхийн тулд нотариатчаар зайлшгүй гэрчлүүлэх шаардлагатай. Нотариатын тухай хуулийн 12.2 дугаар зүйлд заасны дагуу “Нотариатч хуульд заасан нотариатын үйлдэл хийх, хууль зүйн зөвлөгөө өгөх, баримт бичиг боловсруулах, нотариатын үйлдлийн талаар лавлагаа гаргахад үйлчилгээний хөлс авах бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтээр ажлын байрнаасаа өөр газар очиж үйлчилсэн бол үйлчилгээний хөлс болон тээврийн зардлыг авна” хэмээсэн. Үүнийг Хууль зүй, дотоод хэр¬гийн сайдын 2011 оны 123 тоот тушаалын хавсралтаар баталсан “Нотариатын үйлчилгээний хөлс, зардал”-ын мэдээлэлд нарийвч¬лан тусгаж өгсөн ба “Өвлөх эрх, гэрээслэл гэрчлэх, өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ өмчлөх эрх гэрчлэх” үйлчилгээг иргэнд үзүүлэхдээ үнийн дүнгийн нэг хувийг авахаар үйлчилгээний хөлс тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, 500 сая төгрөгийн үнэтэй амины орон сууцаа бусдад өвлүүлж, гэрээслэхийн тулд таван сая төгрөг нотариатчид төлөх шаардлагатай байх нь. Харин эд хөрөнгө хөлслүүлэх, түрээслүүлэх гэрээ, хэлцэл, баримт бичгийн хуулбар, итгэмжлэл гэрчлэх тэргүүтэй бусад үйлчилгээний хөлс, зардал олон улстай харьцуулахад харьцангуй доогуур гэдгийг дурдах нь зөв.
Гэрээслэл бичиж, бусдад эд хөрөнгө өвлүүлэхээр шийдлээ гэхэд ийм хэмжээний төлбөр төлөхөөр байвал дундаж, түүнээс доогуур орлоготой хүмүүс үүнд хойрго хандах төдийгүй уг соёл манайд нутагшталаа л өдий болно хэмээн иргэд цахим сүлжээнд бичжээ. Үүгээр тогтохгүй, аль 2011 онд боловсруулсан “Нотариатын үйлчилгээний хөлс, зардал”-ын мэдээллийг цаг үетэйгээ уялдуулан цогц шинэчлэх шаардлагатайг ч нотариатчид хэлэх юм билээ. Сүүлийн жилүүдэд манай орны иргэд хэр их гэрээслэл бичиж, эд хөрөнгөө хууль ёсны дагуу өв залгамжлуулсан талаар тодорхой тоон мэдээлэл алга. Мөн үүнд ямар хүчин зүйл нөлөөлж байгаа тухай судалгаа ч байхгүй аж. Харин нэгэн нотариатчаас энэ талаар лавлахад “Манай улсын иргэдийн эрх зүйн мэдлэг дулимаг тул тус тоон мэдээлэлд онцын зөрүү гараагүй болов уу. Сүүлийн жилүүдэд гэрээслэл бичиж, түүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлэн баталгаажуулсан тохиолдол 1000 хүрэхгүй гэж таамаглаж байна” гэсэн юм.
Гэтэл өөд болоочийн эд хөрөнгийн төлөө “алалцаж”, ураг төрлөө умартан арцалдах нь тоймгүй их болсныг Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим санд бүртгэлтэй маргаануудаас харах боломжтой. А гэх эмэгтэй цахим хуудсандаа “Манай дүүгийн нөхөр өнгөрөхөд түүний эгч нар III, IV хороолол дахь гурван өрөө байрыг нь авна гэж дайрсан. Ноомой эхнэр, хоёр хүүхдийг нь есөн шидээр дээрэлхэж, дарамталсан. “Дүүгийн¬хээ байрыг та нараас салгана” гэсэн хүмүүсийн нэг нь хуульч гэж байгаа. Үнэхээр бухимдаж байна” гэсэн бол “Ээж маань нас барсны дараа түүнтэй гэр бүлээс гадуурх харилцаатай байсан гэх нэгэн эрэгтэй түүний өмчлөл дэх машин, хадгаламжийг өөртөө авна гээд оршуулгын ажлын үеэр манайд ирсэнд маш их цочирдсон. Тэрхүү хадгаламжийг би танай ээжтэй ярилцаж байгаад нээсэн юм гэж ярьсан. Энэ маргаан одоог хүртэл шүүхээр шийдвэрлэгдээгүй. Өн-гөрсөн хугацаанд сэтгэл санаа, мөнгө төгрөгөөрөө их хохирлоо” хэмээн өгүүлжээ.
Манай улс олон хэвшил бүхий эдийн засагтай байж, хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалаад даруй 33 жил өнгөрсөн. Нэг үеэ бодвол монголчууд эд хөрөнгө, баялагтай, түүнийгээ захиран зарцуулах эрхтэй болжээ. Харин үүнийгээ хууль ёсны дагуу гэрээсэлж, өвлүүлэх соёл дутмаг байна. Эрх зүйн мэдлэг тааруу байдлаас гадна ийм шийдвэр гаргахад иргэдэд чөдөр тушаа болж буй нотариатын үйлчилгээний хөлс, зардал, тэр дундаа өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах, өвлөх, өмчлөх эрх, гэрээслэл гэрчлэхэд холбогдох зардлыг бууруулж, үнийн дүнд эзлэх хувь хэмжээг багасгахгүй бол ийм маргаан цаашид улам өсөх биз.
Энэ талаар хуульч Д.Болд-Эрдэнэ “Манай улсын иргэд гэрээслэл бичиж сураагүйгээс үүдэн тухайн хүнийг нас барсан тохиолдолд ар гэрт нь өв залгамжлалын тодорхойгүй асуудлууд, шүүхийн маргаан үүсдэг. Гэрээслэл гэдэг бол иргэн эд хөрөнгөө өөрийн үзэмжээр хуваарилан, өвлүүлэх онцгой боломж гэж ойлгох хэрэгтэй. Иргэн зөвхөн хууль ёсны өвлөгчдөд бус, хүсвэл төр, хуулийн этгээд, эсвэл өөр бусад хүнд хөрөнгөө өвлүүлж болох бөгөөд энэ нь өмчлөгчийн эрхийг хамгийн өргөн хүрээнд хамгаалж буй хэрэг. Харин нотариат гэрчлэх үйлдэл хийхээсээ үндэслэлгүй татгалзсан, итгэмжлэл, гэрээ, хэлцлийг хууль бусаар гэрчилсэн гэх маргаан түгээмэл. Гэхдээ тун бага хувийг эзэлдэг” хэмээсэн.
Үүнээс үзэхэд иргэний эд хөрөнгийн эрхийг хамгаалах, хожим үүсэх маргаанаас сэргийлэх арга зам нь гэрээслэл бичиж, хууль ёсны дагуу бусдад эд хөрөнгө өвлүүлэх гэдэг нь гарцаагүй байна. Нийгмийн харилцаа хувьсан өөрчлөгдөж буй энэ үед тэртээ 2011 онд боловсруулсан “Нотариатын үйлчил¬гээний хөлс, зардал”-ын мэдээллийг цаг үетэйгээ нийцүүлэн шинэчлэн боловсруулж, тодорхой үйлчилгээнд ногдох зардлын дүнг эргэж харах цаг болсныг олон тохиолдол, иргэдийн санал гэрчилж буй.
Д.Хэрлэн